Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/00090

 

Б.Ды нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01810 дугаар шийдвэр,

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2017/02081 дүгээр магадлалтай,

           Нэхэмжлэгч: Б.Д

           Хариуцагч: “ӨБ” ХХК-д холбогдох

      Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М гаргасан гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д, түүний өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д, хариуцагчийн өмгөөлөгч Н.Н, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

           Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2015-02-28-ны өдрийн 145 дугаар тушаалаар жолоочийн ажилд орсон бөгөөд “хулгай хийсэн” гэж  2017-01-19-ний өдрөөс ажил үүрэг гүйцэтгүүлээгүй тул нэхэмжлэл гаргаж байна. 2015-09-28-ны өдөр туршилтын хугацаагаар ажилд томилсон боловч нийгмийн даатгалын дэвтэрт 2015-08-28-р тэмдэглэсэн, 2015-12-28-ны өдөр жинхэлсэн ч 2015-02-28-ны өдөр ажилд орсон гэх байдлаас үзвэл  хөдөлмөрийн  харилцаа үүссэн нь харагддаг. 2017-01-29-ний өдөр 6 хайрцаг “вафли” печень хулгайлсан гэж буруутгаж ажлаас халсан. Сахилгын зөрчлийг илрүүлж тогтоох үүрэг байгууллагад байдаг. Гэтэл Б.Даас тайлбар аваагүй, энэ талаар огт мэдэхгүй бусад хүмүүсээс мэдүүлэг авч түүнийг цагдаагийн байгууллагад шалгуулсан. Нарантуул захын унаанд 6 хайрцаг вафли печени хүргээд өгөөч гэсэн хүний гуйлтаар машиндаа ачсан. Эдгээр 6 хайрцаг вафли үйлдвэрээс алдагдах боломжгүй. Нярав, тоологч, харуул хамгаалалтын ажилтнууд ажилладаг. 2017-04-11-ний өдрийн  тушаалд зөрчлийг шалган тогтоогоогүй. Зөрчлийг 2017-01-29-ний өдөр илрүүлсэн ч  2017-04-11-ний өдөр халсан. Гарсан тушаалуудаа танилцуулаагүй. “ӨБ” ХХК нь 2017-03-31-ний өдөр гомдол гаргаж цагдаагийн байгууллага Б.Даас тайлбар авсан. Ийнхүү зөрчлийг гаргасан тэмдэглэлдээ Сэлэнгэ,Мөнхбат,Өлзийбадрах нарын тайлбараар Б.Д зөрчил гаргасан нь тогтоогдож байна гэх боловч хөдөлмөрийн  харилцаанд ажил олгогч болон ажилтан тэгш бус харьцаанд байдаг. Б.Ды гаргасан зөрчлийг 2, 3 хүний тайлбараар тогтоосон нь  үндэслэлгүй. Иймд Б.Дыг жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 01 дүгээр сард ажлын 8 хоног, 02 дугаар сард 20 хоног, 3 дугаар сард 23 хоног, 4 дүгээр сард 20 хоног, 5 дугаар сард 23 хоног, 6 дугаар сард 14 хоног, нийт 2017-01-19-ний өдрөөс 108 хоногийн олговорт 4.003.880 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Дыг захирлын 2015-09-28-ны өдрийн 145 дугаар тушаалаар туршилтын хугацаагаар жолоочоор ажиллуулж байгаад 2015-12-28-ны өдрийн 202 дугаар тушаалаар жинхэлсэн. 2017-01-29-ний өдөр Ням гаригт 12.00 орчим тус компанийн харуулын ахлах О.Мөнхбат руу дугаараа нууцалсан эмэгтэй “Үйлдвэрийн урд байгаа 02-50 УНЧ улсын дугаартай борлуулалтын машины ачсан барааг шалгана уу жолооч нь хулгай хийчихлээ” гэж ярьсан. Шалгахад жолооч Б.Ды машинд 2 хайрцаг “вафли” печень падаан дээр бичигдсэн байхад 8 хайрцаг байсан. Илүү 6 хайрцаг нь 2017-02-01-ний огноотой буюу  буруу дарагдсан, чанарын гологдол бараанд тушаах гэж байсныг авсан байсан. Энэ  талаар лавлахад “менежер н.Буянжаргалын вафли юм, дөнгөж сая гадаах контейнероос авсан” гэж тайлбарласан. Тэр даруй н.Буянжаргалаас асуухад “надад ямар ч вафли байхгүй. Би Б.Даар вафли ачуулаагүй” гэсэн. Харуулын ахлах О.Мөнхбат Б.Ды талаар хариуцсан албаны дарга Ч.Өлзийбадрахад мэдэгдэн үргэлжлүүлэн шалгасан. Ч.Өлзийбадрахад  тайлбарлахдаа “би өчигдөр ТБД Андуудын тэндээс өөрийнхөө эгчээс эдгээр вафлийг авсан, эгч намайг хөдөө явуулаарай гэж хэлээд барс 2 захаас авчирч өгсөн. Манай жолооч н.Батбаатар энэ талаар мэднэ. Бид хоёр хамт явж миний хувийн машинаар авсан. Тэгээд сая хувийн машинаас тэр 6 хайрцаг вафлийг зөөж ажлын машинд ачсан. Үүнийг жолооч н.Баярхүү, н.Санзай хоёр харсан" гэж тайлбарласан. Иймд жолооч н.Батбаатар, н.Санзай нараас тодруулан асуухад  “..дарга асуувал намайг хамт яваад эгчээс нь вафли авсан гээд хэлээд өгөөрэй гээд гуйгаад байсан..”.,  “...вафли зөөж байхыг харсан гээд хэлээд өгөөрэй гэж гуйгаад байсан..”  гэж тэд хэлсэн.  Хяналтын камер шалгахад өөрийн машинаасаа ямар нэг эд зүйл, вафли зөөж албаны машинд ачсан хөдөлгөөн байгаагүй. Иймд Ч.Өлзийбадрах “хулгай хийгээгүй бол бид цагдаагийн байгууллагаар шалгуулъя, үнэнээ хэлвэл чи хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдөж болно. Ингэвэл чамд дараагийн байгууллагад ажилд ороход чинь ч хэрэгтэй” гэхэд Б.Д нь “би өөрийн хүсэлтээрээ гарна” гэж хэлсэн.  “...Даваа гаригт ирж тооцоо хийгээд хүний нөөцийн  ажилтантай уулзаарай...” гээд явуулсан. Түүнээс хойш Б.Дыг дуудуулахад ямар нэг тооцоо нийлж, тойрох хуудас зуруулж шийдвэрлүүлээгүй.  Б.Д хулгай хийсэн нь  нотлогддог. Мөн Б.Ды үйлдлийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулахад хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч хохирлын хэмжээ хүрэхгүй гэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Иймд  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01810 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Дыг “ӨБ” ХХК-ийн маркетингийн албаны борлуулалтын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ӨБ” ХХК-иас  2017-01-29-ны өдрөөс  2017-06-20-ны өдөр хүртэл хугацааны  олговорт 3 831 534,5 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан олговороос шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад төлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт  нөхөн бичилт зөвтгөн хийхийг хариуцагчид үүрэг болгож,нэхэмжлэгч  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас  нийт 146 455 төгрөг гаргуулж улсын  орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр  сарын 18-ны өдрийн 210/МА2017/02081 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01810 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч “ӨБ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Ды нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: “... Шүүхээс  хариуцагчийн 2017-02- 24-ний өдрийн Б/53 дугаар тушаал нь 2017-01-29-ний өдөр Б.Ды гаргасан зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаанд багтаж байна гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч 2017-01-29-ний өдөр  хулгай хийсэн  зөрчил гаргасан гэж үзэж 2017-02- 24-ний өдөр Б/53 дугаар тушаалаар ажлаас  шийтгэл ногдуулсан.  Зөрчил баримтаар тогтоогдсон байх ёстой атал Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэрийг үндэслэсэнд гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Б.Д 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “ӨБ” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, маркетингийн албаны борлуулалтын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт  нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага тавьсан байна. 

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх  хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.    

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяагийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

       1. “ӨБ” ХХК-ийн Ерөнхий захирал 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Б/53 дугаар тушаал /хх 19/ гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, дотоод журмын 5.3.4, 5.5В, хөдөлмөрийн гэрээний 6.3.7, 6.5.В-г үндэслэн  “...агуулахаас 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр  6 хайрцаг өрмөнцөртэй жигнэмэг /вафли печень/ хулгай хийсэн...” гэж Б.Дыг маркетингийн албаны борлуулалтын жолоочийн ажлаас халжээ. Үүний дараа ажил олгогч 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Б/53/1 дугаар тушаал гаргаж “...Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4.9., 5.5в, дотоод журмын 5.4.9, 5.5.в-г баримтлан “... 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 6 хайрцаг өрмөнцөртэй жигнэмэг /вафли печень/ хулгай хийсэн нь ...тогтоогдсон... ажил тасалсан ...” гэсэн үндэслэлээр 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон Б.Дыг ажлаас нь халж, өмнөх 2017 оны Б/53 дугаар тушаалаа “алдаатай гарсан...” гэж хүчингүй болгожээ.

       Б/53/1 дүгээр тушаал Б/53-р тушаалыг хүчингүй болгосон буюу залруулсан агуулгатай  байх тул ажил олгогч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хоёр тушаал гаргасан нөхцөл байдал магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэв.

       Хэрэгт авагдсан баримт, тушаалуудын агуулга, зохигчдын тайлбараас үзвэл ажил олгогч нэхэмжлэгчийг “... 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 6 хайрцаг өрмөнцөртэй жигнэмгийг зөвшөөрөлгүй авсан ...”  гэсэн үндэслэлээр ажлаас нь халсан байна.    

       2. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...Б.Д 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 6 хайрцаг өрмөнцөртэй жигнэмгийг зөвшөөрөлгүй авсан ...”  гэж мэтгэлцсэн, үүнийг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж чадаагүй тул хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.    

      Нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа хариуцагч нотолсон, эдгээрийг /хх 37-39/  нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй, үзлэг хийлгэх, гэрч асуулгах зэрэг хүсэлтийг зохигчдын хэн аль нь гаргаагүй тул хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.   

       Хэргийн баримтаар Б.Д нь 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ӨБ ХХК-ийн үйлдвэрээс 6 хайрцаг өрмөнцөртэй жигнэмэг зөвшөөрөлгүй авсан нь тогтоогдож байна.

       Ажил олгогч  өөрийн эрх  хэмжээний хүрээнд ажилтны гаргасан зөрчлийг тогтоосон байх тул зөрчлийг эрх бүхий байгууллагаар дахин шалгуулсан /хх 22/ үйл баримт  нэхэмжлэгчийн гомдлыг хангах нөхцөл болохгүй.    

       3. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6.5.в-д заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан, 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй нь тогтоогдсон байх тул ажил олгогч ажилтныг халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

      Иймд Б.Ды нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2017/02081 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Мөнхтуяагийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ