Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 05-ны өдөр       Дугаар 2019/ДШМ/14                           Баруун-Урт

 

Д.Мад холбогдох эрүүгийн 

хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг  даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Байгалмаа, нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

прокурор С.Сугар

нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ерөнхий прокурор У.Золжаргалын эсэргүүцлээр тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Мад холбогдох эрүүгийн 1930000000090 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 онд Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар аймгийн Наран сумын  2 дугаар  баг Бумбат гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д.М 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.М 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ... тоотод иргэн Г.Эыг зодож, эрүүл мэндэд нь “ толгойн үстэй хэсгийн зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч Д.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор: шүүгдэгч Д.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мыг  500 / таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох  ялыг  5 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.Мад мэдэгдэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Мад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж, хохирогч Г.Эын нэхэмжлэлийн шаардлагаас шаардлагаас 1102623 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, хохирогч Г.Э хойшид тухайн гэмтлийн улмаас гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Мөнхбатын  илүү төлсөн 311504 төгрөгөөс хэтэрсэн тохиолдолд иргэний журмаар жич нэхэмжлэх  эрхтэй болохыг дурдаж, ялтан Д.М нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Эт 400 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

Ерөнхий прокурор У.Золжаргал бичсэн эсэргүүцэлдээ: Шүүгдэгч Д.Мад холбогдох хэргийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж хийсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ оролцсон бөгөөд тэрээр шүүгч Д.Сугартай төрөл, садангийн холбоотойгоо мэдсээр байж шүүх хуралдаанд оролцож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналаа дэмжиж байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Мад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянаж үзлээ.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугарын даргалж  хийсэн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Д.Мад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх  шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ оролцжээ.

 

Гэтэл шүүх хуралдааны нарийн бичгийн даргын эцэг нь шүүгчийн хадам ах  бөгөөд тэдгээр нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад: “гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэр”-ийг, энэ зүйлийн 3.1.6 дахь заалтад: “садангийн хүн гэж гэрлэгчийн төрсөн ах ... тэдгээрийн хүүхэд”-ийг тус тус ойлгоно гэж заасны дагуу хоорондоо садангийн холбоотой  хүмүүс байна. Энэ нөхцөл байдлыг хууль тогтоогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсгийн 1.2, энэ зүйлийн 4 дэх хэсэг, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүгч,  шүүх хуралдаанд оролцож байгаа нарийн бичгийн дарга нар нь хоорондоо төрөл, садангийн холбоотой бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй, түүнээс татгалзан гарах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд гаргасан шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчингүй болгохоор зохицуулжээ.

 

 Энэхүү хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөнөөрөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг алдагдуулж, шүүгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг тухайн ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. 

 

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Д.Мад холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  энэ зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Мад холбогдох эрүүгийн 1930000000090 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

Хоёр. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            С.ОЮУНТУНГАЛАГ 

 

   ШҮҮГЧИД            О.БААТАРСҮХ

 

                                            Д.БАЙГАЛМАА