Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2020/0329

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 15 өдөр             Дугаар 128/ШШ2020/0329               Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: П.Н

Хариуцагч: Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн албаны гаалийн улсын байцаагч Ц.Ж,

Гомдлын шаардлага: “Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлтийн албаны гаалийн улсын байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0123740 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.З, хариуцагч Ц.Ж, гэрч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа: “...Миний бие П.Н нь ах, дүү, найз нөхдийн хамт 2014 оноос хойш БНСУ- аас жижиг оврын ачааны машиныг /рогter/ Монгол улсад авчирч худалдан борлуулах ажил хийдэг бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцоор БНСУ руу хамтаар онгоцны тийз авч нисэхээр очсон. Тухайн үед бид гурав БНСУ руу авто машин худалдаж авахаар мөнгөө нийлүүлж вонн болгон сольж /56,000,000 вонн болсон/ тус мөнгийг тусад нь жижиг цүнхэнд хийж би өөрийн биедээ авч явж байсан бөгөөд гаалийн мэдүүлэг бөглөхөөр болсон. Би 2014 оноос хойш 2019 оны 09 дүгээр сарыг хүртэл байнга БНСУ-аас авто машин авчрах зорилгоор зорчдог, байнгын визтэй байсан бөгөөд энэ хугацаанд байнга гаалийн мэдүүлэг бөглөдөг, тус газрын байршлыг сайн мэддэг байсан. Гэтэл гаалийн мэдүүлэг бөглөхөөр мэдүүлгийн хуудас байдаг газар руу очиход тус газар нь өмнө байсан байршилдаа байгаагүй, өөрчлөгдсөн байсан тул буцаж найзтайгаа ярилцан тус газрыг хайн эргэх үед гаалийн байцаагч надаас “чамд мөнгө байгаа юм уу?” гэж асуусан. Би “байгаа” гэж хариулаад мэдүүлэг бөглөх газрыг асуухад “чи надтай цуг яв” гээд нэг өрөөнд оруулж, намайг “гадаад валютыг гаалийн байгууллагад мэдүүлэхээс зайлсхийж, гаалийн хилээр нэвтрүүлэхийг завдсан” гэж хэлээд нэг баримт дээр гарын үсэг зурахыг шаардсан. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1-д “үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн” гэх заалтыг зөрчсөн үндэслэлээр 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 123740 дугаар “шийтгэлийн хуудас” ногдуулж, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 009 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн бөгөөд тус өдрийн 009 дугаар тэмдэглэлээр би болон найз Б.Б, Н.Б нарын ажил, амьдралын эх үүсгэвэр буюу хамтын хөрөнгө болох 56,000,000 вонныг хураан авч, битүүмжилсэн.

Миний хувьд гаалийн мэдүүлэг өгдөг газар өөрчлөгдсөнөөс болж будилсан асуудал байсан боловч Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлд “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих”, 22.1-д “үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн” гэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй байгаа юм. Учир нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “мөнгө угаах” гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг;” 3.1.2-т “терроризмыг санхүүжүүлэх” гэж террорист этгээд, террорист үйлдэл, үйл ажиллагаанд зарцуулагдахыг мэдсээр байж шууд болон шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, өөрчилсөн, шилжүүлсэн, зарцуулсныг” ойлгоно гэж заажээ. Гэтэл надад байсан 56,000,000 вонны эх үүсвэр болон тус мөнгийг юунд, хэрхэн зарцуулах нь талаар тодорхой харагдаж байхад дээрх хуулийн заалтыг баримтлан надад шийтгэлийн хуудас оногдуулж, зөрчлийн хэрэг нээсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.3-т “зорчигч хувийн хэрэглээний эд зүйлийнхээ, мэдүүлэгч улс хоорондын шуудан илгээлтийн тухай тус тус амаар” мэдүүлэг өгнө гэж заасны дагуу гаалийн байцаагчид бэлэн мөнгө байгаа талаар үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд мэдүүлэг гаргахаас зайлсхийгээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1-д “үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн” гэх заалтыг зөрчөөгүй болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн албаны гаалийн улсын байцаагч Ц.Жын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0123740 дугаар “Шийтгэлийн хуудас”- ыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Н нь 2013 оноос хойш ах дүү нарын хамт Солонгос улсаас бага оврын ачааны машин оруулж ирдэг бизнес өнөөдрийг хүртэл эрхэлж байгаа талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 16 цаг 40 минутын Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцонд суухаар тийз аваад онгоцонд орсон байдаг. Явахдаа жижиг гар цүнхэндээ машин авах 56 сая вонныг хийсэн байсан. 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх мульти визтэй байгаад энэ хугацаанд 10 гаруй удаа ирж, очиж наймаа бизнесээ хийж байсан, ингэж явахдаа гаалийн мэдүүлэг буюу декларацийг байнга бөглөдөг байсан. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гаалийн деклараци бөглөдөг газрын байршил нь өөрчлөгдсөн байсан. н.Б, Н.Б 2-той гурвуулаа явж байсан. н.Б нь тэр гурвын тийзийг аваад, П.Н нь мөнгөнүүдээ цүнхэндээ хийгээд явсан. н.Б билетээ аваад түрүүлээд орчихсон. П.Н хойноос нь билетээ аваад деклараци бөглөдөг газрыг олох гээд явсан. Шалганы штамп дардаг хэсгийн наана очоод н.Б цаашаа гарчихсан зогсож байхад аюулгүй байдлын ажилтан дуудаад “мөнгө байгаа юу? гэсэн” “байгаа, одоо бөглөчихье” гэхэд “энэ өрөөнд суу” гэсэн. Тэгээд Ц.Ж байцаагчийг дуудаад мөнгийг нь хураах зөрчил илрүүлсэн. П.Нын хувьд тухайн үед гарах гарцан дээр улаан, ногоон гарц байгаагүй, деклараци бөглөдөг газар нь өөрчлөгдсөн байсан. Гаалийн улсын байцаагч нар декларациа тараагаад бөглүүлдэг юм байна. Тэр өдөр деклараци тараах гаалийн улсын байцаагч ажлын байран дээр байгаагүй.

Гаалийн ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны 014837 дугаартай албан даалгаварын 2 дахь заалтад “гаалийн хилээр нэвтэрч байгаа бүх зорчигчдод гаалийн мэдүүлэг бөглүүлнэ” гэсэн байгаа. Мэдүүлснээр татвар төлөх үүрэг үүсэхгүй тул гомдол гаргагчид мэдүүлэхгүй гарах шалтгаан байхгүй.” гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Деклараци нь видео, фото зургаас харахад рентгенээс наана байсан нь харагдаж байна П.Н аудио бичлэгт “цаана байдаг байсан одоо наана болсон байна” гэж байна. Хяналт шалгалтын байцаагч н.Мыг гэрчээр асуулгая гэж бодож байсан, гэвч өөрөө зөрчил илрүүлсэн хүн гэж бүртгэсэн учраас үнэнийг хэлэхэд эргэлзээтэй. н.М “мөнгөтэй байгаа юм бол одоо деклараци бөглөчих” гээд байснаа “та дагаад яв гээд өрөөнд оруулаад хэрэг бүртгэгчээ дуудсан”. Мөнгө байгаа гэхэд нь деклараци өгөөгүй.

Энэ хүн зөрчлийг илрүүлдэг хүн биш илрүүлсэн хүнд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулдаг хүнийг дуудаад үзлэг хийсэн. Гэрчээр Н.Б бас тодорхой ярьлаа.

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлийн 4581 дугаарт бүртгэгдсэн захиргааны хэм хэмжээний акт буюу Гаалийн хяналтын бүсийн журмын 2.3.6 дахь хэсэгт заасны дагуу удирдамж, чиглэлийг биелүүлж ажиллаагүй, гаалийн байцаагч нар ажлын байран дээрээ байгаагүй буюу амаар мэдүүлсэн ч бичгээр мэдүүлэх боломжийг хязгаарласан, гаалийн хяналтын болон нисэх буудлын аюулгүй байдлыг шалгадаг бүс нь тодорхойгүй, нисэхийн аюулгүй ажиллагааны рентгенээр шалгадаг. Иймэрхүү байдлаар шалгачихаад гомдол гаргагчийг гаальд мэдүүлээгүй гэж байгаа нь үндэслэлгүй.

Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлд “Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тухай хуулийг зөрчих” гэж заасан, гаалийн улсын байцаагч нь шийтгэл ногдуулахдаа зүйлчлэлийн асуудлыг заавал шалгасан байна. Энэ нь зөрчлийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно гэсэн хуульд заасан заалттай уялдуулж ойлговол гаалийн улсын байцаагч нар нь энэ зөрчлийн хэргийг анхнаасаа эх үүсвэр нь тодорхой, машины худалдаа  хийдэг гэдгийг тодруулаад мөнгө угаагаагүй, терроризмыг санхүүжүүлээгүй гэдгийг тодруулж байж зүйлчлэх ёстой байсан. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйл буюу гаалийн тухай хууль зөрчих гэдгийн гаалийн удирдах төв байгууллагаас баталсан бараа мэдүүлэх журам зөрчсөн гэж шалгаж зөрчилд нь тохирсон мөнгөн дүнгээр торгох боломжтой байсан.

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбараас үзвэл гаалийн байгууллага захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэдгийг шалгаж тогтоосон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Зөрчлийн хувьд гаалийн төв байгууллагаас баталсан бараа мэдүүлэх журмыг зөрчсөн. Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх тухай хуулийг зөрчөөгүй. Зайлсхийх санаатай үйлдэл байх ёстой. Мэдүүлэхээс зайлсхийсэн гэж үзэж байгаа бол ямар нэг байдлаар машин механизм тусгайлан бэлтгэсэн, нуух байр сав тусгайлан бэлтгэсэн, заль хэрэглэсэн зэргээр идэвхитэй үйлдэл байх ёстой. П.Н шиг декларацийг хайж байсан, амаар мэдүүлсэн байхад үүнийг мэдүүлэхээс зайлсхийсэн гэж үзэхгүй. Улсын байцаагчийн шийтгэлийг хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна.

Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Ц.Ж байцаагч явуулахдаа хэт нэг талыг барьсан. Машин авах гээд явж байсан нь тухайн үед ч, одоо ч мэдэгдэж байсан гэж байна. Энэ бүгдээс үндэслэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг Зөрчил хянан шалгах шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан асуудлыг заавал шалгаж байж шийтгэл ногдуулах байсан. Ямар нэгэн байдлаар эх үүсвэр нь тодорхойгүй, гадаад улсын иргэний тохиолдолд гаалийн байцаагч Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж болно. П.Нын хувьд машин авахаар явж байсан мөнгө гэдгийг тодорхой хэлдэг. П.Над н.Б болон Н.Б нарын мөнгө цуг явж байдаг. Гаалийн улсын байцаагч Ц.Ж н.Бын тээшнээс нь зоос илэрснээс үүдэн штамп даруулахаар явж байсан гэж үздэг. Гаальд мэдүүлэхээс зайлсхийсэн гэдгийг үгүйсгэх зүйл нь машины үнээ үнэн зөв тодорхойлж татвараас хөнгөлөлт үүсдэг учраас мэдүүлэх сонирхолтой байдаг гэдэг. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, худал бичсэн дутуу мэдүүлсэн эсэхийг гаалийн улсын байцаагч шалгаагүй. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар төсөөтэй хэрэглэхгүй гэсэн заалтыг зөрчиж төсөөтэй хэрэглэсэн. Ийм нөхцөл байдлуудаар сануулах, мэдүүлгийг бөглүүлэх боломж байсан. Гаалийн хяналтын бүсрүү орсон гэсэн сануулга байхгүй.

Зөрчлийн тухай хуульд завдалт гэсэн ойлголт байдаггүй. Бичлэгээс харвал нэг аюулгүй байдлын ажилтнаас бусдаар ямар ч гаалийн байцаагч зааланд байгаагүй.

Анхнаасаа улаан ногоон гарцаа тавьсан бол, гаалийн байцаагч нар ажлын байран дээрээ байсан бол, рентгенээ анхааралтай харсан бол, мөнгөтэй хүн ороод ирлээ гээд Ц.Ж байцаагч мөнгөө мэдүүл гэж хэлэхэд болохгүй зүйл байхгүй. Гаалийн ерөнхий газрын даргын албан даалгавар, дүрэм журмаар “зорчигчоор гаалийн мэдүүлгийг бөглөж бичүүлээд гарын үсэг зуруулаад нэг хувийг нь өөрөө аваад, нэг хувийг зорчигчид өгөөд хувийн тэмдэгээрээ баталгаажуулна” гэсэн зүйл байгаа. Саарал жагсаалттай холбоотойгоор гаалийн байцаагч нарыг “хүмүүст туслаж ажилла, мөнгөтэй мөнгөгүй нь хамаагүй декларацийг нь бөглүүлээд” онгоцонд суухаас нь өмнө хурааж авах, онгоцонд суухад хүртэл дутуу байна гэж бөглүүлдэг тохиолдол зөндөө байдаг гэсэн. Мөнхбат байцаагч хүртэл “энд байсан харагдахгүй байна” гэхэд “аан аргагүй, энд байхаа больчихсон, тэнд аваачаад тавьчихсан” гээд “одоо очоод бөглөчихьё гэхээр “за чи энэ өрөөнд сууж бай” гэж суулгачихаад дараа нь энэ асуудал болсон.

Мөнгө угаах гэдэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэдгийг мэдсээр байж” гэж байгаа. Мөнгө угаагаагүй, терроризмыг санхүүжүүлээгүй гэдэг нь ойлгомжтой байдаг.” гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Буянт-Ухаа дахь гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлтийн албаны гаалийн улсын байцаагч Ц.Ж би тус гаалийн газрын Хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагч Г.Мын хамт 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад гаалийн хяналт шалгалтаар:

Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсийн явагчийн хэсгээр 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр КЕ868 аялалын дугаартай Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр явах зорчигч Монгол улсын иргэн П овогтой Н-ыг гаалийн хилээр нэвтрэхэд нь ачаа тээшийг нь рентген аппаратаар шалгахад хар саарал өнгийн А4 хэмжээтэй гар цүнхэнд цүнхний дотор хэсэгт цаастай төстэй нягтралтай дүрс харагдсан тул Гаалийн тухай хуулийн 246 дугаар зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийг удирдлага болгон нягтлан шалгах зорилгоор биет үзлэг шалгалт хийхэд их хэмжээний гадаад валют болох 56,000,000 воныг гаалийн байгууллагад зорчигчийн барааны гаалийн мэдүүлгээр мэдүүлээгүй, мэдүүлэхээс зайлхийж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргасан нь үзлэгээр тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1-т зааснаар зөрчлийн 2003000017 дугаартай хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд П.Ныг /Баянгол дүүрэг 1-р хороо Алтай хотхоны ******* тоот хаягт оршин суух ******* дугаарын бичиг баримттай/ холбогдогчоор оролцуулж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.2, 3.3 заасан оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч оролцуулан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо 1 дүгээр байр ******* тоот хаягт оршин суугч ******* бичиг баримттай Д******* овогтой Х******* оролцсон болохыг тэмдэглэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.” гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Гаалийн ерөнхий газрын даргын гаргасан тушаалаар зорчигч гаалийн хилийн хяналтын бүсээр орох, гарахдаа 15 сая төгрөгөөс дээш валют болон  ачаа бараатай бол мэдүүлэх үүрэгтэй. Нисэх буудлын аюулгүй ажиллагаа хамгаалалтын албаны ажилтан мөнгө асуусан гэсэн. Тэр хүнд зорчигчтой шууд харьцаж мөнгө асуух эрх мэдэл байдаггүй. Рентгенээр хараад гаалийн улсын байцаагч н.М нь ”та мөнгөтэй явж байна, яагаад мэдүүлээгүй юм бэ?” гэхэд “мартчихаж, одоо мэдүүлье, сандраад мартчихаж” гэсэн. Сандарсан, сандраагүй талаар хуулинд тусгаагүй байгаа. Гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн тохиолдолд тэр хүн мөнгийг мэдүүлэх үүрэгтэй. 2013 оноос хойш арилжаа наймаа хийж байгааг нь мэдэж байгаа. 56 сая вон нь Монгол банзны ханшаар төгрөгт хөрвүүлэхэд  139 сая төгрөг болсон. Хураагдсан 56 сая вон нь улсын орлого болоогүй, хадгалагдаж байгаа.

Деклараци мэдүүлдэг ширээ нь байрандаа байгаа. Урсдаг самбарууд бас байгаа.  15 саяас дээш валюттай бол мэдүүлнэ гэсэн анхааруулга зорчигч хаалганы зүүн талд байгаа. Дарааллын хувьд зорчигч ороод ачаагаа өгөөд рентгенээр орохын өмнө гарын авлага, самбар нь байгаа. Мэдүүлэх деклараци тэнд байгаа. Декларацийг гаалийн хилийн бүсээр ороод өгөх ёстой. Гаалийн хяналтын бүс рентгенээр ороод байх ёстой. Гаалийн рентген нь нисэх буудлын аюулгүй байдлын албаны рентгентэй нэг. Гаалийн байцаагч нар цаана нь өрөөнд рентгенийг компьютерээр хараад сууж байдаг 3,4 компьютер байдаг.

Гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн тохиолдолд деклараци өгөөгүй, тэр хүн мэдүүлээгүй. Мэдүүлэхээс зайлсхийсэн гэсэн үндэслэлээр Зөрчлийн хэрэг нээсэн. Тухайн үед деклараци хангалттай байсан гэж нотлохоор зураг байхгүй. Заалны бичлэг дээр сайн харагдахгүй байгаа. Гаалийн тухай хуульд улаан ногоон хос гарцын систем байна гэж заасан байдаг. Улаан, ногоон гарц зөвхөн орох чиглэлд байгаа, гарах чиглэлд байхгүй.

Гаалийн байцаагч ажлын байран дээрээ байсан. Байх ёстой өрөөнөөсөө, байх ёстой байрлалаасаа гарч ирж байгаа тохиолдолд байгаагүй гэж үгүйсгэж болохгүй байх. Байцаагч нарын хувьд хийх ёстой ажлаа хууль дүрмийн дагуу хийсэн.

Б.Б, Н.Б 2 нь тусдаа валюттай байгаагүй. Тусдаа мэдүүлээгүй. Гаалийн байцаагч тухайн үед зоосон мөнгөтэй цүнхийг шалгасан. Өөр сэжигтэй зүйл илрээгүй. Нөгөө 2 нь хоёулаа нисчихсэн. П.Нын хэлснээр Найман шарга дээр хамт мөнгөө солиулсан гэсэн. ” гэв.

 

Гэрч Н.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Солонгос улсруу өмнө нь жилдээ 3-4 удаа зорчиж байсан. Автомашины бизнес эрхэлдэг. Солонгосоос ачааны автомашин импортоор оруулж ирж зах дээр зардаг. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр П.Нын хамт зорчсон. Бид 3 ачаагаа өгөөд гурвуулангийнх нь билет н.Бод байсан. Бичлэг дээр эргээд тонгойж байгаа нь би. Тэр буланд мэдүүлгийн тавиур байгаагүй. Ачаагаа өгөөд билетээ аваад гарах гэж явсан. Ямар нэг зүйл байгааг хараагүй. Хог хаях гэсэн үйлдлээр л тийм үйлдэл хийсэн байх. Одоо сайн санахгүй байна. П.Н деклараци бичих ёстой байсан. Деклараци бичих ширээ бидний хөдөлгөөн хийсэн газраас наана байсан.

Өмнө нь деклараци бичдэг газар бидний орж ирж хөдөлгөөн хийсэн газраас цаана байсан. Рентгенээр шалгуулаад декларацийн ширээ байдаг байсан. Тэр үед декларацийн ширээ байгаагүй. Мэдүүлгийн тавиур ачаагаа өгснөөс гараад ирдэг хавьцаа байгаагүй. Тийшээ юу харсанаа мэдэхгүй байна. Хогийн сав хайсан байх. Тэнд мэдүүлэг байгаагүй. Бид 3 бөөнөөрөө билетээ бичүүлээд нэг нь барьчихсан байсан. Рентгенээр орсны дараа деклараци хайсан. Хайсан боловч ширээ нь харагдахгүй байсан. Орсон чинь н.Боос зоосон мөнгө илэрсэн юм уу н.Быг цагаан хоолойгоор дуудсан. Тэр үед П.Ныг саатуулсан байх.

Тэр үед надаас тайлбар аваагүй. Тайлбарыг сүүлд авсан. Нисэхийн ажилтнууд онгоц нисэх гээд байна гээд дуудаад би шалганаар ороод тэр өдрөө ниссэн. П.Над 10 сая воноо өгчихсөн байсан учраас Солонгост 3 хоноод буцаж ирсэн. 2019 оны 5 билүү 6 дугаар сард зун явахад деклараци рентгений цаана байсан. Тэндээ л байгаа гэж бодсон. Нэг явахдаа 10 хэдэн сая юм уу 20 хэдэн сая вонтой яваад 7, 8 машин авчирдаг. 2019 оны зун явахад рентгенээр орсноос хойш деклараци мэдүүлдэг ширээ байсан. Босоо доороо хөлтэй дээрээ тавцантай ширээ байсан. 5 сая төгрөгөөс дээш мэдүүлэх ёстой гэж мэднэ. Гаалийн хяналт шалгалтыг рентгенээр орсны цаад талд гэж ойлгосон. Гаалийн улсын байцаагч зааланд байгаагүй, зааланп нисэхийн аюулгүй байдлын ажилчин байсан. Өмнө нь 10-н хэдэн сая, 20-н хэдэн сая воннтой гарахдаа гаальд мэдүүлж байсан. Сая надад мэдүүлэхээр хэмжээний мөнгө байгаагүй. Би 4 сая вонтой байсан. П.Над миний вон байсан. Өмнө нь мөнгөнүүдээ тус тусдаа мэдүүлдэг байсан. Тухайн өдөр онгоцноосоо хоцрох гээд яарчихсан явж байсан. Цагаан хоолойгоор зорчигчдын нэрийг дуудаад байсан. П.Над “Цаад хойд талд чинь ширээ байдаг чи мэдүүл” гээд яриад зогсож байсан. Гэтэл нэг хүн ирээд “та мөнгөтэй явж байгаа юу ?” гэсэн. П.Н “мөнгөтэй” гээд би билетээ аваад цаашаа орсон. Намайг оронгуут П.Ныг нэг хүн аваад тийшээ явсан. н.Б тэр өдөртөө ниссэн, н.Бын 10 гаруй сая вон байсан. Зах дээр машинаа зараад П.Над солиулахаар мөнгөө бэлнээр өгсөн. 2.33-аар бодоод 20-н хэдэн сая төгрөг болсон. Нэгнээсээ хэрэг болохоороо авдаг. Буцаагаад өгчихдөг. Тусдаа бизнес эрхэлдэг. Нэг газар зогсож машин зардаг хүмүүс. П.Н Найман шарга валют солих газар уруу явах гэж байсан учраас мөнгөө өгчихсөн. 15 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй валютыг мэдүүлэх үүрэгтэй гэдгийг мэднэ. Мэдүүлэхэд татвар, хураамж тооцдоггүй. Гаалийн “15 сая төгрөгийн үнийн дүнгээс дээш валютыг мэдүүлэх ёстой” гэсэн санамж байгаагүй. Улаан, ногоон гарцын талаар мэдэхгүй. Машинаа ачуулаад гааль дээрээс мэдүүлээд татвараа төлөөд авдаг.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлтийн албаны гаалийн улсын байцаагч Ц.Ж нь иргэн П.Ныг 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр “их хэмжээний валютыг  гаалийн байгууллагад мэдүүлэхээс зайлсхийж нэвтрүүлэхийг завдсан” зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 0123740 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1-д зааснаар *******,040,000 төгрөгтэй тэнцэх 56,000,000 воныг хурааж, хураагдсан валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 19,656,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

П.Н нь валютыг хурааж, торгох шийтгэл ногдуулсан гаалийн улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар “гаалийн мэдүүлгийн хуудас өмнө байсан байршилдаа байгаагүй, гаалийн байгууллагад мэдүүлэх мөнгө байгааг амаар мэдүүлсэн, бичгээр мэдүүлэх боломж олгоогүй, валютын эх үүсвэр, юунд зарцуулах талаар тодорхой байхад Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй” гэж маргажээ.

Хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, талуудаас гаргаж ирүүлсэн фото зургууд, хариуцагч талаас гаргаж өгсөн видео болон аудио бичлэгүүд, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбарыг үнэлээд “зорчигч гаалийн байгууллагад амаар мэдүүлсэн, бичгээр мэдүүлэх боломж олгоогүй нь гаалийн байгууллагын буруу, зөрчил нь зөрчсөн гэж үзсэн хуулийн зорилгод нийцээгүй” гэсэн үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.  

1. Зорчигч гаалийн байгууллагад байгуулагад амаар мэдүүлсэн, бичгээр мэдүүлэх боломж олгоогүй нь гаалийн байгууллагын буруу гэж үзсэн үндэслэл:

Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зорчигч амаар болон улаан, ногоон гарцыг сонгох байдлаар үйлдлээр мэдүүлж болохоор, мөн мэдүүлгийг нөхөн бичиж мэдүүлж болохоор заасан байна.

Зорчигч П.Н нь нисэх буудлын аюулгүй байдлын рентгенээр шалгуулсны дараа гаалийн улсын байцаагч Г.М-д “гаальд мэдүүлэх мөнгө байгаа” талаараа амаар мэдүүлсэн болох нь түүний мөн өдөр өгсөн тайлбар, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд 2 дугаар сарын 10-ны өдөр болон шүүх хуралдаанд  Н.Бгийн гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.    

Гаалийн тухай хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д гаалийн байгууллага зорчигчийг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ гаалийн хяналтын хос гарцын систем буюу улаан, ногоон гарцыг хэрэглэж болохоор заасан ч агаарын хилийн хувьд Буянт-Ухаа дахь Гаалийн газарт зөвхөн ирэх чиглэлд улаан, ногоон гарцыг байгуулсан, харин улсын хилээр гарах чиглэлд гаалийн улаан, ногоон гарц байхгүйн дээр гаалийн хяналтын бүс нь тодорхойгүй, зорчигч гаальд мэдүүлэх бараатай тохиолдолд хаана хэдийд мэдүүлэх, аль бүсээс өмнө мэдүүлэх ёстой нь зорчигчид тодорхойгүй, ойлгомжгүй байсан нь зөрчил гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Зөрчлийн хэрэгт хавсаргагдсан 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн олон улсын нислэгийн гарах чиглэлийн зорчигчийн танхимын камерын бичлэгээс гаалийн мэдүүлэг хаана байршилтай байсан нь харагдахгүй, танхимд гаалийн улсын байцаагч байгаагүй, Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудлын 2020 оны 5 дугаар сарын 14-ний 10-8/439 тоотоос үзэхэд зөрчил гарсан гэх өдрийн бусад хяналтын камерын бичлэг хадгалагдаагүй, нисэх буудлын терминалын байршлын зурагт 2 дугаар давхрын олон улсын нислэгийн явагчийн танхимд гаалийн хяналтын бүсийн байршлыг заагаагүй, гаалийн мэдүүлэг авах, бөглөх, гаальд өгөх цэг, гаалийн хяналт шалгалтын бүс хаана байршиж буй нь тодорхойгүй бөгөөд тухайн өдөр гаалийн мэдүүлэг аль байршилд байсныг тухайлж тодруулах боломжгүй байна.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020  оны 5 дугаар сарын 13-ны өдөр гомдол гаргагч талаас авсан гэх нисэх буудлын зорчигчийн танхимын байршлыг фото зургаас үзэхэд зорчигч тээшээ өгч нислэгийн бүртгэлээ хийлгэсний дараа нисэх буудлын аюулгүй байдлын албаны рентгенээр ордог, ийнхүү рентгенээр орохоос өмнө танхимд бүртгэлийн хэсгийн эсрэг талд цонхны дэргэд болон танхимын голд байрлах баганын дэргэд гаалийн мэдүүлгийн талаарх санамж, мэдүүлгийн самбар бүхий босоо ширээ байна. 

Хариуцагч 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд зөрчлийн хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэг судлах үед гаалийн мэдүүлэг байсан гэх буланд 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байршлыг харуулсан фото зургаар гаалийн мэдүүлэг бүхий ширээ байгаагүй, шүүх хуралдаанд гэрчээр Н.Б “тэр буланд гаалийн мэдүүлэг байгаагүйг” мэдүүлсэн, мөн хариуцагчийн тайлбартаа анхааруулга самбар, гаалийн мэдүүлэг байсан гэх рентген рүү орох туузан хязгаарлагч бүхий хэсгийн ханан талд мөн л гаалийн мэдүүлгийн самбар, анхааруулга байгаагүй, цонхон талд валютыг мэдүүлэх талаарх анхааруулга бүхий босоо самбар байгаа гэх газарт “Ковид 19” халдварт вирусээс сэргийлэх талаарх ЭМЯ-ны санамж бүхий босоо самбар байсан зэргээс, мөн гомдол гаргагч П.Нын тайлбар болон болон түүнтэй хамт зорчиж явсан гэх Б.Бын тайлбар, Н.Бгийн гэрчийн мэдүүлгээс “өмнө нь хилээр нэвтрэхэд 2019 оны зун гаалийн мэдүүлэг бөглөдөг ширээ нисэх буудлын аюулгүй байдлын рентгенээр шалгуулсны дараа байршилтай байсан, тэр байршилд тухайн өдөр байгаагүй” гэж адил агуулгаар тайлбарладаг зэргээс үзвэл нисэх буудлын олон улсын нислэгээр явах чиглэлд гаалийн хяналт шалгалтын бүс, гаальд мэдүүлэх бүс, мэдүүлэг бичих хэсэг тодорхойгүй байсан гэж дүгнэхээр, энэ байдлыг нөхөж  тодруулах боломжгүйн дээр энэ нь зорчигч амаар мэдүүлснийг үгүйсгэх нөхцөл байдал биш гэж үзлээ.    

Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Монгол Улсын хилийг гаалийн хил гэж үзэх бөгөөд Монгол Улсын хилийн шалган нэвтрүүлэх бүсээр нэвтрээгүй байсан тул уг зорчигчийг хил нэвтэрсэн гэж үзэхгүй, шийтгэлийн хуудаст баримталсан Зөрчлийн тухай хуулийн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих 11.29 дүгээр зүйлийн 22 дугаар хэсэгт “гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн”, “мэдүүлэг гаргахаас татгалзсан”, “худал мэдүүлсэн” обьектив талын үйлдлийг зөрчил гэж үзэхээр хуульчилсан, эдгээр үйлдэл аль нь ч хийгдээгүй, өөрөөр хэлбэл мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн, татгалзсан, худал мэдүүлсэн үйлдэл хийгдээгүй, нөгөөтэйгүүр шийтгэлийн хуудаст зөрчил гэж үзсэнчлэн “мэдүүлэхээс зайлсхийж нэвтрүүлэхийг завдах” гэх үйлдлийг Зөрчлийн тухай хуульд зөрчил гэж үзээгүй, ийнхүү завдах тохиолдлыг хуульчлаагүй байна.

Ийнхүү амаар мэдүүлсэн зорчигчид гаалийн мэдүүлгээр мэдүүлэх боломж олгоогүйд гаалийн улсын байцаагч буруутай байх агаад мэдүүлэхээс зайлсхийж нэвтрүүлэхийг завдсан гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

2. Зөрчсөн гэж үзсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн зорилгод зөрчил нь нийцээгүй гэж үзсэн үндэслэл:

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн Монгол Улсын хилээр бэлэн мөнгө оруулах, гаргах тухай 15 дугаар зүйлийн 15.1-д “Зорчигч 15 саяас дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ.”, Валютын зохицуулалтын тухай хуулийн Валютыг Монгол Улсын хилээр оруулах, гаргах тухай 13 дугаар зүйлийн 13.З-т “Монгол Улсын иргэн чөлөөтэй хөрвөдөг гадаад валютыг хуулиар хязгаар тогтоогоогүй бол гаальд мэдүүлсэн тоо хэмжээгээр тус улсын хилээр гадаадад гаргаж болно.” гэж тус тус заасан, өөрөөр хэлбэл валютыг гаалийн байгууллагад бичгээр мэдүүлсэн тоо, хэмжээгээр улсын хилээр нэвтрүүлж болно, ингэхдээ 15 саяас дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг бэлнээр нэвтрүүлэхээр бол гаалийн байгууллагад бичгээр мэдүүлэхийг хуульчилсан байна.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн үндсийг тогтоох зорилттой, энэ хуулийн үйлчлэх хүрээнд терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх аливаа үйл ажиллагаа хамаарна, харин Валютын зохицуулалтын тухай хууль нь иргэд валютын гүйлгээ хийх, валютын гүйлгээнд хяналт тавих, Монгол Улсын үндэсний валютыг үнэгүйдлээс хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилттой.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд “мөнгө угаах” гэдгийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг, “терроризмыг санхүүжүүлэх” гэж террорист этгээд, террорист үйлдэл, үйл ажиллагаанд зарцуулагдахыг мэдсээр байж шууд болон шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, өөрчилсөн, шилжүүлсэн, зарцуулсныг, “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Эрүүгийн хуульд хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгохоор тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл ийнхүү мэдүүлж байж улсын хилээр мөнгө, валютыг нэвтрүүлэхийг шаардаж буй Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн зохицуулалт нь “мөнгө угаах”, “терроризмыг санхүүжүүлэх” гэж үзэх обьектив талын хуульчилсан тодорхой үйлдлийг шаардаж, үүгээр шинж нь тодорхойлогдож байна.   

Гэтэл зөрчилд холбогдуулан шалгасан Монгол Улсын иргэн П.Н нь БНСУ руу автомашин импортлохоор явж буй тухайгаа, энэ үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг болохоо гаалийн улсын байцаагч анх зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн гэх үед болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарласан, энэ нь зөрчлийн хэрэгт хавсаргагдсан түүний ******* дугаартай үндэсний гадаад паспорт дахь хилийн шалган нэвтрүүлэх албаны дардас /2014-2019 онд удаа дараа хилээр нэвтэрсэн/ бүхий хуулбар, зөрчлийг илрүүлсэн даруйд зөрчлийн хэрэг бүртгэлт хариуцсан гаалийн улсын байцаагч Ц.Жын хийсэн аудио бичлэг дээрх түүний тайлбар, мөн өдөр буюу 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр болон 2 дугаар сарын 14-ний өдөр түүнээс бичгээр авсан тайлбар, хамт зорчсон Б.Бын 2 дугаар сарын 10-ны өдөр гараар бичсэн тайлбар, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд 2 дугаар сарын 10-ны өдөр Н.Бгийн гэрчээр өгсөн мэдүүлэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 2 дугаар сарын 04-ний өдөр Тээврийн прокурорын газарт гаргасан П.Нын гомдол /гомдолд гадаад паспортын хуулбар, автомашин худалдан авсан талаарх баримтууд 8 хуудас хавсаргасан/ зэргээр тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтын талаар талууд маргаагүй, тодруулбал хариуцагч “байнга явдаг, машин авахаар явж байсныг нь мэдэж байсан” гэж тайлбарладаг.

П.Н нь БНСУ-аас бага оврын ачааны автомашин, сэлбэг хэрэгсэл импортлож, худалдах үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг болох нь хэрэгт авагдсан банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан эд хөрөнгө худалдахад санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, банктай байгуулсан хамтран ажиллах гэрээ, автомашин худалдах, худалдан авах гэрээнүүд, гаалийн хилээр автомашин нэвтрүүлсэн мэдүүлэг, тээврийн зардал төлөх банкны баталгаанууд, тээврийн зардал төлсөн баримтууд, гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн лавлагаа, барааны мэдээллүүд, худалдсан машины үнэ төлөгдсөн орлогын гүйлгээ бүхий 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр банкнаас олгосон дансны 28 хуудас хуулга, Улаанбаатар хот дахь Гаалийн газарт автомашины гаалийн болон бусад татвар 2015-2020 онд төлсөн баримтууд, автомашин борлуулах талбайн түрээсийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл гаалийн байгууллагад мэдүүлэхээс зайлсхийсэн хэмээн хураасан валютын эх үүсвэр, хэрэглэх зорилго нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хангалттай тогтоогдсон тул мөнгө угаана, терроризмыг санхүүжүүлнэ гэх үндэслэлээр гаалийн зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй, хуулийн зорилгод огт нийцээгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлтийн албаны гаалийн улсын байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0123740 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1, Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан П.Нын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлтийн албаны гаалийн улсын байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0123740 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу  гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА