Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/00001

 

Б.Б-, Х.Э-, М.Ц-,

Ж.Н-, Д.Н- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 590 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 110 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Б-, Х.Э-, М.Ц-, Ж.Н-, Д.Н- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ш” ХК-д холбогдох,

Нэг удаагийн тэтгэмжийн мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч бид залуу наснаасаа эхлэн уурхайн үндсэн ажилчнаар томилогдон ажиллаж байгаад МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгож группт орцгоосон. Дараа нь өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Бид уурхайд 20-оос 30 жил ажилласан байна. Ажлын хүнд нөхцлөөс болж бүгд л өвчтэй болцгоосон. Бид Геологи уул уурхайн салбарт ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт байгаа иргэдээс өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно гэж заасны дагуу “Ш” ХК-ийн захиргаанд хандахад өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Ингээд бид Ш сумын Ахмадын хороонд хандахад 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дэмжсэн хариу өгсөн.

Бас Ш сумын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, “Ш” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд хандахад бидний хүсэлтийг дэмжсэн албан бичиг тус тус хүргүүлсэн. Монголын Эрчим хүч геологи уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос “Ш” ХК-ийн захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай албан тоот ирүүлсэн. Монгол улсын уул уурхай эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргыг орлон гүйцэтгэгч Д.Дэлгэрцогтоос уурхайн гүйцэтгэх захирал Б.Батбаатарын нэр дээр ахмадуудын асуудлыг хууль дүрмийн дагуу яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн албан тоот ирүүлсэн боловч үүргээ биелүүлэхгүй байсан тул шүүхэд хандахад шүүхээс өмнө Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу маргааныг шийдвэрлэж болно гээд буцаасан. “Ш” ХК-д маргааныг шийдвэрлэж өгөхийг хүсэж хандахад манай тал нааштай шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Зуучлагчийн үйл ажиллагаанд “Ш” ХК-иас нэг удаа төлөөлөгч ирж оролцоод дараа нь оролцохгүй гэсэн тул зуучлагчийн ажиллагаа дууссан. Дахин сумын Засаг даргад хандаж Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу арбитр байгуулж өгөөч гэж хүссэний дагуу Засаг дарга 3 арбитрч томилсон. Уурхайн зүгээс арбитрын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ хэлсэн учир арбитрын хурал хийж дуусгасан. Сумын Засаг даргын зүгээс Арбитрын зөвлөмжийг хэрхэн шийдвэрлэх талаар хариу өгнө үү гэж уурхайн захиргаанд 2 удаа албан тоот хүргүүлсэн боловч хариу өгөөгүй тул бид шүүхэд хандаж байна.

Уурхайд Т.Дуламжав 29 жил, Ю.Зоя 25 жил, Ч.Алтангэрэл 30 жил, Л.Эрдэнэчулуун 25 жил тус тус ажилласан. Салбарын тарифын хэлэлцээрийн 5.5-д заасны дагуу тус бүрийн ажилласан жилийг салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр үржүүлсэн дүнгээр Т.Дуламжав 11 136 000 төгрөг, Ю.Зоя 9 600 000 төгрөг, Ч.Алтангэрэл 11 520 000 төгрөг, Л.Эрдэнэчулуун 9 600 000 төгрөг, Б.Б- 10 752 000 төгрөг, Ж.Н- 11 520 000 төгрөг, М.Ц- 8 448 000 төгрөг, Д.Н- 10 752 000 төгрөг, Х.Э- 8 448 000 төгрөгийг тус тус “Ш” ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д “Энэ хуулийн 12.5-д заасны дагуу хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах явцад үүссэн санал зөрүүтэй асуудлаар болон хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг биелүүлэх талаар шаардлага тавьж хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх эрхийг ажилтны төлөөлөгчид эдэлнэ” гэж заасан тул аливаа хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх эрхийг зөвхөн “Ш” ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо эдлэхээр хуулиар зохицуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 “ажилтны төлөөлөгчид гэж ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, тийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчдийг” ойлгоно гэж маш тодорхой хуульчлан тогтоосон. Өөрөөр хэлбэл хамтын маргаан үүсгэх нь хууль зүйн маш олон үр дагавартай, ажилтнуудын хувь заяатай холбоотой байдаг тул дурын хэн нэгэн этгээдэд хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх эрхийг олгохгүй зөвхөн тухайн байгууллагын нийт ажилтны хүсэл зориг байх ёстой гэдгийг хууль тогтоогч хатуу хуульчилж өгсөн. Хамтын маргаан үүсээгүй болохоор тухайн хамтын маргаантай холбоотой урьдчилан шийдвэрлэх зуучлагч, арбитрын ажиллагаа явагдана гэдэг ойлголт байхгүй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт хамтын маргаан үүсгэсний дараа зуучлагч оролцуулна, мөн хуулийн 117.2 дахь хэсэгт ажилтны төлөөлөгчид ажил олгогчийн төлөөлөгчид хамтран Засаг даргад хандаж зуучлагч томилуулах хүсэлт тавьж улмаар зуучлагчийг томилно гэж зохицуулсан. Гэтэл “Ш” ХК-ийн нийт ажилтнуудыг төлөөлөх эрхгүй, тухайн байгууллагын ажилчид биш хэдэн хүн хамтын маргаан үүсгэж цаашлаад хамтын маргааныг хянан шийдвэрлүүлэх ямар ч эрхгүй билээ. Мөн хөдөлмөрийн хамтын маргаантай холбоотой асуудлыг зуучлагчаар уу, арбитраар уу, шүүхээр үү аль нь байсан зөвхөн ажилтны төлөөлөгчид тухайн хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт, тайлбар, нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэвч мөн л шүүхэд ажилтны төлөөлөгчид биш өөр этгээдүүд шүүхэд нэхэмжлэл гаргачихсан байгаа нь төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэл гэж үзэх бүрэн үндэслэл байна. “Ш” ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо нь хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх тухай хуулиар олгосон бүрэн эрхээ эдлээгүй буюу маргаан үүсгэх эсэхийг тухайн үйлдвэрчний эвлэлийн хороо өөрсдөө мэдэх эрхтэй гэдгээ “Ш” ХК-д илэрхийлэн нотолсон бөгөөд тэр тухайгаа шүүхэд албан ёсоор мэдэгдэх тодорхойлолтоо гаргаж өгсөн.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 590 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар Б.Б-ид 5 376 000 төгрөг, Д.Н-д 6 336 000 төгрөг, М.Ц-д 4 608 000 төгрөг, Ж.Н-д 5 760 000 төгрөг, Х.Э-т 4 224 000 төгрөгийг тус тус “Ш” ХХК-иас гаргуулан олгож, Б.Б-ийн 5 372 000 төгрөг, Д.Н-гийн 4 416 000 төгрөг, М.Ц-ийн 3 840 000 төгрөг, Ж.Н-гийн 5 760 000 төгрөг, Х.Э-ийн 4 620 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан Т.Дуламжав, Ч.Алтангэрэл, Ю.Зоя, Л.Эрдэнэчулуун нарын нэхэмжлэлтэй “Ш” ХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч нар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, “Ш” ХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан нийт дүн болох 26 304 000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 289 470 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 110 дугаар магадлалаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 590 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын: “Б.Б-ид 5 376 000 төгрөг” гэснийг “3 831 200 төгрөг”, “Д.Н-д 6 336 000 төгрөг” гэснийг “4 633 200 төгрөг”, “М.Ц-д 4 608 000 төгрөг” гэснийг “3 369 600”, “Ж.Н-д 5 760 000 төгрөг” гэснийг “4 212 000 төгрөг”, “Х.Э-т 4 224 000 төгрөг” гэснийг “3 088 000 төгрөг” гэж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох Б.Б-ийн 6 920 800 төгрөг, Д.Н-гийн 6 118 800 төгрөг, М.Ц-ийн 5 078 400 төгрөг, Ж.Н-гийн 7 308 000 төгрөг, Х.Э-ийн 5 360 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289 470 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Хөдөлмөрийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Хамтын гэрээ, хэлэлцээр нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь төлөөлөн хамгаалж байгаа гэрээ, хэлэлцээрт оролцогч талуудын нийт ажил олгогч, ажилтныг хамаарч үйлчилнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 3.1.2-д “Ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг хэлнэ” гэж маш тодорхой зохицуулсан. Нэхэмжлэгч нар нь “Ш” ХК-ийн ажилтан биш байхад Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг ноцтойгоор зөрчиж, ажилтан биш хүнд хэлэлцээрийн заалт үйлчлэх буюу тэрхүү заалтыг үндэслэн шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Хамтын гэрээ, хэлэлцээрийн үйлчлэлийг хуулиар тогтоогоод өгсөн заалтыг хэрэглэхгүй буюу хамтын хэлэлцээрийн заалт үйлчилнэ гэдэг хууль зүйн үндэслэлээ гаргаж ирж чадаагүй.

Харин хамтын гэрээгээр зохицуулах харилцааг тодорхойлон заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10 дахь хэсгийн “...байгууллагад ажиллаж байсан ахмад настан, тахир дутуу хүн, үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс эрүүл мэнд нь хохирсон ажилтны амжиргааг сайжруулах...” гэснийг үндэслэн, хамтын гэрээнд ажилтан биш хүмүүстэй холбоотой асуудлыг тусгасан тохиолдолд л хамтын гэрээ ажилтан биш хүнд үйлчлэх боломж нээгдэнэ. Өөрөөр хэлбэл хамтын хэлэлцээр бол ямар ч тохиолдолд ажилтан биш хүнд үйлчлэхгүй, хамтын гэрээ дээрх тохиолдолд л ажилтан биш хүнд үйлчилж болохоор хууль зүйн зохицуулалт 1999 оноос өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Тийм ч учраас Геологи уул уурхайн салбарын 2013-2014 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн Ерөнхий зүйл буюу 1 дүгээр зүйлийн 1.1-д “Салбарын хамт /тариф/-ын хэлэлцээрийг үндэслэн геологи, уул уурхайн салбарын өмчийн хэлбэр харгалзахгүй аж ахуйн нэгж, байгууллагууд хамтын гэрээ байгуулан, харьяа нутаг дэвсгэрийн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэн мөрдөж ажиллана” гэж заасан бөгөөд хамтын гэрээндээ тусгасны үндсэн дээр хэрэгжүүлэх нь энэхүү заалтаас маш тодорхой харагдана. Хамтын гэрээнд тусч байж, ажилтан биш хүмүүст хамтын хэлэлцээрийн заалт хамтын гэрээний дагуу үйлчилж, ажилтан биш хүмүүсийн шаардах эрх үүснэ.

Нөгөө талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд хамтын хэлэлцээрээр зохицуулах харилцааг тогтоож өгсөн бөгөөд 19.1.5-д “мэргэжлийн тарифын хэлэлцээрээр тодорхой ажил, мэргэжлийн хүрээний хөдөлмөрийн харилцааны асуудал”-ыг зохицуулахаар зааснаас үзэхэд хамтын хэлэлцээрээр хэзээ ч ажилтанд олгох тэтгэвэр, тэтгэмж, нөхөн төлбөрийг асуудлыг зохицуулдаггүй, тэр тусмаа ажилтан биш хүмүүстэй холбоотой ямар ч асуудлыг зохицуулдаггүй болох нь илэрхий байна. Хөдөлмөрийн тухай хуулийн үзэл баримтал болон Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, агуулга ч гэсэн аж ахуйн нэгж байгууллагад хүчээр бусдад төлбөр төлүүлэх үүрэг үүсгэхийг зөвшөөрөхгүй. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа маш олон аж ахуйн нэгж байгууллага байгаа бөгөөд хэлэлцээрт төлөөлөгчөөр оролцож гарын үсэг зураагүй маш олон аж ахуйн нэгжүүд мэдээ ч үгүй, оролцоо ч үгүй байхад хамтын хэлэлцээрийн 5.5 гэсэн заалтын дагуу ажиллаж байгаад гарчихсан ажилтан биш хүмүүст маш их мөнгөн тэтгэмж төлөхөөр болчихсон байвал шударга ёсонд үл нийцэх нь ойлгомжтой.

...Түүнчлэн нэхэмжлэгч нар нь тэтгэмж олгох асуудлыг хамтын гэрээнд тусган хэрэгжүүлнэ гэдгийг ч дэндүү сайн мэдэж байсан бөгөөд “Ш” ХК-д хамтын гэрээнд тусгаж өгөөчээ гэдэг хүсэлтийг 2014 онд гаргаж, “Ш” ХК хариуг нь 2014 оны 05 дугаар сарын 16-ны 4/110 тоотоороо хамтын гэрээнд 5.5 дахь заалтыг тусгах боломжгүй байна гэж мэдэгдсэн байдаг. Энэхүү албан тоотыг нэхэмжлэгчдийн зүгээс нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн.

Шүүх хамтын гэрээнд тусган хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчдийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж дүгнэснээ шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдсанаас үзэхэд хамтын гэрээнд тусган хэрэгжүүлэх ёстой Хамтын хэлэлцээр болон Хөдөлмөрийн тухай хуулийн үндэслэл шаардлагыг хүлээн зөвшөөрснийг илтгэнэ. Хамтын гэрээ гэдэг бол ажил олгогч дангаараа бүх нөхцлийг нь тохирч, дангаараа хүчин төгөлдөр болгодог асуудал биш байхад энэхүү асуудлыг хамтын гэрээнд байхгүй байсан ч тусгах ёстой асуудал байсан тул хамтын гэрээгүйгээр нэхэмжлэгчид шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хуульт ёсыг бүдүүлгээр зөрчсөнийг харуулна. Хэлэлцээрийн заалтыг аль нэг тал хэрэгжүүлэхгүй буюу хамтын гэрээндээ тусган хэрэгжүүлэхгүй тохиолдолд хэлэлцээрийн аль нэг тал хамтын маргаан үүсгэж, хамтын маргааныг нь шийдвэрлэж хамтын гэрээндээ оруулсан тохиолдолд л шаардах эрх үүснэ.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                      ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Нэхэмжлэгч нар нь “Ш” ХК-иас тэтгэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэгч нар нь тухайн уурхайд ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан бөгөөд өндөр насны тэтгэвэрт гарсан хүмүүс байна. Геологи уул уурхайн салбарын 2013-2014 оны хамтын \тариф\ хэлэлцээрт зааснаар тухайн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлэн нэг удаагийн тэтгэмж авах ёстой гэж нэхэмжлэгч нар шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэгч тус бүрийн ажилласан жил, хөдөлмөрийн чадвар алдсан хэмжээ, хугацааг тодорхойлж, шийдвэртээ тусгасан байна.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн тухайн маргаанд хамааралтай зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.-т зааснаар ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй.

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.-д зааснаар улсын хэмжээнд болон тодорхой бүс нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбар, мэргэжлийн түвшинд, түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагад хэд хэдэн үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь гишүүдийнхээ тооны харьцааг үндэслэн нэгдсэн төлөөлөгчид томилж хэлэлцээ хийх болон хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад оролцдог байна.

Хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.-т зааснаар салбар /салбар дунд/-ын, бүсийн, аймаг, нийслэлийн түвшний болон мэргэжлийн тарифын хэлэлцээрийг түүнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 10 хоногийн дотор хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэхээр хүргэх ёстой байна.

Бүртгүүлээгүй буюу хууль тогтоомжид нийцээгүй, эсхүл ажилтны эрхийн байдлыг хууль тогтоомжид зааснаас дордуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх бөгөөд түүнийг биелүүлэхгүй байхаар хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.-д заажээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэл болгон Геологи уул уурхайн салбарын 2013-2014 оны хамтын \тариф\ хэлэлцээрийг уул уурхайн салбарын төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл, энэ салбарын ажил олгогч эздийн төлөөлөгчид, ажилчдын төлөөлөгчид хамтран баталгаажуулсан тул энэ баримтад тусгагдсан нөхцөл хариуцагч “Ш” ХК-д хамааралтай гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг агуулгаар нь хангасан байна.

Харин давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөн хугацааг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангах хэмжээг өөрчилсөн нь зөв болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 110 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253 620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН