Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 160

 

С аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Мад холбогдох эрүүгийн 1930000000090 дугаартай  хэргийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 15-ны өдөр С аймгийн Наран суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт С аймгийн Наран сумын  2 дугаар  баг Бумбат гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй  Д.М.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

 Шүүгдэгч Д.М нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр С аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр  ... тоотод хохирогч Г.Эыг зодож, эрүүл мэндэд нь “толгойн үстэй хэсгийн зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

       

Эрүүгийн 1930000000090 дугаар хэргээс: 

Шүүгдэгч Д.М яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр аймаг дээр хүргэн ах Сыг аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр ирсэн юм. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цагийн үед төрсөн ах Д.Мын гэрт кино үзээд сууж байхад манай ах Д.М, Ч, мөн хүргэн С нар 2 шил архи хувааж ууцгаасан юм. Би өөрөө согтууруулах ундаа хэрэглэдэггүй болохоор тэр архинаас уугаагүй. Гэтэл Мө ах бие засахаар  гэрээс гараад удалгүй муухай бахираад байхаар нь би гараад очтол манай хашаанд  архи ууж байсан бололтой хоёр хүн ах Д.Мтай муудаж  насаар залуу эрэгтэй хүн ахын дээр гараад суучихсан, нүүр рүү нь цохиж байхаар нь тэр залууг татаж холдуултал надруу дайрахаар нь  газар байсан Ерөөл нэртэй архины шилээр тэр залууг цохиход толгойноос нь цус гарсан.  Тэгээд би буцаж гэр рүүгээ ороод хүргэн Сыг аваад мотоциклтойгоо Наран сумруу явж шөнө 23 цагийн үед очсон. Маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр утсаар холбогдож надад архины шилээр цохиулсан хүн зүгээр үү юу болж байна би айгаад байна гэж утсаар ярьсан. Би Г.Эын биед толгойн үстэй хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Тэр залууг архины шилээр зохих үед гэмтэл үүссэн. Манай ах Д.Мтай маргалдаж муудалцаад байхаар нь болиулах санаатай холдуулсан юм. Гэтэл тэр залуу надруу дайраад байхаар нь би архины шилээр цохьчихсон юм. Миний биед учирсан гэмтэл бэртэл байхгүй. Би Г.Эын хохирлыг боломжоороо барагдуулна.” гэв. /хх-ийн 50-51 хуудас/

Хохирогч Г.Эын мөрдөн байцаалтад өгсөн: 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 17 цагийн орчимд ажил хийж өгсөн Энхтөр ахтай хамт автотээврийн буюу баазын хашаанд авсан архиа хувааж уугаад сууж байтал хашааны эзэн гэх Д.М дүү Д.Мын хамт согтуу гарч ирээд манай хашаанд юу хийж байгаа юм  гэхээр нь архи ууж байсан юмаа, одоо ингээд явлаа гээд бостол Д.М та нарын архинаас горьдохгүй гэж байсан. Тэгээд явах гэж байтал гэнэт миний толгой руу Д.М архины шилээр цохиж хохирол учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/, 

Гэрч А.Эийн  мөрдөн байцаалтад өгсөн “2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 17 цагийн орчимд ажлаа тараад дүү Эрдэнэбаяртай хамт гэр рүүгээ явж байгаад 0.75 литрийн Ерөөл нэртэй архи 1 шилийг аваад жолооны курсийн хашаанд хувааж уугаад байж байтал хоёр залуу урдаас гарч ирээд та хоёр энд юу хийж байгаа юм гэсэн. Тэгэхээр нь манай дүү Эрдэнэбаяр уучлаарай бид 2 одоо гэж хэлээд боссон чинь үгийн зөрөөгүй энгэрээсээ архины шил гаргаж ирээд Г.Эын толгой руу шууд цохисон. Тэгээд Энхтөр ахаа миний толгойг хагалчихлаа гээд бахирсан. Тэгсэн чинь тэр залуу урагшаа гараад гүйсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,

 

Гэрч Д.Мын  мөрдөн байцаалтад өгсөн “2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн үдээс хойш 16 цагийн орчимд бие засах гээд гартал манай хашаанд 2 эрэгтэй хүн архи уугаад сууж байхаар нь яваад очсон. Юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь тэр хоёр залуутай зууралдаж байсан. Миний төрсөн дүү Мөнхбат ирж намайг салгаж байхдаа архины шилээр нэг залууг нь цохисон. Тухайн үед тэр залуугийн толгойноос цус гараад толгойгоо бариад үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,

 

Гэрч Ч.Чын  мөрдөн байцаалтад өгсөн “ 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Д.М надтай утсаар яриад би Наран суманд ирчихсэн байна, би архины шилээр хүний толгой цохичихсон, тэгээд айгаад сумандаа хүрээд ирсэн, тэр хүний бие гайгүй юу гэж ярьсан. Мөнхбат ахыгаа өмөөрч Г.Э гэх залуутай  муудахдаа Г.Э гэх залууг архины шилээр цохисон юм билээ” гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний  өдрийн 202 дугаартай дүгнэлтэнд:  Г.Эын биед толгойн үстэй хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх /хх-ийн 24 хуудас/

 

Хохирогч Г.Эын хохирол нэхэмжилсэн баримт /хх-ийн 5-8 хуудас/

 

Хохирогч Г.Эын эмчилгээний карт, өвчний түүх /хх-ийн 31-42 хуудас/ 

 

С аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн Засаг даргын 2/240 дугаар тодорхойлолт /хх-ийн 52 хуудас/

 

Хохирогч Г.Эт хохиролд  400,000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 56 хуудас/

 

Шүүгдэгч Д.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 хуудас/ 

 

Шүүгдэгч Д.Мын С аймгийн прокурорын газарт гаргасан хэргийг зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Мад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.М нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр С аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ... тоотод хохирогч Г.Эыг зодож, эрүүл мэндэд нь “толгойн үстэй хэсгийн зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Д.Мын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Г.Э, гэрч А.Э, Д.М, Ч.Ч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 202 дугаартай дүгнэлт зэрэг  хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Д.Мад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Маын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Д.Мын  энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Мын хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд  шүүгдэгч Д.М гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Г.Э нь шүүгдэгч Д.Маас ажилгүй байсан хугацааны  1 сарын цалин 450 000 төгрөг, ээжийнхээ олох байсан орлого  500 000 төгрөг, эмийн зардал 76 857, хоол хүнс 58330 төгрөг  нийт 1 085 237  төгрөг  нэхэмжилсэн бөгөөд  уг нэхэмжлэлийн  шаардлагаас 558,330 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож,  76857 төгрөгийг  шүүгдэгч Д.Маас гаргуулж хохирогч Г.Эт олгох,  цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч Д.М нь хохиролд 400 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

        Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Прокуророос яллагдагч Д.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул Д.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэг заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн  хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.   

Шүүгдэгч Д.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  тэмдэглэх нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

        1.Шүүгдэгч Д.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

        

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мыг  500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох  ялыг Д.М нь  5 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.Мад мэдэгдсүгэй. 

           

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар   хохирогч Г.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 1 085 187 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг нэхэмжлэлийн  шаардлагаас 558,330 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, 76857 төгрөгийг  шүүгдэгч Д.Маас гаргуулж хохирогч Г.Эт олгосугай.              

   7. Ялтан Д.М нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч  Г.Э нь хохиролд  400,000 төгрөг төлсөн, хохирогч нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар  жич нэхэмжлэх эрхтэй   болохыг тус тус дурдсугай.

    

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Х.САНЖИДМАА