Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2024/ХШТ/81

 

                                                Ж.Б-д холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 19 дүгээр магадлалтай, Ж.Б-д холбогдох 2319000000228 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлээр 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж.Б, 1986 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өнгөлгөө, засалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт **** аймаг, **** сумын 1 дүгээр баг, **** тоотод оршин суух хаягтай, РД: ****.

Шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр **** аймаг, **** сумын 3 дугаар баг “****” дэлгүүрийн ар талд байх **** тоот хашаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Д.Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж шөвгөөр түүний баруун суганы доод хэсэгт хатгаж эрүүл мэндэд нь “...цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт...” бүхий хүнд хохирлыг санаатайгаар учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдсон байна.

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэн, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дугаар заалтуудад “3 жил 2 сарын” гэж өөрчлөн тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б-ын давж заалдсан гомдлыг хангаж, түүний цагдан хоригдсон 55 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэсэн байна.

Прокурор Б.Дашням хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн тохиолдолд хөнгөн ял шийтгэл оногдуулах нь эрүүгийн хуулийн зарчим билээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэмт хэргийг илрүүлэхэд мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг хангасан хүнд хэрэглэх ёстой. Гэтэл шүүгдэгч Ж.Б нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, улмаар оногдуулах эрүүгийн хариуцлагыг прокурортой тохиролцож, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дараа тухайн хүсэлтээсээ татгалзаж, зэвсэг буюу шөвөг хэрэглэж хүний эрүүл мэндэд хохирол учруулаагүй гэж маргасан тул анхан шатны шүүх нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг шийдвэрлэх хугацааг 30 хоногоор хойшлуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа тул нэгдмэл байр суурьтай байх нь зүйтэй бөгөөд өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл буюу гэм буруу дээр маргаж байгаа нь шүүгдэгчийн хүсэл зоригийг илэрхийлж байгаа хэлбэр тул шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэн оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нь үндэслэлгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн түүнд 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 гэж заасан ба тухайн заалтын ялын доод хэмжээ нь 5 жил ба Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах ёстой. Хорих ялын доод хэмжээ буюу 5 жил нь сараар тооцвол нийт 60 сар ба үүний гуравны хоёр нь 40 сар болно. 40 сарыг жилд буюу 12 сард хуваавал нийт 3 жил 4 сар болно. Мөн ялын доод хэмжээ болох 5 жилийг математик аргачлалаар шууд хувааж бодвол гуравны хоёр нь 3,3 бөгөөд үүнээс 0,3-ыг жил саруудад хөрвүүлбэл 1 жил буюу 12 сарын 3 хуваасны 1 буюу 4 сар болох тул оногдуулах ялын хамгийн доод хэмжээ нь 3 жил 4 сар байх учиртай. Гэтэл шүүхээс 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Мөн давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дугаар заалтуудад “3 жил 2 сарын” гэж өөрчлөлт оруулахаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох заалт буюу 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг нэмээгүй бөгөөд шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 гэж заасан ба тухайн зүйл ангийн ялын доод хэмжээ нь 5 жил тул магадлал нь хуульд зааснаас бага ял оногдуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсэгт заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох...” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүгдэгч Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан бол цагаатгагдсан, эсхүл ял шийтгүүлсэн зүйл хэсэг, заалтыг шийтгэх тогтоолд нэг бүрчлэн заана...” гэж заасныг тус тус зөрчсөн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд прокурорын эсэргүүцэлд дурдсан шаардлага байхгүй байна. Ж.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасан шаардлагыг хангаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааг хурдан шуурхай явуулах үүднээс өөрийн эрх зүйн байдлаа дордуулсан нөхцөл байдал түүний мэдүүлгээс харагддаг. Ж.Б нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба улмаар оногдуулах эрүүгийн хариуцлагыг прокурортой тохиролцож, хэрэг анхан шатны шүүхэд шилжсэний дараа өмгөөлөгчийн хүсэлтээр хүсэлтээсээ татгалзаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулсан. Прокурор Ж.Б-ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үздэг. Гэтэл сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгээсээ эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг өөрийн боломжоор төлсөн. Түүнчлэн хохирогч гомдол, саналгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн.

Прокурорын эсэргүүцэлд “шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл буюу гэм бурууд маргаж буй нь шүүгдэгчийн хүсэл зоригийг илэрхийлж буй хэлбэр” гэж үзсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан шаардлагад өмгөөлөгчийн байр суурь ямар байхаас шалтгаалж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх эсэхийг тусгаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3-т “шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3-т “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж тус тус заасан ба Ж.Б хувийн байдал болон ар гэрийн гачигдлын талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасны дагуу Ж.Б-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон ар гэрийн хүнд байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар ялыг хүндрүүлэхгүйгээр давж заалдах шатны шүүхийн магадлалын 1 дэх заалтад 3 жил 2 сар гэж заасныг 3 жил 4 сар болгон зөвтгөж өгнө үү.

Хохирогчийн эрүүл мэндийн байдал хэвийн болж, ажилдаа орсон. Ж.Б-ын үйлдлийн улмаас учирсан гэмтэл нь уушгинд хүрээгүй буюу нүхээр нь хий ороод уушги унасан нөхцөл байдал бий. Улмаар гуурс тавьж хийг гаргасан. Түүнчлэн Ж.Б-ыг зодсон, хутгаар зүссэн зэрэг хохирогчийн буруутай үйлдэл байдаг ч мөрдөг ч ажиллагаа хийгээгүй. Өмгөөлөгч хуульд заасан үндэслэл журмын дагуу өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан. Түүнээс миний гаргасан байр суурийг үндэслэж шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх зохицуулалт байхгүй байгааг харгалзан үзнэ үү. Ж.Б хувийн амьдралын талаараа тайлбартаа тодорхой бичсэн байгаа” гэв.

Прокурор шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлэхдээ  хэтрүүлж ялын хэмжээг багасган Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Мөн шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ хэргийн үйл баримт, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн, тухайн мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч С.Шинэбаяр оролцжээ.

Улмаар шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, прокуророос хүсэлтийг хүлээн авч, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч тэрээр хүсэлтээсээ татгалзсанаар хэрэг ердийн журмаар шийдвэрлэгдсэн. Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Шүүгдэгч Ж.Б анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...Д.Б гартаа хутга барьчихсан байсан. Бид хоёр зууралдаж байхад миний гарын 2 талд, бас эрүүг зүссэн. Тэгэхээр нь хагалсан модны хажууд, дээд тал нь мурийсан хадаас байхаар нь аваад хатгачихсан юм...” гэж мэдүүлгээ өөрчилж, хэргийн үйл баримтын талаар болон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх агуулгаар маргасан. Хавтаст хэргийн 40-41 дүгээр талд авагдсан Ж.Б-ын биед үзлэг хийж гаргасан шинжээчийн 02/333 дүгнэлтээр түүний биед үүссэн гэх толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, эрүү, баруун шуу, нуруу, зүүн өвдөгний зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн байгаагаас үзэхэд хохирогч нь шүүгдэгчийн гар, эрүүг нь хутгаар зүссэн гэх шүүгдэгчийн тайлбар үгүйсгэгджээ.

Мөн энэ талаар анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад үндэслэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл дээр маргасан байхад давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн ял багасгах зорилгоор гаргасан гомдлыг үндэслэн түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна. Түүнчлэн шүүгдэгчээс прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулж хяналтын шатны шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан тайлбартаа “...хохирогч хутга барьж дайран 2 гар, эрүүнд нь зүссэн хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн” гэсэн байгаагаас үзэхэд шүүгдэгч нь одоог хүртэл хэргийн үйл баримтад маргасан хэвээр байна. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 374 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ.

2. Прокуророос шүүгдэгч Ж.Б-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Д.Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж шөвгөөр түүний баруун суганы доод хэсэгт хатгаж эрүүл мэндэд нь “...цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт...” бүхий хүнд хохирол зэвсгийн чанартай зүйл ашиглан санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг давж заалдах шатны шүүх 3 жил 2 сар  хорих ял болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэжээ.

3. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй.

Энэ хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрийнхээ эх сурвалж болж буй нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, тэдгээрт эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах шийдвэр бүхэн тэр дундаа шүүхээс шүүгдэгчийн гэм бурууг эргэлзээгүйгээр тогтоож, гаргасан зан үйлд нь эрх зүйн зөв дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчлэхэд хохирогч, хувийн сонирхолгүй гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь чухал ач холбогдолтой юм.

Бусдын  эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой.

5. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг сэргээн тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, зэвсгийн чанартай зүйл ашигласан, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн хууль ёсны зарчимд нийцэх учиртай.

Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой юм.

Хоёр шатны шүүхийн шийдвэрт дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход хүрэлцэхүйц, шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэрийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Б-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан зүйлчилж, хуулийг зөв хэрэглэсэн байна.

6. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг хянах замаар тодруулсны эцэст прокурорын  саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээнд ял хүлээлгэх тухай шийдвэр гаргана.

Энэхүү хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан хэмжээ, хязгаарт хэрэгждэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын хэмжээ найман жилээс дээш тул энэ зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхийг хуулиар хориглосон байхад прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүгдэгч Ж.Б-ын хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу болжээ.

7. Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б-д холбогдох эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндэслэл, журамд нийцсэн байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нь шүүхийн эрх хэмжээнд хамаарна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.

8. Шүүгдэгч Ж.Б-ын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Д.Б “...гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон шүүгдэгч Ж.Б-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж ял оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлаагүй, хуулиас доогуур хорих ял оногдуулж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул энэ талаар бичигдсэн прокурорын эсэргүүцлийг хангахаар тогтов.

9. Шүүгдэгч Ж.Б бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлдээ маргаагүй, түүндээ гэмшиж буй хандлага, хохирогч гомдолгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шүүгдэгчид 3 жил 6 сарын хорих ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа шүүгдэгчийг 32 настай гэж буруу бичсэн нь шүүхийн дүгнэлтэд ноцтой нөлөөлөхүйц алдаа биш боловч цаашид анхаарвал зохино.

10. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд дээрх өөрчлөлтийг оруулж, хяналтын шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцлийн “...шүүхээс 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэсэн хэсгийг хангаж, эсэргүүцэлд дурдсан бусад үндэслэлийг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 19 дүгээр магадлалын 1 дэх заалтыг “Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй”, шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “...5 /тав/ жил...” гэснийг “3 /гурав/ жил 6 /зургаа/ сар” гэж өөрчлөн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ                                     Ч.ХОСБАЯР

                         ШҮҮГЧИД                                     С.БАТДЭЛГЭР

                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                               Б.ЦОГТ