Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 467

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Д.Хүрэлбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Гэрэлбадрах,

цагаатгагдсан этгээд Д.Хүрэлбаатар, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч Б.Байгалмаа, шүүгч А.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 7 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр Д.Хүрэлбаатарт холбогдох 201601070278 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол овогт Дагданцэрэнгийн Хүрэлбаатар, 1977 оны 11 дүгээр сарын 10-нд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөө аж ахуйн засварчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Багануур цахилгаан түгээх ХХК-д жолооч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн 17 дугаар гудамжны 5 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: НЧ77111017/;

 

Д.Хүрэлбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагаас 22 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Мөнгөнбаярын эзэмшлийн 03-53 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор М.Галсүрэн, С.Мөнгөнбаяр нартай архи ууж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Мөнгөнбаяртай М.Галсүрэнг өмөөрч маргалдан заамдалцан авч, улмаар түүнийг хавсарч унагаан, зүүн талын чих рүү нэг удаа өшиглөж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Багануур дүүргийн Прокурорын газраас: Д.Хүрэлбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Багануур дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Дагданцэрэнгийн Хүрэлбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон Д.Хүрэлбаатарыг цагаатгаж, Д.Хүрэлбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Д.Хүрэлбаатар нь С.Мөнгөнбаярын эмчилгээний зардалд 300.000 төгрөг төлсөн болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Прокурор Х.Эрдэнэтуяа бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...Цагаатгах тогтоолд дурдсан дүгнэлт нь хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож гаргасан дүгнэлт гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар Д.Хүрэлбаатарын үйлдэл хангалттай нотлогдож байгаа. Үүнд:

хохирогч С.Мөнгөнбаярын “...2016 оны 10 дугаар сарын 27-ны орой 17 цагийн орчим Хорихын гражийн тэнд өөрийнхөө эзэмшлийн 03-53 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Батдорж, Галсүрэн хоёртой тааралдсан. Тэгээд тэр хоёртой юм ярьж сууж байгаад “Найман наран” хүнсний дэлгүүр орж, хоёр шил 0,5 граммын “Экспорт” нэртэй архи худалдан авч, хорихын гражийн тэнд машин дотроо нөгөө архиа ууж сууж байхад Хүрэлбаатар гэх залуу тэр хавиар явж байгаад бид нарыг хараад ирсэн. ...Хүрэлбаатар 0,75 граммын архи худалдаж аваад “Тамхи со” хүнсний дэлгүүрийн замын эсрэг талд байрлах Галсүрэн ахын хашааны үүдэнд очиж зогсоод нөгөө архиа ууцгаасан. Архи ууж байхдаа Галсүрэн ахтай хаваржаа, өвөлжөөнөөс болоод маргалдаж байхад Хүрэлбаатар дундуур орж ирээд бид хоёр маргалдаж, Хүрэлбаатартай зууралдаад гадаа гараад ноцолдож байснаа санаж байна” гэх мэдүүлэг,

Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 09шэ/413 дугаар “...С.Мөнгөнбаярын биед зүүн талын хөхлөг шугаман хугарал, хугарлын харалдаа цус хуралт, тархины доргилт, зүүн чихний ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 415 дугаар “...Шинжээчийн дүгнэлт 09шэ/413 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. С.Мөнгөнбаярын биед тухайн үед гавлын зүүн талын чамархай ясны хөхлөг сэртэнгийн шугаман хугарал, хугарлын харалдаа цус хуралт, тархины хатуу хальсан дээрх жижиг голомтот цусан хураа, тархины доргилт, зүүн чихний ард зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгджээ. С.Мөнгөнбаярын биед учирсан гавлын зүүн талын чамархай ясны хөхлөг сэртэнгийн шугаман хугарал, хугарлын харалдаа цус хуралт, тархины хатуу хальсан дээрх жижиг голомтот цусан хураа гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3 дахь заалтад заагдсанаар учрах үедээ аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хугарлын харалдаа үүссэн цус хуралт нь шугаман хугаралтай шууд холбоотой байна” гэх дүгнэлт,

Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ө.Шаарийбуугийн “...С.Мөнгөнбаярын биед учирсан зүүн талын хөхлөг шугаман хугарал, хугарлын харалдаа цус хуралт, тархины доргилт, зүүн чихний ард зулгаралт бүхий гэмтэл нь хугарлын харалдаа өшиглөх буюу цохиход учрах боломжтой. Тухайн цус хуралт нь нэг удаагийн цохилт буюу дээрх хөхлөг сэртэнгийн хугарлаас болж үүссэн байх боломжтой” гэх мэдүүлэг,

шинжээч эмч Н.Туяагийн “...Хохирогч С.Мөнгөнбаярын биед учирсан гэмтэл
нь газар унах буюу хатуу гадаргуу дээр унахад үүсэх боломжгүй. Тухайн хугарсан
толгойн яс нь хүчтэй зүйлээр цохигдоход үүснэ. Тухайн гэмтэл нь газар унахад хүний
өөрийн биеийн жингээр үүсэх боломжгүй. Чамархайн хөхлөг сэртэн яс унаснаас хугарах боломжгүй. Уг гэмтэл нь цохилт болон өшиглөлтөөс үүсэх боломжтой. Хальтирч унаснаас үүсэх боломжгүй” гэх мэдүүлэг,

шинжээч эмч С.Чулуунсүхийн “...Уг гэмтэл маань газар унах болон хатуу гадаргуу дээр унахад үүсэх боломж муутай. Уг тархины хөхлөг сэртэнгийн яс нь хамгийн зузаан суурь ястай ойр байдаг яс байгаа юм. Хүн ер нь хөхлөг сэртэн ястай хэсгээр унах боломж муутай байдаг. Хэрэв хөхлөг сэртэнгийн яс байсан газраар унасан тохиолдолд чихэнд ямар нэг зулгаралт үүссэн байх ёстой. Гэтэл хохирогчийн чихэнд ямар нэг зулгаралт байхгүй. Чихний ар хэсэг хугарсан хөхлөг сэртэнгийн харалдаа зулгаралт гэмтэл тогтоогдсон байна. Уг зулгаралт цохигдсоны улмаас үүссэн гэмтэл байна” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Мөнхчимэгийн “...2016 оны 10 дугаар сарын 27-ны орой би 2 хүүхэдтэйгээ хамт гэртээ байж байтал 22 цагийн орчим Галсүрэн ах над руу залгаад 80 дугаар байрнаас Мөнгөнбаярыг ирж аваарай, архи уучихсан согтуу байна гэж хэлэхээр нь яваад очсон чинь тэдний гэрт чихнээс нь цус гарчихсан сууж байсан. Юу болсон талаар асуухад Галсүрэн ахын дүү Хүрлээ гэдэг хүнтэй зодолдсон гэж хэлсэн. ...Тэгээд маргааш өглөө нь босоод ажилдаа явах гэж байтал Хүрэлбаатар, Галсүрэн хоёр манай гэрт орж ирсэн ба би тэр хоёрыг орж ирэнгүүт зөрөөд ажилдаа явсан” гэх мэдүүлэг,

яллагдагч Д.Хүрэлбаатарын сэжигтнээр мэдүүлсэн “...Мөнгөнбаяр, Галсүрэн хоёр бэлчээрээс болж хоорондоо маргалдаад машины гадаа гараад зууралдаж ноцолдохоор нь би буугаад салгасан. Тэр хоёрыг салгасан чинь Галсүрэнгийн хамарнаас цус гарсан байхаар нь цусыг нь цэвэрлээд буцаад машинд орж суугаад Мөнгөнбаярт хандан “чи яагаад Галсүрэн ахыгаа цохиж байгаа юм бэ” гэсэн чинь Мөнгөнбаяр над руу дайраад “чамд хамаагүй, чи дуугүй бай, чам шиг гуйлгачинд Галуутайд буугаад байх газар байхгүй” гэх зэргээр доромжилсон. ...Машинаас буугаад миний сууж байсан талын хаалгыг онгойлгоод намайг заамдаад авахаар нь би буугаад барилцаж авсан чинь миний цамцаар заамдаад намайг боогоод тавихгүй болохоор нь хавсарчихсан чинь уначихсан ба цамцнаас тавихгүй зууралдаад байхаар нь тавиулах санаатай өшиглөсөн. Би тонгойж байгаад өшиглөсөн чинь тавьчихсан. Галсүрэн ирээд бид хоёрыг салгасан. ...Би маргааш өглөө нь Галсүрэн рүү залгаж уулзаад Мөнгөнбаярын гэр рүү хамт очсон чинь зүүн талын чихний ард талд язарчихсан байна. Бас толгой дүүрэнгэтээд байна гэхээр нь би наадах чинь хоёулаа муудалцахад чи намайг тавихгүй болохоор нь өшиглөчихсөн юм. Тэрнээс болж ингэсэн байх бие чинь зүгээр үү гэсэн чинь зүгээрээ гэж хэлэхээр нь би ч ажилдаа яваад Галсүрэн хөдөө явсан. Би Мөнгөнбаярын 7 хоногийн эмчилгээний төлбөр 300.000 төгрөгийг өгсөн. ...Мөнгөнбаяр эхлээд намайг цамцаар маань боогоод дагзны ар хэсэг рүү гараараа нэг удаа цохихоор нь би хавсарч унагаасан чинь тавихгүй болохоор нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд би машинд орж ирээд харсан чинь Мөнгөнбаярын зүүн чихний ар хэсгээс бага зэрэг цус гарчихсан байсан. Мөнгөнбаярын толгойноос гарсан цус нь надтай зодолдсоных нь дараа үүссэн байсан”,

яллагдагч Д Хүрэлбаатарын “...Би Мөнгөнбаяртай барилцаж аваад Мөнгөнбаяр газар уначихсан миний энгэрээс зуураад тавиагүй байж байхад би толгой хэсэг рүү нь жийж барьцыг тавиулах гэж үзсэн. Тэгээд байж байхад Галсүрэн ирээд бид хоёрыг салгасан. Тэрнээс хойш дахиж зодоон болоогүй, Мөнгөнбаярын биед би гэмтэл учруулаагүй, тус зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Би Мөнгөнбаяртай барилцаад авсан, тэгээд хавирахад газар унасан, тэгэхдээ миний энгэрээс зуураад тавихгүй байсан. Тэгэхдээ жийгээд тавиулсан. Тухайн үед өшиглөсөн гэж мэдүүлэхэд дарга утсаар ярихад төвлөрөөгүй байж байгаад тэгж мэдүүлсэн байх. Хохирогч Мөнгөнбаяр газар унахдаа толгойгоороо унаагүй, цээжин бие нь хүрээгүй, миний цамцнаас зуурчихсан байсан. Унасан газар нь хавтгай байсан. Ямар нэг цемент чулуу унасан газар нь байхгүй. Би Мөнгөнбаярыг баруун хөлөөрөө хавсарч унагаад баруун хөлөөрөө жийсэн. Би өшиглөөгүй. Би яг аль хэсэгт жийснийг мэдэхгүй байна. Шанаа хавьцаа нь жийсэн гэж бодож байна” гэх мэдүүлэг зэрэг болно.

Гэтэл шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.3 дахь хэсэгт зааснаар хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүх “зүй ёсны шаардлага тавьсан Хүрэлбаатарыг хэл амаар доромжлон заамдаж, машинаас буулган түүнийг хүзүү орчимд нь цохимогц Хүрэлбаатар түүнийг хавсарч, нэг удаа өшиглөсөн нь хууль бус гэмт хэргийн эсрэг өөрийгөө хамгаалж хийсэн үйлдэл мөн. Д.Хүрэлбаатарыг заамдаж машинаас буулган хүзүү хавьд нь цохиж байгаа нь С.Мөнгөнбаярын үйлдлийг довтолгоон бодитой эхэлсэн гэж үзнэ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Дээд шүүхийн тайлбарт “...Нийгэмд аюултай халдлага бодитой эхэлсэн, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд тодорхой байгаа үед хамгаалалт хийх эрх үүснэ. Аргагүй хамгаалалт хийх эрх нь илэрхий, хүч хэрэглэсэн довтолгооны үед төдийгүй, довтолгоон хийх илэрхий заналхийлэл хийгдсэн үеэс үүснэ” гэсэн байдаг.

Шүүх хэргийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх үндэстэй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар мөрдөн байцаалтын шатанд Хүрэлбаатар мэдүүлэхдээ “машинаас буугаад миний сууж байсан талын хаалгыг онгойлгоод намайг заамдаад авахаар нь би буугаад барилцаж авсан” гэж мэдүүлдэг. Мөрдөн байцаалтын шатанд хүзүү рүү нь цохисон гэж мэдүүлж байгаагүй. Шүүх хэргийн бодит байдлын талаар цуглуулж бэхжүүлээгүй, бодит байдалд нийцээгүй, хийсвэр дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Яллагдагч нь хууль ёсны шаардлага тавьсан нь нотлогдоогүй, харин хохирогч нь Хүрэлбаатарыг заамдаж машинаас буулгасан нь нотлогддог. Гэхдээ хохирогч нь цохиж зодох ч юм уу, ямар нэгэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн довтолсон идэвхтэй үйлдэл огт хийгээгүй, зөвхөн энгэрээс нь заамдсан байхад түүнийг хавсарч унагаж байгаад толгой руу нь өшиглөж, толгойны ясыг нь хугартал өшиглөсөн нь өөрийгөө хамгаалсан үйлдэл гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрийгөө хамгаалж байна гэж тийм үйлдэл хийх шаардлага үүсээгүй байсан.

Мөн шүүх “Тухайн нөхцөлд хохирогч С.Мөнгөнбаяр нь Д.Хүрэлбаатарын амь бие халдашгүй чөлөөтэй байх, аюулгүй байх эрхэд халдсан байна. Хохирогч анхны мэдүүлгээсээ эхлээд “би халтирч ойчихдоо толгойгоо гэмтээсэн” байна гэж тогтвортой мэдүүлсээр байсан нь өөрийн буруугаас шалтгаалсан алдаандаа гэмшиж, шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэх боломжийг хайсан оролдлого гэж дүгнэхэд хүргэж байна” гэжээ. С.Мөнгөнбаяр нь “би өөрөө унасан, гомдолгүй гэх боловч гэмт хэрэг гарсан нөхцөл байдал нь бусад нотлох баримтуудаар нотлогдсон байдаг. Гэтэл хүний амь бие, эрүүл мэндийг эрүүгийн хуулиар хамгаалсан хууль ёсны зарчим, шүүгч нь эрх зүйн ухамсрыг үндэс болгох зарчмуудыг шүүх зөрчиж хэт нэг талыг барьж, хийсвэр дүгнэлт хийж шийдвэрлэжээ. Хохирогчид хүнд хор уршиг учирсан нь шинжээч нарын дүгнэлтээр нотлогдсон байна.

Мөн шүүх С Мөнгөнбаяр нь Хүрэлбаатарын амь, биеийн халдашгүй чөлөөтэй байх, аюулгүй байх эрхэд халдсан байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай огт нийцээгүй дүгнэлт гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан заалтад хамаарах аргагүй хамгаалалт хэрэглэх эрх нь аливаа нийгэмд аюултай, хууль бус довтолгоон, халдлага бодитойгоор хийгдсэн тохиолдолд хэрэгжихээр байдаг. Дээд шүүхийн тайлбарт “...Халдлагад хамаарах нэг нөхцөл бол нийгэмд аюултай байх явдал байдаг. Аргагүй хамгаалалт хийхийг шаардсан, өөрөөр хэлбэл амь биед аюултай хүч хэрэглэсэн халдлага гэдэг нь хамгаалагч болон бусад хүмүүсийн амь насыг хохироох, бие махбодид хүнд хүндэвтэр гэмтэл учруулах зорилгоор тэдний хүсэл зоригийн эсрэг хийгдэж байгаа хүний амин газар цохих, хүзүү толгойг нь боох, амьсгалыг нь боогдуулах зэрэг халдагч этгээдийн зүгээс явуулж буй нэн аюултай, хууль зөрчсөн, ил буюу далд нэн даруй хохирол учруулах шинжтэй үйл ажиллагааг хэлнэ гэдэг. Хэргийн нөхцөл байдлаас харахад С.Мөнгөнбаяр дээрх үйлдлүүдийг хийгээгүй.

С.Мөнгөнбаярын хувьд Хүрэлбаатарыг заамдаж авсныг нийгэмд аюултай хууль бус довтолгоон, халдлага бодитойгоор хийгдсэн гэж үзэх боломжгүй. Шүүх Д.Хүрэлбаатарт холбогдох хэргийг аргагүй хамгаалалт, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

 

Прокурор М.Гэрэлбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хангалттай тогтоогддог. Аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэл байхгүй гэсэн улсын яллагчийн эсэргүүцлийг бүрэн дэмжиж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Хохирогч “би унаснаас болж гэмтэл авсан” гэж мөрдөн байцаалтын шатанд тогтвортой мэдүүлдэг. Гэхдээ 2 удаагийн шинжээчийн дүгнэлт, бусад мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн ажиллагаануудаас харахад хохирогч унаад уг гэмтлийг авах боломжгүй гэдэг нь тогтоогдсон учраас шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Д.Хүрэлбаатарын өмгөөлөгч Ж.Цэцэгээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гарсан. Аргагүй хамгаалалт гэж үзсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв. 

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь зөв байна.

 

2016 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагаас 22 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Хүрэлбаатар нь өөр рүү нь чиглэсэн аюултай үйлдэл хийсэн буюу машинаас заамдан буулгаж, толгойн тус газар нь цохьж, цамцных нь захаар боогоод тавихгүй байгаа С.Мөнгөнбаярыг өөрөөсөө салгах зорилгоор хавсарч унагаж, улмаар уг хууль бус үйлдлээ үргэлжлүүлээд байгааг нь зогсоох гэж өшиглөж, түүний бие махбодид нь “гавлын зүүн талын чамархай ясны хөхлөг сэртэнгийн шугаман хугарал, хугарлын харалдаа цус хуралт, тархины хатуу хальсан дээрх жижиг голомтот цусан хураа, тархины доргилт, зүүн чихний ард зулгаралт” гэсэн хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь:

хохирогч С.Мөнгөнбаярын “...Хүрэлбаатар дундуур орж ирээд бид хоёр маргалдаж Хүрэлбаатартай зууралдаад гадаа гараад ноцолдож байснаа санаж байна. ...маргааш өглөө нь Хүрэлбаатар манайд ирэхээр нь юу болсон талаар асуусан чинь өчигдөр орой хоёулаа зууралдаад ноцолдсон ба чи намайг зуурчихаад тавихгүй болохоор чинь толгой руу чинь хөлөөрөө жийж тавиулсан шүү гэж хэлсэн...” /хх-ийн 12-13 тал/,

гэрч Б.Батдоржийн “...“Тамхи со” хүнсний дэлгүүрийн гадаа очоод зогсож байхад Мөнгөнбаяр над руу агсам тавих гээд байсан. Тэр үед би бас өөрөө нэлээд халчихсан байсан болохоор хэрүүл зодоон болж магадгүй гэж бодоод гэр рүүгээ яваад өгсөн. ...Мөнгөнбаяр над руу тодорхой шалтгаангүйгээр согтуурхаад над руу агсам тавиад байсан. Чи хэн бэ гэх мэтээр үгээр өдөөд байсан. Би Мөнгөнбаярыг согтохоороо нэлээд агсам нөхөр байна даа гэж бодож байсан...” /хх-ийн 22 тал/,

гэрч М.Галсүрэнгийн “...би арын суудал дээр суугаад унтчихсан байсан. Тэгээд хаалга үүд түчигнээд, чанга чанга дуугаралдаад байхаар нь сэрээд хартал Баяраа, Хүрлээ хоёр хоёулаа газар уначихсан байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад Баяраа нь агсам тавиад байхаар нь машин дотор арын суудал дээр тэврээд суусан чинь бид хоёр тэр чигтээ унтаад өгсөн байсан...” /хх-ийн 19 тал/,

насанд хүрээгүй гэрч Г.Хүрэлтулгын “...гадаа машин дотор аав Мөнгөнбаярын хамт машины арын суудал дээр тэврэлдчихсэн унтаж байхад нь очиж авсан...” /хх-ийн 122 тал/,

Д.Хүрэлбаатарын сэжигтнээр мэдүүлсэн “...Мөнгөнбаяр, Батдорж хоёр хоорондоо муудалцаад байхаар нь Батдоржийг гэртээ харь, тэгэхгүй бол энд хэрүүл зодоон болох юм шиг байна гэсэн чинь яваад өгсөн. Тэгээд Галсүрэн, Мөнгөнбаяр бид гурав үлдээд авсан архиа уугаад сууж байсан чинь Галсүрэн, Мөнгөнбаяр хоёр бэлчээрээс болж хоорондоо маргалдаад машины гадаа зууралдаж ноцолдохоор нь би гарч салгасан. Галсүрэнгийн хамраас цус гарсан байхаар нь цусыг нь цэвэрлээд буцаж машинд суугаад Мөнгөнбаярт хандан “чи яагаад Галсүрэн ахыгаа цохиж байгаа юм” гэсэн чинь Мөнгөнбаяр над руу дайраад “чамд хамаагүй, чи дуугай бай, чам шиг гуйлгачинд Галуутайд буух газар байхгүй” гэх зэргээр доромжилсон. Тэгэхээр нь Мөнгөнбаяраа чи ямар сонин бацаан бэ, би танай аав, ахтай чинь архи ууж байсан хүн шүү гэсэн чинь  тэр хамаагүй буугаад ир гээд машинаас буугаад миний сууж байсан талын хаалгыг онгойлгоод намайг заамдаад боогоод тавихгүй болохоор нь хавсарчихсан чинь уначихсан ба цамцнаас тавихгүй зуураад байхаар нь тавиулах санаатай өшиглөсөн. ...Мөнгөнбаяр эхлээд намайг цамцаар боогоод дагзны ар хэсэг рүү гараараа нэг удаа цохихоор нь би хавсарч унагаасан чинь тавихгүй болохоор нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би яг өшиглөж байхдаа доошоо тонгойчихсон байсан болохоор толгой руу нь өшиглөснөө мэдээгүй.../хх-ийн 36-37 тал/, яллагдагчаар мэдүүлсэн “...барьцалдаж аваад Мөнгөнбаяр газар уначихсан, миний энгэрээс зуураад тавихгүй байж байхад би толгой хэсэг рүү нь жийж барьцыг нь тавиулах гэж үзсэн...” /хх-ийн 39 тал/, шүүгдэгчээр мэдүүлсэн “...та хоёр одоо боль гээд хориглосон чинь Мөнгөнбаяр уурлаад бид хоёр тэрнээс болж маргалдаад машинаас намайг заамдаад буулгасан. Тэгэхээр нь би Мөнгөнбаярыг хавсраад унагаасан чинь Мөнгөнбаяр унахдаа миний энгэрээс зуураад татахад нь би боогдоод намайг тавихгүй байхаар нь Мөнгөнбаярын гарыг тавиулах гэж толгой хэсэг рүү нь нэг жийсэн...” /хх-ийн 174 тал/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 09шэ/413 дугаартай “...С.Мөнгөнбаярын биед зүүн талын хөхлөг сэртэнгийн шугаман хугарал, хугарлын харалдаа цус хуралт, тархины доргилт, зүүн чихний ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 09шэ/413 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч Ө.Шаарийбуугийн “...дээрх хугарлын харалдаа өшиглөх буюу цохиход уг гэмтэл үүсэх боломжтой...” /хх-ийн 28 тал/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 415 дугаар “...Шинжээчийн дүгнэлт 09шэ/413 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. С.Мөнгөнбаярын биед тухайн үед гавлын зүүн талын чамархай ясны хөхлөг сэртэнгийн шугаман хугарал, хугарлын харалдаа цус хуралт, тархины хатуу хальсан дээрх жижиг голомтот цусан хураа, тархины доргилт, зүүн чихний ард зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгджээ. С.Мөнгөнбаярын биед учирсан гавлын зүүн талын чамархай ясны хөхлөг сэртэнгийн шугаман хугарал, хугарлын харалдаа цус хуралт, тархины хатуу хальсан дээрх жижиг голомтот цусан хураа гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3 дахь заалтад заагдсанаар учрах үедээ аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хугарлын харалдаа үүссэн цус хуралт нь шугаман хугаралтай шууд холбоотой байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 129-130 тал/,

шинжээч эмч Н.Туяагийн “...Хохирогчийн биед зүүн чихний ард зулгаралт үүссэн байсан. Уг зулгаралт нь хүнд гэмтлийг авахад үүссэн. Уг гэмтлүүд нь нэг цаг хугацаанд нэг хүчин зүйлийн үйлчлэлээр нэг дор үүсгэгдсэн гэмтэл байна...” /хх-ийн 134 тал/ гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогджээ.

 

Д.Хүрэлбаатарын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг чиглэсэн С.Мөнгөнбаярын хууль бус довтолгоон, халдлага бодитойгоор хийгдсэн болох нь С.Мөнгөнбаярын машинаас бууж Д.Хүрэлбаатарын сууж байсан талын хаалгыг онгойлгон заамдаж буулгаж байгаад цохисон, заамдалтыг нь тавиулах гэхэд тавихгүй байгааг нь хүч хэрэглэн тавиулж байгаа үйлдлүүдээс тодорхой байна.

 

Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн:

“...зүй ёсны шаардлага тавьсан Д.Хүрэлбаатарын үйлдлийг хэл амаар доромжлон заамдаж машинаас буулган, түүний хүзүү орчимд нь цохимогц Д.Хүрэлбаатар Мөнгөнбаярыг хавсарч, нэг удаа өшиглөсөн нь хууль бус гэмт үйлдлийн эсрэг өөрийгөө хамгаалж хийсэн үйлдэл...”,

 “...Д.Хүрэлбаатарыг заамдаж машинаас буулган, хүзүү хавьд нь цохиж байгаа С.Мөнгөнбаярын үйлдлийг довтолгоон бодитой эхэлсэн...”,

“...гэрч М.Галсүрэнгийн “сэрээд харахад тэр хоёр газар уначихсан барьцалдаад байж байхад нь би салгаад Баярааг агсан тавиад байхаар нь арын суудал дээр тэврээд суусан” гэж мэдүүлсэн нь хохирогчийн довтолгоон дуусаагүй байсныг харуулж байна...”,

 “...Д.Хүрэлбаатар Мөнгөнбаярт хүч хэрэглэх гэмт санаа байгаагүй, гагцхүү түүний хууль бус үйлдлийн эсрэг үйлдэл хийсэн байх тул гэм буруу нь үгүйсгэгдэж байна...”,

 “...тухайн нөхцөлд хохирогч С.Мөнгөнбаяр нь Д.Хүрэлбаатарын амь, биеийн халдашгүй чөлөөтэй байх, аюулгүй байх эрхэд халдсан байна...” гэсэн дүгнэлтүүд хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд  анхан шатны шүүхийн Д.Хүрэлбаатарт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн “...шүүх Д.Хүрэлбаатарт холбогдох хэргийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэн, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн...” гэх  улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 7 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

                      ШҮҮГЧИД                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                                      Д.ОЧМАНДАХ