Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2020/0381

 

“Х с” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Х с” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтыг баримтлан Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Я.Н нарт холбогдох “Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 170009118 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий “Х с” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Захиргааны байгууллага, албан тушаалтан болох Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч нар иргэн, аж ахуйн нэгжийн мэдэх, мэдсэнээр гомдол гаргах эрхийг зөрчиж, улмаар ийнхүү зөрчиж гаргасан шийдвэрийг хууль ёсны хэмээн маргаж, улмаар шүүх тухайн хууль бус шийдвэр, тайлбарыг үндэслэн шийдвэрээ гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан “Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна” гэсэн заалтыг зөв тайлбарлаж хэрэглэхгүй байна. “Х с” ХХК-ийн захирал Б.Батлхагва нь маргаан бүхий акттай холбогдуулан тухайн актыг цуцлах, хүчингүй болгох шийдвэр гаргах эрх бүхий Татварын маргаан таслах зөвлөлд хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан. Ийнхүү гомдол гаргаснаар захиргааны актын биелэлт зогсож, улмаар татварын маргаан таслах зөвлөл захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, хэвээр үлдээх зэргээр аль нэг шийдвэрийг гаргаж, холбогдох этгээдэд хуульд зааснаар шийдвэрийг мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болох байсан. Гэвч маргаан таслах зөвлөлөөс өнөөдрийг хүртэл дээрх гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмаар мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэсний дагуу “Х с” ХХК-д мэдэгдээгүй буюу захиргааны акт хүчин төгөлдөр болоогүй байхад шүүхээс тухайн актыг үндэслэн шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг илэрхийлж байна. Түүнчлэн өнөөдрийг хүртэл татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хуульд зааснаар “Х с” ХХК-д мэдэгдээгүй нь татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэр гарч, улмаар маргаан бүхий захиргааны акт хүчин төгөлдөр болсон, улмаар тухайн актыг үндэслэн “Х с” ХХК-д холбогдуулан шаардлага гаргах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд хууль бус актыг үндэслэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Нэхэмжлэгч “Х с” ХХК-ийн “Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 170009118 дугаар актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг зөрчжээ.p

Хэрэгт авагдсан баримуудаас үзвэл нэхэмжлэгч нь дээрх татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргасан байх ба Маргаан таслах зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 08 дугаар тогтоолоор актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

         Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана”, 6.4-т “Энэ хуулийн 6.1.-д заасан байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө” гэж захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хугацааг заасан бол 12 дугаар зүйлийн 12.1-д “Иргэн, хуулийн этгээд дараахь тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй: 12.1.2 “дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас энэ хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн”, 12.1.4 “шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй” гэж шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зохицуулсан байжээ.

          Харин одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: 14.1.1 “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол”, 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан.

          Дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч нь Маргаан таслах зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 08 дугаар тогтоолыг эс зөвшөөрсөн тохиолдолд 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах, дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд буюу 30 хоногт шийдвэрлээгүй гэж үзвэл уг хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан гэж ойлгох бөгөөд “Х с” ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тухайн үеийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үйлчлэлийн үед дууссан байхад уг хугацааг даруй 5 жилээр хэтрүүлэн гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.      

          Хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа тул маргаан бүхий захиргааны актын агуулга болон хууль зүйн үндэслэлтэй холбогдуулан гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх шаардлагагүйг дурьдах нь зүйтэй.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Х с” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 170009118 дугаар актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг тус тус улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                   А.Сарангэрэл

                ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН