Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 507

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Ч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь.

Нэхэмжлэгч Ц.С 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай компани Б аймгийн Х сумын нутагт байрлах Б нэртэй газарт 1382.89 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн байдаг. Шилжүүлэн авсны дараа хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг төлж, бусад үүргийг биелүүлж ирсэн.

Энэхүү тусгай зөвшөөрлийг шилжүүлж авснаасаа хойш жил бүр их хэмжээний зардал гаргаж, хуульд заасан үүргээ биелүүлж байсан. Нэхэмжлэгч компани 1 гишүүнтэй байсан бөгөөд тухайн гишүүн биеийн байдлын улмаас хүндрэлтэй асуудал тохиолдсон. Энэ асуудлаа шийдвэрлээд холбогдох баримтуудаа өгсөн байгаа тохиолдолд хариуцагч байгууллага нь хуульд заасан ажиллагааг хийлгүйгээр шууд цуцлах шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Б аймгийн Х сумын нутагт байрлах Б нэртэй газарт 1382.89 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч байгууллагаас анх К ХХК-д олгосон байдаг. Хуучин нэрээр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 314 дүгээр шийдвэрээр одоогийн нэхэмжлэгч буюу Э ХХК-д эрхийг шилжүүлсэн байдаг. Шилжүүлэн авсны дараа хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг төлж, бусад үүргийг биелүүлж ирсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг төлөх хугацаа 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байсан. Нэхэмжлэгч компани нь 1 гишүүнтэй хуулийн этгээд байдаг бөгөөд Ц.С захирал нуруундаа хүнд бэртэл авсан тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, гадаад улс руу явж шинжилгээ өгөх шаардлагатай байсан тул 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлбөрөө төлөх боломжгүй байсан.Энэхүү хүндэтгэн үзэх шалтгааныг Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд хүндэтгэн үзэх шалтгааныг тодорхойлсон байдаг. Нэхэмжлэгч компанийг захирлын шалтгаан энэхүү тогтоолд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарч байгаа.

Нэхэмжлэгчийн хувьд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 10 дахь жилийн төлбөр, хугацаа хэтрүүлсэн алданги, торгуулийн хамт 11700000 төгрөгийг Төрийн сангийн холбогдох дансанд тушаасан. Хариуцагч байгууллагаас хуульд заасны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 7/286 дугаар албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн тухай нотлох баримтыг ирүүлэх тухай мэдэгдлийг нэхэмжлэгчийн албан ёсны улсын бүртгэл болон ашигт малтмалын газарт бүртгэлтэй хаягаар ирүүлээгүй. Хариуцагч байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар албан ёсны хаягаар хуулийн хуулийн дагуу нэхэмжлэгчид холбогдох мэдэгдлийг хүргүүлсэн бол нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаан, төлбөр төлсөн баримт болон бусад холбогдох нотлох баримтыг хавсарган Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж өгөх боломжтой байсан. Гэтэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн хаягийг андуурч хүргүүлсэн байдаг.

Хариуцагчаас ирүүлсэн хувийн хэргийн баримтаас харахад нэхэмжлэгчийн хаяг өөрчлөгдсөн зүйл байхгүй, цуцалсан гэх мэдэгдэл нь тэр хаягаараа мэдэгдээд ирсэн зүйл байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн агуулга нь нэг талаас мэдэгдэл хийж, нөгөө талаас хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотлох боломжийг олгосон, мөн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагааг тус хуульд заасан байдаг. Гэтэл хариуцагчийн энэ ажиллагааны хэрэгжээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ. 56.4-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ гэсэн хуулийн заалтуудын дагуу хийгдсэн ажиллагаа гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Дээрх мэдэгдэх үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс шалтгаалж, нэхэмжлэгч тайлбар, нотлох баримт гаргах боломжгүй болсон. Хэрвээ нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаанаа хүргүүлсэн бол хариуцагч өмнө гаргасан мэдэгдлээ хүчингүй болгох боломжтой байсан. Нэхэмжлэгч байгууллагын хувьд энэхүү тусгай зөвшөөрлийг шилжүүлж авснаасаа хойш жил бүр их хэмжээний зардал гаргаж, хуульд заасан үүргээ биелүүлж байсан.

Нэхэмжлэгч компани 1 гишүүнтэй байсан бөгөөд тухайн гишүүн биеийн байдлын улмаас хүндрэлтэй асуудал тохиолдсон. Энэ асуудлаа шийдвэрлээд холбогдох баримтуудаа өгсөн байгаа тохиолдолд хариуцагч байгууллага нь хуульд заасан ажиллагааг хийлгүйгээр шууд цуцлах шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэсэн байдаг. Мөн хуулийн 32 дугаар зүйл, 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт төлбөрийн талаар зохицуулсан байдаг. Жил бүрийн төлбөрийн урьдчилан төлнө, төлөөгүй тохиолдолд 34.4-д заасны дагуу алданги төлнө, алданги 30 хоногийн хугацаатай байна. Мөн хуулийн 34.7-д 30 хоног хэтрээд нотлох баримт, тайлбар ирээгүй тохиолдолд 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу цуцална гэж хуульчилсан байгаа.

Нэхэмжлэгч Э ХХК нь ашигт малтмалын ******* тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаандаа, 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор уг хуулийн дагуу төлбөрөө төлөх ёстой байсан боловч төлөөгүй, 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, алдангийн хугацаанд мөн адил төлөөгүй харин 10 дугаар сарын 05-ны өдөр төлсөн байдаг. Иймд төлбөрөө хугацаанд төлөөгүй учраас төрийн захиргааны байгууллагын кадастрын хэлтэс цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ганц гишүүнтэй компанийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно гэсэн байдаг. Хэдийгээр ганц гишүүнтэй компани байсан ч гэсэн тухайн төлбөрийг заавал компанийн захирал төлөх шаардлагагүй, өөр хэн нэг хүнээр болон цахимаар төлөх боломжтой байсан. Хуульд заасан мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн боловч хаяг дээрээ байгаагүй бөгөөд заавал хариуцагч мэдэгдэл хүргүүлсний дараа төлбөр төлөх ёсгүй бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бол хугацаанд нь төлбөрөө төлөх үүрэгтэй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Э ХХК-ийн гаргасан ...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр К ХХК-д Б аймгийн Х сумын Б нэртэй 1384 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын XV-****45 дугаартай тусгай зөвшөөрлийг олгожээ.

К ХХК болон Э ХХК-иуд 2012 оны 04 дугаар сарын 09-ны өдөр 12645 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай гэрээг байгуулж, дээрх тусгай зөвшөөрлийг Э ХХК шилжүүлэн авахаар тохиролцож Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст TR-****20 дугаартай өргөдлийг гаргасан байна.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 316 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-дзаасныг үндэслэн К ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн TR-****20 дугаартай өргөдлийг хянаж үзээд Б аймгийн Х сумын нутаг дахь Б нэртэй 1382.89 гектар талбай бүхий XV-****45 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тус компаниас Э ХХК-д шилжүүлснийг бүртгэхээр шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг Ашигт малтмалын газрын 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 5-2920 дугаар албан бичгээр Э ХХК-д мэдэгджээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 9 дугаар сарын 08-ны өдрийн 7/286 дугаар албан бичгээр Танай компани Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд дараах тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан хувь хэмжээний алдангийг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд төлөх боломжтойг мэдэгдэж байна хэмээн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх талаарх мэдэгдлийг Э ХХК-нд хүргүүлсэн боловч, бодит байдал дээр энэхүү мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн аваагүй, Ашигт малтмалын газарт буцаан хүргэгдсэн болох нь хариуцагчаас ирүүлсэн баримт бичиг хүлээлцэх дэвтэр, заасан хаягт байхгүй, буцалт гэсэн тэмдэглэгээгээр тогтоогдож байна.

Улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэдэг үндэслэлээр Э ХХК-ийн XV-****45 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан ба энэ тухай Э ХХК-д Ашигт малтмалын газрын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 7/2019 дүгээр албан бичгийг хүргүүлжээ.

Э ХХК уг мэдэгдлийг хүлээн аваад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн а-18 дугаар албан бичгээр өргөдөл гаргахад Ашигт малтмалын газар 2017 оны 01 дугаар сарын 06-ны өдрийн 1/128 албан бичгээр хариу өгсөн байна.

Хариуцагч Э ХХК-д XV-****45 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг нэхэмжлэгчийн бүртгэлтэй албан ёсны хаягаар 2016 оны 09 дугаар сарын 08-ны өдрийн 7/286 дугаар албан бичгийг хүргүүлэхэд заасан хаягт байхгүй шалтгаанаар буцаагдсан тул уг мэдэгдлийг нэхэмжлэгчид мэдэгдсэнд тооцож Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсийн дарга 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 147 дугаар шийдвэрийг гаргасан хэмээн маргаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж заасан ба хариуцагч хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг нэхэмжлэгч компанид 2016 оны 7/286 дугаар албан бичгээр мэдэгдсэн ч уг албан бичгийг Э ХХК хүлээн аваагүй нь Ашигт малтмал, газрын тосны газрын баримт бичиг хүлээлцэх дэвтэрт бүртгэгдсэн бүртгэл, Монгол шуудан ТӨХК-ийн RD************MN тэмдэглэгээтэй баримтаар тус тус нотлогдож байна

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж тус тус зааснаас үзвэл 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахад нэхэмжлэгчид уг хуулийн 34.2, 34.6-д тус тус заасны дагуу төлбөр төлөх боломжийг хариуцагч олгоогүй байх тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасан хугацаанаас хойш тусгай зөвшөөрлийн эхний жил дуусгавар болох хүртэл хүртэлх хугацааны дотор төлснийг дараа жилийн төлбөрийг урьдчилан төлсөн гэж үзэх бөгөөд Э ХХК нь 2017 оны төлбөрийг хугацаа хэтэрсэн хоног буюу алдангийн хамт 2016 оны ддугаар сарын өдөр төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар нотлогдож байна.

Иймд Э ХХК-ийн гаргасан ...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн манай компанийн ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин нэхэмжлэгч ... өвчтэй тухайн үед хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх тайлбар нь түүний гаргаж өгсөн гадаад паспортын хуулбар, эмнэлгийн магадлагаа, өвчтөний түүх зэрэг баримтаар бүрэн нотлогдоогүй тул, шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэн, энэхүү тайлбар, үндэслэлээр 147 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгоогүй болно.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Э ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Д.ЧАНЦАЛНЯМ