Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 722

 

 

 

 

 

 

 

    2019        07          30                                       2019/ШЦТ/722

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

          улсын яллагч П.Эрдэнэбаатар,

          шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Э-ийн Ныг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809038910941 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн 1982 оны 7 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Түмэн дугуй ХХК-д худалдагчийн ажил хийдэг, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дүгээр хороо Алтан Өлгийн 12 дугаар гудамжны 139 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Э-ийн Н /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Э.Н нь 2018 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны 17 дугаар буудлын орчимд байх нийтийн байранд иргэн Б.Буянхишигийг эхнэр М.Номинг уруу татаж архидаж явлаа гэх шалтгаанаар зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Буянхишиг урьд нь гаргаа гэмтээсэн асуудлыг шалгуулахыг хүссэн юм. Гэвч тухайн үед зүүн талын гар нь гэмтсэн юм байна гэдгийг ойлголоо. Би Буянхишигийг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд нь 500.000 төгрөг өгсөн. Буянхишиг надад зодуулж баруун гар нь гэмтсэн бөгөөд урьд нь дэлгүүрийн үүдэнд унаж гэмтсэн асуудал нь энэ хэрэгт ямар нэгэн хамааралгүй юм байна гэдгийг ойлголоо. Би гэм буруугаа ойлгож, уучлалт гуйсан. Эмчилгээний зардалд мөнгө өгсөн. Дахин ийм хэрэг үйлдэхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-69/,

 

Хохирогч Б.Буянхишигийн “...Ажлынхантайгаа 2018 оны 8 дугаар сарын 24-ний орой Холливүүд бааранд сууж байгаад 03:00 цаг өнгөрч байхад гараад 17 дугаар автобусны буудлын хажууд нийтийн байранд хамт ажилладаг Мөнхсайханы гэрт байж байхад Номингийн нөхөр Н орж ирээд та нарыг алаад бүлээд хаячихъя гээд гартаа алчуур ороочхоод бид нарыг зодоод эхлэхээр нь би гэдэс рүүгээ цохиулахгүй гээд нүүрээ дараад эвхрээд хэвтэхэд дээрээс зодож байгаад цаашаа орон дээр сууж эхнэр болон кассчин охиныг үргэлжлүүлээд зодоод эхэлсэн.Тэгээд гарч яваад буцаж орж ирээд намайг бас дахиад зодоод эхлэхээр нь эхнэр нь яах гээд байгаа юм бэ? гэсэн чинь эхнэрийгээ зодоод хэрэлдээд эхэлсэн. Миний баруун мөр хавдсан, чих хавдсан, толгой руу их цохисон.Одоо дотор муухай оргиод байна, дагз өвдөж байна. Мөрний яс руу янгинаж өвдөж байна. Хамрын ухархай янгинаж өвдөж байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

 

Гэрч М.Номингийн “...2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр бид хэд Холливүүд бааранд орж бөөнөөрөө архи пиво уусан. Тэгээд нилээд оройтоод Мөнхсайханы гэрт очихоор болоод нийтийн байранд очсон. Тэнд Буянхишиг, Оюун-Эрдэнэ, Жавхлантөгс нар Мөнхсайханы гэрт хонохоор ороо засаад байж байсан. Тэгээд удалгүй манай нөхөр Н нь Мөнхсайханы гэрт орж ирснээ намайг шууд гараараа цохиж зодоод байсан. Оюун-Эрдэнэ хөнжил нөмрөөд хэвтэж байхад дээрээс нь гараараа цохисон.жавхааг нүүр лүү нь гараараа цохиж байгаа юм шиг харагдсан.Буянхишигийг газарт хэвтэж байхад манай нөхөр Н шууд нүүр рүү нь гараараа цохисон чинь Буянхишиг гараараа нүүрээ хамгаалаад хаасан чинь гар руу нь цохиод байсан. Тэр үед би болиоч гэж орилоод зогсож байсан. Тэгээд манай нөхөр Н нь та хэд эртхэн шиг цагдаа шүүхээ дууд гэж хэлсэн. Манай ажлын хүмүүс бөөнөөрөө архи пиво уусан байсан. Би архи уусан байсан болохоор согтолттой байсан. Болсон үйл явдлын талаар санаж байна. Н нь намайг болон Буянхишиг нарыг гар утасны дуудлагаа авсангүй. Хаана явж байгаагаа хэлсэнгүй гээд зодоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/,

 

Гэрч Б.Оюун-Эрдэнийн “...Нийтийн байранд амьдардаг эгч Мөнхсайханы гэрт Буянхишиг эгч, Номин, Жавхлантөгс нарын хамтаар очсон.Удалгүй Номингийн нөхөр Н нь ирснээ Буянхишиг хаана байна, алнаа гээд баруун гартаа саарал өнгийн алчуур ороочхоод Буянхишигийг толгойн хэсэг рүү нь цохиод байсан. Дараа нь намайг зодоод эрүү хэсэг рүү нэг удаа цохиод зүүн хавирга хэсэг рүү нэг удаа цохиод авсан. Тэгснээ Номин эгчийг цохиод авсан. Тэгээд бид хэдийг зодоод гараад явсан. Удалгүй дахин орж ирснээ Буянхишиг, эхнэр Номин нарыг дахиад зодоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/,

 

Гэрч И.Мөнхсайханы “...2018 оны 8 дугаар сарын 24-ний шөнө манай ажлын Буянхишиг, Номин, Жавхлантөгс, Оюун-Эрдэнэ бид нар шөнө 03 цагийн үед баарнаас гараад манай гэр болох СБД-ийн 13 дугаар хороо Рашаантын 4-231 тоотод очсон юм. Удалгүй би Номин даргын нөхөр Ныг гэртээ дуудаад манай гэрт Номин байна гэж хэлээд гэрээ зааж өгсөн юм. Тэгээд Н гэрийн чинь гадаа ирсэн байна гэж хэлэхээр нь гэрээс гараад Нтай уулзсан чинь Н нь та нар утсаа авахгүй юм аа гэж ярьсан. Тэгээд гэрт орсноо Н нь эхнэр Номин руугаа уурлаад гар утсаа авахгүй, ажлын чинь гадаа зөндөө хүлээсэн шүү дээ гээд толгой тус газарт нь гараараа 2-3 удаа цохиод авсан. Дараа нь Н Буянхишиг хаана байна гэж хэлээд Буянхишигийг ор засан хэвтэж байсан чинь толгой руу нь шууд 2-3 удаа цохиод авсан.Буянхишиг гараараа хамгаалаад хаагаад байсан чинь гар руу нь цохиод байсан. Тэгээд Жавхлантөгс бид хоёр Нын хувцаснаас татаад салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹10476 тоот актын “…Б.Буянхишигийн биед тархи доргилт, баруун мөрний зөөлөн эдийн няцралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-26/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-37/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-167-168/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Э.Н нь 2018 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны 17 дугаар буудлын орчимд байх нийтийн байранд иргэн Б.Буянхишигийг “эхнэр М.Номинг уруу татаж архидаж явлаа” гэх шалтгаанаар зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Б.Буянхишигийн мэдүүлэг, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹10476 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Э.Нын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.Нын хохирогч Б.Буянхишигийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Э.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Нын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   

1.Шүүгдэгч Боржигон овогт Э-ийн Ныг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.Шүүгдэгч Э.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР