Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 26

 

Д.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалан, шүүгч Л.Алтан, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 156 дугаар цагаатгах тогтоолтой, Д.О-т холбогдох эрүүгийн 1935002880158 дугаартай, 1 хавтас хэргийг прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа, прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Д.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагважав нар оролцов.

Монгол Улсын иргэн, 2001 оны 1 дүгээр сарын 03-нд Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Увс аймгийн Тариалан сумын ... дугаар багт оршин суух, регистрийн дугаар ..., Ш овогт Д-ын О.

Шүүгдэгч Д.О нь Увс аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Н.Н-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх : Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1935002880158 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш овогт Д-ын О-ыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 156 дугаар цагаатгах тогтоолоор Д.От холбогдох эрүүгийн 1935002880158 дугаартай хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэхдээ “Өөрийн, ойр дотны хүний эсрэг...” гэж Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан “гэр бүлийн гишүүн”, 3.1.5-д заасан “төрлийн хүн”, 3.1.6-д заасан “садангийн хүн” гэж хязгаарлахгүй тул ойр дотны хүн гэдэгт найз, нөхөд хамаарах ба хүн найзынхаа амь нас, эрүүл мэндийн эсрэг тулгарсан хууль бус довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийх эрхтэй гэж ойлгоно гэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Учир нь хохирогч Н.Н шүүгдэгч Д.Оын өөрийнх нь эсрэг хүч хэрэглээгүй иргэн Ж.Нтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа нэг өшиглөж, шанаан тус газар нь нэг цохьсон үйл баримт тогтоогддог. Өөрөөр хэлбэл Н.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “..өөрийн...” эсрэг буюу Д.О-ын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй болох нь тогтоогдож байна. Мөн хууль тогтоогч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийг тайлбарлахдаа энэ хуульд заасан “ойр дотны хүн” гэж тухайн хүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд, ач, зээ, төрсөн ах, эгч, дүү, хамт амьдарч байгаа бусад төрөл садангийн хүнийг ойлгоно гэж нарийвчлан зохицуулсан байхад шүүхээс багаасаа найзалсан, нэг ангид сурч байсан найз нь ойр дотны хүнд хамаарна гэж үзсэн нь нэгэнт хууль тогтоогчоос нарийвчлан тогтоож өгсөн тайлбарт хамааралгүй этгээдийг хамруулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл хууль тогтоогчоос дээрх хуулийн тайлбарт зааснаас бусад этгээдийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэхээргүй байхаар хуульчилсан байна. Мөн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах болсон үндэслэлээ тодорхой дурдсан байх боловч цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.О-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалт нь хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн аль хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 156 дугаар цагаатгах тогтоол нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4.1 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 156 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Д.От холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “өөрийн ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”, өөрөөр хэлбэл гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: Ж.Н, Н.Н нар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, Н.Н нь Ж.Ныг өшиглөж, улмаар шанаа руу нь цохих үед тэдний дэргэд байсан хүмүүс салгасан байдаг. Энэхүү зодооны дараагаар нь дахин маргалдах үед Д.Оын найз Ж.Н нь Н.Нийг цохиж, түүнд хүндэвтэр гэмтэл учруулсан байна. Өөрөөр хэлбэл хохирогч Н.Н нь Ж.Ныг зодох үйлдэл дууссаны дараагаар Отгонбаяр Нямхүрэлд халдаж түүнийг зодсон үйлдэл нь довтолгоо төгссөний дараа хийж буй үйлдэл юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтанд тооцохгүй” гэж заасан байхад анхан шатны шүүх өөрийн ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хийсэн үйлдэл гэж үзсэн нь эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Мөн анхан шатны шүүх  Д.О найзынхаа амь нас, эрүүл мэндэд тулгарсан хууль бус довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийх эрхтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “Ойр дотны хүн” гэж тухайн хүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд, ач, зээ, төрсөн ах, эгч, дүү, хамтран амьдарч байгаа бусад төрөл садангийн хүнийг ойлгоно гэж заасан байхад багаасаа найзалсан, нэг ангид сурч байсан найз ойр дотны хүнд хамаарна гэж хуулийг буруу тайлбарлаж Д.От холбогдох хэргийг цагаатгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 156 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол  үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн эсэхийг бүхэлд нь хянав.

Увс аймгийн прокурорын газраас Д.О-ыг Тариалан сумын 2 дугаар багийн нутагт 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Х.Нямхүрэлтэй маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлснийг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт хүмүүстэй гар бөмбөг тоглож байх явцдаа хохирогч Н.Н-ийн эрүүн тус газарт гараараа цохисон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байх бөгөөд анхан шатны шүүхээс Б.О-ын хохирогчийн биед халдсан хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Аргагүй  хамгаалалтын үндсэн шинж нь тухайн халдлага нийгэмд аюултай байх, довтолгоон бодитой, илэрхий байхын зэрэгцээ халдлага дуусаагүй байх, түүнчлэн халдлага нь өөрийн болон ойр дотны хүний амь нас, эрүүл мэндэд шууд аюул занал, хохирол учруулахаар байсан зайлшгүй нөхцөл байдалд тухайн халдлагын эсрэг үйлдэл хийсэн байхаар тодорхойлогдоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар бол  бусдын хууль бус халдлага нэгэнт эхэлсэн, эсхүл эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед аргагүй хамгаалалтыг хийж болохоор зохицуулсан, өөрөөр хэлбэл  аюул бодитой болж, хамгаалалтыг хойшлуулж болохгүй буюу хийхээс өөр аргагүй болсон тэр нөхцөлд тухайн халдлага, довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхыг ойлгох ба энэ тохиолдолд хууль бус довтолгооныг таслан зогсоох зорилгоор хийгдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалт гэж үзэж  гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийн үйл баримтыг зөв тодорхойлж чадаагүй, өөрөөр хэлбэл  Д.О-ын хохирогчийн эсрэг чиглэсэн үйлдэл нь аргагүй хамгаалалтын нөхцөлд хийгдсэн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс гадна   Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ ойр дотны  хүн” гэх ойлголтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.    

Иймд шүүгдэгч Д.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 156 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас дүгнэв.    

Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын гаргасан эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах боломжтой байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 156 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Д.О-т холбогдох хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл Д.О-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                Л.АЛТАН

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.ЖАМБАЛСҮРЭН