Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 020/2012/0232/З |
Дугаар | 505 |
Огноо | 2017-06-27 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 505
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.Д
Хариуцагч: Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Y-**********301 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг (С.Б)-ын нэр дээр бүртгэснийг хүчингүй болгуулж, Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавьсан барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Д, түүний өмгөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Ч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь.
Нэг. Нэхэмжлэгч Т.Д 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралд гаргасан тайлбартаа: “Би 2008 онд өөрийн төрсөн эгчийн хүүхэд болох С.Бтай хамтарч барилга барихаар харилцан тохиролцож, 00 дугаар хороололд 48 айлын орон сууцыг барьсан. Үүнийг барих хугацаанд тухайн үеийн хөрөнгийг олж шийдвэрлэх болон инженерийн асуудал дээр өөрийн ур чадварын зарцуулж ажилласан. С.Б нь тухайн компанийг эхнэрийнхээ нэр дээрээс шилжүүлж авч, дараа нь над дээр ирээд, 00 дугаар хороололд барилга барих боломжтой газар байгаа талаар хэлж хамтран ажиллах саналыг тавьсан.
Түүний дагуу би тухайн газрыг эзэмшдэг иргэдтэй уулзаж барилга барьж дууссаны дагуу 150 м.кв талбайг өгөхөөр тохиролцож, барилгыг барьж эхэлсэн. Барилгыг барьж эхлэхээсээ өмнө хэдий ах дүү ч их хэмжээний хөрөнгө оруулалт орж байсан учир гэрээ байгуулсан. Тухайн гэрээнд С.Б захирлаар, харин би зөвлөхөөр ажиллахаар тохиролцож байгуулсан. Ажиллах хугацааны хувцасны зардал болон цалин хөлс зэргийг компаниас хариуцахаар тохиролцсон. Энэ үед С.Бт ямар нэг хөрөнгө байгаагүй бөгөөд зөвхөн тус компанийн 2 сая төгрөгөөр үнэлсэн компанийн гэрчилгээ л байсан.
Энэ үед Х улсаас хөрөнгө оруулагч ирээд тухайн үед м.кв-ыг нь 150 доллараар хийх гэж байхад нь 78 доллараар хийлгэхээр гэрээ хийсэн. Газар ухах тоног төхөөрөмжүүдийг бүгдийг нь би олсон. Энэ хөрөнгө оруулалтыг асуудлыг шийдсэн тухай баримтууд иргэний хэргийн шүүхэд байгаа. Барилга барьж дуусахад ихэнх хөрөнгө захиалагч талаас гарсан бөгөөд С.Бт, “И” ХХК-иас нэг төгрөг ч гараагүй. 5 давхар барилга барих ёстой талбай дээр 10 давхар барилга барих зөвшөөрлийг би хөөцөлдөж байж зөвшөөрлийг гаргуулсан бөгөөд үүнд маш их хэмжээний хөрөнгө, мөнгө зарсан. Барилга барьж дууссаны дараа, гэрээнд заасны дагуу 300 мянган доллар, эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний барилга, байгууламжийг авах гэтэл С.Б нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, 100 айлд дахин газар худалдаж авч 10 давхар байшин барьсан байсан бөгөөд миний мөнгийг өгөх боломжгүй байна гэж хэлсэн. Тухайн үед би түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй иргэний хэргийн шүүхэд тухайн асуудлаар нэхэмжлэл гаргасан. Иргэний шүүхээс тухайн объектоос захиалагч нарт өгснөөс бусдыг битүүмжилсэн. Битүүмжлэгдсэн байхад С.Б нь 6 сарын дараа Улсын бүртгэлийн ерөнхий газраас өөрийн дүүг тухайн компанийн дэд захирлаар томилж гэрчилгээ гаргуулж авсан байдаг. Ийм байдлаар хуурамч бүртгэлийн ажиллагаа явуулж, 180 сая төгрөгийн барилга хаанаас захиалсан нь тодорхойгүй байдаг.
Тухайн үед С.Б нь үл хөдлөх хөрөнгийг олон тоогоор авч байсан бөгөөд би өдийг хүртэл юу ч авч чадаагүй шүүхээр маргаанаа шийдүүлэхээр явж байгаа. Энэ бүх хугацаанд миний бие сэтгэл санааны болон эд хөрөнгөөр их хэмжээгээр хохирч байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар тухайн гэрчилгээг олгохдоо хариуцлагагүй хандаж, холбогдох баримтуудыг нягтлан шалгаагүй” гэв.
Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2008 оны 05 дугаар сарын 13-ний өдөр нэхэмжлэгч нь “И” ХХК-тай хэлцэл байгуулж 300 мянган ам доллар авахаар хэлцэл байгуулж ажилласан. Талууд гэрээний нэрийг тодорхой дурдаагүй боловч энэ нь үндсэндээ ажил гүйцэтгэх гэрээ бөгөөд үүнийхээ хөлсөнд 300 мянган доллар, эсвэл түүнтэй тэнцэх үл хөдлөх хөрөнгө авах эрхтэйгээр гэрээ байгуулж ажилласан. Т.Д нь гэрээ байгуулж Б дүүргийн 0 дугаар хороо 00 дугаар хороолол 0 дүгээр байрны барилгын ажлыг инженерийн талаас хариуцан ажилласан. Энэхүү ажлын хөлсөнд авах 200 м.кв талбайг н.Б нь хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлж авсан нь нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг зөрчиж байна. Учир нь тухайн байранд баригдсан бусад үл хөдлөх хөрөнгүүд, захиалагч нарын захиалгын үндсэн дээр баригдаж захиалагч нарт шилжсэн цөөхөн хэдэн үл хөдлөх хөрөнгө үлдсэн байсны нэг нь энэхүү 200 м.кв хөрөнгө юм. Энэхүү үл хөдлөх хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан нь нэхэмжлэгчид гэрээний төлбөрийн оронд шилжүүлэх ёстой хөрөнгийг хууль бусаар өөрт шилжүүлж төлбөр төлөхөөс зайлсхийсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2011 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийн мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтууд “барилга бариулах гэрээ, комиссын акт, фото болон схем зураг, иргэний үнэмлэхний хуулбар, албан бичиг” зэргийг үндэслээд нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж өмчлөх эрхийн С.Бт өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн” 13 дугаар зүйлийн 13.9-д зааснаар “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан байдаг. Манайх нотлох баримтын үндсэн дээр бүртгэсэн тул тус гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.М 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “И” ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус банкнаас 200.000.000 / хоёр зуун сая / төгрөгийн зээл авах, зээлийн барьцаанд Б дүүргийн 00 дугаар хороолол 0 дүгээр байрны 0 тоот үйлчилгээний зориулалттай 200м.кв талбайг барьцаалахыг зөвшөөрсөн хүсэлтээ гаргасан. Бидний зүгээс уг хүсэлтийн дагуу шинжилгээ хийхэд барьцаа хөрөнгүүдэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас Y-**********301 тоот гэрчилгээ олгогдсон байсан. Банк зээлдэгчийн дээрх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчин төгөлдөр гэж үзэж зээлийн болон холбогдох бусад гэрээг байгуулж улсын бүртгэлд бүртгүүлж, зээл олгосон. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт зааснаар барьцаалагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй , мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шудрага эзэмшигч гэж үздэг. Иймээс тус банк нь хуулийн дээрх зүйл заалтын дагуу шудрага эзэмшигч болж байгаа бөгөөд зээл олгох үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй тул Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.7 дахь хэсэгт заасны дагуу бусад гуравдагч этгээдээс давуу эрх эдлэхээр байна. Иймд иргэн Т.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Y-**********301 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг (С.Б)-ын нэр дээр бүртгэснийг хүчингүй болгуулж, Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавьсан барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.
2008 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “И” ХХК-ийн ерөнхий захирал (С.Б), тус компаний гүйцэтгэх захирал, зөвлөх Т.Д нар Б дүүргийн 3 дугаар хорооны нутаг 3 дугаар эмнэлгийн зүүн урьд баригдаж буй үйлчилгээтэй 48 айлын орон сууцны барилгыг хамтран барьж борлуулалт бүрэн дууссаны дараа Т.Дд ажлын хөлсөнд 300 000 /гурван зуун/ ам долларыг өгөх буюу түүнтэй тэнцэх м.кв талбайг тухайн өдрийн ханшны зөрүүг харгалзахгүйгээр үл маргах журмаар өгнө. Мөн Т.Дд ажиллах хугацааны цалин, бензин, гар утасны төлбөр, хоолны зардлуудыг “И” ХХК бүрэн хариуцна гэсэн хэлцэлийг хийжээ.
Ингээд барилга ашиглалтад орсон боловч хэлцэлээр тохирсон зүйлээ (С.Б) биелүүлээгүй гэж үзэж Т.Д нь Б дүүргийн шүүхэд хандсан байх бөгөөд тус шүүх 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 1907 дугаар захирамжаар Т.Дгийн нэхэмжлэлээр “И” ХХК-Д холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дүгээр “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжаар “И“ ХХК-ийн эд хөрөнгө буюу төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр /30 000 ам. доллар/ битүүмжилжээ. Б дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1638 дугаар захирамжаар тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дүгээр захирамжийн удиртгал хэсгийн “30 000 /гучин мянга/ гэснийг 300 000 гурван зуун мянга/ ам.доллар гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “И” ХХК гэснийг “И”
гэж өөрчлөлт оруулжээ.
Нэхэмжлэгч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Ад “(С.Б)-т Нийслэлийн Б дүүргийн 00 дугаар хороолол 0 дүгээр байрны 0 тоот үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайг 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр эзэмшүүлэх гэрчилгээ олгосон нь 300 000 ам.долларын хэмжээнд (С.Б)-ын хөрөнгийг битүүмжилсэн шүүгчийн захирамжийг зөрчсөн тул хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдол гаргасан байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2012 оны 05 дугаар сарын 4-ний өдрийн 7/4059 тоот “эрхийн улсын бүртгэлийн Y-**********301 дугаартай үйлчилгээний зориулалттай орон сууцны өмчлөгчөөр иргэн (С.Б)-ыг 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэсэн бүртгэл нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдсэн” гэсэн албан бичгийн иргэн Т.Дд хүргүүлжээ.
/С.Б/ нь 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Б дүүргийн 0 дугаар хороо 00 дугаар хороолол 0 дүгээр байрны 2 давхар 6 тоот 200 м.кв үйлчилгээний зориулалттай орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авахаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж, түүнд кассын орлогын баримт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, “И” ХХК-ийн тодорхойлолт, үйлчилгээний байр бариулах гэрээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, байрны фото зураг, план зураг зэрэг баримт бичгийн хавсарган өгчээ.
“И” ХХК-ийн лавлагаанаас харахад тус компаний үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд (С.Б) гэж бүртгэгджээ. “И” ХХК-ийн дүрмийн 2 дугаар 1 дэх заалтанд “компаний гүйцэтгэх захирлыг томилон өөрийн үйл ажиллагааг удирдуулж болно. Энэ нөхцөлд хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулан түүний эрх хэмжээг тогтоож өгнө” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийг гүйцэтгэх захирлаар томилсон тухай баримт байхгүй байна.
Б дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн тус шүүхэд ирүүлсэн 1765 дугаар албан бичгээс үзвэл “Т.Дгийн нэхэмжлэлтэй И ХХК-д холбогдох хэрэг 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 3417 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн” байна гэжээ.
“И” ХХК нь Худалдаа хөгжлийн банканд хүсэлт гаргаж, 2011 оны 00 дугаар сарын 13-ны өдөр 151 тоот зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, зээлийн хувийн батлан даалтын гэрээ байгуулан 200 000 000/ хоёр зуун сая/ төгрөгийг зээлийн үндсэн хүү болон хугацаа хэтэрсэн хугацааны хүү сарын 1.8 хувь, нэмэгдүүлсэн хүү сарын 0.36 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар авсан бөгөөд тус компаний захирал (С.Б) нь өөрийн өмчлөлийн Б дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол Энх тайвны өргөн чөлөөний 0 дүгээр байрны 6-н тоотод орших, Улсын бүртгэлийн Y-**********301 тоот дугаартай , эд хөрөнгө өмчлөх эрхийн 000155158 тоот гэрчилгээтэй, 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайг барьцаалсан байна.
Б дүүргийн 0 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн зүүн урд баригдаж буй үйлчилгээтэй 58 айлын орон сууцны барилгын захиалагч нь “И” ХХК байсан бөгөөд тус компаний захирал (С.Б)-ыг 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дээрхи барилгын 0 тоот 200м.кв талбайтай үйлчилгээний заалын хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Y-**********301 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгожээ.
Уг нь нэхэмжлэгч Т.Д 2011оны 3 дугаар сарын 9-ний өдөр Б дүүргийн шүүхэд “И” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2011 оны 3 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 3891 дүгээр захирамж гаргасан боловч энэ захирамжийг 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 1638 дугаар захирамжаар өөрчлөлт оруулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрхи цаг хугацааг дүгнэж үзэхэд 2011 оны 3891 дүгээр шүүгчийн захирамжийг өөрчилсөн 2012 оны 1638 дугаар захирамж гарахаас өмнө буюу 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр /С.Б/ Б дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол Энх тайваны өргөн чөлөөний 0 дүгээр байрны 6-н тоот талбайн хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж, 2011 оны 00 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцаанд тавьж гэрээ байгуулсан байна.
Гэхдээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “ Б дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1638 дугаар захирамжаар “И” ХХК-ийн эд хөрөнгийг 300 000 ам долларын нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэхээр шийдвэрлэжээ. Энэ захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, “И” ХХК-ийн өмчлөлийн Б дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, 0 дүгээр байрны 11 тоот авто зогсоол, мөн үүсгэн байгуулагч (С.Б)-ын өмчлөлийн Б дүүргийн 0 дугаар хороо 00 дугаар хороолол, 0 дүгээр байрны 0 тоот 200м.кв талбайтай үйлчилгээний төвийг битүүмжлэн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн мөн өмчлөх эрхийн гэрчилгээгүй тус байрны өргөтгөлийн зоорийг 2012 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 182/1 дугаар тогтоолоор битүүмжилж, Энэхүү тогтоолоо 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2/2811 дүгээр албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн байна. Уг тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа болно.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч хэдийгээр маргаан бүхий объектыг “И” ХХК-иас (С.Б)-т шилжүүлсэнд миний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөнө гэж тайлбарлаж байгаа боловч “И” ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай бөгөөд тэр нь (С.Б) тул түүний хөрөнгийг шүүгчийн захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжилсэн тул иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан шийдвэр гарвал “И” ХХК болон (С.Б)-ын хэн алины өмчлөлд байгаагаас үл шалтгаалан шүүхийн шийдвэр биелэгдэхээр байна.
Харин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (С.Б)-ыг Б дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол Энх тайвны өргөн чөлөөний 0 дүгээр байрны 6-н тоот 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж, Улсын бүртгэлийн Y-**********301 тоот дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000155158 тоот гэрчилгээ олгох үед бүртгэлийн байгууллагад 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1638 дугаар захирамж болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 182/1 дүгээр тогтоолын аль нь ч ирээгүй байсан байна.
Мөн иргэн (С.Б)-ыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж, улсын бүртгэлийн Y-**********301 тоот дугаартай эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг бүртгэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-д “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл”, 5 дугаар зүйлийн 5.5.1-т “эд хөрөнгө өмчлөх эрхийн”, 5.5.4-д “барьцааны” гэж заасан төрөлтэй байх бөгөөд улсын бүртгэгч 11 дүгээр зүйлийн 11.5.2-д “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах” эрхтэй гэснийг зөрчөөгүй байна.
Мэдүүлэг гаргагч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн
бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан үүрэг хүлээх бөгөөд улсын бүртгэгч өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ 15 дугаар зүйлийн 15.2-д “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна” гэж заасан журмыг зөрчөөгүй байна. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүснэ”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй” гэж заасантай нийцэж байна гэж үзлээ.
Шүүх тус нэхэмжлэлийг 2012 оны 05 дугаар сарын 14-ний хүлээн авснаас хойш Иргэний хэргийн шүүх дээр шийдвэрлэгдэж байгаа (С.Б)-ын өв залгамжлалтай холбоотой маргааныг шийдвэрлэх хүртэл хугацаагаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдэхгүй байгаа тул Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх өв залгамжлагчийг тогтоохтой холбоотой маргаантай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаан хамааралгүй гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, захирамж гаргасан бөгөөд хэргийн оролцогчид гомдол гаргаагүй болно.
Нөгөөтээгүүр нэхэмжлэгч болон (С.Б) нарын хооронд хийгдсэн хэлцэлд Т.Дгийн ажлын хөлсөнд 300 000/ гурван зуун мянган/ ам. доллар өгөх буюу түүнтэй тэнцэх хэмжээний м.кв талбайг өгөхөөр тохирсон бөгөөд харин бүртгэлийн байгууллагаас өмчлөх эрхийн гэрчилгээ авч, зээлийн барьцаанд тавигдсан Б дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол Энх тайваны өргөн чөлөөний 0 дүгээр байрны 6-н тоот 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өгч авах талаар тохиролцоогүй байна. Гэхдээ
нэхэмжлэгч Иргэний хэргийн шүүхээр өвлөх эрхийн асуудал шийдвэрлэгдсэн үед өв залгамжлагчаас хохирлын асуудлаа нэхэмжлэх бүрэн эрхтэй юм.
Мөн 2008 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хэлцэлтэй холбоотой маргааныг иргэний хэргийн шүүх түдгэлзүүлсэн байгаа болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д зааснаар гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааныг товыг урьдчилсан хэлэлцүүлэг дээр мэдэгдэж, дахин мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгонТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1, 5.5.4, 11 дүгээр зүйлийн 11.5.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9, 15 дугаар зүйлийн 15.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 9 дүгээр зүйлийн 9.1-т заасныг баримтлан иргэн Т.Дгийн нэхэмжлэлээр Оюуны өмч, улсыг бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргаснаар “Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Y-**********301 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг (С.Б)-ын нэрээр бүртгэснийг хүчингүй болгуулж, Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавьсан барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ