Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1264

 

 

 

 

 

 

2019               12            19                                       2019/ДШМ/1264

 

 

О.Мд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Еркебулан,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/839 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд үндэслэн О.Мд холбогдох ...дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Э овгийн Оы М, 1995 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Төрийн тусгай хамгаалалтын газарт шалган нэвтрүүлэгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

О.М нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, ... дээр албан үүргээ гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч Э.Тийг “замын хөдөлгөөнд оролцож байсан ... улсын дугаартай “...” загварын тээврийн хэрэгслийн жолооч Б.Гыг зогсоон бичиг баримтыг нь шалгаж байх үед, Төрийн тусгай хамгаалалттай газрын үнэмлэх үзүүлж “Бичиг баримтыг нь өгөөд явуулчих” гэж хүч хэрэглэн эсэргүүцэж, биед нь халдан цохиж хууль сахиулагчийг эсэргүүцсэн,

мөн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дээрх газар нутаг, цаг хугацаанд, “Б.Гын тээврийн хэрэгслийг зогсоож, бичиг баримтыг авлаа” гэх шалтгаанаар Э.Тийг хувцасны захаар нь хоолойг боож, нүүр, толгой руу нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Мөнхтулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э овогт Оы Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мөнхтулгыг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан О.Мд энэ тогтоолоор оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3.150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан О.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлаж, шүүгдэгч О.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч Э.Т нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч О.Мөнхтулгыг тээврийн хэрэгслээр зорчиж явахад нь цагдаа Э.Т уулзвар нэвтрэх дохио өгч оруулчихаад замын голд зогсоож, жолоочийн тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хураан авч, уулз гэхээр нь очиж “Амрыг эрье” гэхэд цагдаа Э.Т “Юу вэ, чи хэн юм бэ” гэснээр шүүгдэгч О.М Төрийн тусгай хамгаалалтын газрын үнэмлэх үзүүлсэн, цагдаа Э.Т мөрдөн шалгах ажиллагааны үед “Хөгшөөн ийшээ гарч уулзъя” гэхээр нь постоо орхин замын голоос гарч явсан гэдэг бөгөөд хүч хэрэглэн эсэргүүцэн зодсон, хэл амаар доромжилсон үйлдэл болоогүй гэдэг нь хавтас хэргийн 8-9 дэх тал, 90 дэх талд болон шүүхийн хэлэлцүүлгээр давхар батлагдсан.

Эдгээрийг үнэн зөв нотлох ач холбогдол бүхий уулзварын телекамерын бичлэг болон ёс журмын эргүүлийн бичлэгийг устгаж, цагдаад давуу байдал бий болгож, гэмт хэргийн шинжгүй үйлдэлд зөвхөн “Үнэмлэх” үзүүлсэн гэж цагдаагийн амаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлээр зүйлчилж, ялласан нь хууль зөрчсөн.

Цагдаа Э.Т шүүгдэгч О.Мөнхтулгыг арктай байрны арканд дагуулж очоод           “Чи хэн юм, яах гээд байгаа юм” гэж доромжилж, толгойгоороо мөргөж зодсоныг гэрч Б.Га, Б.Мягмар нар гэрчилж, гэрэл зургаар бэхжүүлсэн ба биеэ хамгаалж хариу эсэргүүцэл үзүүлсэн шүүгдэгч О.Мөнхтулгыг шүүх гэм буруутай гэж тооцож байвал цагдаа Э.Тийг адилхан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар бие биедээ харилцан гэмтэл учруулсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаанд буцаах байсан. Гэрчийн мэдүүлэг, зураг яагаад нотлох баримт болохгүй гэж, цагдаа Э.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа ч зориуд худал мэдүүлэг өгч, шүүгдэгч О.Мөнхтулгыг гүтгэсэн, зодсоныг шалгуулах хүсэлтүүд гаргасан боловч прокурор зөвшөөрөөгүй тул шүүхийн магадлалд тусгаж өгнө үү.

Цагдаа Э.Т шүүгдэгч О.Мөнхтулгыг эхэлж толгойгоороо мөргөж цохисноос түүний зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, доод уруулд шарх, няцрал, 1 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдсон, энэ нь шүүх эмнэлгийн 762 тоот дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Т “шүүгдэгч О.М намайг зөөлөн цохисон учраас гэмтэл үүсэх албагүй” гэж худал мэдүүлснээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч О.М түүнийг цохиж унагаад дээр нь гарч 10 гаруй удаа цохисон гэдэг нь Э.Тий өмсөж явсан хувцас, форм, мөрдөс болон энгэрийн камерт ямар нэгэн эвдрэл гэмтэл урагдалтгүй, шороо тоосоор бохирлогдсон зүйлийн ул мөр илрээгүй байснаар давхар нотлогдсон бөгөөд Э.Т өөрөө албаны дүрэмт хувцас болон техник хэрэгсэл урагдаж эвдэрсэн асуудал байхгүй гэж хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Хууль зөрчсөн төрийн цагдаагийн үйлдлийг зөв болгоод жирийн иргэнийг хуулиас гадуур ялгаварлан гадуурхаж, хууль зөрчиж болохгүй бөгөөд цагдаа Э.Т эхэлж шүүгдэгчийг толгойгоороо мөргөж цохиогүй бол дээрх гэмтэл учрахгүй байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч Б.Га болон гэрч Б.Мягмар, О.Оюунтунгалаг нарын мэдүүлгүүдийг прокурорын яллах дүгнэлтэд бичилгүй зориуд орхисон нь хохирогч Э.Тд ашигтай давуу байдал бий болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.7 дугаар зүйл, 1.12 дугаар зүйл, 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтуудыг ноцтой зөрчсөн.

Хэрэг гарснаас хойш 3 сарын дараа гэрч нараас авсан мэдүүлэг нь шүүх эмнэлгийн 762 тоот дүгнэлт болон гэрч Б.Га, Б.Мягмар нарын мэдүүлэг болон гэрэл зургаар ч батлагдаагүй. Э.Тий хамраас цус гараагүй, уруулын цусаа энд тэндээ түрхсэн, хоолойг боогоогүй, гэмтэлгүй. Мөн гэрч Г.Бөхболд таамгаар цагдаа Э.Тийг хамгаалсан мэдүүлэг өгсөн нь яллах баримт биш, энэ нь гэрч О.Оюунтунгалагийн цагдаа нар хоорондоо мэдүүлэг өгөх талаар ярилцаж, зөвлөлдөж байсныг гэрчилснийг яагаад нотлох баримтаар үнэлээгүй.

Шүүгдэгч О.Мөнхтулгыг шүүх хуралдаанд шүүгдэгчийн эцсийн үг хэлэх боломж олголгүй яллаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.25 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх заалтуудад заасан, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Х.Еркебулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн замын цагдаа Э.Т гэмт хэрэг гардаг өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 432 пост дээр үүрэг гүйцэтгэж байсан. 432 дугаар пост нь Монгол Улсын Их сургуулиас урагшаа явах чиглэлд байдаг. Гэрлэн дохиогоор зохицуулдаггүй газар замын цагдаа зохицуулж байсан. Тухайн үед ... дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Гад замын цагдаа Э.Т хууль ёсны шаардлага тавихад эс зөвшөөрсөн. Жолооч Б.Гын хажууд шүүгдэгч О.М сууж явсан. Жолооч Б.Га өөрөө машинаасаа гарч ирж замын цагдаа Э.Ттэй уулздаггүй. Шүүгдэгч О.М машинаас бууж ирээд “би Төрийн тусгай албан хаагч байна. Үнэмлэхийг нь өг” гэх зүй бус шаардлага тавьсан. Камерын бичлэгийг устгасан гэж байна. Ийм асуудал болоогүй. Албан бичиг хүргүүлж камерын бичлэгийг авах гэсэн боловч яг арктай байр руу чиглэсэн хяналтын камер байгаагүй. Энэ талаарх хариу албан бичгийг хэрэгт хавсаргасан. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан асуудал байхгүй. Яллах болон цагаатгах нотлох баримтуудыг бүрэн дүүрэн хангалттай шалгасан. Замын цагдаад халдсан асуудал эхлээд замын голд болсон. Дараа нь хохирогчийг дагуулж яваад арктай байрны орчимд аваачиж, шүүгдэгч О.М толгойгоороо хохирогч Э.Тийг мөргөсөн байдаг. Үүнийг хөндлөнгийн гэрч болох Дуламсүрэн, Уянга, Оюунтунгалаг гэх хүмүүс харсан. Эдгээр хүмүүс хохирогчийн мэдүүлгийг давхар нотолдог. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл болон камерын бичлэг байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдол үндэслэлгүй юм. Шүүгдэгч О.М нь нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийг үйлдсэн. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч О.М нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, ... дээр албан үүргээ гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч Э.Тийг замын хөдөлгөөнд оролцож байсан ... дугаарын “...” загварын тээврийн хэрэгслийн жолооч Б.Гыг зогсоон бичиг баримтыг нь шалгаж байх үед Төрийн тусгай хамгаалалттай газрын үнэмлэх үзүүлж, “Бичиг баримтыг нь өгөөд явуулчих” гэж хүч хэрэглэн эсэргүүцэж, эрүүл мэндэд нь халдан цохиж хууль сахиулагчийг эсэргүүцсэн, улмаар хохирогч Э.Тийг хувцасны захаар нь хоолойг боож нүүр, толгой руу нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Э.Тий “...арк руу ороод миний нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэр үед би газар унасан. Газар унасан байх үед дээр гарч хоолой боогоод босгохгүй байсан. Тэгэхээр нь эсэргүүцэл үзүүлж байгаад өөрөө боссон. Тэгсэн чинь дахин намайг заамдаж аваад миний нүүр хэсэг рүү цохисон. ... Баруун гараараа нүүр болон толгой хэсэг рүү 10 гаран удаа цохиод, боогоод байсан. ...” гэх /хх 8-9/,

гэрч Г.Бөхболдын “...Тэгтэл үл таних эмэгтэй “аркны цаад талд цагдааг чинь хоёр залуу зодоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гүйгээд очтол Э.Тий хамраас цус гарсан, нэг залуутай барьцалдсан байдалтай зогсож байсан. ... Тэр залуу Э.Тий нүүр лүү 1 билүү 2 удаа цохисон. ...Тэр залуу Э.Тийг цохиж барьж авснаас биш Э.Т гар хүрсэн асуудал байхгүй. ...Э.Т надад хэлэхдээ “Энэ залуу ажил хийж байхад цаашаа яв гэхэд ойлгохгүй, шаардлага тавиад байхад хүлээж авахгүй байсан. Тэгээд намайг зодсон” гэж хэлсэн. ...” гэх /хх 14/,

гэрч Ц.Дуламсүрэнгийн “...Манай хажуугийн 7 дугаар орцны үүдэнд нэг цагдаагийн албан хаагчийг хоёр залуу барьж авчихсан, нэг залуу нь салгах гэж байгаа бололтой байсан. Харин нэг нь орцны хаалгатай хавсраад тархи, толгой руу нь цохиод байсан. ...Миний харснаар цагдаагийн алба хаагч тэр хүнтэй заамдалцсан байж байгаад л нөгөө залууд нилээн сайн зодуулсан. Хаалгатай хавсраад нилээн сүрхий цохиж байсан. ...” гэх /хх 15-16/,

гэрч Г.Уянгын “...Нэг залуу нь цагдаагийн нүүр, ам руу цохиод малгайг нь унагачихсан байсан ба нэг нь салгах гэж байгаа харагдсан. ...Миний харснаар заамдалцсан байсан ба цагдааг орцны хаалга руу шахаад улмаар нүүр ам, толгой руу нь цохиод, цагдаагийн завьжнаас нь цус гарсан байсан. Тэр үед цагдаагийн алба хаагч өөрийнхөө биеийг хамгаалах зорилгоор цааш түлхэж байгаа харагдсан. Тэрнээс биш цохиж зодсон асуудал байхгүй. ...Миний харснаар нилээн удаан тэр цагдаагийн алба хаагчийг зодсон байсан. ...” гэх /хх 19/,

гэрч О.Оюунтунгалагийн “...аркны хажуу талд нэг зодуулсан цагдаа, хамар ам хавьцаа нь цустай байсан. Нэг цагдаа нь утсаар цаашаагаа “энэ хоёр арк руу орсон юм байна. Тэгээд муудалцсан юм байна” гэж ярьж байсан. ...” гэх /хх 86/,

гэрч Э.Ганзоригийн “...Намайг очиход Мтай заамдалцсан байсан цагдаа нь амаа дарсан байсан. Өөр гэмтэл шархтай хүн байгаагүй. ...” гэх /хх 83-84/,

шүүгдэгч О.Мөнхтулгын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Тэгэхээр нь би боль гээд цэцгийн мандал руу түлхээд унагаачихсан. ...Тэгээд цохьчихоод байж байтал манай дүү Га салгахаар дундуур ороход замын цагдаа заамдчихаад тавихгүй байсан ба станцаараа нэмэлт хүч дуудсан. ...” гэх /хх 38-39/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн “...Э.Тий биед зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. ...” гэх 762 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-30/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Мөнхтулгыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч О.Мөнхтулгын “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд түүнд уг зүйлүүдэд тус тус зааснаар торгуулийн ял оногдуулж, улмаар нэмж нэгтгэн торгуулийн ялын хэмжээг нийт 3.150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосон нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан “...Цаг хугацаа алдаж нотлох баримт цуглуулсан. ... Камерын бичлэг авч чадаагүй. ...Гэрч Б.Га болон гэрч Б.Мягмар, О.Оюунтунгалаг нарын мэдүүлгүүдийг прокурорын яллах дүгнэлтэд бичилгүй зориуд ялласан” гэх агуулга бүхий гомдлын дагуу хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд, энэ хэрэгт хувийн ашиг сонирхолгүй, хөндлөнгийн гэрч болох тухайн үед гудамжинд явж байсан иргэн Ц.Дуламсүрэн, Г.Уянга нарын мэдүүлгээр хохирогч, шүүгдэгч нар барьцалдсан, хоорондоо хэрэлдсэн, шүүгдэгч О.М нь цагдаагийн албан хаагчийг орцны хаалга руу шахаж цохисон, Б.Га нь салгахыг оролдож байсан, хохирогч Э.Т нь шүүгдэгчийг цохисон үйлдэл гаргаагүй, хажуугаар явж байсан хүмүүс “Боль” гэж шаардахад О.М нь зогсохгүй хохирогч руу дайрч байсан тул цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгсөн талаар мэдүүлж, шүүгдэгчийн дээрх гомдол, мэдүүлгийг няцаан үгүйсгэжээ.  

Гомдолд дурдсан шүүгдэгчийн эхнэр Б.Мягмар,  Төрийн тусгай хамгаалалтын газрын үйлчлэгч О.Оюунтунгалаг нарын гэрчээр мэдүүлсэн мэдүүлгүүдийг үзэхэд, тухайн үед шүүгдэгч, хохирогч нарын дунд болсон маргааны дэргэд байгаагүй, мөн шүүгдэгч О.Мөнхтулгын үйлдлийг өмөөрч хамгаалсан шинжтэй бөгөөд энэхүү мэдүүлгэн нотлох баримтуудын хувьд хувь хүний гадаад мэдрэхүйгээр дамжин, дотоод ухамсраар илэрхийлэгддэг учир хүний хүсэл зоригтой шууд холбоотой байдгаараа онцлог гэдгийг харгалзан үзэж, гэрч Ц.Дуламсүрэн, Г.Уянга, Г.Бөхболд нарын мэдүүлсэн мэдүүлэг хэргийн бодит байдалтай нийцсэн гэж дүгнэв.  

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энх-Амгалангийн “...мөрдөн шалгах ажиллагаа хуульд нийцээгүй, анхан шатны шүүх хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчээр эцсийн үг хэлэх эрхийг зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь, анхан шатны шүүх хуралдааны бичлэгээс үзэхэд гэм буруугийн хуралдааны төгсгөлд шүүгдэгчийн эцсийн үгийг хэлүүлэхдээ, даргалагч шүүгчийн зүгээс “Шүүгдэгчид шүүхэд хандаж хэлэх үг байна уу” гэх байдлаар асууж шүүгдэгч О.Мд үг хэлүүлэх боломж олгосон байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.25 дугаар зүйлийг зөрчөөгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан “...шүүгдэгчээр эцсийн үг хэлүүлээгүй. ...” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.  

Иймд шүүгдэгч О.М, өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/839 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/839 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

                    ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ