Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 153

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Б.Э-т холбогдох 1835003340098 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хадам ээж, эхнэр 1 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай  сумын Өлзийт баг, залгамжлагчдын 2-2 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, А овогт Б.Э /РД: ....../

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Э 2018 оны 9 дүгээр сарын 19-20-ны өдрүүдийн хооронд Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 21 тоотод оршин суух иргэн А.Огийн гэрт байхдаа хохирогч О.О-ийн алтан ээмэг 1 хос, монетон ээмэг, бөгж, кулон хос, монетон гинж , монетон бөгж 4 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 3.278.588 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Э нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

1. Хохирогч О.О-ийн  “...2018 оны 9 дүгээр сарын 23-ны орой ээмгээ солих гэж авдраа уудлаад ээмэг бөгжнийхөө савыг авч үзэхэд дотор нь байсан монет нь ээмэг, бөгж нь байхгүй зөвхөн шар өнгийн уут нь үлдсэн байсан. Тэгээд гэрт хулгай орсон юм болов уу? гэж бодоод гэрийнхээ цоож, цонх зэргийг харахад ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Би өөрийн монет ээмэг 2 ширхэг буюу 1 хос, монет нь кулон нэг ширхэг, монет нь бөгж 5 ширхэг, алт нь ээмэг нь 2 ширхэг буюу 1 хос, монет нь өргөн гинж 1 ширхэг байсныг хулгайд алдсан. ...Манай нөхөр О энэ оны 6 дугаар сарын 04-ний өдөр бие нь муудаж даралт харвасан бөгөөд өдөр бүр эмчилгээтэй болохоор өөрийн 5960 УВА улсын дугаартай “Норд бенц /Nord Benz/” загварын тээврийн хэрэгслийг Хөшөөтийн уурхай явуулж ажил хийлгэхээр жолооч хайж байсан. Тэгээд Хөшөөтийн уурхайд ажилладаг Хүрлээ гэх манай нөхөр О-гийн найз ...нэг жолооч олж өгөхөөр болж Э эх залуугийн утасны дугаарыг олж өгсөн. Манай нөхөр болон бид хоёр Элбэг гэх хүнтэй утсаар ярьж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Э гэх хүн Завхан аймгаас гарч Тосонцэнгэл хүртэл яваад тэндээ хоноод Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлд явсан автобусыг тосож суугаад 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ирж манай гэрт байрлаж машинд засвар хийж орой нь хашаанаас машин гаргах гэхэд Э ухарч чадахгүй байсан болохоор манай нөхөр О “чи ахын дүү машин барьж уурхайд явж чадах юм уу?” гэхэд Элбэг “би ахаа айж байна” гэхээр нь манай нөхөр Одонхүү “чи айж байгаа бол ахын дүү газрын бага дээр буцаад харь ахын дүү ах нь ирж очих зардлыг нь өгөөд явуулъя” гэж хэлж тохироод тэр өдрөө хоноод өглөө 09 цагийн орчим нөхөр О бид хоёр хүү Б-ыг аваад гэрээс гараад яваад өгсөн манай гэрт Элбэг ганцаараа үлдсэн. Тэгээд нөхөр О бид хоёр гадуур явж байгаад 13 цагийн орчим гэртээ ирээд Б-ын хувцсыг сольж өмсгөөд хоолны шөл гал дээр хийж өгчхөөд хүү Б-ыг хичээлд нь хүргэж өгсөн. Манай гэрт Э ганцаараа үлдсэн. О бид хоёр гадуур явж байгаад 14 цагийн орчим гэртээ ирээд хоол унд хийж идээд Э-ийг автобусанд суулгаж өгөхөөр Э, нөхөр О бид гурав гарч яваад автобусны буудлаас суулгаж өгөөд явуулсан. Би Э гэх залууг явснаас хойш 4 хоногийн дараа буюу 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр эд зүйл хулгайлагдсан болохыг мэдсэн. Би 2018 оны 9 дүгээр сарын 18-ны орой би толгойгоо угаачхаад өөрийнхөө зүүж байсан алтан ээмгийг хайрцаг руу хийгээд, монетэн ээмэг авч зүүхэд дээрх хулгайд алдагдсан ээмэг, бөгж бүгд байсан. ...2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр манай гэрт Ж, Э нараас өөр хүн ирээгүй. Би хулгайд алдсан эд зүйлсийг 2010 оноос 2017 оны хооронд худалдан авсан. Анх авч байх үеийн үнэ ханшаар мэдүүлэг өгч дүгнэлт гаргуулсан. Одоо зарим үнэт эдлэлийн үнэ харьцангуй өссөн үнийн дүнтэй зарагдаж байна. Гэхдээ би хулгайд алдсан эд зүйлсийн үнэлгээг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дүнгээр нэхэмжилж байна... ” гэх мэдүүлэг /хх-ийн 26-30 дугаар хуудас/,

2. Гэрч А.О-гийн “...2018 оны 9 дүгээр сарын 20-ны орчим манай гэрт хулгай орж эхнэр О-ийн алт, монетон ээмэг, бөгж, гинж, кулон зэрэг үнэт эдлэл хулгайд алдагдсан. Хөшөөтийн уурхайд ажилладаг манай найз Хүрлээ над руу залгаж чи машинаа энд ирж ажиллуул гэж хэлсэн. Тухайн үед би эмчилгээтэй байсан болохоор машинаа жолоодох хүн хайж байтал Х над руу нэг дугаар явуулсан. Би тэр дугаар луу утсаар ярихад Э байсан. ...Эхнэр О бид хоёр автобуснаас Э-ийг тосож аваад гэрт очиж машиндаа юм хийсэн. Тэр орой Э бид хоёр машиндаа юм хийж байгаад хашаанаас машин гаргахаар болж Э-ийг машинаа ухраагаад гаргачих гэхэд Эээ хашаанаас машин ухрааж гаргаж чадахгүй болохоор нь тэр орой Этэй ярьж “Ахын дүү уул уурхай гэдэг чинь амар ажил биш, ингэж байж чи чадах уу?” гэхэд Э “харин нэг л бишээ, би айж байна” гэж хэлсэн. Тэгвэл ахын дүү газрын бага дээр хэрэггүй гэж хэлсэн. Э Завхан аймаг руугаа буцахаар болсон. Маргааш өглөө нь би өөрийн эхнэр хүүхдийг аваад гадуур ажилтай байсан болохоор Э-ийг ганцааранг нь үлдээгээд гадуур явж байгаад өдөр ирсэн. Хүүгээ хичээлд нь хүргэж өгөөд дахиж гэртээ ирээд Э-ийг авч автобусанд суулгаж өгөөд гэртээ харьсан. Тэндээс хэд хоногийн дараа манай эхнэр О авдраа уудалж ээмэг бөгжөө сольж зүүх гэсэн чинь байхгүй байсан. Тухайн өдрүүдэд Завхан аймгаас Э гэх залуу ирж манайд байсан.Өөр хэн нэгэн хүн манай гэрт ирээгүй. Манай гэрийн авдар цоожтой боловч цоожны цүү нь салчихсан тухайн өдрүүдэд цоожгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-34 дүгээр хуудас/,

3. Гэрч Д.С-ын “...Манай ломбардад Б.Э гэх хүн 2018 оны 10 дугаар сарын 14-нд монетон ээмэг 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг, монетон бөгж 4 ширхэг нийт 25.8 гр монетон эдлэлийг барьцаанд тавьж 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг авсан баримт байна. ...2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хугацаа нь дууссан эд зүйлсийг би 2019 оны 01 сарын 10-ны орчим худалдсан тул одоо уг эд зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

4. Шүүгдэгч Б.Э-ийн яллагдагчаар өгсөн “...Увсаас О гэх хүн утасдаад Хөшөөтийн уурхайгаас чиний дугаарыг авлаа чи ирээд машин жолоодоод өгөөч, би тал даралт харвачихсан, хүүхдүүд оюутан, эхнэр ажилгүй гэх зэргээр зовлон тоочоод ирээд ажиллаад өг гэж гуйгаад байсан. ...би сүүлдээ зөвшөөрөөд 2018 оны 09-р сарын 17-ны өдөр Завхан аймгаас гарч Тосонцэнгэл ороод тэндээсээ Улаангомын автобусанд сууж Увсад ирэхэд О гэх хүн эхнэрийн хамт намайг тосож авсан. Би тэднийд 2 хонохдоо машинд нь засвар үйлчилгээ хийгээд 2018 оны 9 сарын 19-ний орой Ховд аймгийн Хөшөөтийн уурхай руу явах гэтэл чи харанхуйд ганцаараа яваад яах билээ. Маргааш зам сайн мэддэг хүнтэй явуулъя гэж хэлсэн. Би машиныг нь хашаанаас ухрааж гаргахдаа уг машиныг анх удаа жолоодож байгаа тул тааруухан гаргасан. Буцааж оруулчихаад хоноод өглөө нь босоход машин байгаагүй тул асуухад хуучин жолоочдоо өгөөд хөдөө явуулчихсан. Чамаар машин бариулахаа болилоо. Чи одоо буц гэж хэлсэн. ...Би О-д замын хоол унд, унааны мөнгө өгөөч гэхэд чамайг автобусанд суулгаж өгнө. Энэ хүүхдэд мөнгө өг гэж эхнэртээ хэлсэн. Эхнэр нь надад 20,000-30,000 төгрөг өгсөн. Тэгээд О эхнэрийнхээ хамт автобусны билет бичүүлэхээр гарч явахад би тэдний гэрт ганцаараа хоцорсон. Тэр үедээ тэдэнд уурлаж бухимдаад, дээр нь ажилгүй мөнгөгүй болчихсон тул урьд өдөр нь О-гийн эхнэр ээмэг бөгж сольж авдарт хийж байсныг санаад тэдний байшингийн том өрөөний мухарт байсан цоожгүй хаалгыг нь хааж орхисон авдарыг нээж дотор нь байсан ягаан өнгөтэй дээрээ бариултай эмэгтэй хүний хайрцагыг нээж үзэхэд дотор нь жижиг уутнуудад хийсэн ээмэг бөгж гинжнүүд байснаас нэг ууттай ээмэг бөгж гинжийг нь авч халаасандаа хийгээд бусдыг буцааж хэвэнд нь оруулж авдарт нь хийсэн юм. Тэгээд үд болж байсан тул хоол унд хийж байтал гэрийн эзэд хүрч ирсэн. Тэдэнтэй хоол идээд автобусны жолоочтой ярьчихсан гэж хэлсэн тул би тэдэнтэй хамт явж автобусанд суугаад Тосонцэнгэл дээр очиж буугаад тэндээсээ дамжиж автобусанд суугаад Улиастайд гэртээ ирсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

   Шүүгдэгч Б.Э-ийн хулгайлсан алтан ээмэг 1 хос, монетон ээмэг, бөгж, кулон /3 хос/, монетон гинж , монетон 4 ширхэг бөгж зэрэг нь нийт 3.278.588 төгрөгийн үнэтэй болох нь “Гэрэгэ эстимэйт” ХХК-ний 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн УВ/01/523 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-р тал/-ээр тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, хулгайлагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн  дүгнэлт /№УВ/01/523/-ийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.Э-ийн хохирогч О.О-ийн алтан ээмэг 1 хос, монетон ээмэг, бөгж, кулон /3 хос/, монетон гинж , монетон 4 ширхэг бөгжийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх шинжийг хангаж байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан 3.278.588 төгрөгийн хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан “бага хэмжээний хохирол”-д тооцогдох тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч О.От 3.278.588 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хохирогч О.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт “...Цагаан сарын өмнө 2.000.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь 6 дугаар сард 1.280.000 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлгээр /хх-ийн 135-142 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээр/ нотлогдож байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.  

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж, хор уршгийг арилгасан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Мөн шүүгдэгч Б.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 82 дугаар хуудас/ өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй нь тогтоогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзсан болно.

Шүүгдэгч Б.Э-т энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА