Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 01943

 

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2017/01943

 

 

 

 “АГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01947 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “АГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Т Э Ж” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой хохиролд 31 206 410 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.А, Л.Т

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“АГ” ХХК нь Зайсан-22 төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Мүди резденс” орон сууцны хорооллын А, Б блокын дээврийн ажилд зориулан дээврийн хавтан, бараа материалыг дагалдах хэрэгслийн хамтаар хариуцагч “Т Э Ж” ХХК-д захиалан 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Чулуун гадаргуутай төмөр дээврийн хавтан захиалгаар нийлүүлэх гэрээ”-г байгуулсан юм.

Гэтэл нийлүүлэгч талын менежерийн алдаатай үйл ажиллагааны улмаас дээврийн материал дутуу нийлүүлэгдсэн ба үүнээс болж манай компанийн зүгээс уг барилгын ажлыг графикт хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болж, барилга барих үйл ажиллагаанд төлөвлөгдөөгүй зардал гарч, их хэмжээний хохирол учирсан.

Хариуцагч “Т Э Ж” ХХК-иас 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 152/16 тоот албан бичигт “Манайхаас нийлүүлсэн материал танайд хүрэхгүй болсон тул манай агуулахад байгаа өнгө ижил, загвар нь өөр, чанарын хувьд адил дээврийн материал нийлүүлэх хүсэлтэй байгааг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийн дагуу манай компанийн зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичгээр дээрх хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд төлбөрийн хугацааг тохирох, бараа материалын үнийг хямдруулж өгөхийг хүссэн.

Гэвч талуудын зүгээс харилцан ойлголцолд хүрч чадаагүйн улмаас “АГ” ХХК-ийн зүгээс хариуцагч талын нийлүүлсэн бараа материалыг буцаан өгч, бараа материалын үнийг буцаан авахаар болсон. Хариуцагч “Т Э Ж” ХХК-ийн зүгээс манай компанид нийлүүлсэн биет байдлын доголдолтой дээврийн бараа материалаа бүгдийг нь буцаан авч бидний төлсөн төлбөрөөс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 11 331 500 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 6 000 000 төгрөгийг буцаан олгосон боловч үлдэгдэл 5 331 500 төгрөгийг олгоогүй байна.

“АГ” ХХК-ийн зүгээс дээрх барилгыг барих үйл ажиллагаанд зориулан 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Угалз шат” ХХК-тай Түрээсийн гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Зайсан 22 төсөл-ийн хүрээнд баригдаж буй 2 блок, 6 давхар орон сууцны барилгын гадна фасад, дээврийн ажилд зориулан 4 талд нь битүүлэн хийхэд шаардлагатай ажлын тавцан, хамгаалалтын шатны тоноглол болох урт, богино труба, комод, холбох хэрэгслийн хамтаар 1 сарын 5 750 000 төгрөгөөр түрээсэлсэн. Бид түрээсийн зүйлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буцаан өгөхөөр төлөвлөн ажиллаж байсан боловч хариуцагч талын буруутай үйл ажиллагааны улмаас өнөөдрийг хүртэл уг түрээсийн зүйлийг буцаан өгч чадаагүй байна.

Энэхүү нөхцөл байдлын улмаас бид “Угалз шат” ХХК-нд түрээсийн зүйлийн 1 өдрийн түрээсийн төлбөр нь 191 666 төгрөгөөр тооцон нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар 135 хоногт нийт 25 874 910 төгрөгийн хохирол учирсан.

Иймд дээр дурьдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагч компаниас төлбөрийн үлдэгдэл 5 331 500 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид учирсан хохирол 25 874 910 төгрөг, нийт 31 206 410 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани “АГ” ХХК-тай “Чулуун гадаргуутай төмөр дээврийн хавтан захиалгаар нийлүүлэх гэрээ”-г байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу дээврийн материалыг дагалдах хэрэгслийн хамтаар нэхэмжлэгч талд нийлүүлэхээр харилцан тохиролцсон юм.

“АГ” ХХК нь манай компанид дээврийн материал тавих барилгынхаа зургийг ирүүлсэн байдаг боловч тус зургийн дагуу ижил хэмжээтэй дахин нэг барилын дээврийн материал, дагалдах хэрэгслийг хамтад нь захиалах гэж байгаа талаар гэрээ байгуулах болон гэрээ байгуулахаас өмнөх гэрээ бэлдэх, талууд харилцан тохиролцох явцад албан ёсоор мэдэгдэж байгаагүй болно.

Манай компани 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд тус гэрээгээр тохиролцсон тоо хэмжээ, чанар стандартын шаардлага хангасан дээврийн материалыг дагалдах хэрэгслийн хамт 100 хувь захиалагч талд нийлүүлсэн болно.

“АГ” ХХК-ийн зүгээс манай компанийг биет байдлын доголдолтой материалуудаа буцааж авсан мэтээр ямар ч үндэслэлгүй тайлбар гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх тул манай компани гэрээгээр тохирсон тоо хэмжээ, чанар бүхий захиалагчийн хүссэн стандартын шаардлага хангасан дээврийн материалыг дагалдах хэрэгслийн хамтаар нийлүүлсэн.

Талуудын хооронд байгуулсан гэрээний тоо, хэмжээнд ороогүй барилгын дээврийн ажилд шаардлагатай байгаа материалыг тухайн үед агуулахад бэлэн байсан ижил чанартай, өөр материал нийлүүлэх боломжтой талаар “АГ” ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 152/16 тоот албан бичгээр мэдэгдсэн бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2 барилгаар тооцож, хямдруулсан үнийн санал хүргүүлсэн боловч “АГ” ХХК нь дээврийн материалын төсөвт өртгөөс хэтэрч байгаа тул танай саналыг хүлээн авах боломжгүй байна гэдгээ мэдэгдсэн юм.

Иймд “АГ” ХХК болон манай компани тухайн үед харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч талд нийлүүлсэн дээврийн материал болон дагалдах хэрэгслийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2 талын төлөөллийг байлцуулан буцаан татан авч, гэрээний дагуу нэхэмжлэгч талаас манайд төлсөн нийт 22 663 000 төгрөгөөс 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 11 331 500 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талын харилцах дансанд шилжүүлсэн. Иймд үлдэгдэл төлбөр болох 5 331 500 төгрөгийг төлнө.

Харин гэрээний дагуу нийлүүлсэн дээврийн материал ашиглаж, дээврийн ажил гүйцэтгэхэд барилгын гадна талд шат угсрах ямар ч шаардлагагүй бөгөөд энэ төрлийн дээврийн ажлыг манай компани барилгын гадна талд ямар нэгэн шат угсрахгүйгээр хийж гүйцэтгэдэг тул гадна талд шат угсрах шаардлага байхгүй юм. Манай компани дээврийн ажлыг хийж гүйцэтгэх ямар нэгэн үүрэг хүлээгээгүй тул барилга угсралтын ажлын явцдаа гадна шат түрээслэн авч ашигласан нь тус компанийн дотоод асуудал бөгөөд манай компанид ямар нэгэн хамааралгүй асуудал болно.

Иймд 25 874 910 төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан “Т Э Ж” ХХК-аас 5 331 500 төгрөгийг гаргуулж “АГ” ХХК-д олгож, “АГ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 874 910 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313 982 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 100 254 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн 152/16 тоот албан бичигтээ " манай менежерийн алдаанаас болж тус төслийн дээврийн тооцоог 1 барилгаар тооцон захиалга хийн танайд нийлүүлсэн байна..." хэмээн өөрийн ажилтаны бурууг хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд захиалагч талын зүгээс захиалсан бараа материалын тоо хэмжээ нь барилгын дээврийн ажлыг хийж гүйцэтгэхэд хүрэлцэхгүй байгаагийн улмаас талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан "Чулуун гадаргуутай төмөр дээврийн хавтан захиалагаар нийлүүлэх гэрээ"-ээс таталзаж гэрээний дагуу нийлүүлсэн бараа материалыг нь хүлээлгэн өгснийг шүүх шийдвэрээ гаргахдаа анхаарч үзээгүй байна.

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүргээ худалдагч тал бүрэн биелүүлсэн гэж үзсэн тохиолдолд худалдан авагч тал уг гэрээнээс татгалзах болон уг гэрээний үүрэгтэй холбоотой худалдагч талаас ямар нэгэн үүрэг шаардах эрхээ бүрэн алдах болохыг шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахдаа харгалзан үзээгүй байна.

Хэдийгээр барилгын зургийн дагуу дээврийн бараа, материалын тоо хэмжээг хариуцагч тал гаргасан болох нь тогтоогдсон боловч чухам аль зурагт үндэслэн тоо хэмжээг тогтоосон нь тодорхойгүй, энэ тоо хэмжээг буруу буюу дутуу тооцсоноос гарах үр дагаварыг хэн хариуцах талаар талууд харилцан тохиролцсоныг нотлох баримт хэрэгт авагдаагүй..." гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг шүүх бүрэлдэхүүн анхаарал хандуулаагүй, хэт нэг талыг барьж хэрэгт цугларсан баримтанд үнэлэлт дүгнэлт өгөөгүйтэй холбоотой гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “АГ” ХХК нь хариуцагч “Т Э Ж” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 5 331 500 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөнөөр учирсан хохиролд 25 874 910 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талууд 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Чулуун гадаргуудтай төмөр дээврийн хавтан захиалгаар нийлүүлэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр хариуцагч компани “Зайсан 22” барилгын дээвэрт бараа материал, дагалдах хэрэгслийг нийлүүлэх, нэхэмжлэгч нь бараа материалыг тогтоосон хугацаанд хүлээн авч, төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Уг гэрээний дагуу хариуцагч “Т Э Ж” ХХК нь 7 төрлийн бараа материалыг хүлээлгэн үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч “АГ” ХХК нь гэрээнд заасан хугацаанд бараа материалын үнэ 22 663 000 төгрөгийг худалдан авагч тал буюу “Т Э Ж” ХХК-д төлсөн үйл баримтын хувьд талууд маргаангүй байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

            Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох бараа материалыг худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт нийцүүлэн худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч “Т Э Ж” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 152/16 тоот албан бичгээс үзэхэд бараа материалыг тоо, хэмжээний хувьд дутуу нийлүүлсэн болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзнэ.

 

            Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч “АГ” ХХК-иас 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр худалдагч “Т Э Ж” ХХК-д төлбөрийн хугацааг тохирох, бараа материалын үнийг хямдруулах талаар хүсэлт гаргасан ч худалдагч тал зөвшөөрөөгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзжээ.

 

            Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн шилжүүлсэн бараа материалыг тоо ёсоор 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буцааж өгсөн, хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 11 331 500 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн бөгөөд үлдэх 5 331 500 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн байх тул анхан шатны шүүх хариуцагч “Т Э Ж” ХХК-иас уг төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчид доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч “АГ” ХХК нь нэг талын буруугаас үүрэг зөрчсөнтэй холбоотой Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг үндэслэн гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т Э Ж” ХХК-иас нэхэмжлэх эрхтэй.

 

Нэхэмжлэгч “Угалз шат” ХХК-д шатны түрээсийн төлбөрт шилжүүлж байсан баримтуудыг нотлох баримтаар өгсөн боловч эдгээр баримтууд нь нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтууд байх бөгөөд 25 874 910 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэх боломжгүй байна.

 

Учир нь хариуцагчтай гэрээ байгуулахаас 1 сарын өмнө нэхэмжлэгч нь “Угалз шат” ХХК-тай 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ажлын тавцан, хамгаалалтын шатны тоноглол, хэрэгслийг түрээслэхээр тохиролцсон, түүнчлэн энэ түрээсийн гэрээний зорилгыг барилгын фасад, дээврийн ажилд гэж тодорхойлсон нь хариуцагч байгууллагатай хийсэн гэрээний зүйл болох дээврийн бараа материалыг суурилуулах ажилтай шууд шалтгаант холбоотой гэж дүгнэх боломжгүй.

 

Ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд дээвэр, фасадны ажил орсон ба 2 гэрээний хугацаа зөрүүтэй байна. Хохирол төлүүлэх үндэслэлтэй гэж тооцох тохиолдолд хариуцагч дээврийн бараа материал нийлүүлэх эцсийн хугацааг талууд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөр тодорхойлсон байхад дээврийн ажлыг гүйцэтгэхэд зориулагдсан ажлын тавцан, хамгаалалтын шатыг уг хугацаанаас өмнө түрээсэлсэн байгаад хариуцагч буруугүй.

 

Түүнээс гадна дээврийн бараа материалыг хариуцагчид 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буцаан өгснөөс хойшх хугацаанд өөрөөр дээврийн материал дахин авах боломжгүй байдлаас түрээсийн гэрээний хугацаа 135 хоногоор үргэлжилсэнд хариуцагчийг шууд буруутгах боломжгүй.

 

Иймд түрээсийн гэрээний үнэ хариуцагчид бүхэлдээ хамааралтай эсэх нь эргэлзээтэй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй гэж дүгнэх юм.

 

            Иймд нэхэмжлэлийн шаардлагаас гэрээнээс учирсан хохиролд 25 874 910 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв юм.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/01398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “АГ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 287 324 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                                                      Г.ДАВААДОРЖ

 

 Э.ЗОЛЗАЯА