Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2020/0420

 

П.Н-ын гомдолтой захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, өмгөөлөгч Б.З, хариуцагч Ц.Ж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 329 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор П.Н-ын нэхэмжлэлтэй, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагч Ц.Ж-д холбогдох зөрчлийн хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 329 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1, Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан П.Н-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлтийн албаны гаалийн улсын байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0123740 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

  Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасан “хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэснийг тэмдэглэн Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1-д үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн гэж үзэхээр хуульчилсан байна. Мөн Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15-р зүйлийн 15.1, мөн Валютын зохицуулалтын тухай хуулийн 13-р зүйл, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/233 тоот тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд, зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 5.5, 5.5.2, 6.6-г тус тус зөрчсөн тул хэрэг бүртгэлтийн ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 3-т “тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн байна. Гаалийн хяналтын бүсээр удаа дараа нэвтрэхдээ гаалийн хяналтын бүсэд байршуулсан хяналтын бүсийн ялгах тэмдэг, гаалийн мэдүүлэг бөглөх заавар санамжийг хэд хэдээр байршуулсан байдгийг мэддэг боловч  олоогүй хараагүй, яарсан сандарсан, бодож байсан мартсан гэх нь үгүйсгэх шалтгаан болохгүй гэж үзэж байна. Мөн П.Н нь гаалийн мэдүүлгийн хуудас өмнө нь байсан байршилдаа байгаагүй, гаалийн байгууллагад мэдүүлэх мөнгө байгааг амаар мэдүүлсэн, бичгээр мэдүүлэх боломж олгоогүй, валютын эх үүсвэр, юунд зарцуулах талаар тодорхой байхад Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй гэж маргаж байгаа нь үгүйсгэх шалтгаан болохгүй гэж үзэж байна. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 тоот тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд, зүйлсийг галийн хилээр нэвтрүүлэх журам“-ын холбогдох заалтыг зөрчин зөрчил гаргасан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан Гаалийн хяналт шалгалт хийсэн тэмдэглэл, зөрчил гаргач Монгол улсын иргэн зорчигч П.Н өөрийн гараар бичсэн тайлбар, зөрчлийн холбогдогчоор өгсөн мэдүүлэг, зөрчлийн хэрэгт өгсөн гэрчүүдийн мэдүүлэг, зөрчилд холбогдсон бараа болох валют, гаалийн хяналтын бүсийн теле камерийн бичлэг, зөрчил гаргагч гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч 0123740 дугаар бүхий Зөрчилд шийтгэл оногдуулах хуудсаар оногдуулсан шийтгэлийг сайн дураар төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан зэрэг баримтаар хууль бус үйлдэл нь нотлогдож байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ зөрчлийн хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудыг үнэлээгүй шийдвэрлэсэн тул эс зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч П.Н нь “Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагч Ц.Ж-ын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0123740 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Маргаан бүхий 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0123740 дугаартай шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч П.Н-ыг “их хэмжээний валютыг гаалийн байгууллагад мэдүүлэхээс зайлсхийж нэвтрүүлэхийг завдсан” зөрчил гаргасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1-д зааснаар 56.000.000 вонны үнийн дүнтэй тэнцэх хэмжээний 131.040.000 төгрөгийг хурааж, зөрчилтэй валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 19.656.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Анхан шатны шүүх “зорчигч гаалийн байгууллагад амаар мэдүүлсэн, бичгээр мэдүүлэх боломж олгоогүй” талаар үндэслэлгүй дүгнэлт хийсний зэрэгцээ Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ” гэж Монгол Улсын хилээр бэлэн мөнгө оруулах, гаргах эрх зүйн зохицуулалтыг тодорхойлж өгсөн бол Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ...валютыг, 3.1.8-д “мэдүүлэгч” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг ойлгохоор, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ”, 55.3-т “Мэдүүлэгч энэ хуулийн 55.1-д заасан барааг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлнэ” гэж Монгол Улсын хилээр бэлэн мөнгө оруулах, гаргах журам, мэдүүлэгчийн үүргийг хуульчилжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч П.Н нь 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлийн КЕ868 аялалын дугаар бүхий нислэгээр зорчихоор Чингис Хаан олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсийг нэвтрэхдээ БНСУ-ын мөнгөн дэвсгэрт болох 56.000.000 воныг гаалийн байгууллагад мэдүүлээгүй, гаалийн хяналт шалгалтаар их хэмжээний бэлэн мөнгөтэй явж байгаа нь илэрч хилийн шалган дээр бүртгүүлэхээр хүлээгээд зогсож байхад нь араас нь очиж гаалийн улсын байцаагч саатуулсан, энэ үед бэлэн мөнгөтэй явж байгаагаа хүлээн зөвшөөрсөн үйл баримт тогтоогдсон байна.

Энэ тохиолдолд амаар мэдүүлсэн гэж үзэхгүй бөгөөд гаалийн хилээр нэвтрүүлэхдээ амаар мэдүүлж болох бараанд хуульд заасан хэмжээнээс илүү хэмжээний төгрөгтэй тэнцэх валют хамаарахгүй болно.

Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийг гаалийн нутаг дэвсгэрээс тусгаарласан шугам болон гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн хилд тооцно” гэж заасан тул П.Н нь гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн үеийг Монгол Улсын хилээр нэвтэрсэн гэж үзнэ.

Гэтэл анхан шатны шүүх “хил нэвтэрсэн гэж үзэхгүй, мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн, татгалзсан, худал мэдүүлсэн үйлдэл хийгээгүй, Зөрчлийн тухай хуульд завдах тохиолдлыг хуульчлаагүй” гэж дээрх хуулийн заалттай зөрчилдсөн дүгнэлт хийсэн байх бөгөөд П.Н нь их хэмжээний валютыг гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлснээр зөрчил төгс үйлдэгдсэнд тооцно.

Түүнчлэн, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан зөвшөөрсөн хэмжээнээс илүү бэлэн мөнгөтэй тэнцэх хэмжээний гадаад валют гаргахдаа үнэн зөв мэдүүлээгүй нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн зөрчил болох бөгөөд “мөнгө угаах”, “терроризмыг санхүүжүүлэх” гэм буруу, зорилго тогтоогдсон байхыг шаардахгүй, гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлээгүй зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйл “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих” гэдэгт хамааруулсан байгааг анхан шатны шүүх анхаараагүй нь буруу.

Иймд нэхэмжлэгч П.Н-ын Монгол Улсын хилээр бэлэн мөнгө гаргахдаа гаалийн байгууллагад мэдүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1-д /Гаалийн байгууллагад/ “үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн” бол зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүн, хуулийн этгээдийг зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

         Хэдийгээр П.Н нь БНСУ-аас автомашин, сэлбэг хэрэгсэл импортолж, худалдах үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг, хилээр нэвтрүүлсэн их хэмжээний валют нь амьжиргааны эх үүсвэр нь болох талаар нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа ч энэ нөхцөл байдал нь зөрчил гарсныг үгүйсгэх, хөнгөрүүлэх үндэслэл болохгүй бөгөөд шүүх гагцхүү хуульд захирагдах зарчимтай.

         Харин Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3-т “...зөрчилтэй  валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, ...зөрчилтэй  валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нэхэмжлэгчтэй хамт явж байсан Н.Б-ийн мэдүүлэг, Б.Б-ын Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн албанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд П.Н-д зөвхөн түүний мөнгө бус дээрх 2 иргэний мөнгө хамт байсан нь тогтоогдож байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсаар 56.000.000 вонныг бүхэлд нь хурааж, уг дүнгээс торгуулийн хэмжээг тогтоосон нь дээрх хуультай нийцээгүй байна.

          Өөрөөр хэлбэл, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар зорчигч 15 саяас дээш төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг мэдүүлэх үүрэгтэй тул нэг хүн 15 сая төгрөг хүртэл хэмжээний бэлэн мөнгийг мэдүүлэхгүй байх эрхтэй гэж үзэх бөгөөд 56.000.000 вонны үнийн дүнтэй тэнцэх хэмжээний 131.040.000 төгрөгөөс 3 хүний 45 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг мэдүүлээгүй нь зөрчилд тооцогдохгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

          Зүй нь зөрчилтэй валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогод 86.040.000 төгрөгийг /131.040.000-45.000.000/ тооцон хураах, уг үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 12.906.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1-д заасантай нийцэхээр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д зааснаар маргаан бүхий шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгах нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 329 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг баримтлан П.Н-ын гомдлоос зарим хэсгийг хангаж Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагч Ц.Ж-ын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0123740 дугаартай шийтгэлийн хуудсын 56.000.000 вонны үнийн дүнтэй тэнцэх хэмжээний 131.040.000 төгрөг хураасныг 86.040.000 төгрөгөөр, 19.656.000 төгрөгөөр торгосныг 12.906.000 төгрөгөөр тус тус тогтоон хэмжээг нь багасгасугай” гэж, 2 дахь заалтын “үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгосугай” гэснийг “үлдээсүгэй.” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                ШҮҮГЧ                                                         Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                         Д.Оюумаа      

                ШҮҮГЧ                                                         О.НОМУУЛИН