Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 156

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Я.Дина,

Хохирогч: Н.Н,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,   

Шүүгдэгч: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.АнхБс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Дын От холбогдох 1935002880158 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 03-нд Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-8, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар багт оршин суух Ш овогт Дын О. РД:........................................

                        Холбогдогсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

            Шүүгдэгч Д.О нь Увс аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Н.Нтэй маргалдаж улмаар зодож түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                1. Шүүгдэгч Д.Оыг цагаатгах  үндэслэлийн талаар:

            2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч Д.О нь Н.Нийн эрүүн тус газарт нь цохьсон болох нь:

                 Хохирогч Н.Нийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хүүхдүүд тойрч зогсоод бөмбөг харилцаж байтал Н бөмбөгийг чанга цохиод байхаар нь Би Ныг бөмбөг битгий чанга цохиод бай гээд маргалдаж байгаад цээж рүү нь жийсэн байдалтай өшиглөөд, гараа хагас атгаад алгадсан байдалтай цохьсон. Энэ үед Нын найз  О миний араас гараараа баруун эрүүний хэсэгт нэг удаа цохиход миний богино хугацаанд манараад газарт унаад босоход миний амнаас цус гарч, эрүү салсан байдалтай мэдрэгдэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 8-9, 11-р тал/,

                 Насанд хүрээгүй гэрч  Ж.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: “Хүүхдүүд тойрч зогсоод бөмбөг харилцаад алдсан нь голдоо сууж тоглож байтал Н өөр лүүгээ ирсэн бөмбөгийг голд суусан хүүхдүүдийг цохих гээд чанга цохиход газарт ойгоод хол явахад хамт тоглож байсан үл таних ах /Н.Н/ Ныг бөмбөг хол ойлгож цохьлоо гээд уурлаад өшиглөхөд нь О үл таних хүнийг  холдуулахад дахин цохих гээд дайрахад нь О үл таних ахыг мөрнөөс нь татаж эргүүлээд хацар хэсэгт нь гараараа цохиход  газарт унаад 2 гараараа газар тулаад босоод ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,

                 Гэрч  Б.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Гар бөмбөг тоглох явцад Н руу очсон бөмбөгийг Н цохиход бөмбөг хүүхдүүдээс хол явсан. Тэгтэл тоглож байсан хүмүүс дундаас урьд нь харж байгаагүй үл таних ах Нод “Чи бөмбөгөө зөөлөн цохь л доо. Хүчтэй цохиод байна ш дээ” гэхэд Н “Би зөөлөн цохьсон ш дээ” гэхэд “Чи ямар том дуутай юм бэ?” гээд Ныг заамдаад бариад авахад нь О салгаж холдуулсан. Тэр ах дахин очоод дайрахад О гараараа хацар хэсэгт нь нэг цохиход газарт унаад босоод явсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 14-р тал/,

Гэрч  Ж.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: “Хүүхдийн цохьсон бөмбөг над руу ирэхээр нь голд сууж байсан хүүхдүүдийг цохиж босгоё гэж бодоод цохьтол хүүхдүүдийг онолгүй газарт ойгоод бид нараас холдож газарт унасан. Тэгтэл тоглож байсан хүмүүс дуднаас танихгүй ах /Н.Н/ “Чи бөмбөг хүчтэй цохиод байна. Зөөлөн цохь, бөмбөгний араас гүйхгүй байж битгий чанга цохь” гэхээр нь “Танд ямар хамаатай юм бэ?” гэхэд тэр ах ирээд миний цээж рүү нэг удаа өшиглөхөд миний найз О тэр хүнийг татаж холдуулсан. Тэр хүн дахин миний хажууд ирээд гараа хагас атгаад миний хацар хэсэгт цохиход А намайг тэврээд, О тэр ахыг холдуулсан. Дахин намайг цохих гэж дайраад миний цээж рүү гараараа нэг удаа цохиход нь миний найз О намайг өмөөрөөд тэр ахын хацар руу нэг удаа цохиход хоёр гараараа газар тулж унаад босоод ирэхэд нь хамт явсан дүү нь аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 17-р тал/,

Гэрч  Х.Огийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ Үл таних ах /Н.Н/ “Бөмбөг битгий чанга цохиод бай” гэж уурлаад Ныг өшиглөж, хацар руу нь цохиход О салгаж холдуулахад дахин Ныг цохих гэж дайрахад нь О Ныг өмөөрч гараа атгаж байгаад тэр хүний хацарны хэсэгт нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

Гэрч  З.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “Бөмбөгөөр тоглож байсан хүмүүсийн дундаас танихгүй эрэгтэй хүн /Н.Н/ “Чи бөмбөгөө зөөлөн цохь л доо. Цохьсон бөмбөгөө чи авч ирэхгүй байгаа биз дээ” гэж Н руу уурлаад маргалдаж байгаад Ныг нэг удаа өшиглөөд, нэг удаа гараараа цээж рүү нь цохиход Нын найз О тэр танихгүй  залуугийн нүүрний шанаа хэсэг рүү нэг удаа цохиход газарт унаад босоод хамт явсан дүү охинтойгоо цуг явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,

Гэрч  С.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: Тоглож байсан хүмүүс дундаас үл таних хүн /Н.Н/ “Бөмбөг чанга цохьлоо” гэсэн зүйл ярьж Нтой маргалдаж байгаад Ныг  өшиглөөд, гараараа шанаадаж цохиход нь хажууд нь байсан О гэдэг залуу Ныг хамгаалж, танихгүй залуугийн шанаа руу гараараа нэг удаа цохиход газарт унаад босож ирээд Отай маргалдаж байгаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

Шүүгдэгч Д.Оын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Н.Н нь Ныг бөмбөг чанга цохьлоо гэж маргалдаж байгаад Нын цээж рүү өшиглөхөөр нь би салгаж холдуулахад дахин ирээд нүүр лүү нь гараараа цохихоор нь би Нийг түлхэж холдуулахад дахин Ныг цохих гээд дайрахаар нь би гараараа Нийн эрүүний хэсэг рүү цохиход газар тулж унаад босож ирэхэд нь хамт явсан эмэгтэй дүү нь дагуулаад явсан” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Дээрх хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй байгаа тул эргэлзээгүй үнэн зөв гэж үнэлсэн болно.

            Шүүгдэгч Д.О нь хохирогч Н.Нийн эрүүн тус газарт цохисны улмаас Н.Нийн биед доод эрүүний яс хоёролсон хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан. Энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 513 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-р тал/-ээр тогтоогдсон  байна.

            Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгээр шинжлэн судалсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг харьцуулан дүгнэхэд хохирогч Н.Н нь Ж.Нын Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд заасан хүний амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдан хууль бусдовтолгоо хийж байхад нь шүүгдэгч Д.О тухайн этгээдийн халдлагыг зогсоох зорилгоор хохирогч Н.Нийг цохьсон болох нь тогтоогдож байна.

                 Өөрөөр хэлбэл хохирогчоор тогтоогдсон Н.Н нь Ж.Нын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг халдан довтолгоо хийж  байхад нь шүүгдэгч Д.О түүний хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор цохьсон болох нь хохирогч Н.Нийн “...Би Нын  цээж рүү нь жийсэн байдалтай өшиглөөд, гараа хагас атгаад алгадсан байдалтай цохьсон. Энэ үед Нын найз  О миний араас гараараа баруун эрүүний хэсэгт нэг удаа цохиход миний богино хугацаанд манараад газарт унаад босоход миний амнаас цус гарч, эрүү салсан байдалтай мэдрэгдэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 8-9, 11-р тал/, насанд хүрээгүй гэрч  Ж.Нын “... үл таних ах /Н.Н/ Ныг бөмбөг хол ойлгож цохьлоо гээд уурлаад өшиглөхөд нь О үл таних хүнийг  холдуулахад дахин цохих гээд дайрахад нь О үл таних ахыг мөрнөөс нь татаж эргүүлээд хацар хэсэгт нь гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/, гэрч  Б.Бгийн “... үл таних ах /Н.Н/ Ныг заамдаад бариад авахад нь О салгаж холдуулсан. Тэр ах дахин очоод дайрахад О гараараа хацар хэсэгт нь нэг цохиход газарт унаад босоод явсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 14-р тал/, гэрч  Ж.Нын “... тэр ах /Н.Н/ ирээд миний цээж рүү нэг удаа өшиглөхөд миний найз О тэр хүнийг татаж холдуулсан. Тэр хүн дахин миний хажууд ирээд гараа хагас атгаад миний хацар хэсэгт цохиход А намайг тэврээд, О тэр ахыг холдуулсан. Дахин намайг цохих гэж дайраад миний цээж рүү гараараа нэг удаа цохиход нь миний найз О намайг өмөөрөөд тэр ахын хацар руу нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 17-р тал/, гэрч  Х.Огийн “ Үл таних ах /Н.Н/ “Бөмбөг битгий чанга цохиод бай” гэж уурлаад Ныг өшиглөж, хацар руу нь цохиход О салгаж холдуулахад дахин Ныг цохих гэж дайрахад нь О Ныг өмөөрч гараа атгаж байгаад тэр хүний хацарны хэсэгт нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/, гэрч  З.Бын “... танихгүй эрэгтэй хүн /Н.Н/ “Чи бөмбөгөө зөөлөн цохь л доо. Цохьсон бөмбөгөө чи авч ирэхгүй байгаа биз дээ” гэж Н руу уурлаад маргалдаж байгаад Ныг нэг удаа өшиглөөд, нэг удаа гараараа цээж рүү нь цохиход Нын найз О тэр танихгүй  залуугийн нүүрний шанаа хэсэг рүү нэг удаа цохиход газарт унаад босоод хамт явсан дүү охинтойгоо цуг явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/, гэрч  С.Нын “Тоглож байсан хүмүүс дундаас үл таних хүн /Н.Н/ “Бөмбөг чанга цохьлоо” гэсэн зүйл ярьж Нтой маргалдаж байгаад Ныг  өшиглөөд, гараараа шанаадаж цохиход нь хажууд нь байсан О гэдэг залуу Ныг хамгаалж, танихгүй залуугийн шанаа руу гараараа нэг удаа цохиход газарт унаад босож ирээд Отай маргалдаж байгаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/, шүүгдэгч Д.Оын “...Н.Н нь Ныг бөмбөг чанга цохьлоо гэж маргалдаж байгаад Нын цээж рүү өшиглөхөөр нь би салгаж холдуулахад дахин ирээд нүүр лүү нь гараараа цохихоор нь би Нийг түлхэж холдуулахад дахин Ныг цохих гээд дайрахаар нь би гараараа Нийн эрүүний хэсэг рүү цохьсон”  гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Мөн Н.Н нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Ж.Нын биед халдсан болох нь тогтоогдож, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн  1 /Хүний биед халдах/ дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болох нь 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 0766252 дугаартай эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас /хх-ийн 81-р тал/-аар давхар нотлогдож байна.

Хэний амь нас, эрүүл мэндийн эсрэг тулгарсан хууль бус довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийж болохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “Өөрийн, ойр дотны хүний эсрэг...” гэж тодорхойлсон байна.

Дээрх зүйлд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан“гэр бүлийн гишүүн”,  3.1.5-д заасан“төрлийн хүн”,  3.1.6-д заасан “садангийн хүн” гэж хязгаарлаагүй тул ойр дотны хүн гэдэгт найз, нөхөд хамаарах ба хүн найзынхаа амь нас, эрүүл мэндийн эсрэг тулгарсан хууль бус довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийх эхтэй гэж ойлгоно.

Шүүгдэгч Д.О, Ж.Н нар багийн найзууд болох нь насанд хүрээгүй гэрч П.Лхамаагийн “О найз Ныгоо өмөөрч үл таних хүнийг нэг удаа цохьсон”, гэрч Ж.Нын “Миний найз О намайг өмөөрч Н.Нийг цохьсон”, гэрч З.Бын “Д.О, Ж.Н хоёр нэг ангид сурч байсан найзууд юм”, шүүгдэгч Д.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Ж.Н бид хоёр багийн андууд, нэг ангид бас хамт сурч байсан” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байх тул шүүгдэгч Д.О нь өөрийн найз Ж.Нын амь нас, эрүүл мэндийн эсрэг тулгарсан хууль бус довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийх эхтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Оын Н.Нийн хууль бус довтолгоог таслан зогсоох зорилгоор түүнийг цохьсон үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасны дагуу гэмт хэрэгт тооцогдохгүй.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй гэрч Н.Н “... Н.Н ах маргалдаж байсан хүүхдийнхээ цээж рүү нэг удаа хөлөөрөө жийхээр нь би ахыгаа салгаад авчихсан байтал манай ахаар жийлгэсэн хүүхэдтэй хамт явсан нэг залуу манай ахын араас очоод баруун гараараа хацар, эрүү орчим нь хүчтэй цохиход нь манай ах газарт унасан...” гэж мэдүүлсэн боловч энэ мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 Хохирлын талаар:

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар 3.469.760 төгрөгийн хохирол төлсөн гэж мэтгэлцсэн боловч шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 5 хуудас баримтын 4 хуудас нь нотлох баримтын шаардлага хангасан байх бөгөөд уг баримтуудаар хохирогчийн эм, эмчилгээнд 1.052.960 зарцуулсан болох нь тогтоогдож байна. Хохирогч Н.Н 4 хүний хамт Улаангомоос Улаанбаатар руу эмчилгээнд онгоцоор явсан зардалд 1.800.000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй тул 2.852.960 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс хохирогч Н.Нд төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 5 хуудас баримтаас 13.680 төгрөгийн баримт нь хаанаас юу худалдаж авсан нь тодорхойгүй байгаа тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хохирогч Н.Нийн зүгээс 5.230.756 төгрөгийг нэхэмжлэж, энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт 9 хуудас нотлох баримт гаргаж өгсөн боловч шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэж цагаатгаж шийдвэрлэсэн тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.От өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэг, 36.9 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр 1 дэх хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1935002880158 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш овогт Дын Оыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Д.О хохирогч Н.Нд хохиролд 2.852.960 төгрөг төлснийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирогчийн 5.230.756 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.От өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ГАНСҮХ