Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2024/ХШТ/86

 

                                       Б.М, Б.Г нарт холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Э.Оргил, шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар магадлалтай, Б.М, Б.Г нарт холбогдох 2317000000070 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлээр 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.М, 1984 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 40 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, **** жижүүр ажилтай, ам бүл 4, эхнэр 3 хүүхдийн хамт **** дүүргийн **** дугаар хороо **** дугаар байр, **** тоотод оршин суух, РД: ****

Б.Г, 1984 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт **** аймаг **** сумын **** дүгээр баг, **** гэх газар оршин суух хаягтай, РД: ****,

урьд Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ДШМ/32 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ХМШЭ/44 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 7 сар 5 хоногийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоосон.

Шүүгдэгч Б.М нь **** аймаг дахь ****-өөр ажиллаж байх хугацаандаа хорих ангид хорих ял эдэлж байсан буюу малын хэсэг дээр хөдөлмөрлөж байсан хоригдол Б.Г-ын ашиг сонирхлын үүднээс түүнтэй хувийн харилцаа тогтоож, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр албан бусаар ганцаарчлан уулзаж, хорих ангийн тухайн өдрийн “Арга зүйн зөвлөл”-ийн хуралдаанд санал өгөх эрхтэй гишүүний хувьд өөрийг нь хугацааны өмнө тэнсэн суллахыг дэмжсэн санал өгнө хэмээн 15 цаг 18 минутад өөрийн хадам аав Д.Э-ын Хаан банк дахь **** дугаарын дансаар дамжуулан 3,000,000 төгрөгийг хахуульд авч, улмаар 16 цаг 00 минутад “Арга зүйн зөвлөл”-ийн 8 дугаар хуралд биечлэн оролцож Б.Г-ыг хугацааны өмнө суллахыг дэмжсэн санал өгсөн,

шүүгдэгч Б.Г нь хугацааны өмнө суллагдахаар буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ***-өөр ажиллаж байсан Б.М-ыг хорих ангийн “Арга зүйн зөвлөл”-ийн санал өгөх эрхтэй гишүүнийх нь хувьд хувийн харилцаа үүсгэж, өөрийгөө дэмжүүлэхийн тулд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.Ц-ны Хаан банк дахь **** дугаарын дансаар дамжуулан Б.М-ын хадам аав Ж.Э-ын Хаан банк дахь **** дугаарын данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч хахууль өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх ялаас эдлээгүй үлдсэн 7 /долоо/ сар 5 /тав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтэн нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Б.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 /нэг/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс, шүүгдэгч Б.Г-д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тус тус тоолж, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу 3,000,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэж, тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Б.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, түүнийг албан тушаалын байдлаа ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг “шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ялыг гурван жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай” гэж, тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж, тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хасаж, “7, 8, 9, 10 дугаар заалтуудыг “6, 7, 8, 9” болгон тус тус өөрчилж, шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Э.Оргилын давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэцэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын цагдан хоригдсон 34 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 510,000 төгрөгөөр тооцож, 10,000,000 төгрөгийн торгох ялаа хасаж, торгох ялыг хэмжээг 9,490,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Б.Г нь давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл 33 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Прокурор Т.Түмэнжаргал хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, нөгөө тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдлээ хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй хээл хахууль авснаар бүрдэл төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан эсхүл авсан үйлдлээр илэрдэг. Мөн албан тушаалтан нь хувийн болон хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хууль бусаар ашиглаж байгаагаа ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн шууд санаатай шунахайн зорилготой хэрэг юм.

Харин хахууль өгөгч нь өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалтанд албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холоогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг тэдгээрийн өмчлөх эрхийг шилжүүлсэн... өөрөөр хэлбэл албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолд нийцсэн ашигтай зүйл хийсэн байхыг ойлгодог. Шүүгдэгч Б.М нь хахууль авсан, шүүгдэгч Б.Г нь хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хаан банкны харилцан дансанд үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад холбогдох нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Б.М нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/1614 дугаартай тушаалаар **** аймаг дахь ****-өөр ажиллаж байх хугацаандаа тус хорих ангид хорих ял эдэлж байсан буюу малын хэсэг дээр хөдөлмөрлөж байсан хоригдол Б.Г-ын ашиг сонирхлын үүднээс түүнтэй хувийн харилцаа тогтоож, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр албан бусаар ганцаарчлан уулзаж, хорих ангийн тухайн өдрийн “Арга зүйн зөвлөл”-ийн: хуралдаанд санал өгөх эрхтэй гишүүний хувьд өөрийг нь хугацааны өмнө тэнсэн суллахыг дэмжсэн санал өгнө хэмээн 15 цаг 18 минутад өөрийн хадам аав Д.Э-ын Хаан банк дахь **** дугаарын дансаар дамжуулан 3,000,000 төгрөгийг хахуульд авч, улмаар 16 цаг 00 минутад “Арга зүйн зөвлөл”-ийн 8 дугаар хуралд биечлэн оролцож Б.Г-ыг хугацааны өмнө суллахыг дэмжсэн санал өгсөн.

Шүүгдэгч Б.Г нь хугацааны өмнө суллагдахаар буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус ангийн ****-өөр ажиллаж байсан Б.М-ыг хорих ангийн “Арга зүйн зөвлөл”-ийн санал өгөх эрхтэй гишүүнийх нь хувьд хувийн харилцаа үүсгэж, өөрийгөө дэмжүүлэхийн тулд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.Ц-ны Хаан банкин дахь **** дугаарын дансаар дамжуулан Б.М-ын хадам аав Д.Э-ын Хаан банкин дахь **** дугаарын данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, зөрүүтэй байдлаар хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь албан тушаалтан нь ажил үүргийн хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан аливаа үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх үйлдлийг залилан гэж үзвэл хэн нэгэн этгээд энэ гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч байх ёстой, гэтэл дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээд байхгүй бөгөөд шүүгдэгч Б.Г нь нэг ч гэсэн хоног хугацааны өмнө хорих байгууллагаас суллагдахаар буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ****-өөр ажиллаж байсан Б.М-ыг хорих ангийн “Арга зүйн зөвлөл”-ийн санал өгөх эрхтэй гишүүнийх нь хувьд хувийн харилцаа үүсгэж, өөрийгөө дэмжүүлэхийн тулд иргэн Б.Ц-ны Хаан банкин дахь **** дугаарын дансаар дамжуулан Д.Э-ын Хаан банкин дахь **** дугаарын данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн ба шүүгдэгч Б.М-ын хоригдогч Б.Г-аас 3,000,000 төгрөг авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.М нь ****-өөр ажиллаж байхдаа албаны эрх, үүргээ ашиглан хорих ял эдэлж байсан Б.Г-тай хэд хэдэн удаа биечлэн уулзаж хахууль авч, хугацаанаас өмнө тэнсэн суллаж чадна гэдгийг урьдчилан амласны дараа хорих ангийн арга зүйн зөвлөлийн гишүүнээр хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Г-ыг хугацаанаас өмнө тэнсэн суллах хянан тогтооход тэнцсэн санал өгсөн, тэр өдөр хахуулын мөнгийг авсан хэргийн үйл баримт нотлогдсон байна. Энэ тохиолдолд урьдчилж тохиролцсон үр дүнд хожим бодитой хүрсэн, эс хүрснээс шалтгаалж урьдчилан амлаж хээл хахууль авсан нь хахууль авах гэмт хэрэгт тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэвлэлийн газрын даргын 2017 оны А/165 тоот тушаалаар батлагдсан арга зүйн зөвлөлийн дүрмийн 4.2-т зөвлөлийн гишүүн санал хураалтад оролцохдоо хараат бусаар шийдвэр гаргахгүй, аливаа нөлөөнд автаж болохгүй, 4.3-т гишүүн шийдвэрээ гаргахад сонирхлын зөрчил үүсгээд байвал арга зүйн зөвлөлийн даргад танилцуулж шийдвэр гаргах санал хуралтаад оролцохгүй гэж тус тус заасан. Гэтэл шүүгдэгч Б.М нь албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд биш харин арга зүйн зөвлөлийн гишүүний хувьд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хуралдаанд оролцохоос татгалзах албан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хахууль авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Г нь хорих ангиас хугацаанаас өмнө тэнсэн суллаж хяналт тогтоолгох явцад ****-д урьдчилан хандаж санал болгосны дагуу өөрөө албан тушаалын байдалд холбогдуулан мөнгийг өгсөн нь батлагдсан тул түүнийг ашиг сонирхол, хүсэл зорилго тодорхой байсныг хуульчилсан байна.

Залилах гэмт хэргийн хохирогч нь бусдад эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгснөөс гадна өөрийнх ньх үсэл зорилго зорилго нь хууль ёсны байж, хууртагдаж, төөрөгдөлд орсноор Эрүүгийн хуулиар хамгаалагдах ёстой. Энэ нь хожим хахууль авагч, өгөгч нарын хүссэн үр дүн бий болоогүй, гэмт хэргийн шинжид нөлөөлөөгүй, хэргийн зүйлчлэлийн үндэслэлийг өөрчлөх үндэслэл болохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Э.Оргил шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд энэ гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг мөрдөн шалгах ажиллагаанаас бүрэн дүүрэн бодит байдлаар тогтоож чадаагүй. Энэ хэргийн сэдэлт, санаа зорилгыг бүрэн дүүрэн тогтоолгох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналт тавих явцад шат шатны прокурорын байгууллагад өмгөөлөгчийн зүгээс гэрч н.Б гэх хүнээс мэдүүлэг авхуулъя гэсэн хүсэлтүүдийг удаа дараа гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Прокурорын яллах дүгнэлт болон эсэргүүцэлд дурдсанчлан Б.М нь мэргэжил арга зүйн зөвлөлийн хурлын гишүүний хувьд тухайн зөвлөлийн хуралд Б.Г-ыг хугацаанаас өмнө тэнсэн суллуулах санал өгнө үү хэмээн 3,000,000 төгрөгийг авсан гэж дүгнэсэн байдаг. Гэвч хэрэгт түүнийг тогтоосон ямар ч нотлох баримт байхгүй. Түүнийг ямар учраас дүгнэсэн тухай хоёр шатны шүүх хуралдаанд прокуророос тодруулахад прокурорын өөрийн хууль зүйн дүгнэлт гэж тайлбарлаад байдаг. Тухайн хууль зүйн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлах шаардлагатай байтал ямар ч баримтгүйгээр төсөөллөөр дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Б.М нь өөрөө албан чиг үүргийнхээ хувьд тухайн хоригдлыг тэнсэн суллах шийдвэр гаргах албан тушаалтан биш. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар тухайн хорих ангийн дарга нь санал гаргаж, тухайн саналыг үндэслээд прокурор дүгнэлт үйлдэж, дүгнэлтийн дагуу шүүх эцэслэн шийдвэрлэдэг. Мэргэжил арга зүйн журамд ямар, ямар албан тушаалтан мэргэжил арга зүйн зөвлөлийн гишүүн байх талаар тодорхой бичсэн байгаа. Тус журмынхаа дагуу Б.М-ын санал өгөх эрхтэй гэж үзвэл тухайн саналыг бусад гишүүд эсрэг санал өгвөл түүнийг Б.М-ын саналаар шийдэгдэхгүй. Тухайн мэргэжил арга зүйн ажиллагааны зөвлөлийн дарга буюу хорих ангийн дарга нь өөрөө шийдвэр гаргах зохицуулалтай журам байж байгаа. Мэргэжил арга зүйн зөвлөлийн хуралд “дэмжсэн саналаа өгнө хэмээн” гэж яллах дүгнэлтэд дурдагдаад байгаа. Хэрвээ Б.М үнэхээр санал өгнө гэж хэлж байсан бол энэ нөхцөл байдлыг тодруулах зорилгоор тухайн зөвлөлийн гишүүдээс мэдүүлэг авах шаардлагатай байсан. Энэ талаар өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргасан боловч мөн адил хангаагүй.

Мэргэжил арга зүйн зөвлөлийн гишүүдээс мэдүүлэг авснаар Б.М нь бусад гишүүдээс дэмжсэн санал өгөөрэй гэж санал болгож болон гуйж байсан эсэх нөхцөл байдал байсан уу, үгүй юу гэдгийг шалган тогтоох шаардлагатай байсан. Энэхүү байдлууд тогтоогдоогүй нөхцөл байдлаас шалтгаалж энэ хэргийн зүйчлэлийн хувьд маш их эргэлзээтэй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Б.М хахууль өгөгчийн хамтран оролцогч юм уу, өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Г-ын мэдүүлгээр прокурорыг таньж, мэддэг гэж хэлж байгаа нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй юм шиг эргэлзээтэй нөхцөл байдлууд байна. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаад энэ залилан мэхлэх гэмт хэрэг байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул прокурорын эсэргүүцлийг хүлээж авахаас татгалзаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “...Хэрвээ магадлалыг хүчингүй болгоод анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг прокурорын саналаар авч үзнэ гэвэл энэ нь алдаатай буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэсэн нь эргэлзээтэй байгаа заалтыг хүчинтэй гэж тооцох нь хууль зүйн сөрөг үр дагавар үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, хэрэг гарсан огноог мөрдөн байцаалтын шатандаа тогтоохдоо 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөр огноолж гэмт хэрэг үйлдсэн хугацааг тогтоодог. Гэтэл Говьсүмбэр аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 44 тоот шүүгчийн захирамжаар Б.Г-ыг эдлээгүй үлдсэн 7 сар 5 хоногийн ялыг тэнсэж, хугацаанаас нь өмнө суллаж байгаа. Хэргийг шийдвэрлэсэн захирамж гарснаас хойш 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 8 сар, 11 хоног өнгөрсөн байна. Энэ нь хууль зүйн хувьд ойлгомжгүй, сөрөг үр дагавар үүсгэж байна гэхээр хэрвээ гэмт хэрэгт үйлдсэн яллагдагч гэж тооцож байгаа бол захирамжийн хүчинтэй байдал яах уу гэдэг асуудал үүснэ. Энэ асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүсэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

Давж заалдах шатны шүүхээс Б.Г нь авилга өгсөн этгээд биш залилуулсан этгээд байна гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан буюу давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхийн хэмжээнд дүгнэж шийдвэрлэсэн.

Б.Г-ын хувийн байдлын хувьд малчин, бичиг үсэг тайлагдаагүй. Хэрвээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдэнэ гэж прокурорын бичсэн саналыг үндэслэлтэй гэж үзье гэхээр гэм буруутайд тооцож, тогтоол дээр нэмж олгосон шийтгэх тогтоол гаргах үед дуусгавар болсон байгаа шүүгчийн захирамжаар оноосон хугацааг нь яах вэ гэсэн асуудал нээлттэй хэвээр маргаантай асуудлууд байгаа. Тиймээс хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн энэхүү эргэлзээтэй нөхцөл байдлыг ашигтайгаар шийдвэрлэсэн байгаа хууль зүйн үндэслэлийг нарийвчлан хараад, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэж байгаа хууль хэрэглээний байдалд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, захирамж хүчин төгөлдөр хэвээр үргэлжилсэн хугацаагаа яаж тооцох вэ гэдэг асуудлыг тодруулж шийдвэрлэх шаардлагатай байна. Иймээс прокурорын бичсэн эсэргүүцлийг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар бичсэн прокурорын эсэргүүцлийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 362 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул Б.М, Б.Г нарт холбогдох хэргийг мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ.

2. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-ыг “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах”, шүүгдэгч Б.Г-ыг “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарыг нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн дүгнэлтийг хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцон 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулжээ.  

3. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн шүүгдэгч Б.М, Б.Г нарт холбогдох үйл баримтад мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагджээ.

4. Эрүүгийн хуульд нэрлэн зааж тогтоосон нийгэмд аюултай, хортой үр дагавар бүхий хууль бус үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд энэхүү хуулийн хэрэглээ нь хэргийн үйл баримтыг хэрхэн зөв сэргээн тогтоосноос хамаарч хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн оновчтой, зохистой хэмжээ тодорхойлогддог юм.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал /нийтлэг болон тусгай шинж бүхий субъект/ тухайн гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тогтоосон тохиолдолд энэ нь гэмт хэргийн нийгмийн аюулыг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг эсхүл сөргөөр үнэлэхэд хүргэж, шүүхээс сонгон хэрэглэж буй ялын бодлогод зайлшгүй нөлөөлдөг онцлогтой.

Энэ утгаараа хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчсөн эсэхийг тогтоохдоо гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал, гэмт этгээдийн үйлдэлдээ хэрхэн хандсан буюу гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн хууль ёсны зарчимд нийцнэ.

5. Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааг цогц утгаар илэрхийлдэг билээ.

Ингэхдээ шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж буй нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг шүүхээс тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хоорондоо нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа хамаардаг болно.

Нотлох ажиллагааны явцад цугларсан, шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэсэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын чухал суурь болдог учиртай.

Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтын дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтыг бүрэн бодитойгоор харьцуулан үзэлгүй орхигдуулсан, шүүгдэгч нарын үйлдэлд үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийж чадаагүйн улмаас зөвхөн хэргийн төгсгөл, үр дагаварт тулгуурласан байдлаар үйл баримтыг буруу тогтоож, шүүгдэгч Б.М-ыг хоригдол Б.Г-тай өөрийн эрх мэдлийн хүрээнд “Арга зүйн зөвлөл”-ийн хуралд дэмжих санал өгөх талаар харилцан тохиролцоогүй, хоригдлыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллах эрх мэдэл бүхий албан тушаалтан биш, харин “албан тушаалын байдал” буюу албаны эрх нөлөөгөө ашиглан хоригдлын амьдрах бүсэд нэвтрэн прокурорын нэрийг барьж “нэг айлын хүргэн, баз, хувийн харилцаатай” мэтээр хуурч, 3,000,000 төгрөгийг авч, хувийн хэрэгцээнд зарцуулсан гэж дүгнэн шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж зүйлчлэлийг өөрчилж, Б.Г-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй гэсэн санаа зорилгыг агуулдгаараа бусад гэмт хэргүүдээс ялгагдана.

Шүүгдэгч Б.М-ыг албан тушаалын байдлаа ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл, үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

6. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэрийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 15 дугаар зүйлд нийтийн албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэх явцад аливаа үйлдэл, эс үйлдлийг хийлгэх зорилгоор түүнд өөрт нь эсхүл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар тухайн албан тушаалтанд амлах, санал болгох эсхүл ийм давуу байдлыг олгох, нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа аливаа үйлдэл, эс үйлдэл хийх зорилгоор өөртөө эсвэл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зориулж зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар шаардах эсхүл ийм давуу байдлыг хүлээж авах үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан болно.

Монгол Улсын нэгдэн орсон дээрх конвенц болон Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг судлан үзвэл тусгай субьект буюу нийтийн албан тушаалтан гэм буруугийн зөвхөн шууд “санаатай” хэлбэрээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсвэл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулжээ.

7. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 10 дугаар зүйлийн 10.1.3-т төрийн албан тушаалын ангилал, төрлийг тус тус тодорхойлсон бол мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, ажилтан төрийн тусгай албан тушаалтанд хамаарахаар хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.М гэмт хэрэг үйлдэх үедээ **** аймаг дахь ****-өөр ажиллаж байсан нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.2-т хорих ангийн алба хаагчид “хоригдолтой хувийн харилцаа тогтоох, зохих зөвшөөрөл, хяналтгүйгээр ...илгээмж болон бусад зүйл дамжуулах, хоригдолтой худалдаа, наймаа хийх”-ийг хориглоно, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын сахилга, ёс зүйн дүрмийн 2.1.9-д “...албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас бэлэг, шан харамж, үйлчилгээ, санхүүгийн дэмжлэг, туслалцаа, ашигтай нөхцөл олж авах, шаардахгүй байх...”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/165 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Хоригдол, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд шагналын хоног олгох, хоригдлыг ял эдлүүлэх хорих ангийн дэглэм, зэрэглэлийг өөрчлөх болон хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай санал гаргах чиг үүрэг бүхий зөвлөлийн дүрмийн 4.2-т “Зөвлөлийн гишүүн нь санал хураалталд оролцохдоо хараат бусаар шийдвэр гаргах ба аливаа нөлөөнд автаж болохгүй” гэж заажээ.

 8. Шүүгдэгч Б.М нь нийтийн албан тушаалтан буюу **** аймаг дахь ****-өөр ажиллаж байхдаа дээрх хууль, дүрэмд заасан баримталбал зохих хэм хэмжээг зөрчиж, тухайн хорих ангид хорих ял эдэлж байсан буюу малын хэсэг дээр хөдөлмөрлөж байсан хоригдол Б.Г-ын ашиг сонирхлын үүднээс түүнтэй хувийн харилцаа тогтоож, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр албан бусаар ганцаарчлан уулзаж “прокурортой нэг айлын базууд, найдвартай, хэдэн цаас олоод өгчих тэгэх юм бол эхний чинь магадлангаар гаргаад өгье” гэж өөрийн хадам аав Д.Э-ын Хаан банк дахь **** дугаарын дансаар дамжуулан 3,000,000 төгрөгийн хахууль авч, улмаар “Арга зүйн зөвлөл”-ийн 8 дугаар хуралд биечлэн оролцож Б.Г-ыг хугацааны өмнө суллахыг дэмжсэн санал өгсөн,

шүүгдэгч Б.Г нь хугацааны өмнө суллагдахаар буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус ангийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.М-ыг хорих ангийн “Арга зүйн зөвлөл”-ийн санал өгөх эрхтэй гишүүнийх нь хувьд хувийн харилцаа үүсгэж, өөрийгөө дэмжүүлэхийн тулд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.Ц-ны Хаан банк дахь **** дугаарын дансаар дамжуулан Б.М-ын хадам аав Ж.Э-ын Хаан банк дахь **** дугаарын данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч хахууль өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, **** аймаг дахь **** ангийн албаны шалгалт явуулсан материал, Хаан банк дахь харилцах дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Б.М, Б.Г нарыг гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

9. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.

Шүүгдэгч Б.М-ын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Энэ хүрээнд анхан шатны шүүх Эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгдэгч Б.М, Б.Г нарт хорих ял оногдуулсан байхаас гадна оногдуулсан хорих ялын хэмжээ нь шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруу, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанар зэрэгт тохирсон гэж дүгнэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч Б.Г-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоосон нь үндэслэлтэй болжээ.

10. Иймд Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэсэн прокурорын эсэргүүцлийг хангахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар магадлалыг хүчингүй болгож, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2. Шүүгдэгч Б.М, Б.Г нарыг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ                                       С.БАТДЭЛГЭР

                         ШҮҮГЧИД                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                  М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                   Ч.ХОСБАЯР