Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 137

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Н-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Л.Мажигсүрэн,

шүүгдэгч Э.Н-,

хохирогч Б.Буянхишиг,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1891 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Л.Мажигсүрэнгийн бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 3 дугаартай эсэргүүцлээр Э.Н-т холбогдох 1809038910941 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Э-ийн Н-, 1982 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Түмэн дугуй” ХХК-д худалдагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 12 дугаар гудамжны 139 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЧП82071691/;

 

 Э.Н- нь 2018 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 17 дугаар буудлын орчим байх нийтийн байранд иргэн Б.Буянхишигийг “эхнэр М.Номинг уруу татаж, архидаж явлаа” гэх шалтгаанаар зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Буянхишигийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, хохирогчид хэргийн материал танилцуулалгүйгээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд заасан эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр Э.Н-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаажээ.

 

Прокурор Л.Мажигсүрэн бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1891 дугаартай шүүгчийн захирамж нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд шүүгч 15 хоногт багтаан хэргийг хянахдаа хэргийн бүрдэл хангагдсан, яллагдагчийн гэм буруугийн асуудал нотлогдсон, хохирогч болон бусад оролцогчийн эрхийг хангасан эсэхийг харгалзан яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх шийдвэрүүдийн аль нэгийг гаргахаар заасан байхад гэм буруугийн хуралдаанаас хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Шүүгч өөрийн санаачилагаар болон оролцогчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг зарлахгүйгээр гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэхээр заасан. Гэтэл энэ хуулийн заалтыг зөрчиж, урьдчилсан хэлэлцүүлэг зарлахгүйгээр гэм буруугийн хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1891 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Хохирогч Б.Буянхишиг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Яллагдагч Э.Н-т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байх бөгөөд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, тус захирамжид бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Э.Н-ыг 2018 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 17 дугаар буудлын орчим байх нийтийн байранд иргэн Б.Буянхишигийг “эхнэр М.Номинг уруу татаж, архидаж явлаа” гэх шалтгаанаар зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1824 дүгээр шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.6 дугаар зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16 дахь хэсгүүдэд заасан нөхцөл байдал бий эсэхийг яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр шийдвэрлэх боломжтой гэж үзэн мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 хэсгийн 12 дахь заалтыг баримтлан яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Хэргийн материалыг судлахад, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 10476 дугаартай дүгнэлтийг /хх 26/ хохирогчид танилцуулаагүй /хх-28/, мөн мөрдөн шалгах ажиллагаа хийж дуусган хохирогчид хэргийн материал танилцахыг мэдэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 27.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, хохирогчийн шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах зэрэг оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг  хязгаарлажээ.

Түүнчлэн шинжээч эмч хохирогч Б.Буянхишигийг биечлэн үзэж “...баруун гарын бугалга шуу, сарвуу хэсгээр хавдсан, хуруунууд бүрэн атгагдахгүй...” гэж  хэсэг газрын үзлэгээр тогтоогдсон байдлыг бичсэн атлаа дүгнэлт хэсэгт оруулаагүй, энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Буянхишигийн “...шинжээчийн дүгнэлтэд миний гарны гэмтлийн талаар тусгаагүй, миний баруун гар хавдсан, хөхрөөд өнгө нь хувирсан байсан, одоо байнга хөрдөг, юм барихаар унагах гээд байдаг болсон...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд  шинжээчийн дүгнэлт үнэн зөв, бодитой гарсан эсэх нь эргэлзээтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана...” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулахаар хуульчилсан байхад тус хуульд заасан журмуудыг зөрчиж явуулсан дээрх ажиллагаануудыг нөхөн гүйцэтгүүлэхээр буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...” гэж заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцнэ.

 

Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж, яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байх тул “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгах...”-аар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1891 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Яллах дүгнэлт болон анхан шатны шүүгчийн захирамжид хэргийн үйл баримтын талаар хэт ерөнхийлөн, тухайлбал “зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан” гэж бичин гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, арга, сэдэлт, хэргийн талаарх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй байна.

 

Иймд яллах дүгнэлтэд, хэн, хэрхэн яаж, хэнд ямар хохирол учруулсныг тодорхой зааж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтын агуулгад нийцнэ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх, хохирогчийн хаана, хэрхэн яаж цохисноос ямар гэмтэл учирсан талаарх хэргийн үйл баримтыг тодорхой дүгнэн бичих нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцнэ. Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дарааллаар хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж байхыг анхааруулан тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1891 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Л.Мажигсүрэнгийн бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 3 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                           

                                    ШҮҮГЧ                                                             М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН