Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/00028

 

Б.Т, Ц.Х нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/01547 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2017/01868 дугаар магадлалтай,

Б.Т, Ц.Х нарын нэхэмжлэлтэй

Э.Х, Г.Ч нарт холбогдох

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 11 дүгээр байрны 14 тоот 62 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон 48 967 165 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ц.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд нарын  гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Цэцэгээ, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Х нь эмч мэргэжилтэй бөгөөд 2010 онд “Шидэт зөгий” эмнэлэгийг үүсгэн байгуулж, 2011 оноос үйл ажиллагаа явуулж байгаад 2015 онд Э.Х, Г.Ч нартай уулзаж, газар, хашаа худалдан авахаар болсон. Тус хашаа нь зам дагуу бөгөөд очиж үзэхэд хашааны урд талд нэг айл байсныг асуухад хариуцагч талаас “энд өмнө нь хууль бусаар буусан айл, удахгүй нүүнэ” гэж Ц.Хд хэлэхдээ энэ айлд “газар авсан талаар хэлж хэрэггүй шүү” гэж байсан. Тус газрыг хариуцагч талаас 170 000 000 төгрөгөөр үнэлж гэрээг Г.Чтай байгуулсан. Ийнхүү гэрээ байгуулахдаа газрыг Б.Тын нэр дээр шилжүүлж, Б.Т нь наадмын өмнө Э.Хын нэр дээр орон сууц шилжүүлэхээр болж 2015 оны 02 дугаар сард орон сууц болон газрыг тус тус шилжүүлсэн бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Б.Т нь Ц.Хгийн нэр дээр тус газрыг шилжүүлсэн. Б.Ттай 145 000 000 төгрөгийн байрыг гэрээгээр авсан учир тус байрыг гаргуулахаар Улаанбаатар хотын банкнаас зээл авч зээлээ дууссан. Тухайн худалдаж авсан газарт 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “ЭмГэ” ХХК-иар Сувилалын газрын зураг хийлгэхээр болсон. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас уг газар дээр Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүссэн учир тухайн газарт барилга барих, зөвшөөрөл олгох боломжгүй гэж хариу өгсөн. Тухайн асуудлыг тодруулахаар Г.Чтай уулзахад “үндэслэлгүй маргаан үүссэн, удахгүй шийдэгдэнэ. Бид Захиргааны хэргийн шүүхээр явж байгаа учир өмгөөлөгч авах хэрэгтэй байна” гэхэд нь өмгөөлөгчийн хөлсөнд 3 000 000 төгрөг төлсөн боловч уг хэрэг шийдэгдээгүй. Өөрөөр хэлбэл, Э.Х, Г.Ч нар газрыг эрхийн доголдолтой гэдгийг мэдсээр байж бусдад шилжүүлэн, зарсан. Худалдан авах гэрээний дагуу худалдагч нь худалдан авагчид өмчлөх эрхийг шилжүүлэх, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх ёстой байхад Э.Хоос эрхийн доголдолтой газрыг шилжүүлснээр тухайн газрыг ашиглах боломжгүй болсон. Иймд газар худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 11-141 тоот, 2 өрөө орон сууцыг буцаан авч, 48 967 165 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хариуцагчийн гэм буруу нь гэрээний үүргээ биелүүлээгүй буюу гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах, газрыг ашиглах боломжгүй эд хөрөнгө хүлээлгэн өгсөнөө Иргэний хуулийн 252 дугаар зүйл заасныг тодотгож тайлбарладаг. Хариуцагчид газрын төлбөр гэж байгаа ч мөнгөн дүн зөрүүтэй. Хэрэгт авагдсан баримтаар 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд 14 500 000 төгрөг өгсөн гэж тайлбарладаг боловч хэрэгт 15 500 000 төгрөгийг шилжүүлсэн баримтаар тогтоогддог. Үүнээс гадна 3 000 000 төгрөгийг өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн гэж тайлбарладаг. Хариуцагч Э.Х 2008 оноос хойш Баянзүрх дүүргийн 12 хороо, Чулуун овооны амины орон сууцны 3-3 тоотод амьдарсан байгаад 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 412 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон. Үүнийгээ Газрын тухай хуульд зааснаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 183 захирамжаар 412 м.кв талбайг өмчлүүлэх эрхийн захирамж гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан байдаг. Б.Ттай газрыг худалдан авахаар тохиролцож 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч тал болон гэрч нар энэ газрыг харж худалдан авсан. Ингэж тохиролцохдоо хариуцагч нар 145 000 000 төгрөгөөр орон сууцыг 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Хурд групп” компаниас газрын төлбөрт тооцож авсан гэдэгт маргадаггүй. Мөн үүнд гэрээнд заасан 25 000 000 төгрөг бэлнээр өгөхөөр тохиролцсон. Энэ гэрээнд тооцоо дууссан гэсэн зөрүүтэй бичилт байдаг боловч энэ нөхцөл байдалд маргаагүй. Хариуцагч нарын хувьд эрхийн доголдолтой гэснийг зөвшөөрөхгүй. Өмчлөх эрх хууль ёсны, өмчлөх эрхийн гэрчилгээ маргаангүй байсан. Гэтэл энэ үйлдэл болсноос хойш 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний төлбөр дутуу байсан, одоо ч дутуу байгаа. Өмчлөх эрхийг 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Б.Т нь шилжүүлэн авч өмчлөх эрх үүссэн. Энэ нь өөрөө 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээгээр Э.Хоос уг газар нь Б.Тт худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжсэн. Энэ нөхцөл байдалд Ц.Х оролцдоггүй. Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн баримтаар Б.Т нь уг газрыг 150 000 000 төгрөгөөр 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр худалдаж, шилжүүлсэн. Энэ нь Ц.Хд худалдсан эрх зүйн харилцаа үүсэж өмчлөх эрх нь шилжиж энэ үеэс Ц.Хгийн газар болсон. Нэхэмжлэл гаргасан цаг үе нь 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байдаг. Мөн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Б.Т гэрээнээс татгалзах шаардлага тавьж шүүхэд хандсан. Энэ нь Б.Тын хувьд 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өмчлөх эрхээ өөрийн нэр дээр шилжүүлж авснаас хойш буюу 2015 оны 8 дугаар сард өмгөөлөгч авах үйл явцад Захиргааны хэрэг үүссэн гэдгийг мэдсэн. Төв зам талаасаа нэгдүгээр эгнээнд байдаг н.Батцэцэгийг 2 дахь эгнээнд байрлах Э.Хын газартай холбоотойгоор Захиргааны хэргийн маргаан үүссэн гэдгийг мэдсэн мөртлөө 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр буюу бүтэн жил 6 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээнээс татгалзах шаардлага гаргасан байдаг. Нэхэмжлэгч Б.Тын хувьд Э.Ход холбогдуулж нэхэмжлэл гаргасан байдаг боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар Ц.Х орж ирээд Ц.Х, Б.Т нараас Г.Ч, Э.Х нарт холбогдуулан хариуцагчаар шаардлага гаргасан. Энэ нь Ц.Хгийн хувьд хуульд заасны дагуу Э.Х, Г.Ч нар үүргээ биелүүлээгүй гэж ойлгоно. Энэ үйлдлээр Ц.Х, Э.Х, Г.Ч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн үйл баримт байдаггүй. Харин Б.Т, Э.Хын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсэж байсан. Энэ нөхцөл байдлаар эхний ээлжинд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/01547 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Э.Хоос 15 500 000 төгрөг, хариуцагч Э.Х, Г.Ч нараас Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 11 дүгээр байрны 141 тоот орон сууцыг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Х, Б.Т нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33 467 165 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 138 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 960 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2017/01868 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/01547 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Т, Ц.Х нарын Э.Х, Г.Ч нарт холбогдох Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 11 дүгээр байрны 14 тоот 62 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон 48 967 165 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Хгаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334 000 төгрөгийг, хариуцагч Г.Чаас төлсөн 960 450 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Х хяналтын гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/01547 дугаар шийдвэрээр 33 467 165 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэрэг болон Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргав. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хохирол болон бэлнээр хариуцагчид хүлээлгэн өгсөн мөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тус шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэхээр байна. 1. Маргаан бүхий газрыг худалдан авахтай холбоотой гарсан зардлыг хариуцагч нараас шаардсан ба би Эрүүл мэндийн шинжлэх ухаанд амьд зөгийн хатгуур эмчилгээг анх удаагаа Монголд нэвтрүүлэн европ, уламжлалт анагаах ухааны эмчилгээний ололттой хослуулах замаар иргэдийг өндөр үр дүнтэй эмчлэхийн тулд зөгийн эмчилгээний эмнэлэг байгуулах зорилгоор газрыг худалдан авсан. Уг маргаантай газрыг худалдан авахад зориулж Улаанбаатар хотын банкнаас зээл авсан ба зээлийн хүүнд 25 546 000 төгрөг төлсөн нь хариуцагчийн эрхийн доголдолтой газрыг биднийг хуурч зарсантай холбоотой гарсан бодит хохирол юм. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан гэрээний үүргээ зөрчснөөс зайлшгүй гарах зардалд зээлийн хүү хамаарах ба бид газар худалдан аваагүй тохиолдолд ямар нэгэн зээлийг банкнаас авахгүй байсан, түүнчлэн уг газарт зориулж өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар хангалттай нотлогдож байгааг дурдах нь зүйтэй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт цаг хугацааны зөрүүг дурдаж, банкны зээлийн хүүг хэрэгсэхгүй болгохдоо хууль зүйн үндэслэлийг заагаагүй байна. 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зээл авсан нь 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой байгуулсан гэж нотлогдохгүй гэж үзсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтыг үгүйсгэсэн, үндэслэлгүй дүгнэлт юм. Зээлийн зорилго, зээлийн хэмжээ уг газрыг худалдан авахтай шууд холбоотой болох нь зээлийн гэрээ, барьцааны гэрээгээр нотлогдож байхад нотлоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Цаг хугацааны хувьд нэг цаг үед давхцаж байгаа нь газар худалдан авсан гэрээ, зээлийн гэрээгээр нотлогдож байна. Зээл авахад биднээс үл шалтгаалах хугацаа байдаг ба уг зээлийг судлах хугацаа удааширснаас 1 сар орчмын зөрүү гарсан. Хариуцагч Г.Ч нь миний охин Г.Солонгоос бэлнээр 5.500.000 төгрөг авсанаа хүлээн зөвшөөрсөн байхад шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. 5.500.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болохыг гэрч Г.Солонго нотолж байхад гэрчийн мэдүүлгийг хэрхэн үнэлсэн дурдаагүй хангалттай нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Бэлнээр хүлээлгэн өгсөн байдлыг мөнгө өгсөн хүн нотлохоос бус өөрөө нотлох боломжгүй билээ. Хариуцагч нь бидэнд эрхийн доголдолгүй газар худалдсан бол бид өмгөөлөгч авч хохирохгүй, уг мөнгийг эмнэлгийн санхүүжилтэд зарцуулах байсныг харгалзан үзээгүй. Гэрээний үүргээ зөрчснөөс зайлшгүй гарсан зардлыг хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр нотлоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй ба бидний шүүхэд гаргасан нотлох баримтыг үнэлээгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тухайд: Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар өөр хэргийг шийдвэрлэж байгаа гэх үндэслэлээр 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иргэний шүүхийн практикт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасныг иргэний хэргийн хүрээнд ойлгодог ба захиргааны хэрэгт хамаарахгүй гэж тайлбарлаж, хэрэглэж ирсэн. Давж заалдах шатны шүүх бидний нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг ойлгоогүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Бид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254.1, 205.1, 227.3-т заасныг баримтлан шүүхэд нэхэмжлэл гаргасан ба бидний нэхэмжлэлийн шаардлага эрхийн доголдлын улмаас гэрээнээс татгалзаж, өгсөн авсан зүйлийг буцаах, мөн гэрээний үүрэг зөрчснөөс учирсан хохирол шаардаж байгаа юм. Тодруулбал, Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж бидний худалдан авсан газарт өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон төдийгүй, гуравдагч этгээдээс Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасантай холбоотой гэрээнээс татгалзах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр эрхийн болон биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй атал газар давхардсан гэж биднийг худалдан авсан зүйлээ өмчлөх эрхгүй болгож, 2 жил хохироож байгаа тул бид өгсөн, авсан зүйлээ буцааж, түүнээс учирсан хохирол шаардсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б.Батцэцэгийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын алба, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 395 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/183 дугаар захирамжийн иргэн Э.Ход холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн нь энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд шууд хамааралтай гэж үзнэ гэж дүгнэснийг зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь энэхүү маргаан захиргааны хэргийн шүүхийн шийдэлтэй хамааралгүй ба уг шүүхээр Засаг даргын захирамжтай холбоотой асуудлыг хэрхэн шийдэх нь гэрээнээс татгалзах эрхэд нөлөөлөхгүй. Худалдан авагч талаас гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн ба худалдагч тал үүргээ биелүүлээгүй, гуравдагч этгээд шаардлага гаргаж байгаа тул бид эрхийн доголдолтой гэж үзэж гэрээнээс татгалзаж байна. Бид 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээгээр үүргээ биелүүлсэн атлаа өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй 2 жил 6 сар болж байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/01547 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд хяналтын гомдолдоо: Иргэн Ц.Х, Д.Б.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд би Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2017/01868 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг заасныг удирдлага болгон хяналтын гомдол гаргаж байна. Шүүхийн магадлалын хянавал хэсэгт: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б.Батцэцэгийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын алба, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 395 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/183 дугаар захирамжийн иргэн Э.Ход холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн нь энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд шууд хамааралтай гэж үзнэ”. “Өөрөөр хэлбэл, хариуцагч Э.Хашбатын нэхэмжлэгч нарт шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө эрхийн доголдолтой байсан эсэхийг тогтооход дээрх захиргааны хэргийг хянан шийдвэрлэх нь ач холбогдолтой учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан зохигчдын маргааны зүйл, түүний үндэслэлийн талаар өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Б.Т, Ц.Х нарын нэхэмжлэлтэй Г.Ч, Э.Х нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гэж дүгнэлт хийжээ. Гомдол: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2017/01868 дугаар магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Б.Т, Ц.Х нарын нэхэмжлэлтэй Г.Ч, Э.Х нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Б.Т, Ц.Х нарын нэхэмжлэл бүхий хэргийг шийдвэрлэхэд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/Ш32017/1716 дугаар захирамж бүхий захиргааны хэргийг заавал урьдчилан шийдвэрлэх шаардлагагүй юм. Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-т “Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргасны улмаас худалдан авагч өөрийн өмчлөх, эзэмших эрхийг аливаа хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа тохиолдлыг эрхийн зөрчилтэй гэж үзэж болохоор хуульчилсан байдаг. Ц.Х, Б.Т нар нь 2012 оны 03 дугаар сард Э.Хоос уг газрыг худалдаж авсан авснаас хойш өөрийн өмчлөх, эзэмших эрхийг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй бодит нөхцөл байдалтай тулгарсан боловч асуудлыг шийдвэрлэх гэж өдийг хүртэл хүлээсэн. Гэвч уг асуудал нь шийдэгдэхгүй байсаар эцэст нь худалдан авагч талын газар худалдан авах болсон хэрэгцээ шаардлага байхгүй болох хэмжээнд очоод байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2017/01868 дугаар магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж заасан заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Т, Ц.Х нар хариуцагч Г.Ч, Э.Х нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 11 дүгээр байрны 14 тоот 2 өрөө орон сууц болон 48 967 165 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Э.Хоос 15 500 000 төгрөгийг, хариуцагч Э.Х, Г.Ч нараас ...орон сууцыг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх “...гэрээний зүйл болох эд хөрөнгө эрхийн доголдолтой эсэх асуудал захиргааны хэргийг хянан шийдвэрлэсний дараа тогтоогдох тул захиргааны хэргийг шийдвэрлэсний дараа хэргийг шийдвэрлэнэ...” гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг давж заалдах шатны шүүх тухайн маргаантай харилцаанд зөв тайлбарлаж хэрэглээгүй тул магадлалыг хүчингүй болгоно.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн боловч хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэлийн үндэслэл болох Б.Т, Э.Х нарын хооронд байгуулагдсан 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн гэрээг худалдах худалдан авах гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т нийцсэн байна. Гэрээг Э.Х, Б.Т нар байгуулж гарын үсэг зурсан хэдий ч худалдах худалдан авах харилцаанд Ц.Х, Г.Ч нар оролцсон, нэхэмжлэгч нар хоорондоо, хариуцагч нар хоорондоо ашиг сонирхлын зөрчилгүй, гэрээний талаар нэг зорилготой болохыг дүгнэж, хамтран үүрэг гүйцэтгэгч, хамтран үүрэг гүйцэтгүүлэгч болох эрх зүйн үндэслэлийг анхан шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэжээ. 

Худалдах худалдан авах гэрээний зүйл буюу Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут АОС 3 дугаар гудамж 3 тоот 198 квм өмчлөлийн газар, түүний өмчлөх эрхийг худалдагч Э.Х, Г.Ч нар худалдан авагч Ц.Х, Б.Т нарт шилжүүлсэн, нэхэмжлэгч нар эд хөрөнгийн үнэ 145 000 000 төгрөгт тооцож Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 11 дүгээр байрны 14 тоот 2 өрөө орон сууц болон 15 500 000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч нар эд хөрөнгийг хүлээн авсан боловч газар өмчлөх эрхийн талаар гуравдагч этгээд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан, уг газар дээр барилга барих ажлаа хэрэгжүүлж чадаагүй байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, эд хөрөнгийг эрхийн доголдолтой гэж үзэх үндэслэлтэй байхад давж заалдах шатны шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б.Батцэцэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын алба, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 395 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/183 дугаар захирамжийн иргэн Э.Ход холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах хэрэг хэрхэн шийдвэрлэх нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлд хамааралтай гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 252 дугаар зүйлийн 252.1-д нийцээгүй байна.

Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д “Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ц.Х, Б.Т нарын худалдан авсан газрын өмчлөх эрхийн  талаар гуравдагч этгээд гомдол гаргаснаар эрхийн зөрчилтэй эд хөрөнгө гэж үзэх үндэслэл бий болжээ. Уг асуудал шүүхээр хэрхэн шийдвэрлэгдэх нь ач холбогдолтой байж болох хэдий ч гуравдагч этгээд худалдан авсан эд хөрөнгийн талаар гомдол гаргаснаар доголдолтой гэж үзэх тул захиргааны маргааныг хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч худалдан авагчийн эрхийг хязгаарлах үндэслэлгүй байна. Гуравдагч этгээд гомдол гаргасны улмаас нэхэмжлэгч нь эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ бүрэн хэрэгжүүлж чадаагүй юм.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар худалдсан эд хөрөнгө доголдолтой бол худалдан авагч гэрээнээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгч нь  гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2017/01868  дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/01547 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...243.1 гэсний дараа 205 дугаар зүйлийн 205.1” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 138 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА