| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 106/2017/0234/э |
| Дугаар | 468 |
| Огноо | 2017-06-27 |
| Зүйл хэсэг | 147.2., |
| Улсын яллагч | Н.Ням-Очир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 468
Г.Ган-Эрдэнэд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Л.Амартогос,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Ган-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Ган-Эрдэнэд холбогдох 201726020127 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Хөвдүүд овогт Гантөмөрийн Ган-Эрдэнэ, 1992 оны 8 дугаар сарын 4-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Чойбалсангийн 1 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух бүртгэлтэй,
1. Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 3407 дугаар тогтоолоор 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 5 жил 1 сар 5 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,
2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 3 жил 10 сар 9 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр эдлээгүй үлдсэн 10 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: ЖЛ92080419/;
Г.Ган-Эрдэнэ нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар биечлэн эдлэх ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр эдлээгүй үлдсэн 10 сар 6 хоногийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаандаа, шунахай сэдэлтээр 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын хойд талын далангийн ойролцоо насанд хүрээгүй Б.Жараахайг хүч хэрэглэхээр заналхийлэн айлгаж, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан “LG Aka” загварын 150.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Прокурорын газраас: Г.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хөвдүүд овогт Гантөмөрийн Ган-Эрдэнийг давтан үйлдлээр, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Г.Ган-Эрдэнийг эд хөрөнгө хураахгүйгээр 7 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Г.Ган-Эрдэнэд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жил хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 10 сар 6 хоногийн хорих ялын зарим болох 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, Г.Ган-Эрдэнийн биечлэн эдлэх хорих ялыг 7 жил 5 сарын хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар Г.Ган-Эрдэнэд оногдуулсан 7 жил 5 сар хорих ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Г.Ган-Эрдэнийн цагдан хоригдсон 14 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, Г.Ган-Эрдэнэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 90.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Ган-Эрдэнээс 60.000 төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11-286 тоотод оршин суух, ХЕ58080207 регистрийн дугаартай, Чонос овогт Дашцэрэнгийн Дуламсүрэнд олгох, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Ган-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Ялтан Г.Ган-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 7 сарын хугацаагаар тогтоосон. Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж байхад насанд хүрээгүй байсан болно. Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох үндэслэлгүй гэж үзэж байгаа. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хохирогч манай найзын дүү болох Жараахайтай таараад автобусанд суух мөнгөгүй байсан болохоор унааны мөнгө асуухад мөнгө байхгүй гэсэн. Тэгвэл ахдаа утсаа өгч бай гээд утсыг нь аваад найз руугаа залгасан чинь холбогдоогүй. Тэгээд ахдаа утсаа өгөөч, аль эсвэл унааны мөнгө өгчих гэсэн. Би Жараахайг дээрэмдэх ямар ч зорилго байгаагүй. Хутга, үзүүртэй юм тулгаж, айлган сүрдүүлсэн зүйл байхгүй. Иймд хэргийн бодит үнэнийг тогтоож, дэглэм буруулж өгнө үү...” гэв.
Ялтан Г.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Ган-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. 2009 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлэхдээ насанд хүрээгүй байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “онц аюултай гэмт хэрэгтнээр тооцоход насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэг хамаарахгүй” гэж заасан. Зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа тул хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Г.Ган-Эрдэнэд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Г.Ган-Эрдэнэ нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын хойд талын далангийн ойролцоо насанд хүрээгүй Б.Жараахайг хүч хэрэглэхээр заналхийлэн айлгаж, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан “LG Aka” загварын 150.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь дээрэмдсэн болох нь:
насанд хүрээгүй хохирогч Б.Жараахайгийн “...2016 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг 10 минутын орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын хойд талын далан дагаад сургууль руугаа ганцаараа явж байхад миний араас нэг эрэгтэй хүн дагаад байгааг мэдсэн. Ойр хавьд хүн байгаагүй ба гадаа харанхуй байсан. ...алхаагаа хурдасгасан чинь нөгөө хүн хойноос улам ойртоод байсан. Тэр хүн 165 см орчим надаас арай өндөр, гадна талаараа бараан өнгийн куртик, саравчтай малгайтай байсан. Өмд гутлыг нь анзаараагүй, царай зүсийг нь хараагүй. Энэ үед миний сургууль руугаа явдаг зам ойртсон ба нөгөө хүн амдаад миний урд гарчихаар нь явчих байх гээд зогссон чинь өөдөөс ирээд, миний гараас хагас тэвэрч аваад “орилбол ална шүү, дуугай дагаад яв” гэсэн. Ингээд дагаад явсан. Энэ үед би их айсан юм. Тэгсэн балкон нь илүү гарчихсан байшингийн доод талд очоод намайг доошоо суу гэсэн. Би доошоо суухад миний зүүн нүдний орчим нэг зүйл тулгасан ба хатгаад байсныг бодоход үзүүртэй зүйл байсан юм. Тэгээд орилбол нүдийг чинь сохолно шүү гээд миний халаасыг тэмтэрсэн ба миний энгэрийн халааснаас “LG Ака” загварын ягаан өнгийн утсыг гаргаж ирээд авсан. Мөн утасны кодоо хэл гэхээр нь би кодоо хэлсэн. Гэтэл энэ кодоо арилга гэхээр нь би арилгасан. Ингээд мөнгө байна уу, тэгвэл мөнгө өгөөд утсаа ав гэхээр нь байхгүй гэсэн чинь /надад мөнгө угаасаа байгаагүй/ намайг доошоо хэвт гээд би өвдөглөсөн чинь тэр хүн зүүн тийшээ алхаад явсан ба босвол ална шүү, би эргэж ирнэ гэсэн. ...Манай эгч “Юнител” ХХК-д ажилладаг. Тэгээд эгчид утсаа алдсан тухайгаа хэлэхэд 2016 оны 12 дугаар сарын 19 буюу утсаа алдсан өдрийн орой 23 цаг 26 минутад 89640751 гэсэн дугаар миний утсанд хийгээд асаасан тухай мэдээлэл интернэтэд байна гэж хэлсэн. Би энэ дугаарыг мэдэхгүй. ...6 сарын өмнө 375.000 төгрөгөөр авч өгсөн шинэ утас байсан ба содон тэмдэг байхгүй. ...Миний хувьд 90.000 төгрөг авсан...” /хх-ийн 8-10 тал/,
гэрч Ө.Янжмаагийн “...Нэг өглөө их эрт гараад явсан ба орой нь надаас утасны сим картаа өгөөч гэхээр нь 89640751 гэсэн өөрийн дугаарыг өгсөн. Гэтэл үүний дараа манай гэрт цагдаагийн хүн ирээд миний 89640751 дугаарыг хэн ашигласныг асуухаар нь Ган-Эрдэнийг гэж хэлсэн...” /хх-ийн 15 тал/ гэх мэдүүлгүүд,
“LG Ака” загварын гар утсыг 150.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 65 тал/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Г.Ган-Эрдэнэ нь 2009 оны 5 дугаар сарын 4-ний өдөр шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийнхээ ялгүй болох хугацаандаа, мөн 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жил 6 сарын хорих ялаас 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр эдлээгүй үлдсэн 10 сар 6 хоногийн хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын хойд талын далангийн ойролцоо насанд хүрээгүй Б.Жараахайг хүч хэрэглэхээр заналхийлэн айлгаж, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан “LG Aka” загварын 150.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь дээрэмдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийг 147.2 дахь хэсэгт заасан “...урьд энэ гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд ...зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Анхан шатны шүүх түүний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан ялтай байхдаа, тэнсэн хянан харгалзах хугацаандаа дахин уг төрлийн гэмт хэргийг үйлдсэн үйлдлийг “давтан” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэй гэж үзсэн байх боловч давж заалдах шатны шүүх “...урьд энэ гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт тодорхой зааж өгсөн байх тул уг шинжээр нь хүндрүүлж гэм буруутайд тооцох нь түүний хувийн байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэв. Үндэслэл нь, “...урьд энэ гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн...” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүн нь нэг төрлийн гэмт хэрэгт хэд хэдэн удаа ял шийтгүүлснийг ойлгохоор байна. Мөн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан ялтай байхдаа, тэнсэн хянан харгалзах хугацаандаа дахин уг төрлийн гэмт хэргийг үйлдсэн” гэсэн гэмт үйлдлийн нэг шинжээр нь “давтан”, “урьд энэ гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд” гэж хоёр хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна гэж гэм буруутайд тооцож, Г.Ган-Эрдэнийн эрх зүйн байдлыг дордуулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзээд энэ талаарх өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулахаар шийдвэрлэлээ.
Г.Ган-Эрдэнэд оногдуулсан хорих ялын хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд бүрэн тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “...Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцоход насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэг ...хамаарахгүй” гэжээ. Г.Ган-Эрдэнэ нь анх 2009 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шийтгүүлсэн ба уг гэмт хэрэгт шийтгүүлэхдээ болон гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан болох нь түүний “...РД:ЖЛ92080419, Овог: Хөвдүүд, Эцгийн нэр: Гантөмөр, Нэр: Ган-Эрдэнэ, Төрсөн огноо: 1992-08-04...” гэсэн иргэний үнэмлэхийн лавлагаагаар /хх-ийн 32 тал/ нотлогдож байна.
Иймд түүний насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэргийг хамааруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт “урьд нь хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар хоёр удаа шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа буюу эдэлсний дараа дахин хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээд” гэж заасан үндэслэлээр онц аюултай гэмт хэрэгтэнд тооцсоныг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнээд ялтан Г.Ган-Эрдэнийн гаргасан “...2009 онд хорих ялаар шийтгүүлэхэд насанд хүрээгүй байсан. Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох үндэслэлгүй, хэргийн бодит үнэнийг тогтоож, дэглэм буруулж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, энэ талаарх өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...давтан үйлдлээр...” гэснийг “...урьд энэ гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд...” гэж, тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар Г.Ган-Эрдэнэд оногдуулсан 7 жил 5 сар хорих ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Ган-Эрдэнэд оногдуулсан 7 жил 5 сар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
Д.ОЧМАНДАХ