Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/128

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч Ч.Амгалан нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Амгаланд холбогдох эрүүгийн 1825005590369 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны Ч.А

Прокурорын газраас: Шүүгдэгч Ч.А-г 2018 оны 08 сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Төгөл” худалдааны төвийн 211 тоот лангуун дээрээс иргэн Л.Энхтуяагийн I PHONE-S-6 маркийн гар утсыг хулгайлан 945000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Ч.А-гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: Яллах дүгнэлтийг зөвшөөрнө.Хэрэг маань тодорхой тул маргах зүйлгүй.гэм буруугаа хүлээж байна.Хохиролд комьдтер өгнө гэж тохирсон гэх мэдүүлэг болон хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

-Хохирогч Л.Энхтуяагийн... “2018 оны 08 сарын 10-ны өдөр Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Төгөл дэлгүүрийн 2 дугаар давхарт байрлах 211 тоот бэлэн хувцасны лангуун дээр сууж байсан юм. Тэгээд хүн орж ирээд юм үзүүлж байхад шилэн лангуун дээр тавьчихсан байсан 2017 оны 06 дугаар сард Улаанбаатар хот “Тэди” худалдааны төвөөс 1050000 төгрөгөөр худалдаж авч байсан Iphone-6 plus маркийн утас маань алга болсон байсан” гэсэн мэдүүлэг/хх-ийн 7-8-р хуудас/

- “Тольдох Оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 13- ны өдрийн 18/211 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх-ийн 17-22-р хуудас/

- Төгөл худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “дээгүүрээ цэнхэр өнгийн ар нуруундаа цагаан өнгийн хөндлөн бичиг бүхий фудвалктой гартаа хар өнгийн куртик барьсан байдалтай доогуураа саарал өнгийн өмд цагаан цайвар өнгийн пүүзэн гуталтай 165 орчим см өндөртэй эрэгтэй хүн гартаа барьсан хар өнгийн хувцасаа дэлгэцийн баруун гар талын лангуун дээр тавиад хоёр гараа хумхиж бариад зүүн гар тийш явж өнгөрч байна” гэсэн тэмдэглэл. /хх- ийн 13-р хуудас/

-Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт,камерын бичлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай,хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Эдгээр хэргийн хохирогч, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Амгалан нь Орхон аймгийн Баян-Өндөр сум “Төгөл” худалдааны төвийн 211 тоот лангуун дээрээс иргэн Л.Энхтуяагийн I PHONE-S-6 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч 945000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид нийт 945000 төгрөгийн бодит хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн, маргахгүй байна. Шүүгдэгч Ч.Амгалан нь бусдын өмчлөх эрхэнд нь халдаж эд зүйлийг нь хууль бусаар нууцаар авч хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, санаатай үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй бөгөөд нотлогдвол зохих байдлууд нотлогдсон байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ч.Амгалан нь “Төгөл” худалдааны төвийн 211 тоот лангуун дээрээс иргэн Л.Энхтуяагийн I PHONES-6 маркийн гар утсыг хулгайлан 945000 төгрөгийн хохирол учруулсан. Хэрэг нотлогдсон. Хохирогчид төлбөрийг гаргуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж дүгнэлт гаргахдаа:Гэмшиж байна.Хохиролыг төлнө.Тэнсэж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Ч.Амгалангийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирлыг барагдуулаагүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв. Хохирол төлбөрийн тухайд:Хохирогч Л.Энхтуяа шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гомдлоо барагдуулах хүсэлтэй гэсэн бөгөөд шүүгдэгч Ч.Амгалангаас 945000 төгрөг гаргуулан хохирогч Л.Энхтуяад олгохоор зааж шийдвэрлэв. Хохирлын хэмжээг шинжээчээс үнэлгээ тогтоосон дүгнэлтэд үндэслэсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ч.А-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Ч.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Амгалангаас 945,000 төгрөг гаргуулан хохирогч Л.Энхтуяа /Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-11-43 тоот РД ФБ77091764/-д олгуулсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсаргаж,битүүмжилсэн хөрөнгөгүй,шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Д.АРИУНЦЭЦЭГ