Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 494

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Г.С-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох 

Гуравдагч этгээд: Ц.О

Нэхэмжлэлийн шаардлага: “...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын Б/276 дугаар тушаалыг хүчингүй болгож, хохирол болох ажилгүй байсан хугацааны  цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.С , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.С нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Г-йн С- миний бие Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/76 дугаар захирамжаар Аймгийн гэр бүл хөгжлийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байтал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 0594 дүгээр магадлалыг үндэслэн Б/276 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөллөө. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хэдийгээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 0594 дүгээр магадлалыг үндэслэсэн ч тухайн ажлын байрны оронд Л.У- гэдэг хуучин дарга байсан хүнийг томилох байтал огт өөр төрийн албаны сонгон шалгаруулалтад ч ороогүй Ц.О- гэдэг хүнийг томилж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын гаргасан Б/276 дугаар тушаалаас болж миний бие ажилгүй хохирч байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын Б/276 дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4-д заасныг баримталсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 30 дугаар зүйлийн 30.1.10, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/251 дүгээр захирамжийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. 

Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын Б/276 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Говьсүмбэр аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгч Г.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр өөрчилж, тодруулахдаа: 

“...Г.С миний бие хэргийн материал, хариуцагчийн тайлбартай танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын гаргасан Б/276 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага хэвээр бөгөөд Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд буцаан томилуулах шаардлагаасаа бүтэн татгалзаж байна. 

Харин “..ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан хуулийн заалтууд хэрэгжээгүйн улмаас миний бие хохирч байгаа тул “хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах” гэж тодруулж байна” гэв. 

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р-, Б.Э нарын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар  болон   итгэмжлэгдсэн   төлөөлөгч  Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-д зааснаар аймгийн Засаг дарга нь хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх эрхтэй бөгөөд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн /хүчингүй болсон/ 17 дугаар зүйлийн 17.2-т “Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд хүүхдийн төлөө байгууллага байх бөгөөд түүний даргыг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх эрх зүйн зохицуулалттай байсан болно. 

Дээрх хууль тогтоомжийн хүрээнд буюу 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргыг агентлагийн даргатай зөвшилцөж, тухайн шатны Засаг дарга томилж, чөлөөлдөг байсан. 

Харин 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль хүчингүй болж, Хүүхдийн эрхийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг Засаг дарга томилж, чөлөөлөх тусгайлсан хуулийн зохицуулалт хүчингүй болсон юм. 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4-д “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, даргыг томилж, чөлөөлөх” гэж заасны дагуу уг зохицуулалт нь Монгол Улсын Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн асуудал юм. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.8-д “хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын болон гэр бүлийн хөгжлийн асуудал” гэж хуульчилсан болно. Мөн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь хариуцагчийн эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг. 

Эдгээр хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд аймаг дүүргийн   Гэр бүл,  хүүхэд,   залуучуудын   хөгжлийн  газрын даргыг Монгол Улсын Засгийн  газрын  тухай   хуулийн  24  дүгээр зүйлийн 24.1.4-д зааснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй. 

Харин аймгийн Засаг даргын хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т заасан эрх хэмжээний хувьд бусад хуульд гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргыг томилох эрх олгосон тохиолдолд л хэрэгжих боломжтой эрх юм. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Б/276 дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь заалт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 0594 дүгээр магадлалыг тус тус үндэслэсэн. 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй”, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүйгээр халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Хөдөлмөрийн  гэрээ дараах үндэслэлээр дуусгавар болно” 37.1.5-д “ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон” гэж тус тус заасан. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д зааснаар ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд шинээр томилогдсон ажилтны хувьд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоор зохицуулсан байгаа учраас Г.С ийг Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын газрын даргаар үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй юм. 

Өөрөөр хэлбэл хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу өмнө нь уг албан тушаалыг эрхэлж байсан Л.Уранчимэгийг ажилд нь эгүүлэн томилох шаардлагатай болсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. 

Ажилд эгүүлэн тогтоогдсон ажилтны эрхэлж байсан ажил албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудал ажил олгогчийн санаачилга, хүсэл зоригоос шалтгаалахгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой ажиллагаа байдаг. Өөрөөр хэлбэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх хуулиар тогтоосон үүргийн хүрээнд гаргасан ажлаас чөлөөлөх тушаал болно. 

Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар Л.У-йг эгүүлэн тогтоосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 0594 дүгээр магадлал хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан тохиолдол байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн зохицуулалтын хүрээнд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Учир нь Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байтал шүүх дахин уг үйл баримт, үйл ажиллагааны талаар шийдвэр гаргах боломжгүй юм. 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэдэг. Гэтэл Г.С ажлаас буруу халагдсан гэж үзэхгүй, шүүхийн шийдвэрийн дагуу захиргааны байгууллага хууль ёсны шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн учир нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлгүй юм. 

Иймд нэхэмжлэгч Г.С ийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Ц.О- шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон хүсэлтдээ: 

“...Ц- овогтой О- миний бие нь 2016 оны 12 дугаар сард Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар томилогдсон. 

Өмнө тус албан тушаал дээр ажиллаж байсан Л.У- нь Говьсүмбэр аймгийн тогтвортой амьжиргаа төслийн зохицуулагчаар ажиллаж байгаа учраас энэ сул ажлын байр дээр ажиллаж байгаа. Тус ажлын байран дээр хуулийн дагуу томилогдон орсон тул Г.С ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 

Миний бие Г.С ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас болон өөрийн хүсэлтийн дагуу оролцох боломжгүй тул хүсэлтийг хүлээн авна уу” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч,   тэдгээрийн   итгэмжлэгдсэн  төлөөлөгч   нарын  шүүхэд  болон   шүүх хуралдаанд  гаргасан  тайлбарыг  хянаад  нэхэмжлэгч  Г.С ийн  гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/76 дугаар захирамжаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14, Монгол Улсын Их Хурлын 2003 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 36 дугаар зүйл, Говьсүмбэр аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Г.С ийг удирдах ажилтны нөөцөөс нэр дэвшүүлэх тухай” 58 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Гарьдгаагийн Сайнтөрийг 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргаар томилсон байна. 

Л.У- нь Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгож, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэл гаргасныг Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр  Л.У-ийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 0594 дүгээр магадлалаар  Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Л.У-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 219 дүгээр захирамжаар  гуравдагч этгээд Г.С ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Б/276 дугаар тушаалаар  Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь заалт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 0594 дүгээр магадлалыг тус тус үндэслэн Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Г.С ийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Г.С “хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар бус аймгийн Засаг даргын эрх хэмжээнд халдаж, намайг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь хууль бус” хэмээн маргаж байна. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т “аймгийн Засаг дарга хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх эрхтэй” гэж заасан байх бөгөөд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль /хүчингүй болсон/-ийн 17 дугаар зүйлийн 2-т “аймаг, нийслэл, Засаг даргын дэргэд хүүхдийн төлөө байгууллага байх бөгөөд түүний даргыг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Говьсүмбэр аймгийн Засаг дарга Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргыг томилж, чөлөөлөх эрх хэмжээтэй байсан бол 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж, мөрдөж эхэлсэн Хүүхдийн эрхийн тухай хуульд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн даргыг хэн томилж, чөлөөлөх талаар тусгаагүй байх тул аймгийн Засаг дарга Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн даргыг томилж, чөлөөлөх эрхтэй гэж үзэх боломжгүй юм. 

Иймд хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-т зааснаар томилж, чөлөөлснийг шүүх шууд буруутгах боломжгүй хэмээн үзлээ. 

Хариуцагч “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 0594 дүгээр магадлалын дагуу Л.У-йг ажиллаж   байсан  өмнөх  албан  тушаалд  нь   томилох  шаардлага  гарсан   тул Г.С ийг хууль ёсны дагуу ажлаас нь чөлөөлсөн” хэмээн маргаж байна. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн  0594 дүгээр магадлалаар Төрийн  албаны  тухай  хуулийн  6 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгож, Л.У-ийг Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Л.У-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11.926.116 төгрөг олгож, зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ. 

Дээрх магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.2-т заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд уг магадлалын дагуу Л.Уранчимэг Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын албан тушаалд томилогдох байтал бодит байдал дээр гуравдагч этгээд Ц.Оюунбилэг томилогдон ажиллаж байсан нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/277 дугаар  тушаал, гуравдагч этгээдийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э ийн шүүх хуралдаанд гаргасан “...одоогийн байдлаар Л.Уранчимэг томилогдоогүй байгаа. Гэхдээ томилох гээд хэлэлцээрийн шатандаа яваа” гэх тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна. 

Хариуцагч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 0594 дүгээр магадлалыг биелүүлэх нэрийдлээр Г.С ийг ажлаас чөлөөлсөн боловч бодит байдал дээр уг шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүйгээр Ц.О-ийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх төрийн албаны зарчимд нийцээгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж төрийн албаны “хууль дээдлэх” үндсэн зарчмыг алдагдахад хүргэжээ.

Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/276 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Г.С шүүх хуралдаанд “...хариуцагч Б/276 дугаар тушаалыг хууль бусаар гаргасны улмаас миний бие ажлаа хийж чадахгүй хохирч байх тул шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг тооцож, эрүүл  мэнд  болон нийгмийн  аатгалын  дэвтэрт  нөхөн 

бичилтийг хийлгэж өгнө үү” хэмээн тайлбар гаргасан байна. 

Нэхэмжлэгч Г.С хохирлыг ажилгүй байсан хугацааны цалингаар тооцуулах хэмээн тодорхойлсон ба Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг  /цалингийн дэлгэрэнгүй 2016 оны 9, 10, 11 дүгээр сарууд/ 735.470 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх нийт 130 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /735.470:21,2=34.692х130/ 4.509.960 /дөрвөн сая таван зуун есөн мянга есөн зуун жар/ төгрөг + нэмэгдэл /4.509.960-15%/ 676.494 /зургаан зуун далан зургаан мянга дөрвөн зуун ерөн дөрөв/ төгрөг нийт 5.186.454 /таван сая нэг зуун наян зургаан мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөгийг Г.С д олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.  

Нэхэмжлэгч Г.С нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан гаргасан “...Говьсүмбэр аймгийн хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд буцаан томилуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу Г.С нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж, илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Мөн нэхэмжлэгч Г.С нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн   106.1,  106.3.1, 106.3.7, 106.3.12-т заасныг   тус   тус   удирдлага   болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасныг тус тус баримтлан Г.С ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/276 дугаар тушаалыг хүчингүй болгож, уг тушаалын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох 5.186.454 /таван сая нэг зуун наян зургаан мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөгийг Г.С д олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.С ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч нь “...Говьсүмбэр аймгийн хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд буцаан томилуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Г.С ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.САЙХАНТУЯА