Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/00002

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01947 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1943 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Т” ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой хохиролд 31 206 410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Саруулсайханы гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Төмөрсүх, хариуцагчийн өмгөөлөгч Т.Отгонбаяр, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“А” ХХК нь Зайсан-22 төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Мүди резденс орон сууцны хорооллын А, Б блокын дээврийн ажилд зориулан дээврийн хавтан, бараа материалыг дагалдах хэрэгслийн хамтаар хариуцагч “Т” ХХК-д захиалан 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Чулуун гадаргуутай төмөр дээврийн хавтан захиалгаар нийлүүлэх гэрээг байгуулсан юм. Гэтэл нийлүүлэгч талын менежерийн алдаатай үйл ажиллагааны улмаас дээврийн материал дутуу нийлүүлэгдсэн ба үүнээс болж манай компанийн зүгээс уг барилгын ажлыг графикт хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болж, барилга барих үйл ажиллагаанд төлөвлөгдөөгүй зардал гарч, их хэмжээний хохирол учирсан.

Хариуцагч “Т” ХХК-иас 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 152/16 тоот албан бичигт “Манайхаас нийлүүлсэн материал танайд хүрэхгүй болсон тул манай агуулахад байгаа өнгө ижил, загвар нь өөр, чанарын хувьд адил дээврийн материал нийлүүлэх хүсэлтэй байгааг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийн дагуу манай компанийн зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичгээр дээрх хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд төлбөрийн хугацааг тохирох, бараа материалын үнийг хямдруулж өгөхийг хүссэн.

Гэвч талуудын зүгээс харилцан ойлголцолд хүрч чадаагүйн улмаас “А” ХХК-ийн зүгээс хариуцагч талын нийлүүлсэн бараа материалыг буцаан өгч, бараа материалын үнийг буцаан авахаар болсон. Хариуцагч “Т” ХХК-ийн зүгээс манай компанид нийлүүлсэн биет байдлын доголдолтой дээврийн бараа материалаа бүгдийг нь буцаан авч бидний төлсөн төлбөрөөс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 11 331 500 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 6 000 000 төгрөгийг буцаан олгосон боловч үлдэгдэл 5 331 500 төгрөгийг олгоогүй байна.

“А” ХХК-ийн зүгээс дээрх барилгыг барих үйл ажиллагаанд зориулан 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Угалз шат” ХХК-тай Түрээсийн гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Зайсан 22 төслийн хүрээнд баригдаж буй 2 блок, 6 давхар орон сууцны барилгын гадна фасад, дээврийн ажилд зориулан 4 талд нь битүүлэн хийхэд шаардлагатай ажлын тавцан, хамгаалалтын шатны тоноглол болох урт, богино труба, комод, холбох хэрэгслийн хамтаар 1 сарын 5 750 000 төгрөгөөр түрээслэсэн. Бид түрээсийн зүйлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буцаан өгөхөөр төлөвлөн ажиллаж байсан боловч хариуцагч талын буруутай үйл ажиллагааны улмаас өнөөдрийг хүртэл уг түрээсийн зүйлийг буцаан өгч чадаагүй байна.

Энэхүү нөхцөл байдлын улмаас бид “Угалз шат” ХХК-нд түрээсийн зүйлийн 1 өдрийн түрээсийн төлбөр нь 191 666 төгрөгөөр тооцон нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар 135 хоногт нийт 25 874 910 төгрөгийн хохирол учирсан.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагч компаниас төлбөрийн үлдэгдэл 5 331 500 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид учирсан хохирол 25 874 910 төгрөг, нийт 31 206 410 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай компани “А” ХХК-тай Чулуун гадаргуутай төмөр дээврийн хавтан захиалгаар нийлүүлэх гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу дээврийн материалыг дагалдах хэрэгслийн хамтаар нэхэмжлэгч талд нийлүүлэхээр харилцан тохиролцсон юм.

“А” ХХК нь манай компанид дээврийн материал тавих барилгынхаа зургийг ирүүлсэн байдаг боловч тус зургийн дагуу ижил хэмжээтэй дахин нэг барилгын дээврийн материал, дагалдах хэрэгслийг хамтад нь захиалах гэж байгаа талаар гэрээ байгуулах болон гэрээ байгуулахаас өмнөх гэрээ бэлдэх, талууд харилцан тохиролцох явцад албан ёсоор мэдэгдэж байгаагүй болно. Манай компани 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд тус гэрээгээр тохиролцсон тоо хэмжээ, чанар стандартын шаардлага хангасан дээврийн материалыг дагалдах хэрэгслийн хамт 100 хувь захиалагч талд нийлүүлсэн болно.

“А” ХХК-ийн зүгээс манай компанийг биет байдлын доголдолтой материалуудаа буцааж авсан мэтээр ямар ч үндэслэлгүй тайлбар гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх тул манай компани гэрээгээр тохирсон тоо хэмжээ, чанар бүхий захиалагчийн хүссэн стандартын шаардлага хангасан дээврийн материалыг дагалдах хэрэгслийн хамтаар нийлүүлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний тоо, хэмжээнд ороогүй барилгын дээврийн ажилд шаардлагатай байгаа материалыг тухайн үед агуулахад бэлэн байсан ижил чанартай, өөр материал нийлүүлэх боломжтой талаар “А” ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 152/16 тоот албан бичгээр мэдэгдсэн бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2 барилгаар тооцож, хямдруулсан үнийн санал хүргүүлсэн боловч “А” ХХК нь дээврийн материалын төсөвт өртгөөс хэтэрч байгаа тул танай саналыг хүлээн авах боломжгүй байна гэдгээ мэдэгдсэн юм.

Иймд “А” ХХК болон манай компани тухайн үед харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч талд нийлүүлсэн дээврийн материал болон дагалдах хэрэгслийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2 талын төлөөллийг байлцуулан буцаан татан авч, гэрээний дагуу нэхэмжлэгч талаас манайд төлсөн нийт 22 663 000 төгрөгөөс 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 11 331 500 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талын харилцах дансанд шилжүүлсэн. Иймд үлдэгдэл төлбөр болох 5 331 500 төгрөгийг төлнө.

Харин гэрээний дагуу нийлүүлсэн дээврийн материал ашиглаж, дээврийн ажил гүйцэтгэхэд барилгын гадна талд шат угсрах ямар ч шаардлагагүй бөгөөд энэ төрлийн дээврийн ажлыг манай компани барилгын гадна талд ямар нэгэн шат угсрахгүйгээр хийж гүйцэтгэдэг тул гадна талд шат угсрах шаардлага байхгүй юм. Манай компани дээврийн ажлыг хийж гүйцэтгэх ямар нэгэн үүрэг хүлээгээгүй тул барилга угсралтын ажлын явцдаа гадна шат түрээслэн авч ашигласан нь тус компанийн дотоод асуудал бөгөөд манай компанид ямар нэгэн хамааралгүй асуудал болно.

Иймд 25 874 910 төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01947 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан “Т” ХХК-иас 5 331 500 төгрөгийг гаргуулж “А” ХХК-д олгож, “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 874 910 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313 982 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 100 254 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1943 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/01398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 287 324 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Иргэний хуулийн 72 дугаар зүйлд Хууль тогтоогчид хугацаа тоолох журмыг хуульчлан өгсөн байдаг бөгөөд уг зүйлийн 72.3-т “Хугацааг ямар нэгэн үүрэг гүйцэтгэхийн тулд тогтоосон бөгөөд хэлцэлд өөрөөр заагаагүй бол хугацааны эцсийн өдрийн 24 цагийн дотор уг үүргийг гүйцэтгэсэн байна” гэж заасан үндэслэлээр хариуцагч тал үүргээ бүрэн буюу зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд бид уг барилгын дээврийн ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор буюу 45 хоногийн хугацаанд иж бүрэн гүйцэтгэх төлөвлөгөөтэй байсан гэвч доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлэгдсэнтэй холбоотойгоор уг ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болсон. Бид нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 135 хоногийг дээврийн ажил хийж гүйцэтгэж дууссан байх хугацаанаас хойшхи нэхэмжлэл гаргах өдөр хүртлэх хугацааг хамааруулан тоолсон бөгөөд шүүх бүрэлдэхүүн уг хугацааг “Угалз шат” ХХК-тай манай компанийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Түрээсийн гэрээний хугацаанд хамааруулан дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлийг бүрдүүлж байгаа юм.

Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг “...Нэхэмжлэгч “Угалз шат” ХХК-д шатны түрээсийн төлбөр шилжүүлж байсан баримтуудыг нотлох баримтаар өгсөн боловч эдгээр баримт нь нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтууд байх бөгөөд 25 874 910 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэх боломжгүй байна...” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 40 дүгээр зүйлд заасан заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлийг бүрдүүлж байгаа юм.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 хэсэгт заасан үндэслэлээр гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                                                      ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.          

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Т” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 25 874 910 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч уг шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Зохигчид 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр чулуун гадаргуутай төмөр дээврийн хавтан захиалгаар нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч барааг нийлүүлэх худалдагчийн, нэхэмжлэгч гэрээний зүйлийг хүлээн авч, үнийг нь төлөх худалдан авагчийн үүргийг тус тус хүлээсэн байна. Шүүх зохигчдын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Хариуцагч “Т” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн албан бичгээс үзэхэд худалдагч тал бараа материалыг тоо, хэмжээний хувьд дутуу нийлүүлсэн байна.

Доголдол бүхий гэрээний зүйлийн үнийг бууруулах тухай худалдан авагчийн саналыг худалдагч тал хүлээн зөвшөөрөөгүй тул худалдан авагч гэрээнээс татгалзаж, бараа материалыг буцаан өгсөн бөгөөд түүний төлсөн төлбөрийн зарим хэсгийг худалдагч тал буцаан өгчээ. Худалдан авагч нь төлбөрийн үлдэх хэсгийг худалдагчаас шаардах  эрхтэй байна.

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1., 254 дүгээр зүйлийн 254.1., 227 дугаар зүйлийн 227.1.-д заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үздэг бөгөөд эд хөрөнгө биет байдлын доголдолтой бол худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

Түүнчлэн, гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч ийнхүү хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдсон байх учиртай.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаварт төлсөн төлбөрийн үлдэгдлийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин учирсан хохирлыг баримтаар нотлогдоогүй гэж дүгнэн, энэ талаарх шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйгээс гадна зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах талаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ. Харин давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсэгт анхан шатны шүүх, түүний шийдвэрийг удиртгал хэсэгт зааснаас өөрөөр, ташаа бичсэн алдааг залруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1943 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183\ШШ2017\01398 дугаар шийдвэрийг” гэснийг “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01947 дугаар шийдвэрийг” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287 324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН