Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 459

 

 

 

Б.Содхүү, Г.Хүрэлтуяа нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

Прокурор У.Солонго,

Ялтан Б.Содхүү, Г.Хүрэлтуяа нарын өмгөөлөгч Н.Одонтуяа,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат  даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Б.Содхүү, Г.Хүрэлтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Содхүү, Г.Хүрэлтуяа нарт холбогдох 201726010085 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овогтой Батгэрэлийн Содхүү, 1983 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 80 дугаар гудамжны 10 тоотод оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 269 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 46 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 55 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД:ЧА83113010/,

2. Боржигон овогтой Ганбатын Хүрэлтуяа, 1987 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Эрэл” сургуульд тогооч ажилтай байсан, ам бүл 5, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14 дүгээр багийн Говил дэнжийн 8 дугаар гудамжны 2 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 80 дугаар гудамжны 10 тоотод оршин суух,

Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял оногдуулж,  2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1396 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 481Ө дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 4 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, /РД:ФБ87061105/,

Г.Хүрэлтуяа нь ялтай байхдаа 2016 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01-02 цагийн орчим Б.Содхүүтэй бүлэглэн, согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Хангайн 80 дугаар гудамжны 10 тоот хашааны гадна таксины жолооч болох иргэн Х.Ерэнбаатарыг “таксины мөнгө хэтрүүлж нэхлээ” гэх шалтгаанаар нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн зодож, түүний 58-80 УНН улсын дугаартай “Toyota Spacio” загварын автомашины зүүн урд крыло, баруун урд крылог хонхойлгон 373.000 төгрөгийн хохирол учруулж догшин авирлан танхайрсан,

Б.Содхүү нь Г.Хүрэлтуяатай бүлэглэн, согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01-02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Хангайн 80 дугаар гудамжны 10 тоот хашааны гадна таксины жолооч болох иргэн Х.Ерэнбаатарыг “таксины мөнгө хэтрүүлж нэхлээ” гэх шалтгаанаар нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн зодож, түүний 58-80 УНН улсын дугаартай “Toyota Spacio” загварын автомашины зүүн урд крыло, баруун урд крылог хонхойлгон 373.000 төгрөгийн хохирол учруулж догшин авирлан танхайрсан,

мөн дуудлагаар ирсэн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Н.Бямбадоржийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж цагдаагийн машинд суулгах үед нь “Лаларын цагдаа нар, пизда нарт шалгуулах шаардлагагүй” гэж хэл амаар доромжилж, хүч хэрэглэн эсэргүүцэж нүүрэн тус газар нь мөргөж, өмсөж байсан хантаазыг нь урж 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.Хүрэлтуяад холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар, Б.Содхүүд холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Содхүүг бусадтай бүлэглэн, согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээн, догшин авирлаж танхайрсан, төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Г.Хүрэлтуяаг бусадтай бүлэглэн, ялтай байхдаа согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт Б.Содхүүд 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Г.Хүрэлтуяад 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах хөнгөн ялыг хүндэд нь багтаан, Б.Содхүүгийн биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Содхүүд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Г.Хүрэлтуяад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, Б.Содхүү, Г.Хүрэлтуяа нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тус тус тоолж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Г.Хүрэлтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2016 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн үед нөхөр Б.Содхүү, охин Х.Халиун нарын хамт Цэргийн хотхонд байх найзынхаасаа гараад такси барьж Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 80 дугаар гудамжинд байх гэртээ хүргүүлэхээр тохиролцоод явсан. Гэрийнхээ гадна очоод “таксины мөнгө хэд гарсан бэ” гэхэд “8500 төгрөг” гэхээр нь “энэ хүртэл 3500 төгрөг гардаг” гэж хэлээд гэрээсээ ороод мөнгө аваад ирье гээд охиноо дагуулаад гэр лүүгээ орох гэтэл хохирогч Х.Ерэнбаатар араас зулаагаад “одоо яг өг” гээд зуураад байсан. Бид хоёрыг маргалдаж байхад миний охин уйлаад машин дотор унтаж байсан манай нөхөр сэрээд “харанхуй шөнө хүүхэд яагаад уйлуулаад байгаа юм бэ” гээд машиных нь жижиг цонхыг хагалсан. Гэтэл жолооч машинаас гар утсаа аваад гүйгээд явсан. Нөхөр, охин бид гурав гэр лүүгээ ороод удаагүй байтал хаалга тогшихоор нь тайлаад өгтөл хөдөлгөөнт эргүүлийн хоёр цагдаа орж ирсэн. Манай нөхрийг цагдаагийн хэлтэс рүү авч явах гэхээр нь би “явуулахгүй, маргааш эрүүл болохоороо очиж учраа олъё” гэхэд гарыг нь ард нь гавлаад аваад гарсан. Хохирогч Х.Ерэнбаатарт ямар нэгэн гэмтэл учраагүй, хохирол төлбөрийг барагдуулсан. Ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. 2015 оны 11 дүгээр сарын 6-наас хойш гэмт хэрэгт холбогдолгүй, үр хүүхэд, хань ижил, эхтэйгээ амар амгалан үнэнч шударгаар амьдарч хүний зэрэгтэй явж ирсэн. Энэ хэрэгт холбогдсоны дараа 2017 оны 5 дугаар сарын 2-нд шилбэний яс хугарч, хагалгаанд орсон ба маш их зовиуртай, 2 суга таягтай, байнгын өвчин намдаах тариа хийлгэн шөнө нь өвдөж унтаж чадахгүй байгаа. Мөн 10-13 насны хоёр охиныг маань хөгшин настай эх минь асарч байгаа бөгөөд эх маань бие муутай, охидууд маань шилжилтийн насан дээрээ явж байгаа болохоор маш их санаа зовж бүтэн нойртой хонож чадахгүй байна. Иймд хоёр охин, настай эхийг минь бодож гэм бурууг минь үнэн зөвөөр шийдэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Содхүү гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 8 дугаар гудамжны 10 тоотод эх, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Г.Хүрэлтуяатай гэр бүл болохдоо 2 талаасаа нэг, нэг хүүхэдтэй нийлсэн, бид хоёрын дундаас хүүхэдгүй бөгөөд Г.Хүрэлтуяа бид хоёр хоёулаа гэмт хэрэгт холбогдон хоригдсон учраас охидууд маань асран хамгаалах хүнгүй үлдэж байгаад маш их санаа зовж байна. Миний эх Б.Баярмаа нь 54 настай, ажилгүй, тэтгэвэр тогтоолгоогүй, тодорхой орлогогүй учраас гэр бүлээ бид хоёр авч явдаг байсан. Би машин засварын газар засварчинаар, Г.Хүрэлтуяа “Эрэл” сургуульд тогоочоор ажилладаг байсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хохирол төлбөрөө бүрэн төлсөн ба урьд нь үйлдсэн гэмт хэрэг Өршөөлийн хуульд хамааруулж анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэжээ.

Ялтан Б.Содхүү, Г.Хүрэлтуяа нарын өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Содхүү, Г.Хүрэлтуяа нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Б.Содхүүгийн хувьд урьд нь ял шийтгэл эдэлж байсан боловч Өршөөлийн хуулиар ялтай байдал нь өршөөлд хамаарагдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжтой байгаа. Тэрээр зүйлчлэл дээр маргадаггүй, харин ар гэрийн байдлын хувьд эхнэр Г.Хүрэлтуяатай нийлэхдээ нэг нэг хүүхэдтэй нийлсэн, охидууд нь асран хамгаалах хүнгүй үлдсэн. Хэдийгээр өөрийнх нь эх Б.Баярмаа байгаа боловч Г.Хүрэлтуяагийн охиныг асран хамгаалах хүн байхгүй. Шийтгэх тогтоолд хүүхдүүдийн асран хамгаалах асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсанд их санаа зовж байгаа. Тэрээр үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа, хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүй тэнсэж, хянан харгалзаж өгөхийг хүссэн гомдлыг нь дэмжиж байгаа. Г.Хүрэлтуяагийн хувьд тухайн үед таксины жолоочтой таксины хөлснөөс болж маргалдсан боловч танхайн үйлдэлд оролцоогүй учраас зүйлчлэлийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүссэн гомдол гаргасан. Биеийн байдлын хувьд 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хөлөө хугалж хагалгаанд орсон, ар гэрийн байдал зэргийг нь харгалзаж үзэн ял шийтгэлийг хөнгөрүүлэх тухай гаргасан гомдлыг дэмжиж байна...” гэв.

Прокурор У.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Танхайрах үйлдэлд Г.Хүрэлтуяа гол үүрэг гүйцэтгэсэн байдаг. Таксины жолоочийг зам таарахгүй байна гэхээр гуйсаар байгаад суучихаад таксины хөлс гэж 1600 төгрөг жолооч руу шидсэн үйлдлээс болж маргаан үүссэн байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Хүрэлтуяа гэрээсээ ороод таксины мөнгө авчирахаар гарах хооронд нөхөртэй маргалдсан байсан гэдэг. Гэтэл хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “хэрвээ би мөнгө аваад ирье гээд явсан бол юу гэж маргаан үүсэх вэ” гэсэн байдаг. Түүнчлэн урьд ял шийтгэл эдэлж байсан, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийгээгүй зэргийг үндэслэн анхан шатны шүүх ялтан нарт оногдуулсан ял шийтгэл үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж ялтан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ялтан Г.Хүрэлтуяа нь ялтай байхдаа 2016 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01-02 цагийн орчим Б.Содхүүтэй бүлэглэн, согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Хангайн 80 дугаар гудамжны 10 тоот хашааны гадна таксины жолооч болох иргэн Х.Ерэнбаатарыг “таксины мөнгө хэтрүүлж нэхлээ” гэх шалтгаанаар зодож, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, түүний 58-80 УНН улсын дугаартай “Toyota Spacio” загварын автомашины зүүн урд крыло, баруун урд крылог хонхойлгон 80.000 төгрөгийн хохирол учруулж догшин авирлан танхайрсан,

Ялтан Б.Содхүү нь ялтай байхдаа Г.Хүрэлтуяатай бүлэглэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01-02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Хангайн 80 дугаар гудамжны 10 тоот хашааны гадна таксины жолооч болох иргэн Х.Ерэнбаатарыг “таксины мөнгө хэтрүүлж нэхлээ” гэх шалтгаанаар зодож, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, түүний 58-80 УНН улсын дугаартай “Toyota Spacio” загварын автомашины зүүн хойд талын нэмэлт цонхыг хагалан 100.000 төгрөгийн нийт 373.000 төгрөгийн хохирол учруулж догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Х.Ерэнбаатарын “...2016 оны 12 дугаар сарын 13-ны шөнийн 01 цагийн орчим өөрийн эзэмшлийн 58-80 УНН улсын дугаартай “Toyota Spacio” загварын автомашинтайгаа ...Тахилт руу явж байтал хүүхдээ дагуулсан хүүхэн, залуу хоёр такси барихаар зогсож байхаар нь “хаашаа явах вэ” гэхэд “Цамбагаравын хойшоо” гэхээр нь “зам таарахгүй юм байна явахгүй” гэхэд эмэгтэй нь явчих гээд гуйгаад байхаар нь зөвшөөрч, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 80 дугаар гудамжны 10 тоот хашааны гадна ирээд “4800 төгрөг гарсан байна” гэхэд эмэгтэй, эрэгтэй хоёр “юу гэж тийм мөнгө гардаг юм” гээд 100-тын дэвсгэрт голдуу 1600 төгрөгийг шидсэн. Тэгэхээр нь “мөнгөө нэмж өг” гэхэд нөхөр нь намайг заамдаад, эхнэр нь миний цамцнаас татаад хөл рүү өшиглөн газар унагаагаад эмэгтэй нь өшиглөөд цохиод байхаар нь түлхэж байгаад босоод машин руугаа очиж утсаа аваад цагдаа дуудах гэтэл нөгөө залуу машины баруун хойд талын шилийг гараараа цохиод хагалсан. Эхнэр нь машины урд гупер лүү өшиглөөд над руу шүлсээ хаяад байсан. Тэгэхээр нь тэднээс зугтааж байгаад 102 луу дуудлага өгсөн...” /хх-37-38/,

Хохирогч Н.Бямбадоржийн “…2016 оны 12 дугаар сарын 12-ны орой Сонгинохайрхан дүүргийн 23, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Бүргэд-115 чиглэлийн 20-50 УНҮ улсын дугаартай машинтай үүрэг гүйцэтгэж байхад Бүргэд-10-аас Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 80 дугаар гудамжинд “таксины жолооч зодуулчихлаа, таксины цонх хагалсан” гэх дуудлага ирээд цагдаагийн дэд ахлагч Ц.Баяржаргалын хамт ...01 цагийн орчим Хангайн 80 дугаар гудамжинд очиж шалгахад тухайн гудамжинд дуудлага өгсөн Х.Ерэнбаатар 58-80 УНН улсын дугаартай “Toyota Spacio” загварын машинтайгаа зогсож байсан. Ямар учраас цагдаад хандах болсон талаар асуухад Х.Ерэнбаатар “Би таксинд явж байгаад энэ айлын гадна хүүхэн, залуу хоёрыг хүүхэдтэй нь буулгахад таксины мөнгөө дутуу өгч намайг зодон машины цонх хагалаад гэрлүүгээ орчихлоо” гэсэн. Машиныг нь харахад зүүн хойд талын хаалганы цонхны гурвалжин шилийг хагалсан байсан. Ц.Баяржаргал бид хоёр нөгөө залууг дагуулаад байшин руу ороход нэг хүүхэн хүүхэдтэйгээ хаалгаа онгойлгож өгсөн. Таксины жолоочийг зодож, машины хаалганы цонх хагалсан гэх залуу буйдан дээрээ хэвтэж байсан. Тэр залуугийн шуунаас цус гарсан, шилэнд зүсэгдсэн байдалтай, өмд нь цусаар бохирдсон байсан...” /хх-41-43/,

Гэрч Ц.Баяржаргалын “...Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд жижүүрийн шуурхай албанаас “таксины жолооч машины шил хагалж, намайг зодлоо” гэх дуудлагын дагуу очсон. Жолоочийг дагуулан гэрт нь орж холбогдогч залууг гэрээс нь гаргах гэхэд хамт байсан эхнэр нь болох эмэгтэй хэл амаар доромжилж, уг залуу өөрөө эсэргүүцэл үзүүлэн эхийнхээ ард хэвтчихээд байсан…” /хх-44-45/,

Гэрч Б.Баярмаагийн “...Унтаж байтал хаалга нүдээд байхаар нь гараад хартал Г.Хүрэлтуяагийн охин Х.Халиун байсан. Цаана нь таксины жолооч машиныхаа (цэнхэр өнгийн) хойно зогссон, машиных нь урд Г.Хүрэлтуяа зогссон, манай хүү жолоочийг нь “хүрээд ир” гээд дуудаад байсан. Тэр хоёрыг “гэртээ орооч” гээд би түрүүлээд гэртээ орсон. Араас Г.Хүрэлтуяа, Б.Содхүү хоёр согтуу байдалтай орж ирсэн. Хэсэг хугацааны дараа таксины жолооч хоёр цагдаагийн хамт орж ирээд цагдаа нар манай хүүг шалгах гээд дуудахад миний өвөрт ороод хэвтсэн. Тэгээд намайг босоход цагдаа нар Б.Содхүүг татаж босгоод гарыг нь ард нь гавлаад гарсан. Гадаа цагдаагийн машин явахгүй нэлээн удсан...” /хх-46/,

Б.Содхүүгийн сэжигтнээр өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 12-ны орой 00 цагийн орчим эхнэр, охин нарын хамт гэр лүүгээ харихаар такси бариад Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 80 дугаар гудамжны 10 тоот хашааны гадна хүргүүлээд таксины мөнгөө төлөх гэтэл жолооч 8000 төгрөг нэхсэн. Тэгэхээр нь өмнө такси бариад ирж байхад 3500 төгрөг гарч байсан гээд нөгөө залуутай маргалдаад эхнэр гэр лүүгээ мөнгө авахаар буутал “муусайн гуйлгачидаа” гэж орилохоор нь уур хүрээд машиных нь баруун хойд талын хаалганы гурвалжин шилийг тохойгоороо цохиж хагалаад гэр лүүгээ орсон...” /хх-76-77/,

Г.Хүрэлтуяагийн сэжигтнээр өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 12-ны орой ...00 цагийн орчим  гэр лүүгээ харихаар нөхөр, охин нарын хамт такси барихаар зогсож байтал цэнхэр өнгийн машин зогсохоор нь Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, 80 дугаар гудамжны 10 тоотод байрлах хадам эхийн гэрийн гадна ирэхэд таксины хөлс гэж 8000 төгрөг нэхсэн. Тэгэхээр нь би “гэрээс ороод аваад ирье” гэтэл зугтаах гээд байгаа юм биш үү гээд халаасанд байсан 1600 төгрөгийг авсан. Тэгээд үлдсэн мөнгөө нэхээд бид нарын хооронд маргаан болоод бид нарыг гуйлгачингаар нь дуудаад байсан. Намайг гэр лүүгээ орох гээд явахад нөгөө залуу миний малгайнаас татахад би хальтирч унахад охин уйлсан. Гэтэл Б.Содхүү сэрээд, машинаас гарч ирээд жолоочийг “манай эхнэрийг яаж байна аа” гээд машины хойд талын гурвалжин цонхыг хагалсан. Жолооч Б.Содхүүгээс айгаад дээшээ гүйгээд холоос хараад байхаар нь бид гурав гэр лүүгээ орсон...” /хх-83/ гэх мэдүүлгүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-23-24/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-23-25/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-27-29/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-31-33/, эд зүйлийн үнэлгээ /хх-35/, автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-58-60/ зэрэг нотлох баримтуудаар,

Ялтан Б.Содхүү нь дуудлагаар ирсэн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Н.Бямбадоржийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж цагдаагийн машинд суулгах үед нь “Лаларын цагдаа нар, пизда нарт шалгуулах шаардлагагүй” гэж хэл амаар доромжилж, хүч хэрэглэн эсэргүүцэж нүүрэн тус газар нь мөргөж, өмсөж байсан гэрэл ойлгогчтой хантаазыг нь урж 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Н.Бямбадоржийн “…Ц.Баяржаргал бид хоёр нөгөө залууг дагуулаад тухайн тоотод байрлах байшин руу орсон чинь нэг хүүхэн хүүхэдтэйгээ хаалгаа онгойлгож өгсөн. Дотогшоо ороход таксины жолоочийг зодож, машины хаалганы цонх хагалсан гэх цагаан өнгийн биеийн тамирын хувцастай залуу буйдан дээрээ хэвтэж байсан. Тэр залуугийн шуу хэсгээс нь шилэнд зүсэгдсэн байдалтай цус гарсан, цусаар өмд нь бохирдсон байсан. Тэгээд би нөгөө залууг хуулийн дагуу “хүний эд зүйлийг устгаж гэмтээсэн, хүн зодсон асуудлаар шалгах шаардлагатай байна” гэж түүнд хэлэхэд миний хэлсэн үгийг тоохгүй хэвтээд байсан. Гэтэл хажуугаас тэр залуугийн эхнэр нь гэх согтуу хүүхэн орж ирээд үүргээ биелүүлж байсан Ц.Баяржаргал бид хоёр луу дайраад нөхөртэйгээ яриулахгүй байсан. Тэгтэл нөгөө залуу гэнэт босоод хажуу талын орон дээр хэвтэж байсан эхийнхээ оронд очиж хөнжилд нь ороод хүзүүгээр нь тэврээд босохгүй байсан. Бид нар нөгөө залууг иргэний үнэмлэх бичиг баримтаа гээд хэлсэн чинь босож ирэхгүй, эх нь бичиг баримтыг нь авч өгөх гээд босох хооронд нь нөгөө залууг гарнаас нь татаад ард нь гавлаад гутлыг нь өмсүүлээд гэрээс гаргах гэсэн чинь эхнэр нь хаалгаа таглаад гаргахгүй маргалдаад хэрүүл хийгээд явуулахгүй байхаар нь түлхэж гаргаад машиндаа Б.Содхүүг суулгаад хөдлөх гэтэл эхнэр нь машины хойд хаалганаас онгойлгоод нөхрийгөө татаад буулгасан. Тэгээд би нөхрийг нь бариад авсан чинь Б.Содхүү намайг хэл амаар доромжлоод машинд суухгүй, миний нүүр лүү хүчтэй мөргөсөн. Миний хамраас цус гараад өмсөж байсан дүрэмт хувцасны энгэр тэр чигээрээ цус болоод гэрэл ойлгогч хантааз хүртэл бохирдож ар нь урагдсан байсан. Би гомдолтой байна...” /хх-41-43/,

Хохирогч Х.Ерэнбаатарын “...Удалгүй цагдаа ирээд хоёр цагдаагийн хамт байшин руу орсон. Гэрт нь ороход эхнэр нь намайг болон цагдаа нарыг хэл амаар доромжлоод байсан. Цагдаа нар хэвтэж байсан залууг “бос, таныг шалгана” гэж шаардлага тавихад босож ирээд эхийнхээ ор луу ороод хэвтээд байсан. Цагдаа нар аргаа бараад түүнийг хүчээр татаж босгоод эсэргүүцээд байхаар нь аваад гарсан. Нөгөө залуу цагдаагийн машин руу орохгүй эсэргүүцээд цагдаа нарыг гудамжинд доромжлоод, мөн эхнэр нь цагдаагийн хувцаснаас нь татаад зууралдаад байсан. Гэтэл нөгөө залуу дэслэгч цагдаагийн нүүр лүү мөргөж хамрынх нь цусыг гаргахаар нь эхнэрийг холдуулаад согтуу залууг машиндаа суулгаад явах гэтэл эхнэр нь цагдаагийн машиных урд  хэвтээд босохгүй орилж хашгираад байхаар нь мөргүүлсэн цагдаа эхнэрийг нь барьж байх хооронд цагдаагийн машин хөдлөөд явсан. Би араас нь очиж үлдсэн цагдааг суулгаад цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдөл бичиж өгсөн...” /хх-37-38/,

Гэрч Ц.Баяржаргалын “...Түүнийг гэрээс нь гаргаж машинд суулгаад хөдлөх гэтэл эхнэр, хүүхэд нь араас нь гарч ирээд уг эмэгтэй машины урд тэгнэж хэвтэн холдуулах гэхэд хувцаснаас зуурч хэл амаар доромжилж машины хойд талын хаалгыг онгойлгон нөхрийгөө буулгахыг завдсан. Энэ үед Н.Бямбадорж машинаасаа буугаад эхнэрийг нь холдуулах гэсэн боловч тэр залуу түүнийг мөргөсөн үү, тийрсэн үү хамраас нь цус гаргасан. Тэгээд бужигнаж байгаад арай гэж машиндаа суулгаад тэр залууг цагдаагийн хэлтэс дээр авчиран саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Таксины жолооч зодуулж, машины шилээ хагалуулсан гэж дуудлага өгсөний дагуу холбогдогч этгээдийг цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу цагдаагийн хэлтэст авчирч согтуурлын зэргийг шалгах, хойшлуулшгүй ажиллагааг явуулахын тулд жижүүрийн мөрдөн байцаагчид хүлээлгэх өгөх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байсан учраас хэлтэс рүү авч явсан. Үүний дагуу тэр этгээдэд цагдаагийн хэлтэс рүү хамт явах шаардлага тавихад эсэргүүцсэн...” /хх-44-45/,

Шинжээч эмч О.Болороогийн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр өгсөн: “...Н.Бямбадоржийг үзэхэд биед нь ил харагдах гэмтэл шархгүй байсан бөгөөд рентегэн зургийг авахуулахад хамрын таславчийн хуучин цууралт, муруйлт бүхий хуучин өөрчлөлт тогтоогдсон. Хуучин гэдэг нь хамрын ясны хувьд бороолт үүсэх хугацаа 1 сараас дээш байдаг ба энэ 1 сараас дээш хугацааны өмнө үүссэн байх боломжтой...” /хх-49/,

Б.Содхүүгийн сэжигтнээр өгсөн: “...Хөдөлгөөнт эргүүлийн хоёр цагдаа орж ирээд намайг цагдаагийн хэлтэс рүү авч явж шалгана гэхээр нь “наад хүн чинь надаас хэмжээ хязгааргүй мөнгө нэхсэн болохоор машиных нь цонхыг хагалсан” гэж хэлээд  явахгүй гэтэл цагдаа нар намайг гарыг минь ард өчөөд машиндаа суулгаад эрүүлжүүлэх байранд саатуулсан. Дуудлагаар ирсэн цагдаатай ноцолдож байгаад болгоомжгүй мөргөсөн...” /хх-76-77/,

Г.Хүрэлтуяагийн сэжигтнээр өгсөн: “...Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар орж ирээд дуудлагаар ирсэн тухайгаа хэлээд Б.Содхүүг авч явна гэсэн. Б.Содхүү явахгүй гээд эхийнхээ ор луу ороод босохгүй байсан. Цагдаа нар түүний гарыг ард нь дараад гарсан. Би нөхрийгөө явуулахгүй гээд цагдаагийн машины урд гарч зогсоод холдохгүй байсан чинь нэг цагдаа нь бууж ирээд намайг холдуулаад аваад явсан...” /хх-83/ гэх мэдүүлгүүд, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт авто эргүүлд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарьт томилгоо /хх-138-140/, эд зүйлийн үнэлгээ /хх-35/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ. 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс Б.Содхүү, Г.Хүрэлтуяа нарын гэм буруу, тэдний хувийн байдалд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Ялтан Б.Содхүүг бүлэглэн, согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан танхайрсан, төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад хүч хэрэглэн эсэргүүцсэн, ялтан Г.Хүрэлтуяаг ялтай байхдаа бүлэглэн, согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан танхайрсан болох нь нотлогдсон үндэслэлээр Б.Содхүүг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Г.Хүрэлтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

Танхайрах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл хийж, улмаар бусдын бие махбодид халдаж, энэхүү үйлдлээсээ үүсэх хор уршгийг хүсэж үйлдсэн байдаг онцлогтой бөгөөд энэхүү гэмт хэргийн үйлдсэн газар болон орчин нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг шинж болдог ба Б.Содхүү, Г.Хүрэлтуяа нар нь гудамж талбайд согтуурхаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан, олон нийтийг илтэд үл хүндэтгэн, “таксины мөнгө хэтрүүлж нэхлээ” гэх шалтгаанаар Х.Ерэнбаатарыг зодож, түүний 58-80 УНН улсын дугаартай “Toyota Spacio” загварын автомашинд 373.000 төгрөгийн хохирол учруулж догшин авирлаж байгаа үйлдэл нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж буй нийгэмд аюултай үйлдэл юм.

Давж заалдах шатны шүүхэд ялтан Б.Содхүү, Г.Хүрэлтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

Ялтан Б.Содхүү “...хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгөхийг...”, ялтан Г.Хүрэлтуяа “...хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг...” гэсэн агуулга бүхий гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь анхан шатны шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Б.Содхүү, Г.Хүрэлтуяа нарын гэм буруутай үйлдэл, хэргийн нөхцөл байдал, тэдний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн ...оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж болно” хэмээн хуульчилсан байх агаад ялтан Б.Содхүү, Б.Хүрэлтуяа нар нь ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн тул анх удаа хорих ял шийтгүүлсэн хүнд хамаарах дээрх хуулийн заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Б.Содхүү нь Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 55 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 5 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр тэнсэн суллагдсан этгээдийн хянан харгалзах хугацаа нь дуусах байжээ.

Гэвч 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулиар 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнөх үйлдсэн гэмт хэргийн улмаас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаа нь тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснаар өршөөлд хамаарагдаж, харин ялтай байдал нь өршөөлд хамаарагдахгүй бөгөөд ялтан Б.Содхүү ялтай байхдаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж тус шүүх дүгнэв.  

Прокурор яллах дүгнэлтдээ Б.Содхүүгийн ялтай байдлын талаар дүгнэлт хийгээгүй байхад анхан шатны шүүх үүнийг анхаараагүйн зэрэгцээ Улсын бүртгэлийн статистикийн ерөнхий газрын 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн иргэний үнэмлэхийн лавлагаанд Боржигон овогт Ганбатын Хүрэлтуяа /РД:ФБ87061105/ гэсэн байхад /хх-101/ яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд /РД:ПБ87041125/ гэж буруу бичсэнийг тус тус зөвтгөж байна.

Түүнчлэн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа бол түүнийг ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзаж үзэхгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, ялтан Б.Содхүү, Г.Хүрэлтуяа нарт ял оногдуулахдаа гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хэмээн тогтоолын тодорхойлох хэсэгт хууль зүйн буруу дүгнэлт хийсэн, мөн тогтоох хэсэгт тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид байхгүй “ялтай байхдаа, согтуугаар бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээн” гэсэн шинжүүдийг нэмэн зааж, тэднийг гэм буруутайд тооцсон байх боловч энэ нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул цаашид энэхүү алдааг гаргахгүй байхыг анхаарвал зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Содхүү, Г.Хүрэлтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ГАНСҮХ

 

                                    ШҮҮГЧИД                                           Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                                Н.БАТСАЙХАН