Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/01714

 

“М” ХК, “М” ХХК, “Б” ХХК,

“Э” ХХК, “Д” ХХК, “Э” ХХК нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/01979 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1844 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “М” ХК, “М” ХХК, “Б” ХХК, “Э” ХХК, “Д” ХХК, “Э” ХХК нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдох,

Нөөцийн махны менежментийн гэрээний үүрэгт 4 000 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“М” ХК, “М” ХХК, “Б” ХХК, “Э” ХХК, “Д” ХХК, “Э” ХХК-иуд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус тус 228, 229, 230, 231, 232, 233 дугаартай Нөөцийн махны менежментийн гэрээг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай байгуулсан бөгөөд уг гэрээнд тухайн яам захиалагчийн эрх, үүрэгтэй, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хянагчийн чиг үүрэгтэй тус тус оролцсон. Дээрх төрийн байгууллагуудаас гадна “М” ХК-ийн 229 тоот гэрээнд Голомт банк, “М” ХХК-ийн 230 тоот гэрээнд Хас банк, “Б” ХХК-ийн 228 тоот гэрээнд Худалдаа, хөгжлийн банк, “Э” ХХК-ийн 231 тоот гэрээнд Голомт банк, “Д” ХХК-ийн 232 тоот гэрээнд Худалдаа, хөгжлийн банк, “Э” ХХК-ийн 233 тоот гэрээнд Хаан банк тус тус хянагчаар оролцсон.Нөөцийн махны менежментийн гэрээний дагуу нэр бүхий компаниуд бүгд 14 мянган тонн мах бэлтгэн нийлүүлэхээс, “Max импекс” ХК, “Max маркет” ХХК, “Б” ХХК, “Э” ХХК-иуд тус бүр 3 000 тонн, “Д” ХХК, “Э” ХХК-иуд тус бүр 1 000 тонн нөөцийн махыг чанар стандартын шаардлагын дагуу бэлтгэж, хадгалан Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын хүн амын 2015 оны хаврын улирлын хэрэгцээнд гэрээнд заасан хямд үнээр нийлүүлэх үүрэг хүлээсэн. Нөөцийн махны менежментийн гэрээгээр хүлээсэн үүргээ менежер компаниуд бүрэн биелүүлсэн бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Нөөцийн махны менежментийн гэрээ дүгнэсэн актыг гэрээний талууд дүгнэсэн. Энэхүү гэрээ дүгнэсэн актуудад захиалагч талаас нөөцийн махны урамшууллыг нөөцийн махны менежерүүдэд олгох үүргээ бүрэн биелүүлээгүй болохыг талууд хүлээн зөвшөөрсөн.Нөөцийн махны менежментийн гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар тус гэрээнд тусгагдсан төлбөр нь нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээж борлуулах үйл ажиллагааг урамшуулах зардал, махны нөөцийн менежментийн гэрээний хэрэгжилтийн хяналтын үйл ажиллагааны зардлаас бүрдэх бөгөөд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын багцад тусгагдсан санхүүжилтийн эх үүсвэрээс гаргана гэж, 5.2 дахь хэсэгт нөөцийн махны урамшууллыг бэлтгэн нөөцөлж, хадгалан, худалдан борлуулсан махны нэг кг тутамд олгох урамшууллын нэмжээ, хяналтын зардлыг 1000 төгрөгөөр тооцохоор заасан.Гэрээнд заасан бэлтгэн нийлүүлэх махны хэмжээ 14 000 тонн тул 1 кг тутам дахь урамшууллын хэмжээ бүгд 14 тэрбум төгрөг болох ба “Max импекс” ХК, “Max маркет” ХХК, “Б” ХХК, “Э” ХХК-иуд тус бүр 3 000 тонн мах бэлтгэсэн учир тус тус 3 тэрбум төгрөгийн, “Д” ХХК, “Э” ХХК-иуд тус бүр 1 000 тонн мах бэлтгэсэн учир тус бүр 1 тэрбум төгрөгийн урамшууллыг гэрээний дагуу авах ёстой юм. Гэвч, санхүүжилт орж ирээгүй, хийгдэхгүй байгаа, санхүүжилтийн өөр эх үүсвэр бүрдүүлэх гэж байгаа гэх зэрэг шалтгааны улмаас нийт 10 тэрбум төгрөг буюу “Max импекс” ХК, “Max маркет” ХХК, “Б” ХХК, “Э” ХХК-иуд тус бүр 2 142 857 142 төгрөгийн, “Д” ХХК, “Э” ХХК-иуд тус бүр 714 285 714 төгрөгийн урамшуулал авч, үлдсэн хэсгийг олгоогүй ба үлдэгдэл 4 тэрбум төгрөг болно.Иймд “Max импекс” ХК, “Max маркет” ХХК, “Б” ХХК, “Э” ХХК-иуд тус бүр 857 142 857 төгрөг, “Д” ХХК, “Э” ХХК-иуд тус бүр 285 714 285 төгрөгийн урамшуулал аваагүй байгаа тул уг урамшуулал мөнгийг гэрээний захиалагч тал болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргуулахаар шаардаж байгаа болно.Захилагч тал үүргээ биелүүлээгүйгээс үүдэн хөнгөлөлттэй зээлийн хугацаа дуусч цаашид арилжааны банкны зээлийн ердийн нөхцлөөр буюу 21.6 хувийн хүүнд шилжиж нэмэлт хүү, торгуулийг банкинд төлж барагдуулж хохирсон болно.Хариуцагч тал үлдэгдэл урамшуулал мөнгийг санхүүгийн өөр эх үүсвэр буюу векселиэр баталгаажуулах арга хэмжээ авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь огт хэрэгжээгүй, одоо хэрэгжих шатанд байгаа бол энэ талаар ямар нэгэн баримт шүүхэд өгөөгүй, нөөцийн махны менежерийн үүрэг гүйцэтгэсэн компаниудад танилцуулаагүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн дагуу ...Агуулахын үлдэгдлээр баталгаажих санхүүгийн хэрэгслүүдийг нэвтрүүлэн, хүнсний бараа, бүтээгдэхүүний хангамжийн зах зээлд суурилсан байнгын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор 2012-2015 онд Нөөцийн махны менежерийн төсөл сонгон шалгаруулалтыг явуулж, шалгарсан мал нядалгааны болон мах боловсруулах үйлдвэртэй Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын 3-7 сарын махны хэрэгцээний 16-20 хувийг хангах махны нөөц бүрдүүлэх, хадгалах, ангилан савлах, худалдаалах үйл ажиллагааг гүйцэтгэх дөрвөлсөн гэрээг Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын Онцгой байдлын ерөнхий газар байгуулсан. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар Үйлдвэр, хөдөө аж ахуйн /хуучин нэрээр/ сайдын төсвийн урсгал зардал нөөцийн махны урамшуулалд 14 тэрбум төгрөг батлагдсан.Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын төсвийн урсгал зардлаас нөөцийн махны урамшуулалд “Э” ХХК, “Д” ХХК, “Баатарууд” тэнгэр ХХК, “Э” ХХК-иудад 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 7 тэрбум төгрөг, 2015 оны 11 дүгээрсарын 18-ны өдөр 1,5 тэрбум төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1 тэрбум төгрөг нийт 9,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Төсвийн орлогын хүндрэлээс шалтгаалж 2014 оны махны урамшууллын үлдэгдэл 4,5 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас санхүүжүүлээгүй.Нөөцийн махны урамшууллын санхүүжилтийн үлдэгдэл төлбөрийг баталгаажуулах тухай Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 105 дугаар тогтоолын 2 дахь заалтаар 2014 онд борлуулсан нөөцийн махны урамшууллын дутуу санхүүжилтийг ажлын гүйцэтгэлийг нь хянасны үндсэн дээр векселиэр баталгаажуулахыг Сангийн сайдад зөвшөөрсөний дагуу 2014 оны санхүүжигдээгүй үлдэгдэл санхүүжилтийг Сангийн яамнаас 2015 онд санхүүжүүлсэн. Тус тогтоолын 3 дахь заалтад векселээр баталгаажсан хөрөнгө, векселийн хүүгийн зардлыг 2015 оны төсвийн тодотгол болон 2016 оны төсвийн төсөлд зохих журмын дагуу тусгахыг Сангийн сайд болон Хүнс, хөдөө аж ахуйн сайдад даалгасны дагуу Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуулиар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын төсөвт нөөцийн махны урамшуулалд 14,5 тэрбум төгрөг батлагдсан. 2016 онд Сангийн яамнаас тогтоолын төслийн 2 дахь заалтын векселээр баталгаажуулсан өрийг төлж барагдуулсан бөгөөд үлдсэн 10 тэрбум төгрөгийн орж ирсэн санхүүжилтийг нөөцийн махны менежметийн гэрээний дагуу аж ахуйн нэгжүүдэд олгосон.2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 228, 229, 230, 231, 232, 233 АП141114/06064 тоот Нөөцийн махны менежментийн гэрээний 2.5-д Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын хяналтын байцаагчид, оролцогч арилжааны банкнаас томилогдсон эрх бүхий хянагч нөөцөлсөн махны хэмжээг сертификатад гарын үсгээ зурж баталгаажуулахаар, мөн гэрээний 2.6-д энэхүү нөөцийн махны сертификатыг 4 хувь үйлдэж, эх хувийг нь оролцогч банкинд, хянагч буюу Онцгой байдлын ерөнхий газрын асуудал хариуцсан байцаагч болон захиалагчид тус бүр 1 хувь хуулбарыг хүргүүлж, үлдсэн хуулбарыг өөртөө хадгалахаар тус тус заасан. Гэтэл “Б” ХХК, “Д” ХХК, “Э” ХХК-иуд энэхүү баталгаажуулалтын сертификатыг баримтжуулаагүй, баталгаажсан эх хувь байхгүй байна.Мөн “Max импэкс” ХК-ийн сертификат дээр зурагдсан гарын үсэг нь зөвхөн Мэргэжлийн хяналтын байцаагчийн тамгаар баталгаажсан байна. Нөөцийн махны менежер компаниуд дээр дурдсан гэрээний 2.9, 2.13-т заасны дагуу нөөцийн махыг жижиглэн болон өргөтгөсөн худалдаанд хэрхэн борлуулах төлөвлөгөө, хуваарийг 2015 оны нөөцийн махны бүрдүүлэлт, хадгалалт, борлуулалтыг зохион байгуулах, хяналт тавих ажлын хэсэгт танилцуулан, захиалагчаар батлуулж, мөрдөж ажиллах ёстой бөгөөд энэхүү хуваарийг нэг ч компани батлуулж, мөрдөж ажиллаагүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/01979 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 4 000 000 000 төгрөг гаргуулан “М” ХК, “М” ХХК, “Б” ХХК, “Эн Эн Ди Эм” ХХК-д тус тус 857 142 857 төгрөг, “Д” ХХК, “Э” ХХК-д тус тус 285 714 285 төгрөг олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20 947 700 төгрөгийг улс орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 20 947 700 төгрөг гаргуулан “М” ХК, “М” ХХК, “Б” ХХК, “Эн Эн Ди Эм” ХХК, “Д” ХХК, “Э” ХХК-иудад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1844 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/01979 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 

Шүүх бүрэлдэхүүн Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд заасан хэлцэл хийгч талуудын хүсэл зоригийг тайлбарлах зохицуулалтыг хэрэглэсэнгүй.Санхүүжилтийн гэрээний 1.1-д “Гүйцэтгэгчийн нөөцийн махны урамшуулалд олгох санхүүжилтийг сертификатаар баталгаажуулсан махны тоо хэмжээ, борлуулалтын тайлан, нөөцийн махны гэрээ дүгнэсэн актыг үндэслэж батлагдсан төсвийн хүрээнд тооцож, /хувааж/ олгоно” гэж, мөн эдгээр компаниудын санхүүжилт дүгнэсэн актад гүйцэтгэгчийн ирүүлсэн тайлан, холбогдох бусад санхүүгийн баримтууд болон энэхүү гэрээ дүгнэсэн тухай тэмдэглэлийг үндэслэн Сангийн яамнаас санхүүжилт хийгдсэн тохиолдолд олгоно гэж тус тус заасан. Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ зөвхөн “баталгаажуулсан махны тоо хэмжээ, борлуулалтын тайлан, гэрээ дүгнэсэн акт”-ыг үнэлсэн ба “...батлагдсан төсвийн хүрээнд тооцож, /хувааж/ олгоно,” “Сангийн яамнаас санхүүжилт хийгдсэн тохиолдолд олгоно” гэсэн болзол тавьсан буюу хөрөнгө санхүү батлагдсан тохиолдолд л санхүүжилт хийх ХХААХҮЯ-ны хүсэл зоригийг бодитоор үнэлсэнгүй.Энэ төрлийн зохицуулалт гэрээнд орох болсон шалтгаан нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3, 8.4.4, 8.4.5, 8,4.8, 12 дугаар зүйлд тус тус заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагч буюу жилийн төсвийн саналаа жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад /Сангийн яам/ хүргүүлдэг бөгөөд Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 8.4.3-т заасан жилийн төсвийн саналыг нэгтгэн жил бүрийн 09 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт өргөн мэдүүлдэг. Ингээд Засгийн газар жилийн төсвийн төслийг жил бүрийн 10 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Улсын Их Хурал жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор баталдаг. Өөрөөр хэлбэл хэдийгээр салбарын сайд саналаа төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлдэг ба төсвийг эцэслэн батлах эрх нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал юм.Үүний дагуу ХХААХҮйлдвэрийн салбарын 2016 оны төсвийн төлөвлөгөөг 2015 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 01/2532 албан тоотоор нөөцийн махны урамшууллын санхүүжилтэнд 14,0 тэрбум төгрөгийг тусган хүргүүлсэн ба Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Монгол улсын 2016 оны төсвийн тухай хуулийг баталсан. Уг хуулиар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын төсөвт батлагдсан нөөцийн махны урамшуулалд 14,5 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 105 дугаар тогтоолын дагуу өмнөх оны векселээр баталгаажуулсан 4,5 тэрбум төгрөгийн өрийг 2016.03.02-ний өдөр Сангийн яаманд шилжүүлж, үлдсэн 10 тэрбум төгрөгийг нөөцийн махны менежментийн гэрээний дагуу аж ахуйн нэгжүүдэд олгож гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болно. Гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд ч мөн адил тэдгээртэй байгуулсан гэрээний санхүүжилттэй холбоотой энэхүү заалт нь батлагдсан төсвийн хэмжээтэй шууд хамааралтай гэдгийг мэдэж байсан болно.Хамтран хариуцагчаар Сангийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрыг татах хариуцагчийн хүсэлтээс татгалзахдаа шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс нэр бүхий компаниудын гаргасан нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцохоос татгалзаагүй буюу Сангийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрыг хариуцагчаар солих хүсэлт гаргаагүй зөвхөн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж эдгээр байгууллагыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасан болно. Гэтэл шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийн “Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй.” гэснийг баримтлан хариуцагч талын хүсэлтийг хангаагүй шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил биш гэж үзжээ. Хуулийн энэхүү зохицуулалт нь хариуцагч талаас өөрийгөө хэргийн оролцогч биш гэж үзэж өөр хариуцагчаар солих хүсэлт гаргасан тохиолдолд хэрэглэх зохицуулалт ба хамтран хариуцагчаар татах хүсэлтийг хэлэлцэхэд хамааралгүй хуулийн зохицуулалт юм.Хариуцагч хуулийн дагуу батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй ба батлагдаагүй санхүүжилтийг зарцуулах эрхгүй болно. Иймд нэхэмжлэгч талын маргаад буй 4 тэрбум төгрөгийн санхүүжилтийн талаарх бодитой, хэрэгт ач холбогдол бүхий тайлбарыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болохынхоо хувьд Сангийн яам өгөх нь илэрхий байсаар байтал шүүх бүрэлдэхүүн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийг буруу хэрэглэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.Иймд, “Б” ХХК, “Max импекс” ХК, “Max маркет” ХХК, “Э” ХХК, “Дархан мийт фүүдс” ХХК, “Э” ХХК-иас ХХААХҮЯ-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхийн 1844 дугаар магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                         ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын маргааны зүйлийн талаар мэтгэлцэх эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “М” ХК, “М” ХХК, “Б” ХХК, “Э” ХХК, “Д” ХХК, “Э” ХХК нь хариуцагч Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдуулан нөөцийн махны менежментийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийн үлдэгдэл 4 000 000 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн үүднээс үндэслэл бүхий дүгнэжээ.

Зохигчид 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Нөөцийн махны менежментийн гэрээ” байгуулсан ба нэхэмжлэгч компаниуд нь мах үйлдвэрийн аргаар бэлтгэх, хадгалах, жижиглэн савлах, худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулах, хариуцагч нь санхүүжилтийн эх үүсвэрийг гаргаж, урамшуулал олгох үүрэг тус тус хүлээжээ. Давж заалдах шатны шүүх дээрхи гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжтэй гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний урамшуулал олгохтой холбоотой хэлцлийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5.-д заасан нэрлэгдээгүй гэрээний төрөлд хамааруулсаныг буруутгах үндэслэлгүй болно.

Нөөцийн махны менежментийн гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч компаниуд нь бүрэн биелүүлсэн байх ба талууд 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрээг дүгнэж, акт үйлдсэн байна. Урамшууллын мөнгөн дүнгийн талаар талууд маргаагүй гэж үзнэ. Урамшууллын санхүүжилт Сангийн яамнаас ирээгүй гэх хариуцагч талын тайлбар  нэхэмжлэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6.-д зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол  үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ.

Хариуцагчийг солих, эсхүл хамтран хариуцагчаар оролцуулах шүүхийн ажиллагаа нэхэмжлэгч талын хүсэлт, зөвшөөрлөөр хэрэгждэг тул Сангийн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газрыг хамтран хариуцагчаар оролцуулах хариуцагчийн хүсэлтийг анхан шатны шүүх хангаагүйг буруу гэж үзсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэл муутай байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн энэ ажиллагааны талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, магадлалдаа тодорхой тусгажээ. Хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан журмыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас оролцоогүй явдал нь шүүхийн буруутай ажиллагаатай холбоогүй ба шүүх хуралдааны товыг мэдсэн хэргийн оролцогч шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон шалтгаан, нөхцлөө шүүхэд мэдэгдээгүй тохиолдолд шүүх түүний оролцоогүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хууль зөрчихгүй юм. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх ажиллагааны талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан хариу тайлбар шүүхэд гаргасан боловч татгалзлынхаа үндэслэлийг нотлох хангалттай баримтыг шүүхэд гаргаагүй, нэхэмжлэгч нарын гаргасан нотолгоог баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/01979 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1844 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН