Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2020/0397

 

Р.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Р.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 312 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Р.Н-ийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Р.Н-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 312 дугаар шийдвэрээр: “Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3, 4 дүгээр зүйлийн 1, 7 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 “л” дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Р.Н-ийг “Баянзүрх дүүргийн 8  дугаар хороо 48 айлын байрны 27 тоот 3 өрөө орон сууцыг Баянзүрх дүүргийн хөрөнгөд бүртгэсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Р.Н давж заалдах гомдолдоо: “Баянзүрх дүүргийн 8  дугаар хороо, айлын орон сууц нь Цагдаагийн ерөнхий газрын өмчлөлийн байр ба тухайн байрыг хувьчлах эсэх асуудал нь Цагдаагийн ерөнхий газарт хамаарах ба Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт огт хамааралгүй үл хөдлөх хөрөнгө юм.

Шүүх шийдвэр гаргахдаа 48 айлын орон сууц нь Цагдаагийн байгууллагын өмчлөлийн байр юм уу эсхүл Нийслэлийн өмчид хамаарах нийтийн орон сууц юм уу гэдэг зүйлийг орхигдуулснаар 48 айлын орон сууцыг Нийслэлийн өмчлөлд байсан, Нийслэлийн ордер олгодог байр мэтээр шийдвэр гаргажээ.

Иймд Цагдаагийн ерөнхий газрын өмчийн байрыг Нийслэлийн өмчийн нийтийн орон сууц гэж андуурч гаргасан шийдвэрийг хүчингүй болгож Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 48 айлын орон сууц нь хаанахын хэний өмч болохыг тогтоолгон дахин хянуулах боломж олгож өгнө үү” гэв.  

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх Р.Н-аас Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 48 айлын орон сууцны 27 тоот 3 өрөө байрыг Баянзүрх дүүргийн өмчлөлд бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Р.Н нь 48 айлын байрны 27 тоот 3 өрөө орон сууцыг 1988 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл түрээслэн, эзэмшиж байжээ[1].  

Үүний дараа Баянзүрх дүүргийн Засаг дарга, Цагдаагийн дээд сургуулийн захирал нар “Цагдаагийн дээд сургуулийн 2 дугаар байрны 48 айлын 27 тоотод оршин суугч Р.Н-ийг Баянзүрх дүүргийн гэрээтэй ОСА-ын 13 дугаар конторын харьяа 68 дугаар байрны 1 дүгээр орцны 3 тоот 3 өрөө орон сууцад шилжүүлэн оруулахаар шийдвэрлэн” гэрээ байгуулж[2], Р.Н-т 933873 дугаартай зөвшөөрлийн бичиг олгожээ[3].  

Улмаар Р.Н 48 айлын байрны 27 тоотод 3 өрөө орон сууцаа 68 дугаар байрны 1 дүгээр орцны 3 тоот 3 өрөө орон сууцаар солиод, 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ авч[4], 2005 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр[5] Юн Бэ гэх иргэнд шилжүүлжээ.  

Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаас нийслэлийн Засаг даргын орлогч даргад хүргүүлсэн 1993 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн  3-211 дүгээр албан бичигт “Тус дүүргийн 7 дугаар хорооны контор байрлаж байсан 62 дугаар байрны 1 дүгээр орцны 3 тоотод Цагдаагийн хэлтэст хэв журмын ахлах байцаагч Р.Н 1993 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн орсон байна.

Р.Н-ийн хуучин амьдарч байсан 8 дугаар хорооны нутагт оршдог 48 айлын орон сууцны 27 тоотод 8 дугаар хорооны контор байрлах болсон юм. Иймд Р.Н-ийн орон сууцны ордерийг сольж өгнө үү” гэжээ.  

Нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаар хариуцагчийн үйлдлийг илт хууль бусад тооцуулахаар маргаж байна.

Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/205 дугаар тушаалаар Баянзүрх дүүрэгт байрлах 48 айлын орон сууцны 27 тоот байрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгөд бүртгэхийг зөвшөөрсөн үйлдэл нь нэхэмжлэгч Р.Н-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан бөгөөд хуульд зааснаар ингэж халдах үндэслэл байгаагүй тохиолдолд илт хууль бусад тооцох зохицуулалттай.    

Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-д “Сууц эзэмшигч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц / нэг буюу нэгээс дээш өрөө/ -ыг сууц эзэмших эрхийн бичиг / ордер/, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг”, 4 дүгээр зүйлийн 1-д “Орон сууц хувьчлахад нийтийн зориулалттай орон сууцны байшингийн нэг сууц /өрөө/-ыг түүнийг эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн хамт сайн дурын нь үндсэн дээр, нэг удаа үнэгүй, зөвхөн орон сууцны зориулалтаар, хувьчлах ажлыг төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчмыг баримтална”, 7 дугаар зүйлийн 1-д “Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй” гэж заасан.

Тодруулбал, сууц эзэмшигч буюу тухайн орон сууцыг эзэмших эрхтэй этгээд нь /ордертэй/ нэг удаа үнэ төлбөргүйгээр түрээсэлсэн байраа өмчилж авах эрхтэй байна.  

Нэхэмжлэгч Р.Н нь 48 айлын байрны 27 тоот 3 өрөө орон сууцыг 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 68 дугаар байрны 3 тоот орон сууцаар сольсон, ингэж сольсон талаар нэхэмжлэгч мэдэж байсан, түүнчлэн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 68 дугаар байрны 3 тоот орон сууцыг өмчилж аваад дараа нь худалдсан зэрэг баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь хуульд зааснаар 1 удаа орон сууц үнэгүй өмчилж авах хуульд заасан эрхээ эдэлжээ.  

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Р.Н нь сууц эзэмших эрхийн бичиг буюу ордер дээрх хаягт байрлах орон сууцыг нэг удаа үнэгүй өмчилж авсан байна.

Түүнчлэн дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1623 дугаар шийдвэрээр Р.Н-ийг Баянзүрх дүүргийн 48 айлын байрны 27 тоот 3 өрөө орон сууцны эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, мөн  Орон сууц хувьчлах тухай хууль батлагдан гарах үед буюу 1996 онд нэхэмжлэгч Р.Н нь 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 68 дугаар байрны 3 тоот орон сууцыг эзэмшиж байсан, харин маргаан бүхий орон сууцыг Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны контор эзэмшиж байсан зэрэг баримтаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэж үзэхээргүй байна.

Нөгөө талаар, нэхэмжлэгч нь маргаан бүхий байрыг Цагдаагийн ерөнхий газрын өмчлөлийн байр бөгөөд Цагдаагийн ерөнхий газраас “... уг байрыг Р.Н өмчлөх хүсэлттэй тул зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг уламжилсан” байхад Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар өөрийн хөрөнгөд бүртгэн авсан нь хууль зөрчсөн маргажээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 66 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын Гуравт “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн олд авсан эд хөрөнгийг бүртгэх”, 3.2.4-т “Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслээс бусад хөдлөх эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн даргын тушаалаар бүртгэж авна” гэж заасан.

Эндээс үзвэл, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 48 айлын байрны 27 тоот 3 өрөө орон сууцыг хариуцагч 2015 онд өөрийн хөрөнгөд бүртгэж авахад хэн нэгний өмчлөлд бүртгэлгүй байсан, мөн Орон сууц хувьчлах тухай хууль батлагдан гарах үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны контор үйл ажиллагаа явуулж, эзэмшиж байсан, түүнчлэн нийслэлийн өмчит хуулийн этгээд эд хөрөнгө бүртгэж авахдаа даргын тушаалаар бүртгэх зохицуулалт зэргээс үзвэл хариуцагч нь дээрх орон сууцыг өөрийн хөрөнгөд бүртгэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Дээрхээс дүгнэж үзвэл, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 48 айлын байрны 27 тоот 3 өрөө орон сууцыг өөрийн хөрөнгөд бүртгэсэн нь хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 312 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Р.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 131 хуудас

[2] Хавтаст хэргийн 92 хуудас

[3] Хавтаст хэргийн 90  хуудас

[4] Хавтаст хэргийн 75 хуудас

[5] Хавтаст хэргийн 80 хуудас