Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 465

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Я.Түвшинжаргалд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Нямсүрэн,

ялтан Я.Түвшинжаргал,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Б.Халиун, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Я.Түвшинжаргалын гаргасан давж заалдах гомдлоор Я.Түвшинжаргалд холбогдох 201201051308 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Өгөөмөр овогт Ядамсүрэнгийн Түвшинжаргал, 1985 оны 3 дугаар сарын 8-нд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 8-318 тоотод оршин суух бүртгэлтэй,

1. 2002 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлснийг Нийслэлийн шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 558 дугаар магадлалаар өөрчлөн, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ял болгон өөрчилж, 2002 оны 12 дугаар сарын 5-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2. 2005 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 8 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

3. 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 8 дугаар сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

4. 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 153 дугаар зүйлийн 153.1, 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 15 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, /РД: ЙЮ85030832/;

 

Я.Түвшинжаргал нь урьд бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэгт шийтгүүлж, ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад буюу 2012 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 73-1149 тоотод оршин суух М.Мөнхжаргалын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, “Самсунг” загварын 42 инчийн зурагт, “нокиа 6300” загварын гар утас хулгайлж, 740.000 төгрөгийн хохирол, 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 4-0084 тоотод оршин суух Л.Лхагвасүрэнгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, “Тошиба” загварын 32 инчийн зурагт хулгайлж, 180.000 төгрөгийн хохирол, нийт 920.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Я.Түвшинжаргалд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1-д тус тус зааснаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 дугаар шийтгэх тогтоолоор ялтан Я.Түвшинжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялаас тус тус эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 8 жил хорих, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 cap хорих ялаас тус бүр 2 жилийг өршөөн хасаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялтан Я.Түвшинжаргалд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил хорих ял дээр мөн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 cap хорих ялын зарим болох 6 сарыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 8 жил хорих ялаас үлдэх 6 жил хорих ялын зарим болох 2 жилийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 cap хорих ялаас үлдэх 1 жил 6 сарын хорих ялын зарим болох 6 сарыг тус тус нэмж нэгтгэн, ялтан Я.Түвшинжаргалын биечлэн эдлэх ялыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 14 жилийн хорих ялаар тогтоож,

Ядамсүрэнгийн Түвшинжаргалыг бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч, давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Я.Түвшинжаргалыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Я.Түвшинжаргалд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 14 жил хорих ялд энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 cap хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 14 жил хорих ялаар тогтоож, түүний өмнөх шийтгэх тогтоолоор биеэр эдэлсэн 2 жил 10 cap 5 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, биечлэн эдлэх ялыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил 1 cap 25 хоног хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Я.Түвшинжаргалын эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Я.Түвшинжаргалыг энэ хэрэгт холбогдуулан цагдан хорьсон 674 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Я.Түвшинжаргалаас нийт 920.000 төгрөгийг гаргуулан, хохирогч М.Мөнхжаргалд 740.000 төгрөг, Л.Лхагвасүрэнд 180.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Я.Түвшинжаргал давж заалдах гомдолдоо: “...Миний бие Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1, 126 дугаар зүйлийн 126.1, 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих 415 дугаар ангид ял эдэлж байхад 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн цагдан хорьсон. Чингэлтэй дүүрэгт үйлдсэн хулгайн 2 үйлдлийг нэгтгэж өгнө үү гэж амаар болон бичгээр удаа дараа хүсэлт гаргаж байсан. Уг хэргийг нэгтгэн шалгаагүй атлаа дахин ял нэмэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байхад Чингэлтэй дүүргийн прокурорын газраас өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар хорих ялаар шийтгүүлж байсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг болгон хүндрүүлэн зүйлчилж Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн болно. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль гарсан. Гэтэл Чингэлтэй дүүргийн шүүх өмнөх ялтай байх хугацааг өршөөн хэлтрүүлж, хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өмнөх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 дугаар шийтгэх тогтоолд багтаан шийдвэрлэх нь миний эрх зүйн байдлыг дээрдүүлэх байтал эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн тул миний өмнөх ялтай байх хугацааг өршөөн эрх зүйн байдлыг дээрдүүлснээр шийдвэрлэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэж өгнө үү...” гэжээ.

 

Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг зохих журмын дагуу хэрэглэж шийдвэрлэсэн. Я.Түвшинжаргалын эрх зүйн байдлыг дордуулаагүй тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

Я.Түвшинжаргалд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Я.Түвшинжаргал нь 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдөр шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг булаах” гэмт хэргийнхээ ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад 2012 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 73-1149 тоотод оршин суух М.Мөнхжаргалын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, “Самсунг” загварын 42 инчийн зурагт, “Нокиа 6300” загварын гар утас хулгайлж, 740.000 төгрөгийн хохирол, 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 4-0084 тоотод оршин суух Л.Лхагвасүрэнгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж “Тошиба” загварын 32 инчийн зурагт хулгайлж, 180.000 төгрөгийн хохирол, нийт 920.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

хохирогч М.Мөнхжаргалын “...2012 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 12-13 цагийн үед би өөрийн эхнэр, хүүхдийн хамт гэрээсээ гарч яваад орой 19 цагийн үед гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цоожийг хөшиж хулгай орж, байшингийн хойморт байсан “Самсунг” загварын 42 инчийн Лед зурагт алдагдсан байсан. Тэгэхээр нь хулгай орсон байна гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн. 2012 оны 5 дугаар сард 730.000 төгрөгөөр худалдан авч байсан. Манай зурагтанд онцлог содон шинж тэмдэг байхгүй. Би гомдолтой байна. Алдагдсан эд зүйлсээ үнэлгээний дагуу нэхэмжилнэ. Мөн эвдэлсэн хаалганы үнэ болох 50.000 төгрөгийг нэмж нэхэмжилнэ...” /1-р хх-ийн 16-17, 106 тал/,

хохирогч Л.Лхагвасүрэнгийн “...2012 оны 8 дугаар сарын 29-ний өглөө манай нөхөр, охин бид гурав гэрээсээ 08 цаг өнгөрөөгөөд гарсан. Ингээд орой 18 цагийн орчим бид гэртээ орж иртэл гэрийн хойморт шаргал өнгийн зурагтын тавиур дээр байсан 32 инчийн “Тошиба” загварын зурагт хулгайд алдагдсан байсан. Манай гэрээс доошоогоо яваад “Бялхам” гэж дэлгүүрийн ард талд өөртөө үйлчилдэг дэлгүүрийн эзний хүүхэд “нэг ах зурагт хажуудаа тавьчихсан. Өөрөө архи уугаад сууж байсан. Тэгээд хаашаагаа явсан талаар мэдэхгүй байна. Настай хүн байсан” гэж надад хэлсэн. 32 инчийн “Тошиба” загварын ЛСД зурагт нь шинэ зурагт байгаа юм. Үнэлгээний комиссын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Гомдолтой байгаа тул хуулийн дагуу шийдүүлж, хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” /1-р хх-ийн 46-47, 107 тал/,

гэрч М.Амартүвшингийн “...Би Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд ажлын байрны тодорхойлолтын дагуу гүйцэтгэх ажил явуулдаг. Уг хэргийг ч гэсэн гүйцэтгэх ажлын шугамаар олж авсан мэдээ мэдээллийн дагуу илрүүлсэн байгаа. Яллагдагч Я.Түвшинжаргалаас 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр анги дээр очиж тайлбар авахад надад 20 орчим хэрэг үйлдэл ярьсан бөгөөд түүний дагуу шалгахад Чингэлтэй дүүргийн 15, 16 дугаар хороодын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн иргэн Мөнхжаргал, Лхагвасүрэн нарын гэрт хулгай орсон гэх хэргүүд нь нотлогдсон бөгөөд бусад 18 үйлдэл нь шалгахад тогтоогдохгүй, худлаа ярьсан байсан...” /1-р хх-ийн 148 тал/,

гэрч Р.Энхзоригтын “...2012 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн гудамжинд Хайлаастад амьдарч байсан юм. Тэгээд 2012 оны 8 дугаар сарын сүүлээр байх, яг өдөр, сарыг нь санахгүй байна. Яг үд дунд гэртээ цонхоороо хараад зогсож байтал нэг хар хувцастай, намхандуу биетэй, бордуу царайтай, 20-25 орчим насны залуу нэлээд том зурагт дааж ядаад авч явж байхаар нь тухайн үед “ганцаараа яасан том зурагт авч явдаг юм” гэж бодоод л өнгөрсөн. Тэгээд байж байтал маргааш нь цагдаагийн хүмүүс тэр хавиар яваад зурагт хулгайд алдсан хэрэг гарсан гэхээр нь би өөрийн үзсэн харсан зүйлээ л хэлж өгсөн юм...” /1-р хх-ийн 149 тал/ гэх мэдүүлгүүд,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 121-124 тал/,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7, 11-12, 40-42 тал/,

эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 25, 61 тал/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Я.Түвшинжаргал нь урьд бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэгт шийтгүүлж, ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа иргэн М.Мөнхжаргалын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 740.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг, иргэн Л.Лхагвасүрэнгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 180.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг нь хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн 145.4 дэх хэсэгт заасан “...энэ хэргийг булаах... гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Анхан шатны шүүхээс Я.Түвшинжаргалын уг гэмт хэрэгт нь оногдуулсан хорих ялын хэмжээ, дэглэм зэрэг нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд бүрэн тохирсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтад заасан өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд хамаарч байгаа тул ялтан Я.Түвшинжаргалын “...миний эрх зүйн байдлыг дээрдүүлэх байтал эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн тул миний өмнөх ялтай байх хугацааг өршөөн, эрх зүйн байдлыг дээрдүүлснээр шийдвэрлэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Я.Түвшинжаргалын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялыг тус тус Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, түүний уг гэмт хэргүүдийн ялаас нэмж нэгтгэгдэн биечлэн эдлэхээр тогтоогдсон 1 жилийн хорих ялыг хассан нь,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялаас тус тус 2 жилийн ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хасаж байгаа ч өршөөгдөөгүй үлдэж байгаа ялын хэмжээн дотор уг гэмт хэргүүдийн ялаас нэмж нэгтгэгдэж, биечлэн эдлэх ял нь тогтоогдсон байх тул түүний биечлэн эдлэх ялыг тогтоохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар ялаас нэмж нэгтгэгдсэн ялд өөрчлөлт оруулаагүй нь тус тус хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Я.Түвшинжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

                      ШҮҮГЧИД                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                                      Д.ОЧМАНДАХ