Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/01585

 

“К Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01606 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1817 дугаар магадлалтай,

“К Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

“М Д”ХХК-д холбогдох

З.Алтанхуяагийн цалингийн зээлийн даатгалын нөхөн төлбөрт 17 219 641 төгрөг, Э.Алтаншагайгийн цалингийн зээлийн даатгалын нөхөн төлбөрт 8 538 921 төгрөг, А.Анхбаярын цалингийн зээлийн даатгалын нөхөн төлбөрт 2 231 533 төгрөг, С.Ариунзаяагийн цалингийн зээлийн даатгалын нөхөн төлбөрт 6 660 858 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэни төлөөлөгч Н.Хэрлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К Б”ХХК нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Мандал Женерал Даатгал ХХК-тай зээлийн эрсдэлийн чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцож, 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 12/83 тоот "Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ" болон уг гэрээний дагуу цалингийн зээлийн эрсдэлийг даатгуулахаар 12/85 тоот "Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл"-ийг тус тус байгуулсан юм. Дээрх гэрээ, хэлцлийн дагуу “К Б”ХХК нь 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 3019-2013/140 тоот Цалингийн зээлийн гэрээгээр "Эрдэнэс таван толгой" ХК-ийн оператор ажилтай З.Алтанхуягг олгосон 16 000 000 төгрөгийн зээлийн эрсдэлийг, 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3007/2013/229 тоот цалингийн зээлийн гэрээгээр "Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ" ОНӨХК-ийн цахилгааны мастер ажилтай Э.Алтаншагайд олгосон 8 500 000 төгрөгийн зээлийн эрсдэлийг, 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 3006-2013/10365 тоот цалингийн зээлийн гэрээгээр Дархан-Уул аймгийн "НААҮГ"-ын цахилгаанчин ажилтай А.Анхбаярт олгосон 2 500 000 төгрөгийн зээлийн эрсдэлийг, 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3008-2013/101 тоот цалингийн зээлийн гэрээгээр Эзэн сүлд ХХК-ийн менежер ажилтай С.Ариунзаяад олгосон 6 000 000 төгрөгийн зээлийн эрсдэлийг тус тус даатгалд хамруулж, даатгалын зохих хураамжийг төлсөн болно. Гэтэл 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр З.Алтанхуяг нь ажлаас халагдсанаар, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Э.Алтаншагай нь ажлаас чөлөөлөгдсөнөөр, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр А.Анхбаяр ажлаас халагдсанаар, 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр С.Ариунзаяа нь ажлаас чөлөөлөгдсөнөөр "Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл”-ийн 9 дүгээр зүйлд заасан даатгалын тохиолдол үүссэн юм. Тиймээс “К Б”ХХК нь дээр дурдсан гэрээнд заасан баримт, материалыг бүрэн бүрдүүлж, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус тус даатгалын компанид хүргүүлж, цалингийн зээлийн даатгалын тохиолдол үүссэн болохыг мэдэгдэж, даатгалын нөхөн төлбөр гаргуулахыг хүссэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд хариу ирүүлээгүй бөгөөд, гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөөр байна. Иймд Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.4, 232 дугаар зүйлийн 232.6, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан даатгагч “М Д”ХХК-аас З.Алтанхуягийн цалингийн зээлийн даатгалын нөхөн төлбөрт нийт 17 219 641.50 төгрөг, Э.Алтаншагайгийн цалингийн зээлийн даатгалын нөхөн төлбөрт нийт 8 538 921 төгрөг, А.Анхбаярын цалингийн зээлийн даатгалын нөхөн төлбөрт нийт 2 231 533 төгрөг, С.Ариунзаяагийн цалингийн зээлийн даатгалын нөхөн төлбөрт нийт 6 660 858 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байгааг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч С.Сансартуяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “М Д”ХХК нь “К Б”ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 12/83 тоот "Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ", 12/85 тоот "Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл"-ийг тус тус байгуулсан. Уг хэлцлийн 10.3-т зааснаар даатгуулагч нь даатгалын тохиолдол болсон тухай даатгалын тохиолдол болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор даатгагчид мэдэгдэх, нөхөн төлбөрийн материалуудыг бүрдүүлж өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байдаг. Мөн даатгалын эрсдэл гээд нэхэмжлээд байгаа дүн нь даатгалын хураамжаас хэтэрсэн дүнтэй байдаг. Энэ нь даатгагч компанид ноцтой хохирол учруулж байгаа гэж үзэж байна. С.Ариунзаяа, З.Алтанхуяг нараас зээлийн гэрээний үүргийг гаргуулах шүүхийн шийдвэртэй гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4-т зааснаар "гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн" байх тул эдгээрийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. А.Анхбаярын хувьд зээлийн дансны хуулгын үлдэгдэл 1 198 766.02 төгрөг байх боловч 1 487 688.52 төгрөг гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01606дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар “М Д”ХХК-аас 10 337 068 төгрөгийг гаргуулан “К Б”ХХК-д олгож, үлдэх 23 880 500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 611 795 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М Д”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 180 343 төгрөгийг, улсын төсвөөс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 280 590 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “К Б”ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1817 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01606 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 611 795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ариунаа хяналтын гомдолдоо: “К Б”-нынэхэмжлэлтэй Монгол Улсын хуулийн этгээд болох “М Д”ХХК-нд холбогдох, даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №1817 тоот магадлалыг тус банк эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээр зээлийн төлбөрийг буруутай этгээдээс гаргуулахаар нэгэнт шийдвэрлэсэн тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4-т зааснаар даатгагч нөхөн төлбөрийг олгохоос татгалзах эрхтэй бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг барагдуулаагүй байгаа гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэжээ. “Даатгалын тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.5.4-т “гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн” гэж заажээ. Тодруулбал, даатгагч этгээдийн төлбөл” зохих даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагч нь буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн байхыг шаардаж байна. Өөрөөр хэлбэл уг хуулийн зохицуулалтын агуулга нь даатгуулагч этгээд хохиролгүй болсон байх нь чухал юм. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Зээлийн дансны хуулга”-наас зээлдэгч З.Алтанхуяг, С.Ариунзаяа нар нь тус банкинд зээлээ төлөөгүй болох нь нотлогдож байгаа бөгөөд З.Алтанхуяг нь 11 479 761.56 (Арван нэгэн сая дөрвөн зуун далан есөн мянга долоон зуун жаран нэгэн төгрөг тавин зургаан мөнгө) төгрөгийн, С.Ариунзаяа нь 4 440 572.33 (дөрвөн сая дөрвөн зуун дөчин мянга таван зуун далан хоёр төгрөг гучин гурван мөнгө) төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь маш тодорхой харагдаж байна. Харин Давж заалдах шатны шүүх “Гэм буруутай этгээдээс шүүхийн журмаар шаардсанбайгаа нь “Гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн” гэж шууд үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байна гэхээс өөр алга байхгүй. Нөгөөтэйгүүр, “М Д”ХХК болон тус банкны хооронд байгуулагдсан гэрээний дагуу даатгагч нь зөвхөн үндсэн зээлийг даатгасан бөгөөд үндсэн зээлийн дагуу бодогдож буй хүү нь даатгалын зүйл биш юм. Гэтэл тус банк нь даатгалын нөхөн төлбөрийг гаргуулахаар 2014 онд “М Д”ХХК-д нэхэмжлэх хүргүүлсэн бөгөөд “М Д”ХХК нь нөхөн төлбөрийг олгох сонирхолгүй учир олон үндэслэлээр шүүхийн маргаан үүсгэж улмаар энэ хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу зээлдэгчийн зээлийн хүү бодогдсоор байсан тул арга буюу шүүхэд хандаж зээлийн хүүг зогсоосон юм. Өөрөөр хэлбэл зээлдэгчийг шүүхэд өгөхөөс өмнө буюу даруй 2 жилийн өмнө даатгалын нөхөн төлбөрийг гаргуулахаар “М Д”ХХК-д нэхэмжлэх хүргүүлсэн байсан. Ийнхүү нөхөн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэх хүргүүлсээр байхад даатгалын нөхөн төлбөрийг төлөөгүй гэм буруутай асуудлыг шүүх огт анхаараагүй болно. Хэрэв “М Д”ХХК нь гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрийг тус банкинд төлснөөс хойш зээлдэгч зээлээ төлсөн нөхцөлд банк нь “М Д”ХХК-нд уг зээлдэгчийн төлбөрийг буцаан шилжүүлдэг болно. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд гаргасан №181/ШШ2017/01606 тоот шийдвэр болон 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №1817 тоот магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

“К Б”нь “М Д”ХХКомпаниас гэрээний дагуу 34 217 569 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Хоёр шатны шүүх хариуцагч “М Д”ХХК-иас даатгалын нөхөн төлбөр 6 891 379 төгрөг, даатгалын гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул алданги 3 445 689 төгрөг, нийт 10 337 068 төгрөгийг гаргуулан Капитрон банкинд олгохоор шийдвэрлэж, харин зээлдэгч З.Алтанхуяг, С.Ариунзаяа нараас цалингийн зээлийн үүргийг гаргуулж “К Б”-нд олгохоор шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4-т нийцсэн, “нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн” нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь зээлийн үүргийг зээлдэгч нараас гаргуулах болсон тул даатгагчаас шаардах эрхгүй юм.

Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигчдын байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ”, мөн өдрийн “Цалингийн зээлийн эрсдлийг даатгах” хэлцлийг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй, даатгуулагч “К Б”даатгалын хураамжийг төлсөн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Гэрээний 7, 9-ийн 3-д “Зээлдэгч гэнэтийн шалтгааны улмаас ажлаас халагдах” тохиолдлыг даатгалын эрсдэл гэж тооцох, даатгалын үнэлгээг үндсэн зээлийн хэмжээгээр тогтоон, талууд тохирсон ба зээлдэгч Э.Алтаншагай, А.Анхбаяр нар ажлаас халагдаж “даатгалын тохиолдол” бий болсон үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон, даатгуулагч нь энэ талаар мэдмэгц,  даатгагчид мэдэгдэж, холбогдох баримтыг бүрдүүлж, нөхөн төлбөрийг шаардсан боловч “М Д”ХХКомпани үүргээ биелүүлээгүй байна. А.Анхбаяр нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 138 дугаар тушаалаар, Э.Алтаншагай нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 126 дугаар тушаалаар тус тус ажлаас халагдсан, “К Б”2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр /хх-140/, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3765 тоот албан бичгээр даатгагчид тус тус хүсэлт гаргаж /хх-96/, зээлийн гэрээ, эдийн засагчийн дүгнэлт, зээл төлөлтийн хуваарь, ажлаас халагдсан тушаалыг хавсаргаж хүргүүлсэн баримтууд хэрэгт авагджээ.

“М Д”ХХКомпани нь нэхэмжлэлийг татгалзаж, “...даатгалын тохиолдол бий болсноос хойш ажлын 5 хоногийн дотор мэдэгдэх, нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлж өгөх гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй...” гэж маргасан нь үндэслэл муутай байв. Нэхэмжлэгч нь зээлдэгч нарыг гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн үеэс даатгалын тохиолдлыг мэдэж, ийнхүү мэдснээс хойш ажлын 5 хоногийн дотор материалаа бүрдүүлж хариуцагчид хандсан, хугацааг хэтэрсэн гэж үзэхгүй талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. Хариуцагчийн зүгээс нөхөн төлбөрийн хэмжээг үгүйсгэж, баримт гаргаж өгөөгүй байв.

“Цалингийн зээлийн эрсдлийг даатгах” гэрээний 10 дугаар зүйлд даатгагч нь даатгалын нөхөн төлбөрийн маягтыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт нөхөн төлбөрийг шийдвэрлээгүй тохиолдолд хэтэрсэн хоног дутам 0,1 хувийн алданги тооцохоор заасан тул хариуцагч нь алданги төлөх үүрэгтэй юм.

Шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хууль, Даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01606 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1817 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277 353 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА