Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 839

 

 

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

          улсын яллагч Х.Еркебулан,

          хохирогч Э.Т,

          гэрч О.Оюунтунгалаг, Б.Мягмар, Б.Гантулга,

          шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эмээлч овогт О М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909001240236 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Төрийн тусгай хамгаалалтын газарт шалгах нэвтрүүлэгч ажилтай, ам бүл-3 эхнэр, тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Эмээлч овогт О М /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч О.М нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг Монгол Улсын Их сургуулийн замын уулзвар дээр албан үүргээ гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч Э.Тийг замын хөдөлгөөнд оролцож байсан 23-33 УБА дугаарын приус-10 маркийн автомашины жолооч Б.Гантулгыг зогсоон бичиг баримтыг нь шалгаж байх үед Төрийн тусгай хамгаалалттай газрын үнэмлэх үзүүлж бичиг баримтыг нь өгөөд явуулчих гэж хүч хэрэглэн эсэргүүцэж биед нь халдан цохиж Хууль сахиулагчийг эсэргүүцсэн,

          мөн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт Б.Гантулгын автомашиныг зогсоож бичиг баримтыг авлаа гэх шалтгаанаар Э.Тийг хувцасны захаар хоолойг боож нүүр, толгой руу нь гараараа цохиж биед нь зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, тархи доргилт буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт “…2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 13-14 цагийн орчим хойноос урагш чиглэлтэй гэрлэн дохио дээр зогсож байхад зам зохицуулагчийн ор гэсэн дохиогоор зам нэвтэрсэн. Зам нэвтрээд орж байхад замын голд зам зохицуулагч зогсоогоод бичиг баримт аваад, зам чөлөөлчхөөд ир гээд явуулсан. Дүү Гантулга бид хоёр машинаа замаас чөлөөлөөд очоод амрыг эрье гэхэд “чи яадаг пизда вэ” гээд үг хэлээр зөрчил гаргаж эхэлсэн. Тэгэхээр нь би ямар шалтгаанаар бичиг баримт хурааж авсан юм бэ гэхэд чамд хамаагүй. Чи хаана ажилладаг болоод ингээд байгаа юм бэ гэхээр нь би асуусных нь дагуу бичиг баримтаа үзүүлээд төрийн тусгай хамгаалалттай газар, төрийн ордонд ажилладаг гэж хэлсэн. Гэтэл намайг замаас гаръя гээд дагуулаад Төрийн банкны арк руу авч ороод, ардуур нь тойроод намайг заамдан авч нэг мөргөөд цохисон. Би өөрөөсөө салгах гээд түлхсэн чинь цэцгийн мандал руу бүдрээд унасан. Унасан байхад нь би цагдаа Тийг татаж босгоод, хоёулаа хэл амаараа учраа олъё гэхэд цагдаа Т намайг заамдчихаад тавихгүй байсан. Заамдаж аваад намайг нэг удаа цохисон. Манай Гантулга та хоёр боль гээд салгах гэсэн боловч салахгүй байсан. Би цэцгийн мандлын хажууд байсан сандал дээр очоод хэл амаа ололцъё гэхэд станцаар цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд намайг бариад аваад доошоо дарсан байхад цагдаа Т станцаар нэг удаа цохисон. Би өөрийгөө хамгаалах гэж цагдаа Тийг нэг түлхэхэд гэмтсэн байх. Би санаатай гэмтэл учруулаагүй. Цагдаа ирээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 хэлтэс рүү аваад явсан...”гэв.

              түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…би замын цагдаагийн биед халдаагүй ба замын цагдаа надад шаардлага тавиагүй, би замын цагдаагийн шаардлагыг эсэргүүцээгүй. 2018.12.28-ны өдрийн 13-14 цагийн хооронд байх МУИС-ийн уулзвараас хойноос урагшаа буюу Төрийн ордон тал руу нэвтрэх гээд түгжрээд зогсож байхад Замын цагдаагийн зохицуулагчийн ор гэсэн дохиогоор нэвтэрч явахад замын голд зогсоогоод бичиг баримтаа гэхэд манай хамаатны дүү Гантулга машины болон өөрийнхөө бичиг баримттайгаа гаргаж өгөхөд тэр замын цагдаа замаас гаргачхаад ир гэхээр нь бид хоёр машинаа зогсоолд тавьчхаад буцаад би Гантулгыг замын голд үлдээчхээд өөрөө ямар учиртай хураан авсан талаар мэдэхээр замын цагдаа дээр мэдэхээр очсон. Очоод би амрыг эрье гэхэд замын цагдаа яах гээд байгаа пизда вэ, гэхээр нь би чи хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ гэсэн чинь чи ямар учиртай хаанахын хүн бэ гэхээр нь би Төрийн тусгай хамгаалалтын газарт ажилладаг гээд үнэмлэх үзүүлтэл чиний хаана ажилладаг чинь надад хамаагүй цаашаа зайл пизда минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би машины бичиг баримтаа авчихъя гэхэд чи ер нь яах гээд байгаа юм бэ дээрэлхээд байна уу гэж хэлсэн. Тэгснээ замын цагдаа хоёулаа замаас гаръя гээд намайг дагуулаад Төрийн банкны хажуугийн арк руу дагуулж орсон ба аркаар дөнгөж тойроод эргэж хараад яах гээд байгаа гөлөг вэ чи гээд намайг заамдаж авч, мөргөөд нэг цохисон. Тэгэхээр нь би боль гээд цэцгийн мандал руу түлхээд унагаачихсан чинь босч ирээд намайг заамдаад салахгүй байхаар нь би чи дүрэмт хувцастай байна, чи боль гэж хэлтэл намайг заамдаастай чигээрээ орцны хаалга руу түлхээд нэг удаа нүүр рүү цохисон. Тэгэхэд нь би хариуд нь буцаж түлхээд нэг удаа цохих гэсэн боловч оноогүй. Тэгээд цохьчихоод байж байтал манай дүү Гантулга салгахаар дундуур ороход замын цагдаа заамдчихаад тавихгүй байсан ба станцаараа нэмэлт хүч дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-42-45/,

             

Хохирогч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт “…2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр МУИС-ийн гэрлэн дохион дээр 432 постон дээр үүрэг гүйцэтгэж явсан. Таталт орсон, гэрэлд орж байхад байхад хойноос приүс маркийн машин орж ирсэн. Тухайн үед зогсоогоод шалгахад уулзварын голд орчихсон байсан. Шалгах үед шүүгдэгчийн дүү Гантулга байсан. Би уулзвараа чөлөөлөөд ир гээд бичиг баримтыг нь авсан. Гэрлэн дохио зөрчсөн байсан. Замын хөдөлгөөний дүрмийн 14.7 дугаар зүйлийн 23-ыг зөрчсөн гэж хэлсэн. Ажлаа хийгээд уулзварын голд зогсож байхад М ирсэн. Би юу болсон бэ? хэнтэй уулзах вэ гэхэд өөртөө чинь уулзъя гэсэн. Ямар асуудлаар явж байна вэ? гэхэд сая нэг приүс гэрэл дохио зөрчсөн гээд бичиг баримтыг нь авах гэсэн юм. Зүгээр явуулчих гэж хэлсэн. Би тийм зүйл байхгүй. Гэрлэн дохио зөрчсөн зөрчил гаргасан учраас бичиг баримтыг нь хураасан гэж хэлсэн. Гэтэл төрийн тусгай албан хаагчийн үнэмлэх үзүүлсэн. Би үзүүлдэг газраа үзүүл гэж хэлэхэд юун сүртэй юм бэ, хувцасны гол минь гээд уурлаад, үгээр идээд ажил хийлгэхгүй байсан. Бараг 5-10 минут надтай уулзъя гээд ажил хийлгэхгүй байсан. Хөгшөөн хоёулаа уулзъя гэхээр нь би эвтэйхэн ярьж, уучлалт гуйх гэж байна гэж бодоод дагаад явж байхад эргэж хараад намайг цохиж унагаасан. Би унахдаа цэцгийн мандал дээр унаад дээшээ хараад хэвтэж байхад дээрээс хэд хэдэн удаа цохисон. Дүү нь салгахгүй хараад зогсоод байсан. Хөндлөнгийн нэг хоёр хүн ирсэн. Настай ах эгч хоёр ирээд боль гэж хэлэхэд тоогоогүй. Миний малгай унасан, энгэрийн камерыг аваад шидсэн. Би станцаа гартаа атгасан байсан тул ойрын цагдаа дуудсан. М миний дээр гараад цохиж байхад нь доороос босч ирсэн. Дахин заамдалцаад өөрийгөө салгах гэж байхад намайг боосон байсан. Ахлах ахлагч Бөхболд ирж салгасан. Би энэ хүнийг цохиогүй. Цохисон асуудал арк дотор болсон. Миний биед гэмтэл учирсан. Хохирол төлбөр баримт байхгүй...”гэв.

түүний хохирогчоор өгсөн: “…2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Их сургуулийн уулзвар дээр ажил үүргээ гүйцэтгэж байхад гэрлэн дохионы хойд талаас урагш явах чиглэлд гэрлэн дохио зөрчиж 23-33 УБА Тоёота Приус-10 маркийн автомашин уулзварын голд ирж зогссон. Тэгээд би тухайн автомашиныг жолоодож явсан Батболд овогтой Гантулгын бичиг баримтыг хураан авч замыг чөлөөлүүлсэн. Гэтэл улаан куртиктай залуу ирээд би Гантулгын ах нь байна гээд төрийн тусгай хамгаалалтын газрын бичиг баримт үзүүлж бичиг баримтыг авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би юун бичиг баримт өгч явуулах арга хэмжээ аваад явуулна гэж хэлсэн чинь чи төрийн хувцас өмсчхөөрөө ийм том байдаг юмуу гэж хэлсэн. Тэгээд хоёулаа замаас гараад уулзъя гээд дагуулаад МУИС-ын арк руу ороод миний нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэр үед би газар унасан. Газар унасан байх үед дээр гарч хоолой боогоод босгохгүй байсан. Тэгэхээр нь эсэргүүцэл үзүүлж байгаад өөрөө боссон. Тэгсэн чинь дахин намайг заамдаж аваад миний нүүр хэсэг рүү цохисон. Тэхээр нь хамгийн ойрхон байсан цагдаатай гар станцаар холбогдоод дуудсан. Тэгээд тухайн залуу намайг боогоод би тухайн залуугаас салах гээд зогсож байтал ахлах ахлагч Бөхболд ирж салгасан. ...Баруун гараараа нүүр болон толгой хэсэг рүү 10 гаран удаа цохиод боогоод байсан. Тэгээд боолтод ороод унах гээд байсан болохоор тухайн залуугаас салах гээд түлхсэн бусдаар цохиж зодсон асуудал байхгүй. ...Миний уруул сэтэрч хавдсан, нэг шүд хугарсан, тархи хөдөлсөн, баруун хацар хавдсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/,           

 

Гэрч Г.Бөхболдын “…би Байгалийн түүхийн музейн уулзвар дээр
өглөөний 7 цаг 30 минутаас 15 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж байсан. Тэгэхэд 12-
13 цагийн орчим ...Монгол Улсын Их сургуулийн уулзвар дээр үүрэг гүйцэтгэж
байсан дэд ахлагч Тийг станцаар дуусан боловч огт хариу өгөхгүй байж
байгаад нэг холбогдохдоо уулзвар дээр яаралтай хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр
нь би дахин дуудтал станцаа авахгүй байхаар нь ямар нэгэн юм болж гэж бодоод
яваад очсон чинь байхгүй байсан. Тэгтэл үл таних эмэгтэй аркны цаад талд
цагдааг чинь 2 залуу зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гүйгээд очтол
Тий хамраас цус гарсан, нэг залуутай барьцалдсан байдалтай зогсож
байсан. Хажууд нь нэг залуу хараад зогсож байхаар нь би очиж салгатал нөгөө
цагдаатай барьцалдсан байсан залуу Тий нүүр рүү 1 билүү 2 удаа цохисон.
Тэгээд салгаад удаагүй байхад хөдөлгөөнт эргүүл ирээд аваад явсан. Тэр залуу
Тийг цохиж барьж авснаас биш Т гар хүрсэн асуудал байхгүй.
...Т надад хэлэхдээ энэ залуу ажил хийж байхад цаашаа яв гэхэд ойлгохгүй,
шаардлага тавиад байхад хүлээж авахгүй байсан. Тэгээд намайг зодсон гэж
хэлсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/,

 

Гэрч Ц.Дуламсүрэнгийн “…манай хажуугийн 7 дугаар орцны үүдэнд нэг цагдаагийн албан хаагчийг 2 залуу барьж авчихсан нэг залуу нь салах гэж байгаа бололтой байсан. Харин нэг нь орцны хаалгатай хавсаргаад тархи, толгой руу нь цохиод байсан. Тэр үед би болиоч гэж хэлсэн болов ч огт сонсохгүй байхаар нь би шууд 102 руу өөрийн 93446614 дугаараас залгаж 2 залуу нэг цагдааг зодоод байна гэж хэлэхэд дуудлага хүлээж авахаар нь би явсан. Миний харснаар цагдаагийн алба хаагч тэр хүнтэй заамдалцсан байж байгаад л нөгөө залууд нилээн сайн зодуулсан. Хаалгатай хавсраад нилээн сүрхий цохиж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

 

Гэрч Г.Уянгын “...Ойролцоогоор өдөр 12-14 цагийн орчимд би гэрээсээ явж байтал аркны баруун талын орцны үүдэнд нэг замын цагдаагийн алба хаагч мөн энгийн хувцастай дээгүүрээ улаан куртик өмссөн ...залуу байсан ба нэг залуу нь цагдаагийн нүүр амруу цохиод малгайг нь уначихсан байсан ба нэг нь салгах гэж байгаа харагдсан. Тэр хавиар 6-7 хүмүүс явж байсан боловч боль гэхэд тэр залуу зогсохгүй дайраад байсан. Тэгэхээр нь би цагдаагийн 102 тоот утас руу өөрийн 99822118 дугаараас залгаж цагдааг хүмүүс зодож байна гэсэн дуудлага өгсөн. Тэр үед өөр нэг эмэгтэй 102 руу залгаж дуудлага өгье гэж байсан. Тэнд байсан хүмүүс цагдаа дуудлаа шүү гэж хэлээд байхад тоохгүй байсан. Би дуудлага өгчхөөд ажилтай   байсан   болохоор   шууд   яваад   өгсөн.   Миний харснаар заамдалцсан байсан ба цагдааг орцны хаалга руу шахаад улмаар нүүр ам, толгой руу нь цохиод, цагдаагийн завжнаас нь цус гарсан байсан. Тэр үед цагдаагийн алба хаагч өөрийнхөө биеийг хамгаалах зорилгоор цааш түлхэж байгаа харагдсан. Тэрнээс биш цохиж зодсон асуудал байхгүй. Нэг залуу салгах гээд дундуур нь л ороод байсан. Миний харснаар нилээн удаан тэр цагдаагийн алба хаагчийг зодсон байсан. Би Төрийн банк орчихоод буцаад гараад иртэл зодоон нь салсан байсан ба өөр нэг замын цагдаа ирчихсэн нөгөө залуу хэрүүл хийгээд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/,

 

Гэрч Э.Ганзоригийн “...2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэд олон нийттэй харилцах төвд ажиллаж байсан юм. ...цонхны доор хүмүүс маргалдах чимээ гарахаар нь би ариун цэврийн ерөө орж цонхоор нь харахад хоёр цагдаа нэг залууг орцны хаалга руу шахаж байсан. Тэгж байснаа эргээд зууралдаад цэцгийн мандал руу унасан. Тэнд байсан залуу нь манайд ажилладаг М байсан. Тэгэхээр нь би хөөе больцгоо гэсэн чинь над руу хараад бүгд больцгоосон. Харахад зодолдож цохилцоогүй нэг цагдаа Мтай зууралдсан заамдалцсан зогсож байсан. Нөгөө цагдаа зүгээр хажууд нь зогсож байсан. Намайг очиход Мтай заамдалцсан байсан цагдаа нь амаа дарсан байсан. Өөр гэмтэл шархтай хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-84/,

 

Гэрч О.Оюунтунгалаг шүүхийн хэлэлцүүлэгт “…Манай ажил 7 хоногт нэг удаа нэг нэг өдрөөр өглөө 6-8 цаг хүртэл жижүүр хийдэг. Тэр өдөр би жижүүртэй байсан. Засгийн газрын ордны зүүн хойд тал цайны газар байдаг. Тэр цайны газар хоол идчихээд гарч яваад аркны зүүн хойд талд нь тамхины цэг байдаг. Тэнд тамхи татаад байж байхад 4 цагдаа байсан. Нэг нь малгайг нь барьчихсан, нэг цаашаа хараад утсаар ярьсан, нэг нь өөдөөс  нь хараад зураг аваад байж байсан. Би тамхи татаад зогсож байхдаа энэ дөрвийн яриаг сонсоод зогсож байсан. Нэг нь зургийг нь авчих гэж гэж байна гээд цаашаа мэдээллээд байсан. Тухайн үед М зодоонд байсан гэж мэдээгүй. 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 5 сарын дараа М би нэг цагдаагийн асуудалтай яваад байна гэж хэлэхэд мэдсэн. Тэгээд би тэр үед байсан. Би гэрчээр мэдүүлэг өгье гэж хэлсэн. Яагаад гэвэл тухайн үед тэр цагдаа нарын үгсэж ярьж байсан зүйлүүдэд зэвүүцэж байсан. Нэг нь чи зүгээр балбаад газар унагаасан гэж хэлчих. Яадаг юм хамаагүй. Нөгөөдөх нь  нүүрнийх нь зургийг аваадах гэж, энэнд тусласан үг хэлж байсан. Өвлийн хувцастай эд нар биерхүү харагддаг. Хамарнаас нь цус гарсан байдалтай хацарт  нь цус наалдсан байсан. Наад зургийг нь аваадах гээд утсыг нь барьж байсан залуу хэлж байсан...”гэв.

түүний мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: “…Би 2019.12.28-ны өдөр жижүүртэй ажилтай байхад би цайны цагаар ажлынхаа хойд талд Наран нэртэй цайны газарт орж хооллочхоод ертөнцийн зүгээр урагшаа буюу ажил руугаа алхаж байсан чинь Засгийн газрын ордны хойд талын зам дээр цагдаагийн 2 машин ирчихсэн, би аркны гадна талд явж байсан юм тэгэхэд аркнаас 2 цагдаа нэг залууг машин руу чирж гулдчаад суулгасан. Тэгээд би арк руу ороод тамхи татаад зогсож байхад аркны хажуу талд нэг зодуулсан цагдаа хамар ам хавьцаа нь цустай байсан ба тэр хэдийн яриа нь надад сонсогдсон юм. Тэгэхэд тэр цагдаа нар тэр зодуулсан цагдаагийн зургийг гар утас дээрээ авч байсан. Нэг цагдаа малгайг нь барьж байсан. Нэг цагдаа нь утсаар цаашаагаа энэ хоёр арк руу орсон юм байна. Тэгээд муудалцсан юм байна гэж ярьж байсан. Зодуулсан цагдаа нь нэг цагдаадаа саяны болсон явдлыг ярьж байх шиг байсан. Тэгсэн чинь нөгөө цагдаа нь чи ингэж болохгүй чи шууд түрүүлээд цохисон гэж хэлж байсан. Тэнд байсан 3 цагдаа нөгөөгөө зодуулсан цагдаадаа үг зааж өгөөд байсан. Тэгээд би тамхиа татаж дуудчихаад ажил руугаа алхаж байхад нөгөө цагдаа нар араас ирээд машиндаа суугаад явцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86/,

 

Гэрч Б.Мягмар шүүхийн хэлэлцүүлэгт “…Манай нөхөр 29-ний өглөө 10-11 цагийн үед гэртээ ирэхдээ дух нь хавдсан, хацар дээрээ хөхрөлт үүссэн, хүзүү хэсэг нь 2-3 газарт  нь цус хурсан байсан. Би зургийг нь аваад хадгалсан байгаа...”гэв.

түүний мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: “…Би 2010 онд анх Эрдэнэт хотын 4-р арван жилд шилжиж очиход миний нөхөр О.М нь манай ангид байсан. Би тэр үеэс хойш М мэддэг болсон. 2015 оноос хойш бид хоёр хамтран амьдарч эхэлсэн ба 2017 онд бидний дундаас нэг охин төрсөн. Бид хоёр 2017 онд албан ёсоор гэр бүл болж гэрлэлтийн баталгаа гаргасан. Миний нөхөр М нь 3 хүүхэдтэй айлын том хүү ба төлөв даруу зантай, шударга, хичээнгүй, хамт олон, найз нөхөдтэйгөө эвсэг, ар гэр ах дүү нартаа нэр хүнд сайтай...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/,

 

Гэрч Б.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт “…2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр приүс маркийн машинтай манай ах бид хоёр МУИС-ийн баруун хойд уулзвараас урагшаа чиглэлтэй уулзвараар нэвтэрч гарч байсан. Тухайн үед гэрлэн дохиогоор биш замын цагдаа зохицуулалт хийж байсан. Цагдаагийн ор гэсэн дохиогоор урд байсан машин орсон. Би араас нь дагаад орохдоо 3-4 метрийн зайтай орсон чинь улаан гэрэл ассан. Гэтэл цагдаа зогсоогоод бичиг баримт аваад, замаа чөлөөлж ир гэхээр нь замаа чөлөөлөөд бичиг баримтаа авах гээд очиход цагдаа замын голд зохицуулалт хийж байсан. Манай ах миний дүү энд байж бай. Ах нь очоод уулзаж, бичиг баримтаа аваад ирье гээд явсан. Тэгээд очиж уулзаад, энэ хоёр замын голд юм ярьж байгаад замаасаа гараад ард талын байрны арк руу яваад орсон. Би араас  нь гүйгээд очиход цагдаа чи хэн юм бэ гөлөг минь. Хаана ажилладаг юм бэ гээд заамдсан байсан. Би очиж салгах гэтэл манай ахыг мөргөөд, нэг цохисон. Тэгээд би ахыг барьж аваад боль гэхэд энэ ах ирээд чи яаж байгаа юм бэ гэсэн. Манай ах цохиод буцаагаад түлхсэн. Одоо ингээд больё чи ажлаа хийж байгаа хүн гэж хэлсэн. Тэгсэн чинь манай ахыг босож ирээд чи яаж байгаа юм бэ? Хүн цохидог хэн юм бэ? гээд заамдаж байгаад станцаараа цагдаа дуудсан. Тэр цагдаа ирээд энэ хоёрыг салгаад, манай ахын бичиг баримтыг нь шалгасан.  Цагдаа ирсний дараа Т гээд цагдаа манай ахыг орцны хаалга саваад цохисон. Манай ах цагдааг цохисон зүйл байхгүй. Боль гээд түлхсэн чинь шүд юм уу уруулаас нь цус гарсан байсан. Хамар руу нь цохиж гэмтэл учруулсан зүйл байхгүй. Хажуугаар хоёр эгч явж байгаад боль гэж хэлсэн...”гэв.

түүний мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: “…Тэр замын цагдаа манай ахыг гөлөг минь, пизда минь чи хэн юм, чи яах гээд байгаа юм гэж хэлсэн. Улмаар арк дотор М заамдаж аваад, нэг мөргөөд, нэг удаа цохисон. Тэр үед манай ах буцаагаад болъё гээд түлхсэн чинь арагшаа цэцгийн мандалд тээглээд унасан. Тэгтэл босч ирээд нөгөө цагдаа манай ахыг заамдаж аваад станцаараа цагдаад дуудасныхаа дараа ахыг заамдаад орцны хаалга руу саваад, нэг удаа цохисон. Тэгтэл удалгүй нэг цагдаа ирээд яагаад байгаа юм гэхэд манай ах болъё гээд эхний цагдаад түлхэхдээ санаандгүйгээр уруул руу нь гараараа цохьчихсон юм шиг байна лээ. Тэгээд салаад удаагүй байтал эргүүлийн цагдаа ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹762 тоот актын “…Э.Тий биед зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ..Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-30/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-47/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-48-54/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-94-95/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

            Шүүгдэгч О.М нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг Монгол Улсын Их сургуулийн замын уулзвар дээр албан үүргээ гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч Э.Тийг замын хөдөлгөөнд оролцож байсан 23-33 УБА дугаарын приус-10 маркийн автомашины жолооч Б.Гантулгыг зогсоон бичиг баримтыг нь шалгаж байх үед Төрийн тусгай хамгаалалттай газрын үнэмлэх үзүүлж бичиг баримтыг нь өгөөд явуулчих гэж хүч хэрэглэн эсэргүүцэж биед нь халдан цохиж Хууль сахиулагчийг эсэргүүцсэн,

мөн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт Б.Гантулгын автомашиныг зогсоож бичиг баримтыг авлаа гэх шалтгаанаар Э.Тийг хувцасны захаар хоолойг боож нүүр, толгой руу нь гараараа цохиж биед нь зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, тархи доргилт буюу хөнгөн хохирол учруулсан нь дээр дурьдсан хохирогч Э.Т, гэрч Г.Бөхболд, Ц.Дуламсүрэн, Г.Уянга, Б.Гантулга, О.Оюунтунгалаг, Э.Ганзориг, Б.Мягмар нарын мэдүүлгүүд, шүүгдэгч О.М-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч О.М-ын дээрх хууль сахиулагч Э.Тийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, улмаар хууль сахиулагч Э.Тий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

          Шүүгдэгч О.М-ын дээрх үйлдлийн улмаас хохирогч Э.Тий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь тус эрүүгийн хэрэгт холбогдуулан ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгч О.М бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Харин хохирогч Э.Тий өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.М-ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч О.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрт оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   

1.Шүүгдэгч Эмээлч овогт О М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан О.Мд энэ тогтоолоор оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3.150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянган/ торгох ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан О.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч О.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хохирогч Э.Т нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.

 

7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР