Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 0312

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 12 өдөр            Дугаар 128/ШШ2020/0312            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р.Н

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо ******* орон сууцны тоот 3 өрөө байрыг Баянзүрх дүүргийн өмчлөлд бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, гэрч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Р.Н миний бие 1995 онд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 2 дугаар байр ******* орон сууцны тоот 3 өрөө байрыг эзэмшиж байгаад ажлын газрынхаа дэргэд өөр байранд амьдрах болсон. Энэ үед эзгүй байсан миний байрыг тухайн үеийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга “Шал дэмий хоосон байранд мөнгө төлж байхаар манай хороонд түр түрээслүүлчих" гэж гуйснаар 1995 онд хорооны даргад байраа түрээслүүлсэн бөгөөд тухайн үед байрны түрээсийг төлж байгаад 1997 онд орон сууц хувьчлагдсан гэх үндэслэлээр түрээсээ төлөхөө больсон. 2015 онд миний байр яаж хувьчлагдсаныг сонирхоход хувьчлагдаагүй, миний нэр дээр байгаа болохыг мэдээд иргэний шүүхэд "Орон сууц чөлөөлүүлэх" нэхэмжлэл гаргахад иргэний шүүхэд орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийг 3 жилийн догор гаргах ёстой учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга Р.Н нь орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир Баянзүрх дүүргийн өмчлөлд бүртгэж авна гээд дүүргийн өмчлөлд бүртгэж авсан байна. Иргэн хүн эзэмшлээ чөлөөлүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дуусангуут төр уг обьектыг өмчлөлдөө бүртгэх хууль байхгүй гэж үзэн Засаг даргад гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн засаг даргаас “хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шүүх шийдвэрлэсэн тул Захиргааны байгууллага дахин хянахгүй" гэж хариу өгсөн.

Би Засаг даргад гомдол гаргахдаа хөөн хэлэлцэх хугацаа дуусмагц төр уг объектыг өмчлөлдөө бүртгэдэг ямар хууль байдаг талаар гомдол гаргахад иргэний шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тул захиргааны байгууллагад хамаагүй гэж байгаа нь захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн хариу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага өөрийн илт хууль бус үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн иргэний шүүхийн шийдвэрээр халхавчилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй ба илт хууль бус үйлдэл бол хөөн хэлэлцэх хугацаагүй үйлдэл учир манай гомдолд иргэний шүүхийн хөөн хэлэлцэх хугацаа заасан шийдвэр хамаагүй гэж үзэн нэхэмжлэл гаргаж байна. Мөн миний байрыг хэзээ төрийн өмчийн бүртгэлд авсан болохоо ч тодорхой хариугаар өгөхгүй байгаа нь хууль бус юм. Иймд Р.Нийн нэр дээр бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо ******* орон сууцны тоот 3 өрөө байрыг Р.Нт мэдэгдэлгүй Баянзүрх дүүргийн өмчлөлд бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “ 2007 оны үед 8 дугаар хорооны Засаг дарга Н.З гуайтай тохиролцоод өөрийнхөө байрыг түрээслэсэн. “8 дугаар хороо өөрийн гэсэн байргүй байгаад ард түмнээсээ хол байна, та энэ байранд орчих гэсэн”. Н.З гуай өөд болчихсон. Түүнээс хойш 2 Засаг дарга солигдсон. Манай байр Офицеруудын ордны зүүн талд 2 угсармал барилгын нэг нь. “Та энэ байрыг түрээслээд орчих, би өөрийн гэсэн байртай болохоор нь танд өгнө, тэр болтол манайхыг ажлаа явуулах боломжоор хангаж өгөөч” гэсэн. Тэгээд байраа сольсон. Н.З гуай “би байртай болохоороо байрыг чинь суллаад өгнө” гэсэн. 2014 онд би хороо байртай болсон талаар дуулсан. Тамгын газрын дарга н.А дээр очтол “манай байр зөвхөн бүртгэлд байгаа гээд,  Өмчийн харилцааны газар очтол “манайд энэ байрны бүртгэл байхгүй байна” гэсэн. Үүнээс хойш хөөцөлдөөд 6 дахь жилдээ хөөцөлдөж байна. 2-3 сая төгрөг энэ байраа хөөцөлдөхдөө зарцуулаад байгаа. Хөгшин бид одоо 2 хүргэнийдээ байгаа. Манайх ам бүл 7-уулаа байгаа болохоор хүргэнийдээ хэдий болтол байх уу? гээд байртай болохоороо өгнө гэсэн болохоор итгэж найдаад хүлээж байсан. 2014 онд хороо шинэ байранд орсон гэж дуулаад очсон. Ямар ч байсан өөрийнхөө байрыг авах итгэл төрсөн. 1988 оноос Цагдаагийн академиас 2 дугаар ******* орон сууцны тоот байрыг надад олгосон. Тэр үед хувьчлагдаагүй учраас ордероор авдаг байсан. Энэ бичгээр манай байрныхан бүгд байраа хувьчлаад авчихсан. Би 2 дугаар ******* орон сууцны тоотод байсан. Тэр байраа хувьдаа хувьчилж авах боломж байна уу л гэж хүсэж байгаа.

Дүүрэг өөрөө байртай болохоор чамд суллаж өгнө гэсэн. Сүүлдээ 2 байраа бүр сольсон юм шиг болсон. Сольсон гэж ойлгодоггүй. 2 дугаар ******* орон сууцны тоот байрыг 8 дугаар хорооны конторт өгөх үед энэ С.О нь хорооны зохион байгуулагч байсан. Хорооны Засаг дарга нь Н.З гуай байсан. 2014 оноос хороо шинэ байранд орсон гэж дуулаад одоо байрандаа орох болжээ гэж бодсон. Би 2 дугаар ******* орон сууцны тоот байраа хороог байртай болгож байна гэж ойлгож байсан.

1995 онд 2 дугаар ******* орон сууцны тоот байрнаасаа гараад дугаар байранд орсон. 12 жил орон сууцны контортой түрээслэж байгаад сүүлд нь хувьчилж авсан. 2 дугаар ******* орон сууцны тоот байрыг Цагдаагийн академиас надад өгсөн байр. Яамны ажилчиддаа өгсөн байр. Гэрээ байгуулаагүй. Ордер гээд бичгийн цаасан дээр бичсэн зүйл байсан. дугаар байрандаа байрны мөнгөнөөс өөр түрээсийн төлбөр төлж байгаагүй.

2016 оны 6 дугаар сарын 22-ны 2/1255 тоот албан бичгийг дүүргээс өөрөө очиж авсан. Тэр байрыг Баянзүрх дүүргийн өмчлөлд бүртгэсэн үйлдлийг илт хууль болохыг тогтоолгох гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа хөрөнгөд бүртгэсэн шийдвэр буюу Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодруулж байна.” гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...1995 онд иргэн Р.Н нь өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Хилчний гудамж, 2 дугаар хэсэг, ******* орон сууцны тоот 3 өрөө байраа Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны эзэмшлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах дугаар байрны 3 тоотын 3 өрөө орон сууцаар сольсон байдаг. Иргэн Р.Н нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний гудамж 2 дугаар хэсэг ******* орон сууцны тоот 3 өрөө байрны эзэмшигчээр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжпэл гаргасныг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 1623 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй оолгож шийдвэрлэсэн тул Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний гудамж, 2 дугаар хэсэг ******* орон сууцны тоот 3 өрөө байрыг тус дүүргийн Засаг даргын Тамгын газар хөрөнгийн данс бүртгэлдээ бүртгэж авсан.

Энэ талаар Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2/1255 дугаартай албан бичгээр иргэн Р.Нт мэдэгдэж байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт зааснаар гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжпэл гаргах байтал 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжпэл гаргасан байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 2 дугаар байр, ******* орон сууцны тоот 3 өрөө байр нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын өмч бөгөөд иргэн Р.Нтай тухайн үеийн хорооны Засаг дарга, дүүргийн удирдлагууд зохих тохиролцооны дагуу шилжүүлэн авсан.

Иймд нэхэмжпэгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй, нэхэмжпэгч нэхэмжпэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байх тул хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.  

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1995 онд иргэн Р.Н нь өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчины гудамж, ******* орон сууцны 2 дугаар байрны тоотод 3 өрөө байрыг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах дугаар байрны 3 тоотод байрлах 3 өрөө байраар сольсон. Р.Н нь маргаан бүхий тус тоот 3 өрөө байрны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний шүүхэд гаргаж, анхан шатны шүүхээс 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 1623 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг үндэслэн, мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 66 дугаар тогтоолоор баталсан журмын 3.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар Баянзүрх дүүрэг нь өөрийн хөрөнгөд бүртгэсэн байдаг. Бүртгэсэн талаар тухайн үед 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 2/1255 тоот дугаартай албан бичгээр мэдэгдсэн.  Тиймээс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж байна гэж үзэж байгаа. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчины гудамж, ******* орон сууцны 2 дугаар байрны тоотод 3 өрөө байр нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын өмч болсон. Иймд Р.Н гуайн хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөхгүй байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбараа хэлвэл анх бүртгэх шийдвэр гаргахдаа Иргэний хэргийн анхан шатны шийдвэрийг үндэслээгүй. Холбогдох Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 5.5, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журмын 3.2.4 дэх заалтад тус тус үндэслэж бүртгэсэн. Түүнээс шүүхийн шийдвэрийг үндэслэж бүртгээгүй. Ингэж бүртгэсэн талаараа Р.Н гуайд мэдэгдсэн. Р.Н гуайд мэдэгдэх ёстой эсэх тухайд тухайн үед эрх ашиг нь хөндөгдөхгүй учраас заавал мэдэгдэх шаардлагагүй байсан боловч мэдэгдсэн. Р.Н гуайн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн хөндөгдсөн нь тодорхойгүй, хөндөгдсөн гэж үзэх хуулийн үндэслэл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

1995 онд 2 дугаар ******* орон сууцны тоот байрыг дугаар байрны адил 3 өрөө байраар сольсон гэдгийг гэрч хэллээ. Улмаар 1999 онд хувьчилж аваад амьдарч байгаад зарсан байна. 1994 оноос 2014 он хүртэл 2 дугаар ******* орон сууцанд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо үйл ажиллагаа явуулж байсан байна.

Р.Н гуайн нэр дээр эзэмшилтэй, бүртгэлтэй гэсэн нотлох баримт байхгүй байна. Маргаад байгаа 2 дугаар ******* орон сууцны тоот байр нь 2015 он хүртэл хэн нэгний нэр дээр бүртгэлгүй байх буюу нийслэлийн өмчийн байр гэж харагдаж байна. Энэ нь Өмчийн харилцааны газрын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 7/6373 тоот албан бичиг, Өмчийн харилцааны газраас Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн 7/76 албан бичгээр нотлогдож байна. Эдгээр албан бичгүүдээс үзвэл энэ 2 байрыг сольсон байна. Р.Н гуай 2 дугаар ******* орон сууцны тоот байрыг албан ёсоор өөрийн нэр дээр бүртгэж аваагүй. 2015 онд холбогдох хууль, журмыг үндэслэж А/205 тушаалаар дүүрэг өөрийн хөрөнгөд бүртгэж авсан. Р.Н гуайн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Гэрч С.О мэдүүлэхдээ: “...Би Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны зохион байгуулагчаар 1992 оны 11 дүгээр сараас, 1994 оноос эхлэн хорооны Засаг даргаар 2005 оныг хүртэл ажилласан. Намайг зохион байгуулагчаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажилд ороход Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо нь дугаар сургуулийн 1 өрөө байранд байрлаж байсан. Манай хорооны Засаг дарга Н.З гэж хүн байсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “хороог ойрхон байр олоод нүү” гэсэн. Тухайн үед хошууч Р.Нтай яриад тухайн 2 дугаар ******* орон сууцны тоот 3 өрөөг дүүргийн мэдлийн дугаар байрны 3 өрөө байртай сольсон. Дүүргийн мэдлийн дугаар байрны гэрчилгээгээ Р.Н хошуучийн мэдэлд болгож өгсөн. 2 дугаар ******* орон сууц хувьчлагдаагүй байсан учраас Р.Н хошуучийн нэр дээр гэрчилгээтэй гэж яваад байсан. 2003 онд Цагдаагийн академи “гэрчилгээ солих гэж байна нэрийг нь хэн дээр болгох юм бэ” гэхэд Засаг дарга н.Гантөмөр “та өөрийнхөө нэр дээр болгочих” гээд Цагдаагийн академид гэрчилгээг хураалгасан. Гэрчилгээг надаас хурааж авсан хүн бол одоо Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст ажиллаж байгаа, тухайн үед орон сууцны нягтлан н.П*******. 2 дугаар ******* орон сууц хувьчлагдахгүй явсаар байгаад намайг ажлаа өгсний дараа хувьчлал болсон. Хувьчлалаас өмнө ашиглалтын зардлыг Цагдаагийн академи руу шилжүүлдэг байсан. Р.Н хошуучид дүүрэг байр өгөөд тэр байрыг нь дүүрэг авсан. Тамгын газрын нэр дээр хувьчлах байсан. 2 дугаар ******* орон сууцны тоот байр Р.Нт хамааралгүй. Дүүрэг Р.Нт өөрийн мэдлийн дугаар байрны 3 тоотын ордерыг гаргаж өгсөн. Р.Н хувьчлаад авчихсан. Уг орон сууц нь Цагдаагийн академийн мэдлийн байр байсан. Ямартай ч манайх ашиглалтын зардлаа Цагдаагийн академийн санхүүд төлдөг байсан.” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Р.Н нь шүүхэд анх хандахдаа “Р.Нийн нэр дээр бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо ******* байрны тоот орон сууцыг Р.Нт мэдэгдэлгүй дүүргийн өмчлөлд бүртгэн авсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад шаардлагаа “Р.Нийн нэр дээр бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо ******* байрны тоот 3 өрөө орон сууцыг Баянзүрх дүүргийн өмчлөлд бүртгэсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” хэмээн тодорхойлсон болно.

Нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан ч тухайн шийдвэрийг гаргасан этгээдээр хариуцагчийг солихыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тул Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргыг хамтран хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараас дараах үйл баримт тогтоогдож байна.

Нийслэлийн архиваас ирүүлсэн баримтуудаас үзэхэд Сүхбаатарын районы /хуучнаар/ 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт ******* байрны тоот орон сууцыг 80******* дугаартай эрхийн бичгээр Р*******ийн Г******* эзэмшиж байгаад хорооны дарга, орон сууц конторын даргаар уламжлан Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргаанд 1985 оны 12 дугаар сарын 08-ны гаргасан өргөдлөөр түүний охин Г*******ийн Т*******ид 8******* дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгээр эзэмшүүлсэн, улмаар нэхэмжлэгч Р.Н 1988 оны 4 дүгээр сарын 15-наас ******* байрны тоот орон сууцыг орон сууц хөлслөх гэрээгээр 1989 оны 4 дүгээр сарын 15-ныг хүртэл эзэмшиж, гэрээг 1989 оны 4 дүгээр сарын 15-наас 1990 оны 4 дүгээр сарын 15-ны хүртэл, 1990 оны 4 дүгээр сарын 15-наас 1991 оны 4 дүгээр сарын 15-ныг хүртэл тус тус сунгасан, цааш сунгагдаагүй байна.

Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Цагдаагийн дээд сургууль хооронд хийгдсэн байр эзэмших гэрээгээр “Цагдаагийн дээд сургуулийн ******* 2 дугаар байрны тоотод оршин суугч х/ч Р.Нийг дүүргийн гэрээтэй ОСА-ын 13 дугаар конторын харьяа дугаар байрны 3 тоот 3 өрөө байранд шилжүүлэн оруулахаар, ******* 2 дугаар байрны тоот орон сууцанд 8 дугаар хорооны конторыг байрлуулах”-аар шийвэрлэж, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн Засаг даргын орлогчид хүргүүлсэн 1993 оны 6 дугаар сарын 16-ны 3/211 тоотод “ дугаар байрны 3 тоотод Р.Н 1993 оны 6 дугаар сарын 15-наас орсон. Р.Нийн хуучин амьдарч байсан ******* байрны тоотод 8 дугаар хорооны контор байрлах болсон. Р.Нт орон сууцны ордер олгохыг” хүссэнээр Р.Нт 16 дугаар хорооллын дугаар байрны 3 тоот 3 өрөө орон сууцыг 1993 оны 7 дугаар сарын 01-нээс эзэмших 93******* дугаартай орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/ олгож, орон сууцны контортой орон сууц хөлслөх гэрээ байгуулахыг зөвшөөрчээ.

Р.Нийн 93******* дугаартай орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийг үндэслэн орон сууцаа хувьчлан авах хүсэлтээр Орон сууц хувьчлах товчооны 1999 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор Р.Н, түүний гэр бүлийн гишүүдэд 16 дугаар хорооллын дугаар байрны 3 тоот 3 өрөө орон сууцыг үнэ төлбөргүй хувьчилсан, тэрээр өмчлөх эрхийн улсын бүртгэлд 2000 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Ү-2204******* дугаарт орон сууцаа өмчлөлдөө бүртгүүлсэн байдаг.

Дээрх тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь 1988-1991 онд эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байсан 10 дугаар хорооны ******* байрны тоот 3 өрөө орон сууцыг 1993 онд 16 дугаар хорооллын дугаар байрны 3 тоот 3 өрөө орон сууцаар сольж эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшсэн, ******* байрны тоот орон сууцыг нэхэмжлэгч нь “8 дугаар хороонд түр ашиглуулсан” гэж ойлгосон гэх хэдий ч эрх бүхий этгээдүүдийн хооронд байр эзэмших гэрээ хийгдэж, эрх бүхий этгээдээс 16 дугаар хорооллын дугаар байрны 3 тоот 3 өрөө орон сууцыг эзэмших эрхийн бичиг Р.Нт олгогдсоноор маргаж буй ******* байрны тоот 3 өрөө орон сууц нэхэмжлэгчид хамааралгүй, энэ байрны эзэмшил, ашиглалт, өмчлөл, бүртгэлийн талаар нэхэмжлэгч маргах эрхгүй болжээ.

Нэхэмжлэгчийн “Р.Нийн нэр дээр бүртгэлтэй” гэх үндэслэлээ болгож буй орон сууц хөлслөх гэрээ нь 1991 оны 4 дүгээр сарын 15-наас хойш хүчин төгөлдөр биш, тухайн байрыг түүний нэр дээр бүртгэлтэй гэж үзэх үндэслэл болохгүй.

Орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/ нь эрх бүхий этгээдээс хуваарилснаар төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууц, өрөөнд тодорхой хугацаагаар амьдран суух эрх бөгөөд амьдран суухдаа орон сууцны контортой байгуулсан орон сууц хөлслөх гэрээгээр зөвхөн орон сууцны ашиглалтын зардал /ус, дулаан, цахилгааны төлбөр/ төлдөг. Өөрөөр хэлбэл орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/ нь тухайн орон сууцыг орон сууц хөлслөх гэрээнд заасан хугацаанд эзэмшилдээ байлгах, амьдран суух эрх юм.

Нөгөө талаас нэхэмжлэгч нь 1988-1991 онд эзэмших эрхийн бичиг, орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байсан орон сууцыг хорооны контор байрлах зориулалтаар түр шилжүүлсэн гэж ойлгож тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд хувьчлан авах хүсэл зоригтой гэх бөгөөд ******* орон сууцны тоот 3 өрөө байрыг хувьчлан авах эрх нэхэмжлэгчид хууль ёсоор үүсэхгүй. Учир нь 1996 онд Орон сууц хувьчлах тухай хууль батлагдсанаар төрийн өмчид байсан нийтийн зориулалттай орон сууц, өрөөг орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүнд нэг удаа үнэ төлбөргүй хувьчилж өмчлөлд нь олгосон. Тодруулбал Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-д “"сууц эзэмшигч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууцыг сууц эзэмших эрхийн бичиг / ордер/ , орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг ойлгоно”, 4 дүгээр зүйлийн 1-д “Орон сууц хувьчлахад нийтийн зориулалттай орон сууцны байшингийн нэг сууц /өрөө/-ыг түүнийг эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн хамт сайн дурын нь үндсэн дээр, нэг удаа үнэгүй, зөвхөн орон сууцны зориулалтаар, хувьчлах ажлыг төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчмыг баримтална”, 7 дугаар зүйлийн 1-д “Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй.” гэж хуульчилжээ.

Иймд орон сууц эзэмших эрхийн бичгээр, орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байсан орон сууцаа үнэ төлбөргүй нэг удаа хувьчлан өмчлөлдөө авах эрхээ нэхэмжлэгч нь 2000 онд 16 дугаар хорооллын дугаар байрны 3 тоот 3 өрөө орон сууцыг хувьчлан авснаар эдэлсэн, энэ хуулиар олгогдсон түүний эрх хөндөгдөөгүй байна.

Засгийн газрын 2005 оны 121 дүгээр тогтоолоор Цагдаагийн академийн эзэмшилд байсан төрийн өмчийн тус бүр ******* 2 байрны орон сууцыг хувьчлахыг зөвшөөрснөөр сууц эзэмшигчдийн жагсаалтыг Төрийн өмчийн хорооноос нийслэлийн Орон сууц хувьчлах товчоонд 2005 оны 9 дүгээр сарын 16-нд хүргүүлсэн байх бөгөөд уг жагсаалтад ******* 2 дугаар байрны тоот 3 өрөө орон сууц Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны эзэмшилд бүртгэлтэй байснаас хувьчлагдаагүй үлджээ.

Р.Н нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргад холбогдуулан “байрнаас албадан нүүлгэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 26 дугаар шийдвэрээр “Р.Нийн ******* 2 дугаар байрны тоот 3 өрөө орон сууцыг эзэмших гэрээний хугацаа 1991 оны 4 дүгээр сарын 15-нд дуусгавар болсон, уг байрны хууль ёсны эзэмшигч гэж үзэх боломжгүй, 2005 онд тухайн байрыг хувьчлах шийдвэр гарснаас тооцож маргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 183 дугаар магадлалаар “орон сууц эзэмших гэрээний хугацаа 1991 оны  4 дүгээр сарын 15-нд дуусгавар болсон, нэхэмжлэгч нь 1995 онд байрыг чөлөөлсөн, эзэмших эрхтэй болох нь тогтоогдоогүй, орон сууцыг чөлөөлүүлэхийг шаардах эрхгүй” гэж дүгнээд шийдвэрийг хэвээр үлдээсэн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 219 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээжээ.

Р.Н нь мөн “******* 2 дугаар байрны тоот 3 өрөө орон сууцны эзэмшигч болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргаж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 1623 дугаар шийдвэрээр “нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн дагуу орон сууц эзэмших эрхээ бусдад шилжүүлсэн, 2013 он хүртэл эзэмшилтэй холбоотой ямар нэг шаардлага гаргаагүй, 1995 оноос хойш эзэмшээгүй, эзэмшил дуусгавар болсон, бусдад шилжүүлсэн нь эзэмшлээсээ бүрмөсөн татгалзсан хэрэг биш гэж үзвэл шаардах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 2014 онд хүртэл ******* 2 дугаар байрны тоот 3 өрөө орон сууцанд байрлаж ажилласан гэх бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/205 дугаар тушаалаар улсын хөрөнгөөр бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэж авах хууль, журмын дагуу дүүргийн хөрөнгөд бүртгэсэн, тушаалд “16 дугаар хороолол дугаар байрны 3 тоот байрыг 1995 онд иргэн Р.Нтай 8 дугаар хороо ******* орон сууцны тоот байраар сольсон” талаар дурдсан байдаг.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 “л”, 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд олгосон орон нутгийн өмчийн талаар эдлэх бүрэн эрхийн хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор “нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулах журам” батлагдсан, журмын 3.2.4-т зааснаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар хөрөнгөдөө бүртгэж авсан нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Р.Нийн иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлүүд дээрх байдлаар шийдвэрлэгдсэний дараа дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын шийдвэрээр ийнхүү тухайн байрыг хөрөнгөдөө бүртгэн аваад 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 2/1255 дугаартай албан бичгээр энэ талаар түүнд мэдэгдсэн, тэрээр уг албан бичгийг хүлээн авсан болохоо маргадаггүй бөгөөд “дүүргийн бүртгэлд бүртгэн авсныг хүчингүйд тооцуулахаар” захиргааны хэргийн шүүхэд удаа дараа хандаж нэхэмжлэл гарган маргаж байсан, тухайлбал 2016 оны 12 дугаар сарын 02-нд нэхэмжлэл гаргаж,  шүүх 2016 оны 12 дугаар сарын 06-ны 10260 дугаартай захирамжаар “нэхэмжлэл гаргах эрхгүй” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, давж заалдах шатны шүүх захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүх 2017 оны 1 дүгээр сарын 10-нд 409 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр бүрдүүлбэр хангуулан ирүүлснийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 869 дугаар захирамжаар мөн л “нэхэмжлэл гаргах эрхгүй” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, давж заалдах шатны шүүх 2017 оны 2 дугаар сарын 16-нд 147 дугаар захирамжаар анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг хэвээр үлдээж, 2017 оны 4 дүгээр сарын 6-нд дахин адил шаардлагаар нэхэмжлэл гаргаж, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны 2580 дугаар захирамжаар “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж хүчин төгөлдөр байгаа” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь дахин 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “өмчлөлдөө бүртгэн авсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгохоор” нэхэмжлэл гаргасныг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 8656 дугаар захирамжаар “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж хүчин төгөлдөр байгаа” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, давж заалдах шатны шүүх “нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай” хэмээн захирамжийг хүчингүй болгосон, улмаар шүүх 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 140 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, улмаар нэхэмжлэгч 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр шаардлагаа  “Р.Нийн нэр дээр бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо ******* байрны тоот орон сууцыг Р.Нт мэдэгдэлгүй дүүргийн өмчлөлд бүртгэн авсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” хэмээн тодорхойлж ирүүлжээ.

Нэхэмжлэлийн энэ төрлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй тул “2016 оны 6 дугаар сарын 66-ны 2/1255 тоот албан бичгээр мэдэгдсэнээс тооцож нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзнэ” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.  Ийнхүү нэхэмжлэл гаргах, маргах эрхтэй эсэх талаар шүүхүүд өмнө удаа дараа дүгнэснийг, мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн “илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан аль үндэслэлээр гаргаж буйгаа тайлбарлаагүйгээс шүүх энэ талаар дүгнэх боломжгүйг тус тус дурьдах нь зүйтэй.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5, 4 дүгээр зүйлийн 1, 7 дугаар зүйлийн 1, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 “л” дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Р.Нийн “Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо ******* байрны тоот 3 өрөө орон сууцыг Баянзүрх дүүргийн өмчлөлд бүртгэсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ХАЛИУНА