Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00038

 

Б.Ө-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01457 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1999 дүгээр магадлалтай,

Б.Ө-ийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын шинжлэх ухааны академийн харьяа Философийн хүрээлэнд холбогдох,

ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Ариунаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Монгол Улсын шинжлэх ухааны академийн харьяа Нийгэм, эдийн засгийн судалгааны төвийн захирлын 2007 оны 05 сарын 16-ны өдөр №06 тоот тушаалаар Түүх хэл шинжлэлийн секторт эрдэм шинжилгээний дэд ажилтнаар томилогдсон. Уг ажилд томилогдсоноос хойш тасралтгүй 10 орчим жил тогтвор сууршил, үр бүтээлтэй ажилласан юм. Гэтэл Философийн хүрээлэнгийн захирлын 2017 оны 03 сарын 15-ны өдрийн №15 тоот тушаалаар  2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ийнхүү ажлаас чөлөөлөхдөө Япон улсын иргэн Токо Фужимотогийн гаргасан гэх үндэслэлгүй, нэг талыг барьсан, хувийн гомдлыг шалгахгүйгээр шууд түүнийг үндэслэж, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж ёс зүйн алдаа гаргасан гэж ажлын байрыг нь булааж авахын тулд ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж байна. Тодруулбал, уг тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан асуудал байхгүй, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээ анхнаасаа байгуулаагүй, мөнгө болон эд хөрөнгө итгэмжлэн хариуцагч биш бөгөөд энэ талаар гэрээ байхгүй, үүнтэй холбоотой үйлдэл эс үйлдэл тогтоогдоогүй тул хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд ШУА-ийн харьяа Философийн Хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь Нийгэм эдийн засгийн судалгааны төвийн Ойрад казак судлалын секторын эрдэм шинжилгээний дэд ажилтны ажилд  эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ШУА-ийн харьяа Философийн хүрээлэнд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол Улсын шинжлэх ухааны академийн харьяа Философийн хүрээлэн шүүхэд гаргасан тайлбартаа:  ШУА-д Японы хүмүүнлэгийн ухааны үндэсний хүрээлэнгийн этнологийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Токо Фужимота 2011 оны 9-р сард хүсэлт гаргаж, ШУА-ийн Ерөнхийлөгчтэй биечлэн уулзаж улмаар ШУА-ийн Ерөнхийлөгч 2011 оны 9-р сарын 12-ны өдөр ШУА-ийн Баян-өлгий аймаг дахь Нийгэм, эдийн засгийн судалгааны төв судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх хамтран ажиллах үүрэг өгсөн. Тэгээд 9-р сарын 15-29-ны хооронд Баян-өлгий аймагт Шашин, казак иргэдийн шилжилт суурьшилт, Монгол ба Казакстанд амьдарч буй казак иргэдийн зан үйлийн уламжлалын харьцуулалт, социализмын дараах нийгмийн өөрчлөлт чиглэлээр хамтран хээрийн судалгаа хийхээр болсон. Энэ үед ШУА-ийн Баян-өлгий аймаг дахь Нийгэм, эдийн засгийн судалгааны төвийн эрхлэгч Г.Золбаяр эрдэм шинжилгээний ажилтан Б.Ө-т хамтран ажиллах үүрэг даалгавар өгч ажиллуулсан. Гэвч судалгааны явцад Б.Ө- нь Токо Фужимотаг эзгүй зэлүүд хөдөө газар зүй бусаар авирлан доромжилж хүчирхийлэх, айлгаж дарамтлах, хууль бусаар мөнгө авах зэргээр ёс суртахууны зөрчил гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, БСШУ-ны сайдын 2007 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 454 тоот тушаалын хавсралт Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн ерөнхий дүрэм-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дах заалтыг тус тус зөрчиж, ёс зүйн ноцтой үйлдэл хийсэн асуудлаар Токо Фужимота Улсын прокурорын газар, ШУА-ийн удирдлагад 2013, 2017 онд 2 удаа хандсан. Японы иргэн Токо Фужимота мөн 2011 онд Япон улсын элчин сайдын яаманд хандаж зөвлөгөө аваад 2016 онд Баян-өлгий аймгийн Цагдаагийн газар болон Прокурорын газарт гомдол гаргаж хандсан байдаг. ШУА-ийн Баян-өлгий аймаг дахь Нийгэм, эдийн засгийн судалгааны төвийн захирлын 2013 оны 3-р сарын 29-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 08 дугаар тушаалаар эрдэм шинжилгээний ажилтан Б.Ө-т үндсэн цалинг 2 сар 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авсан. Монгол Улсын ШУА, түүний эрдэмтдийн нэр хүндийг ноцтой унагасан, цаашилбал 2 орны харилцаанд ч сөрөг нөлөө үзүүлж болохуйц энэ зохисгүй үйлдэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Б.Ө-т хууль журмын дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд зохих хариуцлага тооцож хариу мэдэгдэхийг ШУА буюу удирдах дээд байгууллагаас үүрэг болгосны дагуу ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирлын тушаалаар Б.Ө- хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ёс зүйн ноцтой зөрчлийн асуудалд орсон, хууль тогтоомжийг зөрчсөн тул сахилгын арга хэмжээг шат дараалан авч, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Иймээс нэхэмжлэгч Б.Ө-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01457 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Ө-ийг Монгол Улсын Шинжлэх Ухаан Академийн харьяа Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь нийгэм эдийн засаг судалгааны төвийн Ойрад казак судлалын секторын эрдэм шинжилгээний дэд ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Монгол Улсын шинжлэх ухааны академийн харьяа Философийн хүрээлэнгээс 3.185.008,75 төгрөгийг гаргуулж Б.Ө-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.Ө-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Монгол Улсын шинжлэх ухаан академийн харьяа Философийн хүрээлэнгийн удирдлагад үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчдийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 65.910.14 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1999 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01457 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Шинжлэх ухааны академийн харьяа Философийн хүрээлэн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Ариунаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06-р сарьга 30-ны өдрийн 182/ШШ2017/01457 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9-р сарын 6-ны өдрийн 1999 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Б.Ө- Япон улсын иргэн Токо Фужимотог эзгүй зэлүүд хөдөө газар зүй бусаар авирлан доромжилж хүчирхийлэх, айлгаж дарамтлах, хууль бусаар мөнгө авах зэргээр ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тул ШУА-ийн Философийн хүрээлэнгийн 2017 оны 3-р сарын 15-ны өдрийн 15 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй. Б.Ө-ийн гаргасан ёс зүйн ноцтой зөрчлийг шалган тогтоосон ажиллагаа явуулсан болон зөрчлийг тогтоосон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүгч үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2 дахь хэсгийг зөрчсөн. 2013 оны 3-р сарын 29-ны өдрийн 08 дугаар тушаалаар эрдэм шинжилгээний ажилтан Б.Ө-т үндсэн цалинг 2 сар 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авсан. Япон улсын иргэн Токо Фужимотогийн удаа дараа гаргасан гомдлыг холбогдох байгууллагаар шалгуулсны үндсэн дээр болон Б.Ө- хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ёс зүйн ноцтой зөрчил гаргаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тул сахилгын арга хэмжээг шат дараалан авч, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч Б. Өмирбек ажлаас чөлөөлөгдөөд 2017 оны 3-р сарын цалин 297.379 төгрөг болон 2017 оны ээлжийн амралтын мөнгө болох 619.750 төгрөг нийт 917.129 төгрөгийг хүлээж авсан байхад түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 3.185.008,75 төгрөгийг ШУА-ийн Философийн хүрээлэн төлөх хуульд нийцээгүй шийдвэр гаргаж, хуулийг буруу хэрэглэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, 128 дугаар зүйлийн 128.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт нийцээгүй хууль зөрчиж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг зөрчиж, холбогдох хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэхдээ УДШ-ийн 2006 оны 7-р сарын 3-ны өдрийн 33-р тогтоолын 15 дугаар зүйлийн 15.4.2 дахь заалтын тайлбарыг харгалзан үзээгүй нь шүүх хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудыг үнэлээгүй холбогдох бусад хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй, хэргийг харьяаллын бус шүүхээр шийдвэрлэж, шүүхийн шийдвэр үндэслэл муутай, хууль зөрчиж, хуульд нийцээгүй, хууль бус шийдвэр гаргасан байх тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6-р сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01457 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9-р сарын 6-ны өдрийн 1999 дүгээр магадлалыг бүхэлд нь тус тус хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Б.Ө- нь хариуцагч ШУА-ийн харьяа Философийн хүрээлэнд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлага гаргахдаа ажлаас үндэслэлгүй халагдсан гэжээ.  Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Философийн хүрээлэнгийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 15-ний өдөр 15 тоот тушаалаар Б.Ө-ийг Баян-Өлгий аймаг дах Нийгэм эдийн засгийн судалгааны төвийн Ойрад казак судлалын секторын эрдэм шинжилгээний дэд ажилтны үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5 дах заалтыг баримталж, “гадаадын иргэнтэй харьцахдаа ёс зүйн зөрчил гаргасан” гэх үндэслэлийг заажээ.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй хэдий ч ажилтны гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч татгалзлаа нотолж чадаагүй байна.

Б.Ө-ийн гаргасан гэх зөрчил баримтаар тогтоогдоогүй талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ тухайгаа шийдвэр, магадлалд тодорхой тусган, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны олговорт 3.185.008 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т нийцжээ. 

Давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсэгт анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийн огноог буруу бичсэн байх тул энэ үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1999 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...2017 оны 8 дугаар сарын 30-ны...” гэснийг “...2017 оны 6 дугаар сарын 30-ны...” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                      ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ