Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1817

 

“Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01606 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК,

Хариуцагч “Мандал даатгал” ХХК-д холбогдох,

 

З.Алтанхуяагийн цалингийн зээлийн даатгалын нөхөн төлбөрт 17 219 641 төгрөг, Э.Алтаншагайгийн цалингийн зээлийн даатгалын нөхөн төлбөрт 8 538 921 төгрөг, А.Анхбаярын цалингийн зээлийн даатгалын нөхөн төлбөрт 2 231 533 төгрөг, С.Ариунзаяагийн цалингийн зээлийн даатгалын нөхөн төлбөрт 6 660 858 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ариунаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Чинбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Капитрон банк ХХК нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Мандал Женерал Даатгал ХХК-тай зээлийн эрсдэлийн чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцож, 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 12/83 тоот "Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ" болон уг гэрээний дагуу цалингийн зээлийн эрсдэлийг даатгуулахаар 12/85 тоот "Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл"-ийг тус тус байгуулсан юм.

Дээрх гэрээ, хэлцлийн дагуу Капитрон банк ХХК нь 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 3019-2013/140 тоот Цалингийн зээлийн гэрээгээр "Эрдэнэс таван толгой" ХК-ийн оператор ажилтай З.Алтанхуягг олгосон 16 000 000 төгрөгийн зээлийн эрсдэлийг, 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3007/2013/229 тоот цалингийн зээлийн гэрээгээр "Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ" ОНӨХК-ийн цахилгааны мастер ажилтай Э.Алтаншагайд олгосон 8 500 000 төгрөгийн зээлийн эрсдэлийг, 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 3006-2013/10365 тоот цалингийн зээлийн гэрээгээр Дархан-Уул аймгийн "НААҮГ"-ын цахилгаанчин ажилтай А.Анхбаярт олгосон 2 500 000 төгрөгийн зээлийн эрсдэлийг, 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3008-2013/101 тоот цалингийн зээлийн гэрээгээр Эзэн сүлд ХХК-ийн менежер ажилтай С.Ариунзаяад олгосон 6 000 000 төгрөгийн зээлийн эрсдэлийг тус тус даатгалд хамруулж, даатгалын зохих хураамжийг төлсөн болно.

Гэтэл 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр З.Алтанхуяг нь ажлаас халагдсанаар, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Э.Алтаншагай нь ажлаас чөлөөлөгдсөнөөр, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр А.Анхбаяр ажлаас халагдсанаар, 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр С.Ариунзаяа нь ажлаас чөлөөлөгдсөнөөр "Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл”-ийн 9 дүгээр зүйлд заасан даатгалын тохиолдол үүссэн юм. Тиймээс Капитрон банк ХХК нь дээр дурдсан гэрээнд заасан баримт, материалыг бүрэн бүрдүүлж, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус тус даатгалын компанид хүргүүлж, цалингийн зээлийн даатгалын тохиолдол үүссэн болохыг мэдэгдэж, даатгалын нөхөн төлбөр гаргуулахыг хүссэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд хариу ирүүлээгүй бөгөөд, гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөөр байна.

Иймд Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.4, 232 дугаар зүйлийн 232.6, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан даатгагч Мандал даатгал ХХК-аас З.Алтанхуягийн цалингийн зээлийн даатгалын нөхөн төлбөрт нийт 17 219 641.50 төгрөг, Э.Алтаншагайгийн цалингийн зээлийн даатгалын нөхөн төлбөрт нийт 8 538 921 төгрөг, А.Анхбаярын цалингийн зээлийн даатгалын нөхөн төлбөрт нийт 2 231 533 төгрөг, С.Ариунзаяагийн цалингийн зээлийн даатгалын нөхөн төлбөрт нийт 6 660 858 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байгааг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч С.Сансартуяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Мандал даатгал ХХК нь Капитрон банк ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 12/83 тоот "Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ", 12/85 тоот "Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл"-ийг тус тус байгуулсан. Уг хэлцлийн 10.3-т зааснаар даатгуулагч нь даатгалын тохиолдол болсон тухай даатгалын тохиолдол болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор даатгагчид мэдэгдэх, нөхөн төлбөрийн материалуудыг бүрдүүлж өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байдаг.

Мөн даатгалын эрсдэл гээд нэхэмжлээд байгаа дүн нь даатгалын хураамжаас хэтэрсэн дүнтэй байдаг. Энэ нь даатгагч компанид ноцтой хохирол учруулж байгаа гэж үзэж байна. С.Ариунзаяа, З.Алтанхуяг нараас зээлийн гэрээний үүргийг гаргуулах шүүхийн шийдвэртэй гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4-т зааснаар "гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн" байх тул эдгээрийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. А.Анхбаярын хувьд зээлийн дансны хуулгын үлдэгдэл 1 198 766.02 төгрөг байх боловч 1 487 688.52 төгрөг гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Мандал даатгал ХХК-аас 10 337 068 төгрөгийг гаргуулан Капитрон банк ХХК-д олгож, үлдэх 23 880 500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 611 795 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мандал даатгал ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 180 343 төгрөгийг, улсын төсвөөс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 280 590 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ариунаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4-т "гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн" гэж заажээ. Тодруулбал, даатгагч этгээдийн төлбөл зохих даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагч нь буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн байхыг хууль шаардаж байна. Харин хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох зээлийн дансны хуулгaac зээлдэгч З.Алтанхуяг, С.Ариунзаяа нар нь тус банкинд зээлээ төлөөгүй болох нь нотлогдож байх бөгөөд З.Алтанхуяг нь 11 479 761.56 төгрөгийн, С.Ариунзаяа нь 4 440 572.33 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүх уг баримтыг буруу үнэлж, зээл төлүүлэх шүүхийн шийдвэрийг хохирлыг нөхөн төлүүлсэнтэй адилтган үзсэн нь алдаатай болсон. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гарсан нь хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн гэсэн үг биш гэдгийг шүүх анхаарч үзээгүй байна.

Нөгөөтэйгүүр, Мандал даатгал ХХК болон тус банкны хооронд байгуулагдсан гэрээний дагуу даатгагч нь зөвхөн үндсэн зээлийг даатгасан бөгөөд үндсэн зээлийн дагуу бодогдож буй хүү нь даатгалын зүйл биш юм. Гэтэл тус банк даатгалын нөхөн төлбөрийг гаргуулахаар 2014 онд Мандал даатгал ХХК-д нэхэмжлэх хүргүүлсэн бөгөөд Мандал даатгал ХХК нь нөхөн төлбөрийг олгох сонирхолгүй учир олон үндэслэлээр шүүхийн маргаан үүсгэж улмаар энэ хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгчийн зээлийн хүү бодогдосоор байсан тул арга буюу шүүхэд хандаж зээлийн хүүг зогсоосон юм. Хэрэв Мандал даатгал ХХК нь гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрийг тус банкинд төлснөөс хойш зээлдэгч зээлээ төлсөн нөхцөлд банк нь Мандал даатгал ХХК-д уг зээлдэгчийн төлбөрийг буцаан шилжүүлдэг болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь З.Алтанхуяг, Э.Алтаншагай, А.Анхбаяр, С.Ариунаа нарын цалингийн зээлийн даатгалын нөхөн төлбөрт нийт 34 217 569 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч “Мандал даатгал” ХХК эс зөвшөөрч маргажээ.

            Зохигчдын 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ”, уг гэрээний 3.2-т зааснаар мөн өдөр байгуулсан “Цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл”-ээр /цаашид “хэлцэл” гэх/ “Капитрон банк” ХХК-иас авч буй цалингийн зээл эргэн төлөгдөх боломжгүй болсон тохиолдолд банкинд гарч болох санхүүгийн эрсдлийг даатгалын компанид шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

            Даатгуулагч нь З.Алтанхуяг, Э.Алтаншагай, А.Анхбаяр, С.Ариунаа нартай байгуулсан цалингийн зээлийг даатгалд хамруулж, даатгалын хураамжид 224 000 төгрөг, 119 төгрөг, 35 000 төгрөг, 84 000 төгрөгийг тус тус төлж даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн талаар зохигчид маргаагүй.

 “Зээлдэгч гэнэтийн шалтгааны улмаас ажлаас халагдах” тохиолдол нь  даатгалын эрсдэл байхаар хэлцлийн 9-ийн 3 дахь заалтаар талууд харилцан тохиролцсон тул зээлдэгч З.Алтанхуяг, Э.Алтаншагай, А.Анхбаяр, С.Ариунаа нарыг ажлаас халагдсан үед даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохиролцсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэг үүснэ.

Дээрх нэр бүхий зээлдэгч нарын ажлаас чөлөөлсөн тухай ажил олгогчийн шийдвэрүүд хэрэгт баримтаар авагдсан, хэлцлийн 9-ийн 3.b, 3.e-д заасан даатгалын тохиолдол бий болсныг хариуцагч үгүйсгээгүй ба даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болсныг тухай бүр даатгагчид мэдэгдэж, холбогдох баримтыг бүрдүүлж, нөхөн төлбөрийг шаардсан байна.

Иймд даатгагчаас хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу даатгалын нөхөн төлбөрийг гаргуулж, даатгуулагчид олгох үндэслэлтэй, шүүх цалингийн зээлийн даатгалын нөхөн төлбөрт Э.Алтаншагайд 5 692 613 төгрөг, алдангид 2 846 306 төгрөг, А.Анхбаярт 1 198 766 төгрөг, алдангид 599 383 төгрөг, нийт 10 337 068 төгрөгийг хариуцагч “Мандал даатгал” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт болон хэлцлийн 10-т заасанд нийцсэн байна.

Харин зээлдэгч З.Алтанхуяг, С.Ариунзаяа нараас цалингийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр тул даатгуулагч нь даатгалын нөхөн төлбөр болох З.Алтанхуягийн 17 219 641 төгрөг, С.Ариунзаяагийн 6 660 858 төгрөгийг даатгагчаас биш, буруутай этгээдээс шүүхийн журмаар шаардсан гэж үзэх бөгөөд шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4-т заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээр зээлийн төлбөрийг буруутай этгээдээс гаргуулахаар нэгэнт шийдвэрлэсэн тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4.-т зааснаар даатгагч нөхөн төлбөрийг олгохоос татгалзах эрхтэй бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг барагдуулаагүй байгаа гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.  

            Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01606 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  611 795  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЗОЛЗАЯА

                        ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ