Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2024/ХШТ/78

 

Ж.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай, шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 18 дугаар цагаатгах тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар магадлалтай, Ж.Г-т холбогдох 2230002310019 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,

Сум дундын 19 дүгээр шүүхийн .... оны .... дүгээр сарын ....-ний өдрийн ..... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны ..... дугаар сарын ......-ний өдрийн ..... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ж.Г

Шүүгдэгч Ж.Г нь 2022 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, “B” баарны урд талын зам дээр Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, дэд ахлагч Б.Г-ыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, маргалдах явцдаа нүүрэнд нь шилээр цохиж, зүүн хацрын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Ж.Г-т холбогдох Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгон бусад заалтыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.  

Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Эрдэнэмөнх хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: ... Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Шүүх хэрэгт авагдсан яллах, цагаатгах нотлох баримтуудаас хэргийн үйл баримтын нэг хэсэг болох цагаатгах нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдалд нийцсэн гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй. Түүнчлэн шүүх яллах талын нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй. Тухайлбал, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас харахад хохирогч Б.Г, гэрч Э.А нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон гэрч С.Б-ын “... Б.Г нь Ж.Г-т цохиуллаа гээд яриад яваад байсан...”, гэрч Ч.О-ийн “...өндөр, туранхай, шар царайтай залуухан цагдаа ирээд “танай найз Г намайг шилээр цохичихлоо” гэхээр нь “наад асуудал чинь надад ямар хамаатай юм, би чамайг цохисныг хараагүй” гэхэд тухайн цагдаа яваад өгсөн” гэх мэдүүлгүүд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгийн 2 минут 59 дэх секундэд хохирогч Б.Г-ын “наад хүн чинь пивоны шилээр цохичихлоо” гэх бичлэг зэрэг яллах талын нотлох баримтууд авагдсан байхад шүүх уг нотлох баримтуудыг няцаасан үндэслэлээ дурдаагүй бөгөөд шүүгдэгч Ж.Г-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн нөхцөл байдал хэрэгт нотлогдоогүй гэх шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэжээ. Гэтэл цагаатгах тогтоолын 14 дүгээр талд авагдсан шүүхийн гэм буруу, хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байна.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсан. Хэргийн газрын үзлэг хийх хохирогчийн биед халдахдаа ашигласан гэх пивоны шилийг эд мөрийн баримтаар хураах, үйлчилгээний байгууллагын камерын бичлэгт үзлэг хийх зэрэг хэрэгт хийгдвэл зохих зарим ажиллагааг мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаагаар хийж гүйцэтгээгүй, одоо нөхөн гүйцэтгэх боломжгүй хэдий ч шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.Г гэм буруу тогтоогдож байна. Хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, хэргийг бодит байдлыг тогтоогоогүй, хэрэгт нотолбол зохих ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрэн дүүрэн хийгдээгүй байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээ бүхий нөхцөл байдалтай адилтгах байдлаар тус зарчмын агуулга, зорилгыг алдагдуулсан байна.

4.Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж заасан байхад 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана” гэж зааснаас холбогдох шийдвэр гэдэг нь зөвхөн яллах дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол биш тухайн шүүгдэгчтэй холбоотой бүх мөрдөн шалгах ажиллагаа хамаарах юм.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчлийг залруулахын оронд цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж салаа утгагүйгээр тодорхой хуульчилсан, заавал хэрэглэх ёстой, шүүхэд үүрэг болгосон заалт байхад давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Иймд цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Энэ хэрэгт цагдаагийн байгууллагын ажилтнууд оролцсон. Тухайн өдөр долоон цагдаагийн албан хаагч очсон ба гурав нь камертай байсан. Нэг камер нь усанд унаж ажиллагаагүй болсон гэсэн. Харин 2 камерын бичлэг нь байх ёстой боловч хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд үзүүлэхгүй байсан. Бичлэгт хэргийн үйл баримтын талаар нарийн мэдээлэл байгаа. Гэрч нар янз бүрээр хоорондоо зөрүүтэй мэдүүлдэг. Цагдаагийн зургаан албан хаагчийн таваас нь мэдүүлэг аваад нэгээс нь аваагүй. Түүнчлэн Ж.Г-тай цуг явсан С.Б-т гэмтэл учруулсан хэргийг шалгаагүй. Мөн тухайн үйл явдлаас хойш удаан хугацаа өнгөрсний дараа гэрчүүдээс мэдүүлэг авсан учраас зарим зүйлсийг санахгүй байсан. Хэрэгт авагдсан бичлэгээс харахад өөрсдөө Ж.Г-ыг түлхэж унагасан байдаг. Цагдаагийн байгууллага хэргийг шалгахдаа хойрго хандаж, камерын бичлэг сэргээх ажиллагааг хийгээгүй. Зөвхөн гэрчийн мэдүүлгээр Ж.Г-ыг яллахыг хичээдэг. Харин Ж.Г цохиогүй гэдгийг тогтвортой мэдүүлсээр ирсэн. 2022 оны 07 дугаар сарын 15-нд болсон хэрэгт 5 сарын дараа яллагдагчаар татсан ба хэргийн хувьд ээдрээтэй, цагдаагийн ажилтантай холбоотой болохоор хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх боломж бий эсэх, эсхүл санаатай эс үйлдэхүй байсан эсэхийг мэдэхгүй байна гэв.

Прокурор Б.Мөнгөншагай хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд ямар нотлох баримтыг цагаатгах тогтоолын үндэслэл болгож байгааг тусгаагүй, улсын яллагчийн дүгнэлтийн үндэслэл болсон яллах талын нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байна.

Тухайлбал, хохирогч Б.Г, гэрч Э.А нар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн болохыг шууд заасан. Хохирогч Б.Г нь Ж.Г-т шилээр цохиулсан талаар мэдүүлсэн бөгөөд түүний хацраас цус гарч байсныг харсан гэрч С.Б, Ч.О, Б.Б, Г.Ш, Н.Ө нарын мэдүүлэг, шинжээч эмч А.Б-ийн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл шинэ байсан талаар мэдүүлэг, хохирогчид учирсан гэмтэлд оёдол тавьсан эмч Т.Г язарсан, шинэ шархтай цус гарч байсан учраас оёдол тавьсан талаар мэдүүлсэн, хохирогчид эмчилгээ хийсэн эмчилгээний хуудаст бусадтай зодолдсон гэсэн өгүүлэмж бичигдсэн зэрэг нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Мөн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “...хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, хэрэгт нотолбол зохих ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэн дүүрэн хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж дүгнэсэн атал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарна. 

Давж заалдах шатны шүүх дээрх хуулийн ноцтой зөрчлийг илрүүлж зөвтгөөгүй, гэмт хэрэг гараагүй мэтээр дүгнэж, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өөрчилсөн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Эрдэнэмөнхийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ж.Г-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.Прокуророос шүүгдэгч Ж.Г-ыг 2022 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө цагдаагийн алба хаагч Б.Г-ын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, маргалдах явцдаа нүүрэнд нь пивоны шилээр цохиж, зүүн хацрын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Ж.Г-ын үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бодит байдлаар нь бүрэн гүйцэд үнэлж чадаагүй, яллах талын нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүйн улмаас тогтоол, магадлалд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

3.Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд тулгуурлан, тэдний танилцуулсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байдлыг харьцуулан дүгнэсний үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.

Хэрэв бүхий л нотлох баримтыг шалгаж, үнэлсний эцэст шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэхэд эргэлзээ гарвал хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай боловч ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй тохиолдолд аль нэгийг авахдаа бусдыг үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн бодитой, хангалттай шалгаж тодруулаагүй буюу нотлох баримтын хүрэлцээт байдал хангагдаагүй нөхцөлд үүссэн тодорхой бус байдлыг үндэслэл бүхий эргэлзээнд тооцдоггүй билээ.

4.Цагаатгах тогтоол, магадлалаас үзэхэд анхан шатны шүүх “... хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй ... хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, хэрэгт нотолбол зохих ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрэн дүүрэн хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв” хэмээн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн болон нотлох баримтын зөрүүтэй байдлын талаар, мөн давж заалдах шатны шүүх “... шүүгдэгч Ж.Г-ын гэм буруутайг тогтоож байгаа нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн учир гэм буруутай эсэхийг ... тогтоон тодорхойлох боломжгүй байжээ” хэмээн ойлгомжгүй, тодорхой бус дүгнэлт хийснээс гадна хоёр шатны шүүхээс хохирогч Б.Г-ын Ж.Г-т цохиулсан талаар удаа дараагийн тогтвортой өгсөн мэдүүлэг, Б.Г-ын эрүүл мэндэд учирсан хохирлыг Ж.Г учруулахыг харсан гэж шүүгдэгчийг шууд заасан гэрч Э.А-ийн мэдүүлэг, түүнээс хэргийн талаар сонсож, мэдсэн гэрч Б.Б-ын мэдүүлэг, шүүгдэгч, гэрч нарын хууль сахиулагчийн шаардлагыг эсэргүүцэж хэлсэн үг, үйлдэл, биеэ авч яваа байдлыг харуулсан камерын бичлэг зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй, гэрчийн мэдүүлэг зөрүүтэй гэх боловч үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй байна.

Дээрх нотлох баримтуудыг шүүх хэрхэн үнэлсэн талаар цагаатгах тогтоол, магадлалд заагаагүй атлаа шүүгдэгчтэй нэгдмэл сонирхол бүхий гэрчүүдээс өгсөн цагдаагийн алба хаагчидтай маргаан болох үед шүүгдэгч, хохирогчийг цохиж байхыг хараагүй гэсэн агуулга бүхий мэдүүлгийг ач холбогдолтойд тооцож, гэм буруугийн талаар үндэслэл бүхий эргэлзээ үүссэн хэмээн дүгнэснийг хэргийн бодит байдалтай нийцээгүйн гадна нотлох баримтыг шалгаж, үнэлэх хуульд заасан шаардлагыг шүүхүүд зөрчсөн гэж үзнэ.

5.Шүүхийн шийдвэрт заагдсан хохирогчийг гэмтээхэд ашигласан пивоны шил, мөн баарны гадна талын камерын бичлэг зэрэг нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулаагүй боловч энэ нөхцөл байдал нь шүүгдэгчийн гэм бурууд эргэлзээ төрүүлэхүйц үндэслэл болж чадахгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцэхүйц байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 18 дугаар цагаатгах тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧИД                                                     Б.БАТЦЭРЭН

М.ПҮРЭВСҮРЭН

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Ч.ХОСБАЯР