Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 590

 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэгч бид залуу наснаасаа эхлэн уурхайн үндсэн ажилчнаар томилогдон ажиллаж байгаад МШӨ-ий улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгож груддт орцгоосон. Дараа нь өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон.

Бид уурхайд доод тал нь 20 гаран дээд тал нь 30 гаран жил ажилцгаасан байна. Ажлын хүнд нөхцлөөс болж бүгд л өвчтэй болцгоосон.  Эмнэлэг домнолгоор ч чамгүй явцгаасан.  Бид Геологи уул уурхайн салбарт ажиллаж байгаад үйлчдвэрчний осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт байгаа иргэдээс өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно” гэж заасны дагуу Шарын гол ХК-ий захиргаанд хандахад өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Ингээд бид Шарын гол сумын Ахмадын хороонд хандахад 2014-08-25-нд дэмжсэн хариу өгсөн. Бас Шарын гол сумын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Шарын гол ХК-ий Үйлдвэрчний эвлэлийн хороонд хандахад ХК-ий захиргаанд бидний хүсэлтийг дэмжсэн албан бичиг тус тус хүргүүлсэн.

Мөн Шарын гол сумын засаг даргад хандахад ахмадуудын хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэж өгөхийг уламжилсан албан тоот Шарын гол ХК-ий ТУЗ-д, Эрчим хүч геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Ганболдод тус тус явуулсан.

Монголын Эрчим хүч геологи уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос Шарын гол ХК-ий захирал, Төлөөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай албан тоот ирүүлсэн. Монгол улсын уул уурхай эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргыг  орлон гүйцэтгэгч Д.Дэлгэрцогтоос Уурхайн гүйцэтгэх захирал Б.Батбаатарын нэр дээр ахмадуудын асуудлыг хууль дүрмийн дагуу яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн албан тоот ирүүлсэн. Гэсэн ч дээрх ХК үүргээ биелүүлэхгүй байсан тул шүүхэд хандахад шүүхээс өмнө хөдөлмөрийн хуулийн дагуу маргааныг шийдвэрлэж болно гээд буцаасан. Шарын гол ХК-д маргааныг шийдвэрлэж өгөхийг хүсэж хандахад манай тал нааштай шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Хуулийн дагуу зуучлагч томилж өгөөч гэж Шарын гол сумын Засаг даргад хандаж, Засаг дарга 2015 оны 03 дугаар сарын 05-нд зуучлагч томилж захирамж гаргасан.  Зуучлагчийн үйл ажиллагаанд ХК-аас нэг удаа төлөөлөгч нь ирж оролцоод дараа нь оролцохгүй гэсэн тул зуучлагчийн ажиллагаа дууссан. Дахин сумын Засаг даргад хандаж Хөдөлмөрийн хуулийн дагуу арбитр байгуулж өгөөч гэж хүссэний дагуу Засаг дарга 3 арбитрч томилсон.  Уурхайн зүгээс арбитрын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ хэлсэн учир арбитрын хурал хийж дуусгасан.  Сумын Засаг даргын зүгээс Арбитрын зөвлөмжийг хэрхэн шийдвэрлэх талаар хариу өгнө үү гэж Уурхайн захиргаанд 2 удаа албан тоот хүргүүлсэн боловч хариу өгөөгүй тул дараагийн шатанд ханд  гэж бидэнд хариу өгсөн тул шүүхэд хандаж байна.

Уурхайд Т.Дуламжав 29 жил, Ю.Зоя 25 жил, Ч.Алтангэрэл 30 жил, Л.Эрдэнэчулуун 25 жил тус тус ажилласан.

Салбарын тарифын хэлэлцээрийн 5.5-д заасны дагуу тус бүрийн ажилласан жилийг салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр үржүүлсэн дүнгээр Т.Дуламжав 11,136,000 төгрөг, Ю.Зоя 9,600,000 төгрөг, Ч.Алтангэрэл 11,520,000 төгрөг, Л.Эрдэнэчулуун 9,600,000 төгрөг, Б.Батцоож 10,752,000 төгрөг, Ж.Намжилмаа 11,520,000 төгрөг, М.Цэдэн-Иш 8,448,000 төгрөг, Д.Нансалмаа 10,752,000 төгрөг, Х.Энхцэцэг 8,448,000 төгрөгийг тус тус Шарын гол ХК-аас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115:1-д “Энэ хуулийн 12.5-д заасны дагуу хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах явцад үүссэн санал зөрүүтэй асуудлаар болон хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг биелүүлэх талаар шаардлага тавьж хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх эрхийг ажилтны төлөөлөгчид эдэлнэ” гэж заасан тул аливаа хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх эрхийг зөвхөн “Шарын гол” ХК-ий үйлдвэрчний эвлэлийн хороо эдлэхээр хуулиар зохицуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7” ажилтны төлөөлөгчид гэж ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдчврэчний эвлэл, тийм байгууллага байхгүй бол нийт ажичлтны хурлаас сонгогдсон төлөөлөгчдийг” ойлгоно гэж маш тодорхой хуульчлан тогтоосон. Өөрөөр хэлбэл хамтын маргаан үүсгэх нь хууль зүйн маш олон үр дагавартай, ажилтнуудын хувь заяатай холбоотой байдаг тул дурын хэн нэгэн этгээдэд хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх эрхийг олгохгүй зөвхөн тухайн байгууллагын нийт ажилтны хүсэл зориг байх ёстой гэдгийг хууль тогтоогч хатуу хуульчилж өгсөн.

Хамтын маргаан үүсээгүй болохоор тухайн хамтын маргаантай холбоотой урьдчилан шийдвэрлэх зуучлагч, арбитрын ажиллагаа явагдана гэдэг ойлголт байхгүй. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт хамтын маргаан үүсгэсний дараа зуучлагч оролцуулна, мөн хуулийн 117.2 дахь хэсэгт ажилтны төлөөлөгчид ажил олгогчийн төлөөлөгчид хамтран Засаг даргад хандаж зуучлагч томилуулах хүсэлт тавьж улмаар зуучлагчийг томилно гэж зохицуулсан.

Гэтэл Шарын гол ХК-ий нийт ажилтнуудыг төлөөлөх эрхгүй, тухайн байгууллагын ажилчид биш хэдэн хүн хамтын маргаан үүсгэж цаашлаад хамтын маргааныг хянан шийдвэрлүүлэх ямар ч эрхгүй билээ.

Мөн хөдөлмөрийн хамтын маргаантай холбоотой асуудлыг зуучлагчаар уу, арбитраар уу, шүүхээр үү аль нь байсан зөвхөн ажилтны төлөөлөгчид тухайн хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт, тайлбар, нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэвч мөн л шүүхэд ажилтны төлөөлөгчид биш өөр этгээдүүд шүүхэд нэхэмжлэл гаргачихсан байгаа нь төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэл гэж үзэх бүрэн үндэслэл байна.

Шарын гол ХК-ий үйлдвэрчний эвлэлийн хороо нь хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх тухай хуулиар олгосон бүрэн эрхээ эдлээгүй буюу маргаан үүсгэх эсэхийг тухайн үйлдвэрчний эвлэлийн хороо өөрсдөө мэдэх эрхтэй гэдгээ Шарын гол ХК-д илэрхийлэн нотолсон бөгөөд тэр тухайгаа шүүхэд албан ёсоор мэдэгдэх тодорхойлолтоо гаргаж өгсөн.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох эсхү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. ” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Дуламжав, Ч.Алтангэрэл, Ю.Зоя, Л.Эрдэнэчулуун, Б.Батцоож, Х.Энхцэцэг, М.Цэдэниш, Ж.Намжилмаа, Д.Нансалмаа нар нь Шарын гол ХК-нд холбогдуулан нийт 92,172,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ “...тус  уурхайд ажиллаж байгаад МШӨ-ийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгон нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгон тэтгэвэрт гарсан тул Геологи уул уурхайн салбарын 2013-2014 оны хамтын / тариф / хэлэлцээрийн 5.5-д зааснаар салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно гэснийг хэрэгжүүүлээгүй, хамтын гэрээнд тусгаагүй  учир эрх зөрчигдөж байна” гэж тайлбарлаж, нэхэмжлэгч нар болох Т.Дуламжав 11,136,000 төгрөгийг , Ю.Зоя 9,600,000 төгрөгийг ,  Ч.Алтангэрэл 11,520,000 төгрөгийг, Л.Эрдэнэчулуун 9,600,000 төгрөгийг, Б.Батцоож 10,752,000 төгрөгийг, Х.Энхцэцэгийг 8,844,000 төгрөг, М.Цэдэн-Иш 8,448,000 төгрөг, Ж.Нанжилмаа 11,520,000 төгрөгийг, Д.Нансалмаа 10,752,000 төгрөгийг тус тус Шарын гол ХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын гаргасан хэрэг нэгтгүүлэх тухай хүсэлтийг хангаж, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2611 дугаартай “Хэрэг нэгтгэх тухай” захирамжаар Б.Батцоож, Х.Энхцэцэг, М.Цэдэн-Иш, Ж.Намжилмаа, Д.Нансалмаа нарын нэхэмжлэлтэй Шарын гол ХК-нд холбогдох Т.Дуламжав, Ч.Алтангэрэл, Ю.Зоя, Л.Эрдэнэчулуун нарын нэхэмжлэлтэй Шарын гол ХК-нд холбогдох иргэний хэргийг нэгтгэж шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч Т.Дуламжав, Ч.Алтангэрэл, Ю.Зоя, Л.Эрдэнэчулуун нар нь Шарын гол ХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ гарын үсэг зураагүй болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад тогтоогдсон ба зохигч талууд нэхэмжлэл гаргасан эсэх талаар маргасан.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсэг зурсан байна” гэж заасан байх тул Т.Дуламжав, Ч.Алтангэрэл, Ю.Зоя, Л.Эрдэнэчулуун нар нь Шарын гол ХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т.Дуламжав, Ч.Алтангэрэл, Ю.Зоя, Л.Эрдэнэчулуун нар нь энэхүү шаардлагыг дахин гаргах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Батцоож 10,752,000 төгрөгийг, Х.Энхцэцэг 8,844,000 төгрөг, М.Цэдэн-Иш 8,448,000 төгрөг, Ж.Нанжилмаа 11,520,000 төгрөгийг, Д.Нансалмаа 10,752,000 төгрөгийг тус тус Шарын гол ХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Батцоож нь Шарын голын уурхайд гагнуурчнаар 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийт 28 ажилласан бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас  2006 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эмнэлэг хөдөлмөрийн  магадлах комиссын  хуралдаанаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон  нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ХЭМСТ-ийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа  цуцлагдсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэр, 009967 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт, 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа цуцалсан тухай  зэрэг нотлох баримтуудаар,

Нэхэмжлэгч Д.Нансалмаа нь Шарын голын уурхайд 1970 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2003 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нийт 33 жил ажилласан бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас  2006 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Эмнэлэг хөдөлмөрийн  магадлах комиссын  хуралдаанаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон  нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад 2013 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ХЭМСТ-ийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа цуцлагдсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэр, 034763 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар 2006 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт, 2013 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа цуцалсан тухай  зэрэг нотлох баримтуудаар,

Нэхэмжлэгч М.Цэдэн-Иш  нь Шарын голын уурхайд 1976 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2000 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нийт 24  ажилласан бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас  2000 оны 08 дугаар сарын 21-ны өдөр Эмнэлэг хөдөлмөрийн  магадлах комиссын  хуралдаанаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон  нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад 2013 оны 08 дугаар сарын 29-ны өдөр ХЭМСТ-ийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа  цуцлагдсан өндөр настан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэр,  0054863 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар 2000 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт, 2013 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа цуцалсан тухай  зэрэг нотлох баримтуудаар,

Нэхэмжлэгч Ж.Намжилмаа нь Шарын голын уурхайд 1976 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2006 оны 09 дугаар сарын 01-ны өдөр хүртэл нийт 30 ажилласан бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас  2006 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Эмнэлэг хөдөлмөрийн  магадлах комиссын  хуралдаанаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон  нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ХЭМСТ-ийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа  цуцлагдсан өндөр настан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэр, 740471 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт, 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа цуцалсан тухай  зэрэг нотлох баримтуудаар,

Нэхэмжлэгч Х.Энхцэцэг нь Шарын голын уурхайд 1981 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нийт 22 ажилласан бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас  2005 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Эмнэлэг хөдөлмөрийн  магадлах комиссын  хуралдаанаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон  нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ХЭМСТ-ийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа  цуцлагдсан өндөр настан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэр, 032352 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар 2005 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт, 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа цуцалсан тухай  зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй”, 6 дугаар зүйлийн 6.1-т “Ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй”, Геологи, Уул уурхайн салбарын 2013-2014 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн 5.5-т “Геологи, уул уурхайн салбарт ажиллаж байгаад ҮО, МШӨ-ний улмаас группт байгаа иргэдээс өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт тогтоолгосон тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Батцоож, Х.Энхцэцэг, М.Цэдэн-Иш, Ж.Нанжилмаа, Д.Нансалмаа нар нь ажиллаж байсан  ажил олгогч хуулийн этгээдээс дээрх нэг удаагийн тэтгэмжийг шаардах эрхтэй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.5-д  ...  салбар, мэргэжлийн түвшинд  нэгдсэн төлөөлөгчид томилж хэлэлцээ хийх болон хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад оролцоно гэснээр  Геологи  уул уурхайн салбарын 2013-2014 оны хамтын/ тариф / хэлэлцээрийг  Төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл,  уул уурхайн салбарын ажил олгогч,эздийн төлөөлөгчид,  эрх олгогдсон салбарын ажилчдын  төлөөлөгчид баталгаажуулсан бөгөөд  мөн хуулийн 15 дугаар зүйлийн  15.2-т зааснаар салбар /салбар дунд/-ын  мэргэжлийн тарифын хэлэлцээрийг түүнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 10 хоногийн дотор хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэхээр хүргүүлнэ гэснээр  Монгол улсын хууль тогтоомжид нийцэж байгаа тул 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэсэн  нь Монгол улсын уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны архивын 2017 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн лавлагаа,хуулбараар нотлогдож байгаа, иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах зорилгоор  салбар, мэргэжлийн хүрээнд ажил олгогч, ажилтны төлөөлөгчид, төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан тохиролцоог хамтын хэлэлцээр гэж хуульчилсан байна.

 

 Иймд  мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д зааснаар бүртгүүлээгүй буюу хууль тогтоомжид нийцээгүй, эсхүл ажилтны эрхийн байдлыг хууль тогтоомжид зааснаас дордуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх бөгөөд түүнийг биелүүлэхгүй гэх үндэслэл буюу ажил олгогчид үүрэг болгоогүй, Уул Уурхайн салбарын ажил олгогч эздийн төлөөлөлд оролцсон  Шарын гол ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга   тухайн компанийн эрх мэдэл бүхий албан тушаалтан биш гэж маргаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлгүй байна.

 

Тус хэлэлцээрийн  9.1-д зааснаар хэлэлцээр нь бүртгүүлсэн өдрөөс 2 жилийн хугацаанд хүчинтэй, 9.6-д зааснаар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүдсэн маргааныг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх болно гэснээр нэхэмжлэгч нар  шүүхэд мэдүүлэх эрхийн дагуу хандсан нь Сум дундын шүүхийн 7 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 495 тоот  урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэсэн үндэслэлээр Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  шүүгчийн 495 тоот захирамж, 2016 оны 02 дугаарс арын 02-ны өдрийн хөдөлмөрийн маргаан зохицуулах арбитрын зөвлөмж зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагууд харилцан тохиролцож, салбарын болон салбар дундын хэлэлцээрээр  Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоож болно гэснээр хэлэлцээрийн 3.1.1-д  хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчлөн тогтоосон тохиолдолд шинэчлэн тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлэн салбарын хөлсний доод хэмжээг тогтоон мөрдөн ажиллахаар тогтоосон  байна.

 

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтооно гэснээр 2013-2014 онд хуулиар тогтоосон улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг, үүнийг 2 дахин нэмэгдүүлж уул уурхайн салбарын  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ  384,000 төгрөг гэж мөрдөхөөр  тогтоосон байна.

 

Дээрх хэлэлцээрийн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх, тухайлбал урамшуулал, хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийн хэмжээний дээд хэмжээг дээр тогтоосоноос өөрөөр санхүүгийн чадавхдаа тулгуурлан хамтын гэрээгээр зохицуулах асуудал нээлттэй бөгөөд Хөдөлмөрийн  тухай 18 дугаар зүйлийн 18.1.10-д зааснаар тухайн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байсан ахмад настан, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс эрүүл мэнд нь хохирсон ажилтны амьжиргааг сайжруулах  талаар “Шарын гол” ХК-ийн захиргаа, ҮЭ-ийн хорооны байгуулсан хамтын гэрээнд тусган хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгч  Б.Батцоож, Х.Энхцэцэг, М.Цэдэн-Иш, Ж.Намжилмаа, Д.Нансалмаа нарын Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхийг хаах үндэслэл болохгүй  болно.

 

Геологи уул уурхайн салбарын 2013-2014 оны хамтын/ тариф /-ын хэлэлцээрийг   холбогдох заалтыг хамтын гэрээнд тусгаагүй гэж байгаа боловч “Шарын гол” ХК-ын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 4/110 тоот Ахмад уурхайчдын төлөөлөлийн саналд өгсөн хариуд... Хамтын хэлэлцээрийн 5.7,5.9 дэх заалтууд манай хамтын гэрээнд тусгагдан мөрдөгдөж байна. Тус компани шинэ техник хэрэгсэл авч  парк шинэчилэлт хийх, мөн шинээр нүүрс угаах үйлдвэр барьж ашигалалтад оруулах хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалж Олон улсын банк санхүүгээс зээл тусламж хүсэж байгаа тул Хамтын хэлэлцээрийн 5.2, 5.5 дахь заалтуудыг гэрээнд тусгах боломжгүй ...гэж хариу өгч байсан хэдий ч энэ нь ҮЭ –ийн хороотой зөвшилцсөн болон ажилтны төлөөлөлийн санал мөн эсэх нь тодорхойгүй, 2013 оны 03 дугаар сарын 01-нээс 2014 оны 03 дугаар сарын 01-ныг хүртэл хүчинтэй мөрдөгдөж байсан Хамтын гэрээний нэгдүгээр бүлэг, ерөнхий зүйл хэсэгт ГУУСалбарын 2013-2014 оны хамт /тариф/-ын хэлэлцээр бусад хууль тогтоомжийг үндэслэн энэхүү хамтын гэрээг байгуулав гэж тодотгосон байна.

 

 Мөн салбарын тариф хэлэлцээр нь нийтлэг үндэслэлд зааснаар тухайн салбарын ажилтаны бусад салбарын ажилтнаас ялгагдах хөдөлмөрлөх орчингоос хамааралтайгаар   хөдөлмөрлөж буй орчингоос үүсэх эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, эрсдэл үүссэн тохиолдолд хамгаалах, нөхөх зорилготой бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахинаар ихэсгэн тогтоосон хэмжээг урамшуулал, хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийн хэмжээний   дээд хэмжээ гэж үзэн, үүнээс өөрөөр санхүүгийн чадавхи бусад хүчин зүйлд тулгуурлан тогтоож болох боловч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур тогтоох үндэслэл болохгүй тул Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасан төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэснийг төсөөтэй хэрэглэн нэхэмжлэгч Б.Батцоож, Х.Энхцэцэг, М.Цэдэн-Иш, Ж.Намжилмаа, Д.Нансалмаа нарт олгох тэтгэмжийн хэмжээг 192 000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд Б.Батцоож / 28 жил х 192,000 төгрөг / 5,376,000 төгрөг,  Д.Нансалмаа  / 33 х192,000 төгрөг/ 6,336,000 төгрөг, М.Цэдэн-Иш /24 жил х 192,000 төгрөг / 4,608,000 төгрөг, Ж.Намжилмаа/ 30 жил х 192,000 төгрөг / 5,760,000 төгрөг,  Х.Энхцэцэг / 22 жил х 192 000 төгрөг / 4,224,000 төгрөгийг тус тус “Шарын гол” ХХК-иас гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлйин 115.2.2 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар Б.Батцоожид 5,376,000 төгрөг,  Д.Нансалмаад 6,336,000 төгрөг, М.Цэдэн-Ишид 4,608,000 төгрөг, Ж.Намжилмаад 5,760,000 төгрөг,  Х.Энхцэцэгт 4,224,000 төгрөгийг тус тус “Шарын гол” ХХК-иас гаргуулан олгож, Б.Батцоожийн   5,372,000 төгрөг, Д.Нансалмаагийн 4,416,000 төгрөг, М.Цэдэн-Ишийн 3,840,000 төгрөг, Ж.Намжилмаагийн 5,760,000 төгрөг, Х.Энхцэцэгийн 4,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг баримтлан Т.Дуламжав, Ч.Алтангэрэл, Ю.Зоя, Л.Эрдэнэчулуун нарын нэхэмжлэлтэй Шарын гол ХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Нэхэмжлэгч нар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, “Шарын гол” ХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан нийт дүн болох 26,304,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 289,470 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              З.ТУНГАЛАГМАА