Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 01844

 

 

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2017/01844

 

 

 “МИ” ХК, “ММ” ХХК, “БТ” ХХК,

“ЭЭДЭ” ХХК, “ДМФ” ХХК, “Э” ХХК нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/01979 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “МИ” ХК, “ММ” ХХК, “БТ” ХХК, “ЭЭДЭ” ХХК, “ДМФ” ХХК, “Э” ХХК нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХААХҮЯанд холбогдох,

 

Нөөцийн махны менежментийн гэрээний үүрэгт 4 000 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А, Ц.Ө

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Ө, Т.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“МИ” ХК, ”ММ” ХХК, “БТ” ХХК, “ЭЭДЭ” ХХК, “ДМФ” ХХК, “Э” ХХК-иуд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус тус 228, 229, 230, 231, 232, 233 дугаартай Нөөцийн махны менежементийн гэрээг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай байгуулсан бөгөөд уг гэрээнд тухайн яам захиалагчийн эрх, үүрэгтэй, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хянагчийн чиг үүрэгтэй тус тус оролцсон.

Дээрх төрийн байгууллагуудаас гадна, ”МИ” ХК-ийн 229 тоот гэрээнд Голомт банк, ”ММ” ХХК-ийн 230 тоот гэрээнд Хас банк, ”БТ” ХХК-ийн 228 тоот гэрээнд Худалдаа, хөгжлийн банк, ”ЭЭДЭ” ХХК-ийн 231 тоот гэрээнд Голомт банк, ”ДМФ” ХХК-ийн 232 тоот гэрээнд Худалдаа, хөгжлийн банк, ”Э” ХХК-ийн 233 тоот гэрээнд Хаан банк тус тус хянагчаар оролцсон.

Нөөцийн махны менежементийн гэрээний дагуу нэр бүхий компаниуд бүгд 14 мянган тонн мах бэлтгэн нийлүүлэхээс, “МИ” ХК, “МТ” ХХК, “БТ” ХХК, "ЭЭДЭ" ХХК-иуд тус бүр 3 000 тонн, ”ДМФ” ХХК, ”Э” ХХК-иуд тус бүр 1 000 тонн нөөцийн махыг чанар стандартын шаардлагын дагуу бэлтгэж, хадгалан Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын хүн амын 2015 оны хаврын улирлын хэрэгцээнд гэрээнд заасан хямд үнээр нийлүүлэх үүрэг хүлээсэн.

Нөөцийн махны менежементийн гэрээгээр хүлээсэн үүргээ менежер компаниуд бүрэн биелүүлсэн бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Нөөцийн махны менежементийн гэрээ дүгнэсэн актыг гэрээний талууд дүгнэсэн. Энэхүү гэрээ дүгнэсэн актуудад захиалагч талаас нөөцийн махны урамшууллыг нөөцийн махны менежерүүдэд олгох үүргээ бүрэн биелүүлээгүй болохыг талууд хүлээн зөвшөөрсөн.

Нөөцийн махны менежементийн гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар тус гэрээнд тусгагдсан төлбөр нь нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээж борлуулах үйл ажиллагааг урамшуулах зардал, махны нөөцийн менежементийн гэрээний хэрэгжилтийн хяналтын үйл ажиллагааны зардлаас бүрдэх бөгөөд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын багцад тусгагдсан санхүүжилтийн эх үүсвэрээс гаргана гэж, 5.2 дахь хэсэгт нөөцийн махны урамшууллыг бэлтгэн нөөцөлж, хадгалан, худалдан борлуулсан махны нэг кг тутамд олгох урамшууллын нэмжээ, хяналтын зардлыг 1000 (нэг мянга) төгрөгөөр тооцохоор заасан.

Гэрээнд заасан бэлтгэн нийлүүлэх махны хэмжээ 14 000 тонн тул 1 кг тутам дахь урамшууллын хэмжээ бүгд 14 тэрбум төгрөг болох ба, “МИ” ХК, “МТ” ХХК, “БТ” ХХК, "ЭЭДЭ" ХХК-иуд тус бүр 3 000 тонн мах бэлтгэсэн учир тус тус 3 тэрбум төгрөгийн, “ДМФ” ХХК, ”Э” ХХК-иуд тус бүр 1 000 тонн мах бэлтгэсэн учир тус бүр 1 тэрбум төгрөгийн урамшууллыг гэрээний дагуу авах ёстой юм.

Гэвч, санхүүжилт орж ирээгүй, хийгдэхгүй байгаа, санхүүжилтийн өөр эх үүсвэр бүрдүүлэх гэж байгаа гэх зэрэг шалтгааны улмаас нийт 10 тэрбум төгрөг буюу ”МИ” ХК, “МТ” ХХК, “БТ” ХХК, "ЭЭДЭ" ХХК-иуд тус бүр 2 142 857 142 төгрөгийн, ”ДМФ” ХХК, ”Э” ХХК-иуд тус бүр 714 285 714 төгрөгийн урамшуулал авч, үлдсэн хэсгийг олгоогүй ба үлдэгдэл 4 тэрбум төгрөг болно.

Иймд, ”МИ” ХК, “МТ” ХХК, “БТ” ХХК, "ЭЭДЭ" ХХК-иуд тус бүр 857 142 857 төгрөг, ”ДМФ” ХХК, ”Э” ХХК-иуд тус бүр 285 714 285 төгрөгийн урамшуулал аваагүй байгаа тул уг урамшуулал мөнгийг гэрээний захиалагч тал болох ХХААХҮЯнаас гаргуулахаар шаардаж байгаа болно.

Захилагч тал үүргээ биелүүлээгүйгээс үүдэн хөнгөлөлттэй зээлийн хугацаа дуусч цаашид арилжааны банкны зээлийн ердийн нөхцлөөр буюу 21.6 хувийн хүүнд шилжиж нэмэлт хүү, торгуулийг банкинд төлж барагдуулж хохирсон болно.

Хариуцагч тал үлдэгдэл урамшуулал мөнгийг санхүүгийн өөр эх үүсвэр буюу векселиэр баталгаажуулах арга хэмжээ авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь огт хэрэгжээгүй, одоо хэрэгжих шатанд байгаа бол энэ талаар ямар нэгэн баримт шүүхэд өгөөгүй, нөөцийн махны менежерийн үүрэг гүйцэтгэсэн компаниудад танилцуулаагүй байна.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч ХХААХҮЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн дагуу “...Агуулахын үлдэгдлээр баталгаажих санхүүгийн хэрэгслүүдийг нэвтрүүлэн, хүнсний бараа, бүтээгдэхүүний хангамжийн зах зээлд суурилсан байнгын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор 2012-2015 онд Нөөцийн махны менежерийн төсөл сонгон шалгаруулалтыг явуулж, шалгарсан мал нядалгааны болон мах боловсруулах үйлдвэртэй Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын 3-7 сарын махны хэрэгцээний 16-20 хувийг хангах махны нөөц бүрдүүлэх, хадгалах, ангилан савлах, худалдаалах үйл ажиллагааг гүйцэтгэх дөрвөлсөн гэрээг Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын Онцгой байдлын ерөнхий газар байгуулсан. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар Үйлдвэр, хөдөө аж ахуйн /хуучин нэрээр/ сайдын төсвийн урсгал зардал нөөцийн махны урамшуулалд 14 тэрбум төгрөг батлагдсан.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын төсвийн урсгал зардлаас нөөцийн махны урамшуулалд “Э” ХХК, “ДМФ” ХХК, “БТ” ХХК, “ЭЭДЭ” ХХК-иудад 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 7 тэрбум төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1,5 тэрбум төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1 тэрбум төгрөг нийт 9,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Төсвийн орлогын хүндрэлээс шалтгаалж 2014 оны махны урамшууллын үлдэгдэл 4,5 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас санхүүжүүлээгүй.

Нөөцийн махны урамшууллын санхүүжилтийн үлдэгдэл төлбөрийг баталгаажуулах тухай Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 105 дугаар тогтоолын 2 дахь заалтаар 2014 онд борлуулсан нөөцийн махны урамшууллын дутуу санхүүжилтийг ажлын гүйцэтгэлийг нь хянасны үндсэн дээр векселиэр баталгаажуулахыг Сангийн сайдад зөвшөөрсөний дагуу 2014 оны санхүүжигдээгүй үлдэгдэл санхүүжилтийг Сангийн яамнаас 2015 онд санхүүжүүлсэн.

Тус тогтоолын 3 дахь заалтад векселээр баталгаажсан хөрөнгө, векселийн хүүгийн зардлыг 2015 оны төсвийн тодотгол болон 2016 оны төсвийн төсөлд зохих журмын дагуу тусгахыг Сангийн сайд болон Хүнс, хөдөө аж ахуйн сайдад даалгасны дагуу Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуулиар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын төсөвт нөөцийн махны урамшуулалд 14,5 тэрбум төгрөг батлагдсан.

2016 онд Сангийн яамнаас тогтоолын төслийн 2 дахь заалтын векселээр баталгаажуулсан өрийг төлж барагдуусан бөгөөд үлдсэн 10 тэрбум төгрөгийн орж ирсэн санхүүжилтийг нөөцийн махны менежметийн гэрээний дагуу аж ахуйн нэгжүүдэд олгосон.

2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 228, 229, 230, 231, 232, 233 АП141114/06064 тоот Нөөцийн махны менежментийн гэрээний 2.5-д Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын хяналтын байцаагчид, оролцогч арилжааны банкнаас томилогдсон эрх бүхий хянагч нөөцөлсөн махны хэмжээг сертификатад /үнэт цаасны компаниар хийлгэсэн/ гарын үсгээ зурж баталгаажуулахаар, мөн гэрээний 2.6-д энэхүү нөөцийн махны сертификатыг 4 хувь үйлдэж, эх хувийг нь оролцогч банкинд, хянагч буюу Онцгой байдлын ерөнхий газрын асуудал хариуцсан байцаагч болон захиалагчид тус бүр 1 хувь хуулбарыг хүргүүлж, үлдсэн хуулбарыг өөртөө хадгалахаар тус тус заасан.

Гэтэл ”БТ” ХХК, “ДМФ” ХХК, “ЭЭДЭ" ХХК-иуд энэхүү баталгаажуулалтын сертификатыг баримтжуулаагүй, баталгаажсан эх хувь байхгүй байна.

Мөн “Max импэк”с ХК-ийн сертификат дээр зурагдсан гарын үсэг нь зөвхөн Мэргэжлийн хяналтын байцаагчийн тамгаар баталгаажсан байна. Нөөцийн махны менежер компаниуд дээр дурдсан гэрээний 2.9, 2.13-т заасны дагуу нөөцийн махыг жижиглэн болон өргөтгөсөн худалдаанд хэрхэн борлуулах төлөвлөгөө, хуваарийг 2015 оны нөөцийн махны бүрдүүлэлт, хадгалалт, борлуулалтыг зохион байгуулах, хяналт тавих ажлын хэсэгт танилцуулан, захиалагчаар батлуулж, мөрдөж ажиллах ёстой бөгөөд энэхүү хуваарийг нэг ч компани батлуулж, мөрдөж ажиллаагүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч ХХААХҮЯнаас     4 000 000 000 төгрөг гаргуулан ”МИ” ХК, ”ММ” ХХК, ”БТ” ХХК, ”ЭЭДЭ” ХХК-д тус тус 857 142 857 төгрөг, “ДМФ” ХХК, ”Э” ХХК-д тус тус 285 714 285 төгрөг олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20 947 700 төгрөгийг улс орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХААХҮЯнаас 20 947 700 төгрөг гаргуулан ”МИ” ХК, “ММ” ХХК, ”БТ” ХХК, ”ЭЭДЭ” ХХК, “ДМФ” ХХК, ”Э” ХХК-иудад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2015 онд хүн амын хэрэгцээнд нөөцийн мах бэлтгэн, нийлүүлэх менежерийн сонгон шалгаруулалтыг 2014 оны 08 сард зохион байгуулж, тэнцэж шалгарсан "БТ" ХХК, "МИ" ХК, "МТ" ХХК, "Эм Эн Ди Эм" ХХК, "Дархан мийт фүүдс" ХХК, "Э" ХХК -тай 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нөөцийн махны менежментийн гэрээг тус тус байгуулж, 2015 оны 07 сарын 31-д гэрээ дүгнэсэн акт үйлдсэн байдаг.

Тус яамны зүгээс менежмент болон санхүүжилтийн гэрээ байгуулах, гэрээ дүгнэсэн акт, тэмдэглэлийг зохих журмын дагуу тухай бүр үйлдэж, баталгаажуулж байсан бөгөөд Төсвийн тухай хууль болон холбогдох шийдвэрийг үндэслэн санхүүжилтийг олгож байсан болно.

2014 оны нөөцийн махны гэрээ хийсэн компаниудын санхүүжигдээгүй үлдэгдлийг 2015 онд Сангийн яам векселээр санхүүжилсэн.

Сангийн яам нь төсвийн орлогын хүндрэлээс шалтгаалж 2014 оны махны урамшууллын үлдэгдэл 4,5 тэрбум төгрөгийг санхүүжүүлээгүй юм.

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрийн салбарын 2016 оны төсвийн төлөвлөгөөг 2015 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 01/2532 албан тоотоор нөөцийн махны урамшууллын санхүүжилтэнд 14 тэрбум төгрөгийг тусган хүргүүлсэн.

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын төсөвт батлагдсан нөөцийн махны урамшуулалд 14,5 тэрбум төгрөгийг Сангийн яаманд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 105 дугаар тогтоолын дагуу тогтоолын төслийн 2 дахь заалтын дагуу векселээр баталгаажуулсан 4,5 тэрбум төгрөгийн өрийг 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн бөгөөд үлдсэн 10 тэрбум төгрөгийг нөөцийн махны менежментийн гэрээний дагуу аж ахуйн нэгжүүдэд олгосон болно.

Иймд нэхэмжлэгч талын шаардлагыг 2015 оны Төсвийн тухай хууль, Нөөцийн махны гэрээний дагуу нэр бүхий компаниудтай хийсэн санхүүжилтийн гэрээний 1.1-д Гүйцэтгэгчийн нөөцийн махны урамшуулалд олгох санхүүжилтийг сертификатаар батлагаажуулсан махны тоо хэмжээ, борлуулалтын тайлан, нөөцийн махны гэрээ дүгнэсэн актыг үндэслэж батлагдсан төсвийн хүрээнд тооцож олгоно" гэснийг мөн нэр бүхий компанудын санхүүжилт дүгнэсэн гэрээнд "Гүйцэтгэгчийн ирүүлсэн тайлан, холбогдох бусад санхүүгийн баримтууд болон энэхүү гэрээ дүгнэсэн тухай тэмдэглэлийг үндэслэн Сангийн яамнаас санхүүжилт хийгдсэн тохиолдолд олгоно" гэсний дагуу ХХААХҮЯ хариуцахгүй болох нь нотлох үндэслэл байсан.

 Анхны шүүх хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт болж, нэр бүхий 6 компани шүүгчид шинээр 18 хуудас материал өгсөн буюу өмнөх хэргийн материал, нотлох баримттай нь танилцаж, шинэ нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хариуцагчийн гаргасан хүсэлтийг нэхэмжлэгчийн саналыг үндэслэн шүүгч шийдвэрээ 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагт хуралдахаар хойшлуулан товлосон.

Иймээс ХХААХҮЯны хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид нар тус хугацаанд 167 хуудас бүхий хэргийн материал, мөн дээр нь дугаарлаагүй шинээр гаргасан 18 хуудас хэргийн материалтай танилцан тус бүр өөрсдийн бололцоог ашиглан хувилан авч, судлан үзэж, ярилцаж, Шүүхэд тайлбараа бэлтгэн, мөн нотлох баримтаа бэлтгэн баталгаажуулж, хоёр дахь шүүх хуралдаанд буюу 2017.06.08-ны өдөр 16 минут хоцрон 11 цаг 16 минутанд авч очсон билээ.

Төрийн нарийн бичгийн даргын "Үнэлгээний хороо байгуулах тухай" 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-10 тоот тушаалаар Т.Отгонжаргал, Р.Өнөрсайхан нар томилогдон Мал эмнэлгийн чиглэлээр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний нийлүүлэгчийг сонгох 3 багц бүхий тендерт оролцогчдын ирүүлсэн материалыг хуулийн хугацаанд хянан, үнэлж ажилласан.

Тус тендерийн үнэлгээний хороог товлогдсон өдрийн үдээс хойш хуралдуулах боломжийг хайсан боловч Үнэлгээний хорооны дарга П.Ганхуяг, Р.Өнөрсайхан нар Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02 тоот тогтоолоор ажлын хэсэгт томилогдон ажиллаж байсан тул 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн үдээс хойно Улсын их хурлын нэгдсэн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хууль хэлэлцэхтэй холбогдуулан Улсын их хурлын нэгдсэн хуралдаанд оролцох ёстой байсан болно.

Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тунгалаг нь АДРА олон улсын байгууллагын Зүүн Өмнөд Ази болон Ази номхон далайн асуудал хариуцсан зохицуулагч олон улсын зөвлөх Анна Крукины илтгэлийн дараа буюу 10.35-11.00 цагт илтгэл тавихаар АДРА Монгол олон

улсын байгууллагаас хөтөлбөр батлагдсан. Хөтөлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ирүүлсэн бөгөөд Д.Тунгалаг нь ХХААХҮЯны сайдад газрын дарга Т.Гантогтохоор уламжлан танилцуулж, Монгол улсын Органик хүнс хөдөө аж ахуйн хөгжилд онцгой чухал асуудлаар илтгэл тавихыг зөвшөөрөн шийдвэрлэсэн юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 6 дугаар зүйлийн 6.1 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг тус тус зөрчсөн тул анхан шатны шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч “МИ” ХК, “ММ” ХХК, “БТ” ХХК, “ЭЭДЭ” ХХК, “ДМФ” ХХК, “Э” ХХК-иуд нь хариуцагч ХХААХҮЯанд холбогдуулан нөөцийн махны менежментийн гэрээний үүрэгт 4 000 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг шүүх 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч /1хх 4 дэх талын арын нүүр/, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж /1хх 165/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мөн өдөр гардуулан өгсөн байна. Хэргийн 168 дахь талд хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарласан тухай баримтад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх, үүрэг танилцуулаагүй гэх тэмдэглэл үйлдэж, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөр огноолж гарын үсэг зуруулсан боловч, тэд мөн өдрийн шүүх хуралдаанд оролцсон, шүүхээс эрх, үүргийг тайлбарлан өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

 

            Шүүх мөн өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчээс гаргасан 18 хуудас материалтай танилцах, тайлбар, нотлох баримт гаргах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хойшлуулсан байна.

 

            Анхан шатны шүүх талуудад шүүх хуралдааны товыг мөн өдөр мэдэгдсэн /хх 203/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ирэх боломжгүй эсхүл өөр ажил давхацсан талаарх хүсэлтийг баримтын хамт 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүхэд ирүүлээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдлэх, шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд хоцорч ирсэн байхад шүүх хуралдааны танхимд оруулаагүй гэх тайлбарыг нотолсон баримт хэрэгт байхгүй байна. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж дүгнэж, түүний оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

            Мөн хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн тайлбарт /1хх 171-172 дахь тал/ Онцгой байдлын ерөнхий газар болон Сангийн яамыг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтийг гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч талаас хамтран хариуцагч оруулах шаардлагагүй гэж тайлбарласан байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал хариуцагч нэмж оруулахыг зөвшөөрөөгүй тул хариуцагчаар өөр этгээдийг оролцуулах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлж нэхэмжлэлээ гаргасан байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарахгүй юм.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эрхийг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үнэлж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Зохигчид 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Нөөцийн махны менежментийн гэрээ”-г байгуулж, нэхэмжлэгч компаниуд нь мах үйлдвэрийн аргаар бэлтгэх, хадгалах, жижиглэн савлах, худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулах, хариуцагч нь санхүүжилтын эх үүсвэрийг гаргаж, нөөцийн махны урамшуулал олгох үүрэгтэй байх бөгөөд уг гэрээний хэрэгжилтэд гуравдагч талаас Улсын онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хянагчийн чиг үүрэгтэй тус тус оролцжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. 

 

            Нөөцийн махны менежментийн гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч компаниуд нь бүрэн биелүүлсэн бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрээний талууд гэрээг дүгнэж акт үйлдсэн байх бөгөөд хүлээж авсан урамшууллын мөнгөн дүнд талууд маргаангүй байна.

 

            Хариуцагч ХХААХҮЯ нь гэрээний урамшууллын үлдэх хэсгийг төлбөр тооцооны хэрэгсэл буюу векселиэр баталгаажуулсан гэж, нэхэмжлэгч талаас вексель бичигдээгүй гэж маргасан.

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний урамшуулал олгохтой холбоотой хэлцлийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэж, хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй, үнэн зөв талаас үнэлж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Иймд гэрээнд заасан хэмжээг үндэслэн ХХААХҮЯнаас 4 000 000 000 төгрөг гаргуулан 3тн мах нийлүүлсэн ”МИ” ХК, ”ММ” ХХК, ”БТ” ХХК, ”ЭЭДЭ” ХХК-д тус тус 857 142 857 төгрөг, 1тн мах нийлүүлсэн “ДМФ” ХХК, ”Э” ХХК-д тус тус 285 714 285 төгрөг олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/01979 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ХХААХҮЯ нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                   А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                    Э.ЗОЛЗАЯА