Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 1022

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Ц.Гансүлд, хохирогч Ц.Б, шүүгдэгч Ү.Д, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ү-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар үйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02546 0916 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Б овогт Ү-ын Д, Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 73 дугаар гудамж ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ********** урьд: 2004 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 370 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2004 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ялыг бүрэн биелүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

            Шүүгдэгч Ү.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 73-86 тоотод “Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын **** тоотод агсам согтуу тавьж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэх дуудлагын дагуу очиж ажилласан хууль сахиулагч Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Ц.Б-ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүргэгдэх замдаа Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 73 дугаар гудамжны ** тоот хашааны гадна талд **** УНҮ улсын дугаартай автомашин дотор хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

Мөн Ү.Д нь хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдэх явцдаа Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 73 дугаар гудамжны ** тоот хашааны гадна талд **** УНҮ улсын дугаартай автомашин дотор хууль сахиулагч Ц.Б-ийг албан үүрэгтэй нь холбогдуулж, хүч хэрэглэн гавтай гараараа боож, толгой хэсэг рүү нь цохиж, баруун чих болон толгойн дагзнаас нь хазаж, баруун шанаа, хүзүү, нүүр хэсэгт нь маажиж биед нь баруун чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун доод зовхи, баруун нүдний гадна буланд зулгаралт, духанд цус хуралт, дагзны зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

            Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овогт Ү-ын Д нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр согтуурсан үедээ “Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын **** тоотод хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн” гэх дуудлагын дагуу очиж ажилласан хууль сахиулагч Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Ц.Б-ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүргэгдэх замдаа Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 73 дугаар гудамжинд **тоот хашааны гадна талд **** УНҮ улсын дугаартай автомашин дотор хүч хэрэглэх явцдаа түүний бие махбодод “баруун чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун доод зовхи, баруун нүдний гадна буланд зулгаралт, духанд цус хуралт, дагзны зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ү.Д-гийн шүүх хуралдаанд өгсөн: “....2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 10 цагийн орчимд 3 хүүхэдтэйгээ гэртээ амарч байсан. Доод айлын Ц ах орж ирээд “ахынх нь төрсөн өдөр болж байна, хүүхдүүдтэйгээ орж ирээд цай, хоол ид” гэж хэлсэн. Гэрт нь ороход нэг танихгүй залуутай хоёулаа сууж байсан. Би 3 хүүхдэдээ хоол цай идүүлчхээд хүүхдүүдээ гэртээ оруулчхаад буцаад Ц-ийнд очсон. Очоод 0.75 граммын архийг гурвуулаа хувааж уугаад талдаа орж байхад Ц ах унтсан. Бид хоёр үлдсэн архиа уучхаад гараад уруу газар хоёулаа унасан. Тэгээд тэр залуу хашааны дотор талд зогсоод, би довжоон дээр жаахан сууж байгаад оръё гээд үлдсэн. Хашааны гадна Б алаг машины урд талд сууж байсан, охин нь бас байсан. Намайг сууж байхад Н цагдаа ирээд “та ингээд сууж байхдаа яах вэ дээ” гээд хашааны доогуур аваад гарсан. Тэгээд хашаан дотор оруулаад намайг дараад унагаасан. Тэгээд намайг авч явах гэхээр нь би ямар нэгэн агсан согтуу тавиагүй, гэрт үлдээгээч гэж хэлэхэд Н намайг заавал авч явахгүй бол болохгүй гээд намайг тохойноос өргөсөн, охин нь ч машинаас бууж ирээд намайг тохойноос өргөсөн. Тэгээд намайг гавлачхаад машин руу хийсэн. Би 3 хүүхэд үлдчихлээ гэж хэлсэн. Тэгээд намайг буулгахгүй болгохоор нь яалт ч үгүй Б ахыг машин огцом зогсоход цохисон. Би буулгачих гэж их гуйсан...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Ц.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “....2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад Сонгинохайрхан дүүргийн 73 дугаар гудамжны 14 тоотод “манай нөхөр агсан тавиад, 3 насанд хүрээгүй хүүхэдтэй, хүүхэн дагуулаад яваад байна” гэсэн дуудлага ирсэн. Солонгос улсаар өгсөн энэ дуудлагын дагуу юу болсон талаар тодруулахад “би Солонгос улсад байдаг юм, манай нөхөр насанд хүрээгүй 3 хүүхдээ хардаг, гэтэл архи уугаад манай 3 хүүхдийн эрх ашиг хохироод байна” гэсэн гэр бүлийн хүчирхийлэл гэсэн дуудлага өгсөн. Дуудлагын дагуу очиход Д өөрөө гэртээ байхгүй, 3 хүүхдээ цоожилсон байсан. Охин нь гээд 19 настай охин гадаа нь байсан. Охиноос асуухад аав доод айлд архи ууж байна гэсэн. Доод айлд нь ороход гурвуулаа архи уусан, маргасан байдалтай байсан. Би түрүүлж ороод, манай цагдаа Д-г араас дагуулж орсон. Би охиноос нь мэдүүлэг авч байтал манай цагдаатай маргасан. Би цонхоор юу болж байгааг асуухад миний халаасыг урчихлаа гэж хэлсэн. Би охиноос мэдүүлэг авч дуусгачхаад очиход манай цагдааг дарамтлаад, хэл амаар доромжлоод байсан. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар очсон тул заавал эрүүлжүүлэх ёстой байсан. Тэгээд би гавлаад машинд суугаад удаагүй, булан тойроход миний араас та нар пизданууд эрүүдэн шүүдэг биз дээ гээд араас чихнээс хазсан. Тэр үед Д цагдаатай хэрүүл маргаан хийж байснаас харахад тасраагүй байсан. Гомдолтой байна, шүүх эмнэлэгт үзүүлэхэд толгой хөдөлсөн байсан, 14 хоног акт авч бариачид үзүүлж, эмнэлгээр явсан. Гоо сайхан алдагдсан, сорви арилахгүй байна. 2,500,000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг;

            3. Хохирогч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сэлбэ-113 чиглэлийн автомашин дээр албан үүргээ гүйцэтгэж байхад “Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 73-10 тоотод манай нөхөр 3 нялх хүүхэдтэй байж архи уугаад агсам согтуу тавиад байна. Би БНСУ-д ажилладаг гэсний” дагуу Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, Орбитын 73-10 тоотод очиход 3 нялх хүүхэд гэртээ цоожтой байсан. Харин хажуу талын айлд архидан согтуурч байсан. Уг айл руу ороход Д нь 2 хүний хамт архидан согтуурсан хоорондоо маргалдсан байдалтай байсан. Тэгээд Д-д дуудлагаар ирсэн гээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг шалгаж байхад машины хажууд дэд эхлэгч Н-той маргалдаад байсан. Тэгээд манай цагдаагийн жолооч Н-т агсам согтуу тавиад “би наад цагдаад чинь ажиллаж байсан, наад хувцсыг чинь аваад өгөх үү” гээд манай цагдаагийн албаны дүрэмт хувцас руу хуруугаараа чичлээд хоорондоо маргалдаад байхаар нь би уг залууг “гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын дагуу ирсэн, саатуулах байранд хүргэж өгч шалгах ёстой” байна гэж хэлээд авч явах гэхэд Д нь “би цагдаа байсан наад хувцсыг чинь өмсөж байсан та нар надаас хувцас авах уу” гээд хэл амаар доромжлоод байхаар нь хууль ёсны шаардлага хүлээн авах чадваргүй байна гэж дүгнэн Д-г цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх түр саатуулах байранд хүргэхээр авч явахаар болоод цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу өөрсдийн аюулгүй байдлаа ханган тусгай хэрэгсэл болох гав ашиглан Д-гийн гарыг урд нь гавлаад автомашины арын суудалд суулган авч явсан. Тэгээд замд явж байхад ард талын суудлаас гавтай гараараа гэнэт хоолойноос боогоод чихний араас хазаад эсэргүүцэл үзүүлэн “та нар эрүүдэн шүүдэг биз дээ, эрүүдэн шүүх гэж байна уу та нар, зурагт үзэж байна уу эрүүдэн шүүж байгаа талаараа зурагтаар гарч байгаа биз дээ, цагдаа прокурорынхон шоронд орох гэж байгаа, та муу сайн пизда нар” гээд гавтай гараараа толгой дээрээс 2-3 удаа цохиод, хүзүү, хацар, нүүр урж маажсан. Тэгээд Н машинаа зогсоогоод машинаас буугаад салгасан. Би бууж очоод гарыг нь ард нь гавлаад машинд суулгаад эрүүлжүүлэх байр руу авч явсан. Д эрүүлжүүлэх байр хүртэл хэл амаар доромжилж, заналхийлээд байсан болохоор “та боль чимээгүй бай” гэхэд урдаас хэл амаар доромжлоод заналхийлээд байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-12, 13-16, 17-18 дугаар хуудас);

            4. Гэрч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би цагдаагийн ахмад Ц.Б-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2-3 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүргийг Сэлбэ-113 чиглэлийн автомашинтай үүрэг гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд СХД-ийн 2-р хороо Орбитын 73-10 тоотоос дуудлага ирээд Ц.Б-ийн хамт очиход 73-10 тоотод архидан согтуурсан агсам согтуу тавьсан гэх Д тухайн хаяг дээр байхгүй, тухайн хаягийн зүүн талын айлд согтуурсан байдалтай байсан. Тэгээд хуулийн шаардлага тавихад хэл амаар доромжлоод байсан. Д-гийн охиноос тайлбар авч байтал Д нь цагдаагийн машинд сууна гээд байсан. Тэгэхээр нь бид нар гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын дагуу ирсэн, шалгаж байна гэхэд намайг “би наад цагдаад чинь ажиллаж байсан, наад хувцсыг чинь аваад өгөх үү" гээд амаар доромжлоод байсан. Цагдаагийн ахмад Ц.Б бид 2 тухайн иргэнийг гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын дагуу эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэж өгөхөөр хуулийн дагуу шаардлага тавихад цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжлоод байсан болохоор аюулгүй байдлаа хангаад Д-гийн гарыг урд талд нь гавлаад **** УНҮ улсынх дугаартай алаг машины хойд талын суудалд суулгаад авч явсан. Гэтэл замд явж байхад “та нар намайг эрүүдэн шүүх гэж байна уу” гээд орилоод байхаар нь чимээгүй яваарай гэж хэлсэн Тэгтэл Б-ийн араас гэнэт гавтай гараараа боож, чихийг нь хазсан тэгээд би машинаа зогсоогоод тухайн иргэний гарыг ард талд гавлаад эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. ..” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32-35, 36-39 дүгээр хуудас);

            5. Гэрч Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний төрсөн өдөр 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр болсон. Тэгээд архи аваад зогсож байхад зүс таних залуу ирээд юм яриад дагаад байсан тэгээд би тухайн залууг өөрийн гэр болох СХД-ийн 2-р хороо Орбитын **** тоотод дагуулж ирсэн. Ү.Д-г дуудаад архиа задлаад Ү.Д, зүс таних залуугийн хамт ууж байгаад би 2 хундага уугаад нойр хүрээд унтаад өгсөн. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-31 дугаар хуудас);

            6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5533 дугаартай шинжээчийн:  “...Ц.Б-ийн биед баруун чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, дух баруун доод зовхи, баруун нүдний гадна буланд зулгаралт, духанд цус хуралт, дагзны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 41 дүгээр хуудас);

            7. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 44-47-р хуудас), Шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас №77888942 дуудлагын ангилал: Хүүхэд, Гэр бүлийн хүчирхийллийн мэдээлэл, дуудлагын төрөл: Хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн (хх-ийн 03 дугаар хуудас);

            8. Хүний биед үзлэг хийсэн: “...2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ц.Б-ийн биед үзлэг хийхэд Ц.Б нь 168 см өндөр нуруутай, хар өнгийн халимаг үстэй, баруун чихэнд маажуулсан, зулгаралт бүхий шарх 2 см хэмжээтэй, нүүрний баруун хэсэгт нүд болон духны хэсэгт 1 см хэмжээтэй маажуулсан зулгаралт шархтай байна...” гэсэн тэмдэглэл  (хх-ийн 48-50 дугаар хуудас);

            9. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн авто эргүүлд ажиллах эргүүлийн офицер, цагдаагийн жолооч нарын томилгооны хуудас, хэв журмын офицерын ажлын байрны тодорхойлолт, хохирогч Ц.Б-ийг “эргүүлийн офицер” ажилд томилох тухай тушаал (хх-ийн 56-58, 59-60, 61 дүгээр хуудас);

            10. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 94 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 85 дугаар хуудас);

11. Шүүгдэгч Ү.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өөрийн хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын **** тоотод байж байхад хөрш айлын Ц.Ц ах “миний төрсөн өдөр, хүүхдүүдтэйгээ орж ирээд цай хоол ид” гэсэн. Би хүүхдүүдийн хамт гэрт нь ороод идэж уугаад 3 хүүхдээ гэртээ оруулж үлдээгээд 5 минутын дараа Ц ахын гэрт буцаж орсон. Тэгэхэд нэг танихгүй залуу гэрт нь байсан. Бид гурав 0.75 граммын архи хувааж уусан, архиа хувааж ууж дуусах үед Ц ах согтоод унтсан. Тэгээд хамт архи уусан залуутай 14 цагийн үед гараад явсан. Би тухайн үед согтсон байсан юу болсон талаар санахгүй байна Тэгээд нэг мэдсэн гэрийн үүдэнд цагдаа нар ирсэн, намайг алаг машинд суулгаад аваад явсан... тэрнээс хойш юу болсон талаараа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 69-71 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Д нь өөрийгөө хамгаалсан үйлдэл хийсэн гэж ойлгож байгаа. Өөрийн амь нас эрх ашгийн хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдлийг эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж үзэхгүй гэж ойлгож байгаа юм. Бусдын хууль бус үйлдэл нь аргагүй хамгаалалтын хүрээнээс хэтрээгүй бол гэмт хэрэг гэж үзэхгүй гэж заасан байдаг. Б нь цагдаагийн ерөнхий газрын тушаалаар цагдаагийн албан хаагчийн ажлын байран дээр томилогдож, хэрэг гарах өдөр хэлтсийнхээ даргын томилгоогоор Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хэлтэст нийгмийн хэв журам хамгаалах хэлтэст офицероор үүргээ гүйцэтгэж байсныг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн цагдаагийн албан хаагчийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүртэл хүлээн зөвшөөрч байгаа. Энэ үйлдэл нь гэмт хэргийн шинж мөн юм уу, эсхүл аргагүй хамгаалалтын шинжтэй байсан юм уу. Өөрөөр хэлбэл Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа Н гэх эмэгтэй цагдаагийн байгууллагад анх дуудлага өгсөн бөгөөд ямар дуудлага өгсөн бэ гэвэл манай нөхөр гудамжинд архидаад, хүүхэндээд байна гэсэн дуудлагыг өгсөн байдаг. Үүнийг хохирогч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлж байна. Тухайн гомдол мэдээллийг аваад цагдаагийн албан хаагч хэргийн бодит байдал дээр очтол нийгмийн хэв журам зөрчсөн байдал тогтоогдоогүй. Иймд гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогч нь 2,500,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хавтас хэрэгт хохирогчийн өвчний карт авагдсан байдаг. Тухайн өвчний карт дээр ажлаас чөлөөлсөн талаар байдаггүй юм.  Хавтас хэрэгт  авагдсан өвчний карт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Өөрөөр хэлбэл хуулбар материал байгаад байгаа юм. Хуулбар материалыг нотлох баримтын хэмжээнд үнэлдэггүй. Хуулбар материалыг байгууллагаас гаргуулж байгаа юм бол байгууллагын хуулбар үнэн дарсан тохиолдолд эсхүл нотариатаар гэрчлэгдсэн тохиолдолд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжтой гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байдаг. Иймд 2,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэл байхгүй гэж үзэж байна...” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт гэдэг нь өөрийн, ойр дотнын хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ү.Д-гийн үйлдэл нь аргагүй хамгаалалтад хамаарахгүй гэж үзнэ.

Цагдаагийн алба хаагч хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ гарсан зөрчлийн хэр хэмжээ, зөрчил гаргагчийн согтуурсан, мансуурсан байдлыг харгалзан нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх бүрэн эрхтэй бөгөөд ийнхүү эрхээ хэрэгжүүлж буй хууль сахиулагчийн үйлдлийг халдлага, довтолгоо мэтээр өмгөөлөгч дүгнэлт өгч буй нь эрх зүйт төрийн үндсэн зарчим болох хуульд захирагдах, хуулийн өмнө адил тэгш байх зарчимд нийцэхгүй байна.

Хэрэв хууль сахиулагч шаардлагагүй үед тусгай хэрэгсэл хэрэглэсэн, зөрчил гаргаагүй хүний эрх чөлөөг хязгаарласан бол иргэн хүн эрх бүхий албан тушаалтанд хандан гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй. Харин намайг хууль бусаар авч явлаа хэмээн хууль сахиулагчид хүч хэрэглэн халдах эрх байхгүй.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ү.Д-д холбогдох хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх заалтад “...албан үүрэгтэй нь холбогдуулж...” гэсэн хүндрүүлэх шинжийг хуульчилсан нь мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжийг хангах боловч хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэсэн гэмт хэргийг тусгайлан хуульчилсан тул хохирогчийн албан үүрэгтэй нь холбоотойгоор эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хоёр гэмт хэрэгт хамааруулан давхар зүйлчилж болохгүй юм.

Харин хууль сахиулагчийг эсэргүүцэн хүч хэрэглэх үедээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасанчлан нэг үйлдэл бүхий нийлмэл гэмт хэрэг болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Б-ийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ү.Д-гийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсарт үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг хууль сахиулагчийг эсэргүүцэх болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнд тооцно.  

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ү.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах болон “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтуудаар хохирлын хэмжээг нэг мөр  тогтоох боломжгүй, тодорхой тооцоо гаргахад хангалтгүй байгаа тул хохирогч Ц.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ү.Д-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ү.Д нь урьд нэг удаа гэмт хэрэг үйлдэж, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй. Хохирогч Ц.Б нь албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч бөгөөд түүнийг үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинж болгон заасан тул энэ нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд давхардуулан тооцохгүй.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Ү.Д-д 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг нэг хоногоор тооцон нэмж нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар тогтоох, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь цагдаагийн албан хаагчийг боосон гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж өгнө үү...” гэв.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтуурсан үедээ, хууль сахиулагчийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн), шүүгдэгчийн хувийн байдал (урьд нэг удаа ял шийтгүүлж байсан) зэргийг харгалзан шүүх өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Ү.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дахь заалтыг тус тус журамлан шүүгдэгч түүнд мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун цагийн хугацаагаар хорих ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцон нэмж, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг нэг жил долоон сар хорь хоногоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, нийтийн албанд учирсан хор уршиг, хууль сахиулагчид учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцнэ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ү.Д нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдлаа.

Шүүгдэгч Ү.Д-гийн бага насны гурван хүүхэд албан ёсоор асрамжлах хүнгүй үлдэж байгаатай холбогдуулан хүүхдүүдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, цаашид хүүхдийн эрхийг хангаж, хамгаалж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даалгаж, энэ тогтоолын хувийг холбогдох мэдээллийн хамт хүргүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ү.Д-д холбогдох хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Б овогт Ү-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”,  23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

3.Шүүгдэгч Ү.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дахь заалтыг тус тус журамлан шүүгдэгч Ү.Д-д мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцон нэмж, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг нэг жил долоон сар хорь хоногоор тогтоосугай.  

5.Шүүгдэгч Ү.Д-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тусгасугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ү.Д нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8.Шүүгдэгч Ү.Д-д хорих ял оногдуулсантай холбогдуулан түүний бага насны гурван хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даалгасугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ү.Д-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ү.Д-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              

                       

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА