Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1182

 

 

 

 

 

 

 

   2019         11            21                                           2019/ДШМ/1182        

 

 

                                   Ү.Дд холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

шүүгдэгч Ү.Д, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, 

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/1022 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ү.Д, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын гаргасан давж заалдах гомдлоор Ү.Дд холбогдох эрүүгийн 1908025460916 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Ү.Д, 1983 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 73 дугаар гудамж 10 тоотод оршин бүртгэлтэй, /РД: ШГ83101419/;

 

2004 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 370 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2004 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ялыг бүрэн биелүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон,

Ү.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 73-86 тоотод “Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 73-10 тоотод агсам согтуу тавьж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэх дуудлагын дагуу очиж ажилласан хууль сахиулагч Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Ц.Батгэрэлийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүргэгдэх замдаа Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 73 дугаар гудамжны 29 тоот хашааны гадна талд 20-59 УНҮ улсын дугаартай автомашин дотор хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

 

Мөн Ү.Д нь хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдэх явцдаа Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 73 дугаар гудамжны 29 тоот хашааны гадна талд 20-59 УНҮ улсын дугаартай автомашин дотор хууль сахиулагч Ц.Батгэрэлийг албан үүрэгтэй нь холбогдуулж, хүч хэрэглэн гавтай гараараа боож, толгой хэсэг рүү нь цохиж, баруун чих болон толгойн дагзнаас нь хазаж, баруун шанаа, нүүр хэсэгт нь маажиж биед нь баруун чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун доод зовхи, баруун  нүдний гадна буланд зулгаралт, духанд цус хуралт, дагзны зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ү.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ү.Дд холбогдох хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Боржигон овогт Ү.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож, шүүгдэгч Ү.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дахь заалтыг тус тус журамлан шүүгдэгч Ү.Дд мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцон нэмж, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 20 /хорь/ хоногоор тогтоож, шүүгдэгч Ү.Дд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.Батгэрэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тусгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ү.Д нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ү.Дд хорих ял оногдуулсантай холбогдуулан түүний бага насны гурван хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даалгаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ү.Дд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

                            

Шүүгдэгч Ү.Дгийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ү.Дг 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 10 цаг 00 минутад гэртээ 3 хүүхдийн хамт байх үед хажуугийн хашааны Цогтгэрэл орж ирээд төрсөн өдөр тул хүүхдүүдтэйгээ орж цай уу гэж урьдаг. Ү.Д 3 хүүхдээ дагуулан Цогтгэрэлийнд орж хоол цай идүүлээд хүүхдүүдээ гэртээ оруулж орхиод буцаж уг айлдаа ороод гаргаж өгсөн 1 шил архийг гурвуулаа хувааж уугаад Цогтгэрэл унтаад өгсөн, нөгөө нэр нь үл мэдэх залуугийн хамт гарч жорлонд нь бие засч байхдаа хазгай учир халтирч унаад босоод уг айлын гэрийн үүдний довжоон дээр сууж байхыг Дгийн охин, аавыгаа хараад Солонгос улсад байгаа ээждээ “аав айлд согтуу байна” гэж хэлдэг. Эхнэр нь залгаж нөхрөө айлд согтуу байгаа тухай цагдаад хэлдэг. Цагдаа Нямцог эргүүлийн ахмад Ц.Батгэрэл нар ирж гарыг нь гавлан эрүүлжүүлэхэд хүргэнэ хэмээн машиндаа суулгаж авч явах үед өөрийгөө яагаач үгүй хэлж тавихыг шаардаж гавтай гараараа ахмад Ц.Батгэрэлийн толгойг уургалан толгой дагзыг хазаж баруун шанаа, хүзүү, нүүр хэсэгт нь маажиж хөнгөн хохирол учруулсан хэрэг үйлдсэн. Шүүгдэгч урьд нь цагдаад ажилладаг байсан. Нямцогыг таньдаг. Ү.Д үйлдсэн хэргээ хүлээж, гэм буруу дээр маргадаггүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэх хүсэлт гаргасан. Өмгөөлөгч миний бие ямар ч зөрчил гаргаагүй, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаагүй хүнийг гавлаж эрүүлжүүлнэ гэж авч явсан нь хууль зүйн хувьд хэр үндэслэлтэй юм, яагаач үгүй хүнийг цагдаа гавлах, түүнийг албадах ёсгүй, цагдаагийн ажиллагаа хууль бус бол Дгийн эсэргүүцсэн, өөрийгөө тавиулах гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл хийсэн нь хир хэмжээ хэтрүүлээгүй бол аргагүй хамгаалалтын шинжтэй юм биш үү гэдэг байдлаар шүүх хуралд мэтгэлцсэн юм. Ү.Д тухайн өдөр ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулаагүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй, хууль бус үйлдэл хийгээгүй байхад заавал гарыг гавлаж, машинд албадан суулгаж, хүүхдүүдийг нь үлдээж цагдаа руу авч явах шаардлага байсан эсэх нь эргэлзээтэй. Ямар тохиолдолд албадлагын арга хэмжээ хэрэглэх вэ гэдгийг хуульчилсан бөгөөд Ү.Д тэр өдөр гурвуулаа 1 шил архи ууснаас өөр яагаач үгүй байдаг. Яллах дүгнэлтэд “бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэх дуудлагын дагуу очсон гэж тэмдэглэсэн байгаа боловч ийм дуудлага ирсэн баримт хэрэгт байдаггүй. Тэрчлэн Ү.Д бусдын амгалан тайван байдал алдагдуулсан үйл баримт цагдаа нарыг очиход тогтоогдоогүй байдаг. Цагдаагийн үйл ажиллагаа хууль бус байсан. Шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд торгуулийн оногдуулах хүсэлтэй бөгөөд торгуулийн нийт хэмжээ нь 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгөөр торгож, 51 хоног хоригдсон бөгөөд 2435 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.435.000 төгрөг үлдсэн. 3-10 насны 3 хүүхэд үлдсэн ба асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоогоогүй. Торгуулийн ял эдлэх боломжтой ба үл хөдлөх хөрөнгө, Баянхошууны эцэст тос, маслоны ТҮЦ ажиллуулдаг. Эхнэр нь Солонгос улсад ажилладаг бөгөөд тодорхой хэмжээний мөнгө ирүүлж амьдралдаа нэмэр болдог. 2004 онд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож 150 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан. Энэ нь шүүгдэгчийн хувийн байдлыг дордуулах үндэслэл биш. Иймд Ү.Дгийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, бага насны 3 хүүхэд харж асардаг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан торгуулийн ялаар өөрчилж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ү.Д  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Миний бие хийсэн хэрэгтээ  маш их гэмшиж байна. Миний эхнэр С.Нансалмаа нь 2018 онд Бүгд Найрамдах Солонгос улс руу яваад одоог хүртэл сураггүй байдаг. Үүнээс улбаалан 2008-2018 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан Цагдаагийн Ерөнхий газрын Хамгаалалтийн Ерөнхий 3 дугаар газраас 2018 оны 11 дүгээр сард ар гэрийн гачигдалийн чөлөө авч хувиараа ТҮЦ ажиллуулж 3-10 насны 3 хүүхдээ асран хамгаалдаг. Хохирогч Ц.Батгэрэлийн хохирлыг төлөхөө бүрэн илэрхийлж байгаа. Иймд хувийн байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Ү.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 73-86 тоотод “Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 73-10 тоотод агсам согтуу тавьж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэх дуудлагын дагуу очиж ажилласан хууль сахиулагч Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Ц.Батгэрэлийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,  

Мөн Ү.Д нь хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдэх явцдаа Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 73 дугаар гудамжны 29 тоот хашааны гадна талд 20-59 УНҮ улсын дугаартай автомашин дотор хууль сахиулагч Ц.Батгэрэлийг албан үүрэгтэй нь холбогдуулж, хүч хэрэглэн гавтай гараараа боож, толгой хэсэг рүү нь цохиж, баруун чих болон толгойн дагзнаас нь хазаж, баруун шанаа, нүүр хэсэгт нь маажиж биед нь баруун чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун доод зовхи, баруун  нүдний гадна буланд зулгаралт, духанд цус хуралт, дагзны зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

       Хохирогч Ц.Батгэрэлийн “...2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Сэлбэ-113 чиглэлийн автомашин дээр албан үүргээ гүйцэтгэж байхад “Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 73-10 тоотод манай нөхөр 3 нялх хүүхэдтэй байж архи уугаад агсам согтуу тавиад байна. Би БНСУ-д ажилладаг гэсний” дагуу Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, Орбитын 73-10 тоотод очиход 3 нялх хүүхэд гэртээ цоожтой байсан. Харин хажуу талын айлд архидан согтуурч байсан. Уг айл руу ороход Д нь 2 хүний хамт архидан согтуурсан хоорондоо маргалдсан байдалтай байсан. Тэгээд Дд дуудлагаар ирсэн гээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг шалгаж байхад машины хажууд дэд эхлэгч Нямцогтой маргалдаад “би наад цагдаад чинь ажиллаж байсан, наад хувцсыг чинь аваад өгөх үү” гээд манай цагдаагийн албаны дүрэмт хувцас руу хуруугаараа чичлээд хоорондоо маргалдаад байхаар нь би уг залууг “гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын дагуу ирсэн, саатуулах байранд хүргэж өгч шалгах ёстой” байна гэж хэлээд авч явах гэхэд Ү.Д нь “би цагдаа байсан наад хувцсыг чинь өмсөж байсан та нар надаас хувцас авах уу” гээд хэл амаар доромжлоод байхаар нь хууль ёсны шаардлага хүлээн авах чадваргүй байна гэж дүгнэн Дг цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх түр саатуулах байранд хүргэхээр авч явахаар болоод цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу өөрсдийн аюулгүй байдлаа ханган тусгай хэрэгсэл болох гав ашиглан Ү.Дгийн гарыг урд нь гавлаад автомашины арын суудалд суулган авч явсан. Тэгээд замд явж байхад ард талын суудлаас гавтай гараараа гэнэт хоолойноос боогоод чихний араас хазаад эсэргүүцэл үзүүлэн гавтай гараараа толгой дээрээс 2-3 удаа цохиод, хүзүү, хацар, нүүр урж маажсан. ...” /хх 9-18/ гэх мэдүүлэг,

 

            Гэрч С.Нямцогийн “...Ц.Батгэрэлийн хамт очиход 73-10 тоотод архидан согтуурсан агсам согтуу тавьсан гэх Д тухайн хаяг дээр байхгүй, тухайн хаягийн зүүн талын айлд согтуурсан байдалтай байсан. Тэгээд хуулийн шаардлага тавихад хэл амаар доромжпоод байсан. Дгийн охиноос тайлбар авч байтал Д нь цагдаагийн машинд сууна гээд байсан. Тэгэхээр нь бид нар гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын дагуу ирсэн, шалгаж байна гэхэд намайг “би наад цагдаад чинь ажиллаж байсан, наад хувцсыг чинь аваад өгөх үү" гээд амаар доромжлоод байсан. Цагдаагийн ахмад Ц.Батгэрэл бид 2 тухайн иргэнийг гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын дагуу эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэж өгөхөөр хуулийн дагуу шаардлага тавихад цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжлоод байсан болохоор аюулгүй байдлаа хангаад Дгийн гарыг урд талд нь гавлаад 20-59 УНҮ улсынх дугаартай алаг машины хойд талын суудалд суулгаад авч явсан. Гэтэл замд явж байхад “та нар намайг эрүүдэн шүүх гэж байна уу” гээд орилоод байхаар нь чимээгүй яваарай гэж хэлсэн Тэгтэл Батгэрэлийн араас гэнэт гавтай гараараа боож, чихийг нь хазсан тэгээд би машинаа зогсоогоод тухайн иргэний гарыг ард талд гавлаад эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. ...”/хх 32-39/,

 

            Гэрч Ц.Цогтгэрэлийн “...Миний төрсөн өдөр 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр болсон. Тэгээд архи аваад зогсож байхад зүс таних залуу ирээд юм яриад дагаад байсан тэгээд би тухайн залууг өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо Орбитын 73-86 тоотод дагуулж ирсэн. Ү.Дг дуудаж архиа задлаад Ү.Д, зүс таних залуугийн хамт ууж байгаад би 2 хундага уугаад нойр хүрээд унтаад өгсөн. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. ...” /хх 25-31/ гэх мэдүүлгүүд,

 

             Шүүгдэгч Ү.Дгийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр өөрийн хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 73- 10 тоотод байж байхад хөрш айлын Ц.Цогтгэрэл ах “миний төрсөн өдөр, хүүхдүүдтэйгээ орж ирээд цай хоол ид” гэсэн. Би хүүхдүүдийн хамт гэрт нь ороод идэж уугаад 3 хүүхдээ гэртээ оруулж үлдээгээд 5 минутын дараа Цогтгэрэл ахын гэрт буцаж орсон. Тэгэхэд нэг танихгүй залуу гэрт нь байсан. Бид гурав 0.75 граммын архи хувааж уусан, архиа хувааж ууж дуусах үед Цогтгэрэл ах согтоод унтсан. Тэгээд хамт архи уусан залуутай 14 цагийн үед гараад явсан. Би тухайн үед согтсон байсан юу болсон талаар санахгүй байна Тэгээд нэг мэдсэн гэрийн үүдэнд цагдаа нар ирсэн, намайг алаг машинд суулгаад аваад явсан... тэрнээс хойш юу болсон талаараа санахгүй байна. ...” /хх 69-71/ гэх мэдүүлэг,

                

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 5533 дугаартай: “...Ц.Батгэрэлийн биед баруун чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, дух баруун доод зовхи, баруун нүдний гадна буланд зулгаралт, духанд цус хуралт, дагзны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...”/хх 41/ гэх дүгнэлт, Шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /хх3/,

 

Хүний биед үзлэг хийсэн: “...2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Ц.Батгэрэлийн биед үзлэг хийхэд Ц.Батгэрэл нь 168 см өндөр нуруутай, хар өнгийн халимаг үстэй, баруун чихэнд маажуулсан, зулгаралт бүхий шарх 2 см хэмжээтэй, нүүрний баруун хэсэгт нүд болон духны хэсэгт 1 см хэмжээтэй маажуулсан зулгаралт шархтай байна...” гэсэн тэмдэглэл /хх 48-50/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ү.Дг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, “хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9 дахь заалтад “... албан үүрэгтэй нь холбогдуулж...” гэсэн хүндрүүлэх шинжийг хуульчилсан нь мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хангах боловч “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэсэн гэмт хэргийг тусгайлан хуульчилсан тул “хохирогчийг албан үүрэгтэй нь холбоотойгоор эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хоёр гэмт хэрэгт хамааруулан давхар зүйлчилж болохгүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Ү.Дг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг тус тус журамлан шүүгдэгч  мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцон нэмж, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 20 /хорь/ хоногоор тогтоож, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ү.Дгийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий “... хорих ялыг торгуулийн ялаар сольж өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч Ү.Д “... асран хамгаалах хүнгүй бага насны хүүхэдтэй, хувийн байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Ү.Д нь ам бүл 4, гурван хүүхдийн хамт  амьдардаг бөгөөд 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн Д.Мөнх-Эрдэнэ 11 настай, 2013 оны 10 дугаар сарын 4-ний өдөр төрсөн Д.Мөнхбаатар 6 настай,  2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн Д.Мөнхсайхан 4 настай болох нь тэдгээрийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 105-107/-р нотлогдож байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.” гэж,

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна. ...”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна. ...” гэж тус тус заасан байдаг.

 

Шүүгдэгч Ү.Д нь  бага насны буюу 4-11 насны 3 хүүхдээ харж асардаг, бага насны хүүхдүүдийг асран хамгаалах харгалзан дэмжих хүнгүй, мөн шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн,үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ү.Д нь 2019 оны 9 сарын 25-наас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх хүртэл нийт 57 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 57 хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцож, 855 /найман зуун тавин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 855.000 төгрөгийг түүнд оногдуулах торгуулийн ялаас хасч тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэвээр үлдээж, дээрх ялуудыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Мөн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ү.Дд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон. Энэ нь түүний ар гэрийн амьдрал хувийн байдалд нийцнэ гэж үзлээ.  

 

Иймд шүүгдэгч Ү.Д, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/1022 дугаартай шийтгэх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын: “...мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял...” гэснийг “Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял...” гэж,

4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дахь заалтыг тус тус журамлан шүүгдэгч Ү.Дд мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцон нэмж, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг нэг жил долоон сар хорь хоногоор тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ү.Дд оногдуулсан торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгосугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Дгийн цагдан хоригдсон 57 хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцож, 855 /найман зуун тавин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 855.000 төгрөгийг торгох ялаас хасч, торгох ялын хэмжээг 2.145.000 төгрөгөөр тогтоосугай.” гэсэн,

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан  шүүгдэгч Ү.Дд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Ү.Дг нэн даруй сулласугай.

4.  Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ПҮРЭВСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                          Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ