Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 694

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Ю” ХХК 

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын татварын улсын байцаагч Ш.Х, П.О 

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч П.О, Ш.Х нарын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 210000008 тоот актаар 648,168,981.00 төгрөгийн зөрчил илрүүлэн 64,816,898.10 төгрөгийн албан татвар ноогдуулж уг татварын дүнгээр төсвөөс буцаан авах татварын дүнг “0” төгрөгөөр баталгаажуулсныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А, Г.Г, Ж.М, хариуцагч Ш.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ю” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Ю” ХХК нь 2011 онд уул уурхай, ашигт малтмал, геологи, геофизикийн судалгаа хийх чиглэлээр үүсгэн байгуулагдаж 2014 онд Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэн татвар тайлангаа цаг хугацаанд нь хуульд нийцүүлэн гаргаж, улсын татвар бүрдүүлэлтэнд тодорхой хувь нэмрээ оруулж буй үндэсний аж ахуйн нэгж болно.

Манай компани 2014 оны 05 дугаар сарын 21-нээс 2016 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд хайгуулын ажилд худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн 648.168.981,00₮-ийн худалдан авалт хийсэн болохоо тайлагнасан бөгөөд худалдан авалтанд төлсөн 64.816.898,10₮-ийг буцаан авах эрхтэй учир нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийнхаа холбогдох хэсэгт тодорхой тусгасан болно. 

Гэтэл Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч П.О, Ш.Х нар нь хяналт шалгалт хийгээд 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 210000008 тоот акт тогтоохдоо төрөөс буцаан олговол зохих 64.816.898,10₮-ийг “0” төгрөгөөр тогтоосон нь “Ю” ХХК-ийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь улс орны эдийн засаг хямарсан ч гэлээ шударгаар татвараа төлж буй аж ахуйн нэгж холбогдох хөнгөлөлт, чөлөөлөлт, суутгах зэрэг хуулиар олгогдсон эрхээ тэгш эдлэх учиртай гэж үзэж байгаа болно. 

Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын туай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцно”,  14.1.1-д “... худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил үйлчилгээнд төлсөн” гэж тус тус заасны дагуу буцаан авах Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөөр 64.816.898,10₮-ийг буцаан авах учиртай бөгөөд энэ бол зөвхөн хуульд заагдсан учир үүнийг хэн нэгэн татварын байцаагч шударга татвар төлөгчид хохиролтойгоор тайлбарлаж бусдыг хохироох учиргүй. Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Татварын алба, улсын байцаагч нь ... татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана” гэсэн хуулиар өргөсөн тангарагтаа үнэнч байж манай буцаан авах ёстой 64.816.898,10 төгрөгийг баталгаажуулахаар байтал “0” төгрөгөөр тооцсон тул энэ актыг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж  татварын улсын байцаагч П.О, Ш.Х нарын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 210000008 тоот актаар 648.168.981,00₮-ийн зөрчил илрүүлэн 64.816.898,10 төгрөгийн албан татвар ногдуулж уг татварын дүнгээр төсвөөс буцаан авах татварын дүнг “0” төгрөгөөр баталгаажуулсан актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Ю” ХХК нь 2011 онд уул уурхай, ашигт малтмал, геологийн судалгаа хийх чиглэлээр үүсгэн байгуулагдсан. 2014 онд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, цаг хугацаанд нь тайлангаа гаргаж, улсын төсөвт хувь нэмэр оруулж байгаа компани юм. 

Тус компани 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хүртэл хугацаанд хайгуулын ажил, худалдан авсан бараа, үйлчилгээнд 650,800,800 төгрөгийн худалдан авалт хийсэн талаар тайлагнасан. Энэхүү худалдан авалтад төлсөн 65,080,080 төгрөгийг буцаан авах эрхтэй гэж үздэг. Улсын төсвийн орлого хяналтын газрын улсын байцаагч нар хяналт шалгалт хийж 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 08 тоот актаар төрөөс буцаан олгуул зохих 65 сая төгрөгийг өгөхгүй гэж үзсэнийг Татварын ерөнхий газраас баталсныг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...улсын төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцно” гэсэн байгаа. Мөн хуулийн 14.1.1-д “...худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” гэж тус тусад нь заасныг татварын байцаагч нар хуулийг буруу тайлбарлаж, буцаан авах эрхгүйгээр 0 төгрөгөөр баталгаажуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болсон. Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар “Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана” гэсэн хуулиар олгосон тангарагтаа үнэнч бусаар хандаж 65 сая төгрөгийг буцаан авах боломжгүй буюу 0 төгрөгөөр баталгаажуулсан уг актыг хүчингүй болгож өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмнөх шүүх хуралдааны үеэр 2006 оноос 2015 оны хооронд хуульд өөрчлөлт орсон эсэх талаар ярихад өөрчлөлт ороогүй гэдэг нь тодорхой болсон. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг олгохгүй гэдэг асуудлыг ярьсан боловч “буцаан олголт олгохгүй” гэсэн акт байхгүй байсан. Гэтэл нэхэмжлэгч талд мэдэгдэхгүйгээр дотооддоо хэлэлцэж гаргасан акт байдаг. Татвар нь хуулийн дагуу явагдахаа больсон байна. татварын байцаагч нар нь хуулийг дагах бус дээд албан тушаалтнаас гаргасан тушаал болон утсаар мэдэгдэж, хоорондоо тохирч үйл ажиллагаагаа явуулж байна. Нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг нь барьцаанд олгосон мөнгө юм. Үүнийгээ буцаан авах эрхтэй. Харин төрд хүүгүйгээр хадгалуулж байгаа мөнгө гэж ойлгож байгаа нь буруу юм. 

Шинээр хууль гарсан асуудал нь 2014 онд болсон. гэтэл шинэ хууль гарсантай холбогдуулан хуулийн этгээдүүдийн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгохгүй гэж яригдсан байдаг. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зохицуулалт гаргах үедээ нэмэгдсэн өртгийн албан татвар буцаан олгох асуудлыг хууль бус аргаар засаж, татварын байцаагчийн эрх мэдлийн асуудал болгосон байгаа юм. Татварын байцаагчийн эрх мэдлийн асуудал гэдэгт уг байцаагчийн бусдад хандах өнгө үзэмжээс хамаарч буцаан олголт хийгдэх эсэх нь асуудал гараад байна.

Нэмэгдсэн өртгийн албан татвар буцаан олгох асуудлын талаар нэхэмжлэгч н.Гончиг татварын байцаагч нартай уулзаж хуульд заасан үндэслэлийг асуухаар хэлдэггүй, дээд албан тушаалтнаас ирсэн тушаал гэдэг. Гэтэл өнөөдөр дээд албан тушаалтны гаргасан актаар иргэн, хуулийн этгээдийг хохироож болохгүй. Бид хуульд заасны дагуу буцаан олголтыг шаардсан болохоос биш Монгол улсын төрийг хохироож авах гэсэн зүйл биш юм. Төрд хадгалуулсан мөнгөө буцаан авах боломжийг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын байцаагч Ш.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг, геологи геофизикийн судалгаа, ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг 5468213 тоот регистртэй “Ю” ХХК-ийн 2014 оны 05 дугаар сарын 21-нээс 2016 оны 10 дугаар сарын 31-ыг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 3/2390 дугаартай албан бичиг, татварын хяналт шалгалт хийх 21161200618 дугаар томилолтын дагуу Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Х, П.О нар нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах шалгалт хийсэн. 

“Ю” ХХК нь үүсгэн байгуулагч 2 этгээдийн нэг нь компанийн гишүүнээс хасагдаж, техник, тоног төхөөрөмж, тавилга эд хогшил, хөдлөх эд хөрөнгө зэрэг балансын хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгө оруулалтыг данснаас хассантай холбоотойгоор 2013 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд 433.000,000 төгрөгийн орлого тайлагнасныг үндэслэж 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн байна. 

Шалгалтаар тус ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд дараахь зөрчил илэрсэн. Үүнд: 

1. 2014 онд суудлын автомашины эд анги, сэлбэг худалдан авахад төлсөн 2.631.819,00 төгрөг 

2. 2014 оны 05 дугаар сарын 21-нээс 2016 оны 10 дугаар сарын 31-ныг дуустал хугацаанд хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн 648.168.981,00 төгрөг нийт 650.800.800,00 төгрөгийн худалдан авалтад төлсөн 65.080.080,00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг, тус албан татварыг ногдуулалт, төлөлтийн тайлангийн “нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил үйлчилгээ” хэсэгт тусгасан байв. 

Энэ нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (2006.06.29)-ийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй, 14.4.1-д “суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг....14.1.Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойш хугацаанд энэ хуулийн 7,8,11 дүгээр зүйлд заасан заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно, 14.1.1-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн, 14.1.2-д худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн..., гэж заасныг болон мөн хууль  (шинэчилсэн найруулга, 2015.07.09)-ийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”..., 14.6.5-д “хайгуулын ажил болон ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд зориулж импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” гэж заасныг тус тус зөрчсөн буюу тус ХХК нь хайгуулын үр дүнг үнэлэн ашиглалт хийгээгүй, тухайн бүтээгдэхүүнийг худалдаагүй, борлуулалт хийгээгүй тул худалдан авалтын хасалтыг тооцохгүй гэж үзэн татварын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 210000008 тоот актаар нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг “0” (тэг) төгрөгөөр баталгаажуулсан юм. 

Татварын улсын байцаагчийн 210000008 тоот акттай холбоотой гомдлыг Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар хянаж үзээд, тус актыг хэвээр баталсан юм” гэжээ.

Хариуцагч П.О, Ш.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Юниверсал ресорсиз” ХХК-д татварын улсын байцаагч 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд шалгалт хийсэн. Уг шалгалтаар 2 зөрчил илэрсэн. Эхнийх нь суудлын авто машинд хамааралтай татвар, хоёр дах зөрчил нь хайгуулийн зөрчил байгаа юм. Нийт 650,800,800 төргөрийн худалдан авалтаас 65,080,080 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг авах боломжгүй гэж акт гаргасан байгаа 

... Хоёр дахь зөрчил болох хайгуулын асуудал дээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2, 14.3 болон Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 дугаар тушаалаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмын 10 дугаар зүйлийн 5.1.1-д тус тус заасныг уялдуулан шинэ хууль гарсан байгаа. Дээрх заалтуудаар хасалт хийхгүй гэж байгаа юм. Хуучин хууль болох 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд дээрх заалтууд тусгагдсан байгаа.

Татварын улсын байцаагч нь хууль хэрэглүүлэгч субъект бөгөөд хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын хайгуулын үйл ажиллагаанд зориулсан худалдан авах гэдэг нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “...үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа” гэдгийг үндэслэх үндэслэлгүй байгаа юм. Учир нь тухайн компанийн эцсийн хэрэглэгч нь өөрөө байдаг. Өөрөө хэлбэл хайгуулын үйл ажиллагааны зардалд хамаарна. Олборлолтын үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар худалдан авалтын буцаалтын авах үндэслэлтэй болж байгаа юм. Тухайн хуулийн этгээд нь хайж байгаа бүтээгдэхүүнээ олж аваад олборлолтын үйл ажиллагаа явуулж, экспортолж байж нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалт хийгдэнэ. Харин хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа зардалд нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт хамаардаггүй юм.

Хайгуултай холбоотой уул уурхайн лиценз, түүнтэй холбоотой заалт нь 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д  “экспортод гаргасан уул уурхайн болон ноос, ноолуурын албан татварыг 0 хувийн хэмжээтэй хэрэглэнэ”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.16-д “энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад уул уурхайн бүтээгдэхүүн”-д нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөж байгааг заасан ба тухайн компанийн хайгуулын үйл ажиллагаатай холбоотой худалдан авалтыг хасч тооцох боломжгүй юм. гэсэн  гэж тус тус заасан байгаа. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн 12.1.7 болон 13.1.16-д Уул уурхайн бүтээгдэхүүний салбарт захиран зарцуулах, борлуулах зэргийг зохицуулсан талаарх заалт байгаа юм. Хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа компани нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлээгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар ноогдуулах борлуулалтын албатай ажиллаагүй байгаа. Энэ тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан “хасалт хийх” эрх зүйн үндэс үүсэхгүй юм. Олборлолт хийгдэж хайж байгаа бүтээгдэхүүнээ олж борлуулалт хийгдсэнээр нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг авдаг. Харин эцсийн хэрэглэгч нь тухайн компани өөрөө байгаа тохиолдолд буцаан олголт хийгдэхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Аж ахуйн нэгж нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу бүртгэлийг хөтлөх ёстой байдаг. Мөн бүртгэлийн дагуу буцаан олголтыг авах боломжгүй байгаа юм. Учир нь уг бүртгэл дээр тухайн хайгуул хийдэг компани яаж бүртгэх талаар тусгасан байдаг. Сангийн сайдын 2011 оны 12 дугаар тушаалаар баталсан Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зардлыг нягтлан бодох бүртгэлд бүртгэх журмын дагуу Стоус 6-д “Ашигт малтмалын нөөцийн хайгуул, үнэлгээ"-д нийцүүлэн хайгуулын зардлыг бүртгэнэ гэж заасан байгаа” гэжээ.

Хариуцагч Ш.Хашхүү шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоол дээр Х.Алтанхүүгийн ярьсан зүйл дэлгэрэнгүй тусгагдсан байгаа” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч “Юниверсал Ресорсиз” нь “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын татварын улсын байцаагч П.Отгонсүрэн, Ш.Хашхүү нарын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 210000008 тоот актаар 648.168.981.00 төгрөгийн зөрчил илрүүлэн 64.816.898.00 төгрөгийн албан татвар ноогдуулж, уг татварын дүнгээр төсвөөс буцаан авах татварын дүнг “0” төгрөгөөр баталгаажуулсаныг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд “210000008 тоот актын 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших худалдан авалтад ногдох 847.669 төгрөг, мөн авто машины сэлбэг, хэрэгсэл худалдаж авсан 263.181 төгрөг нийт 1.110.850 төгрөгийг зөвшөөрч байна буюу уг актын энэхүү 1.110.850 төгрөгт холбогдох хэсэгт маргахгүй гэж” нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Юниверсал Ресорсиз” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, ашигт малтмалын хайгуулын ажилд зориулан бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэж тайлбарладаг ба энэ асуудлаар талууд маргаагүй болно.  

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн  14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, 14.1.2-т “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” гэж тус тус заасан байна.

Харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”, 14.6.5-д “хайгуулын ажил болон ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд зориулж импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” гэж хуульчилсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг” гэж заасан байна.

Дээрхээс үзвэл хайгуулын үйл ажиллагаа гэдэг нь нэмүү өртгийг өөртөө шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахад чиглэгдсэн үйлдвэрлэл, эсхүл хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээ биш бөгөөд хайгуулын үйл ажиллагаа эрхлэгч нь тухайн үйл ажиллагаандаа зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнийхээ хувьд эцсийн хэрэглэгч юм.

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2 дахь заалтууд нь эцсийн хэрэглэгчид хамааралгүй, харин нэмүү өртөг шингээсэн бараа үйлдвэрлэгч, дамжуулан худалдагч буюу борлуулагч, ажил, үйлчилгээ эрхлэгчид хамааралтай заалт юм.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч “Юниверсал Ресорсиз” ХХК нь хайгуулын үйл ажиллагааны үр дүнд нэмүү өртөг шингээсэн татвар ногдох бараа бусдад борлуулаагүй, ажил, үйлчилгээг эрхлээгүй тул хайгуулын үйл ажиллагааны зорилгоор худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-ийн дагуу хасалт хийлгүүлэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Харин хайгуулын үйл ажиллагаанд хамааралгүй бусад татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээний худалдан авалт болон бусдад борлуулах зорилгоор авсан бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг уг заалтуудын дагуу хасуулах эрхтэй. 

Үүнээс дүгнэвэл: хэрэв хайгуулын үйл ажиллагаа эрхлэгч нь үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн ашиглалтын үйл ажиллагаа эрхлэгч болбол үйлдвэрлэгч буюу “борлуулагч” болно. Гэхдээ ашиглалтын үйл ажиллагааны үр дүнд гарах уул уурхайн бүтээгдэхүүн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/  хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.16-д заасан “уул уурхайн бүтээгдэхүүн” учир татвараас чөлөөлөгдөнө, эсхүл 12 дугаар зүйлийн 12.1.7-д зааснаар татваргүй /тэг хувьтай тэнцүү/ байх тул уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.3-ийн дагуу татварын хасалт хийгдэхгүй.

Иймд Татварын ерөнхий газрын улсын байцаагч П.Отгонсүрэн, Ш.Хашхүү нарын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 210000008 тоот акт  хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмчлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.11-д “Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх буюу хасалт хийлгэх эрхтэй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дэх заалт нь ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэгчид хамааралгүй ба харин нэмүү өртөг шингээсэн бараа үйлдвэрлэгч, ажил, үйлчилгээ эрхлэгчид хамааралтай зохицуулалт юм.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “...татварын улсын байцаагч нь татвар төлөгчдөд тэгш үйлчлэх ёстой, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй, хуулийн этгээд бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй тул тэгш хандах ёстой, бусад аж ахуйн нэгжид татварын хасалтыг хийсэн атлаа манай компанид татварын хасалт хийхгүй байгаа нь тэгш эрхийн зарчимд нийцэхгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд татварын улсын байцаагчийн хууль буруу хэрэглэсэн асуудал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй юм. 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Юниверсал Ресорсиз” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-д заасныг тус тус баримтлан “...Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч П.О, Ш.Х нарын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 210000008 тоот актаар 648,168,981.00 төгрөгийн зөрчил илрүүлэн 64,816,898.10 төгрөгийн албан татвар ноогдуулж уг татварын дүнгээр төсвөөс буцаан авах татварын дүнг “0” төгрөгөөр баталгаажуулсныг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.БАТЗОРИГ