Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2024/ХШТ/91

 

                                

З.И-, С.Х- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батцэрэн, Н.Батзориг, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгч С.Х-ийн өмгөөлөгч А.Серикжан /цахим/, шүүгдэгч З.И-ийн өмгөөлөгч С.Нургайып /цахим/, нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 09 дүгээр магадлалтай, З.И-, С.Х- нарт холбогдох хэргийг шүүгдэгч С.Х-ийн өмгөөлөгч А.Серикжан, шүүгдэгч З.И-ийн өмгөөлөгч С.Нургайып нарын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 15ы өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ял шийтгэлгүй, ... овогтой И.

 

2. Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ял шийтгэлгүй, ... овогтой Х.

 

Шүүгдэгч З.И-, С.Х- нар нь бүлэглэж 2023 оны 08 дугаар сарын 09-ний өглөө Баян-Өлгий аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр, “...” тоот хашаанд байрлах иргэн ..., ... нарын өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, үүдний амбаарт байсан ууттай 4 кг ааруулыг хулгайлж, 160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч З.И-, С.Х- нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч З.И-, С.Х- нарт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Х-ийн өмгөөлөгч С.Алтай, шүүгдэгч З.И-, түүний өмгөөлөгч Х.Тилеугавал, шүүгдэгч С.Х-, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Х-ийн өмгөөлөгч А.Серикжан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... миний бие давж заалдах шатны шүүхээс эхлэн С.Х-ийн өмгөөлөгчөөр нэмэлтээр оролцож байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгч С.Х-ийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэхийг тогтооход хүрэлцэхүйц хэмжээнд байж чадахгүй байна гэсэн агуулга бүхий гомдлыг гаргасан. Өөрөөр хэлбэл, хавтаст хэргийн 1 дэх талд авагдсан эрх бүхий албан тушаалтны тогтоол байгаа. Уг тогтоолоор эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэг үүсгэсэн. Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг үүсгэж, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байдаг. Хэргийн 16, 19 дүгээр талд зөрчилд холбогдсон З.И-, С.Х- нараас мэдүүлэг авагдсан. Ингэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан холбогдогчийн эрх, үүргийг тайлбарлаж мэдүүлгийг авсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөн адилхан яллагдагч, ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй тухай заалтууд байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ иргэний амь нас, эрүүл мэндэд аюултай, эсвэл тэдний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бус, хэрцгий харьцах, айлган сүрдүүлэх, мэдүүлэг, тайлбар, дүгнэлт гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглоно” гэж заасан байгаа. Гэтэл мөрдөх байгууллагаас З.И-, С.Х- нарын аль аль нь зөрчилд холбогдсон байна, түүнийг хариуцлага нь торгуулийн арга хэмжээ авах боломжтой байгаагаа хэлээд мэдүүлгийг авсан. Өөрөө хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн байна гэж дүгнэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, ... хориглоно” гэж заасан суурь эрхийг нь зөрчсөн.

Хэрэгт гэрч Р.Б /хэргийн 57, 14/, Ж.С /хэргийн 6/, С.С /хэргийн 65, 11/ дүгээр талд авагдсан мэдүүлгүүд байдаг. Тус мэдүүлгүүдээс З.И-, С.Х- нарыг хамт явж байсныг гэрчилсэн болохоос тэднийг хохирогчийн орон байранд нэвтэрч, хулгай хийснийг хараагүй байдаг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч З.И-, С.Х- нар нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэхэд хангалттай нотлох баримт хэрэгт байхгүй. Тэдгээрийг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэдэгт эргэлзээтэй байсан тул шүүгдэгч нарын хувьд ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж хяналтын журмаар гомдлоо гаргасан. Гомдлоо дэмжиж байна” гэв.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч З.И-ийн өмгөөлөгч С.Нургайып гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Хоёр шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан заалтыг хэрэглээгүй гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдлоо гаргасан. З.И-ийн хувьд сурган хүмүүжүүлэгч, ерөнхий боловсролын багш мэргэжилтэй, урьд өмнө гэмт хэрэгт холбогдож зөрчлийн арга хэмжээ авагдаж байгаагүй. Хийсэн хэргийн талаар мөрдөн байцаалтын ажиллагаа эхлэхээс өмнө энэ асуудлыг зөрчлийн журмаар холбогдогчоор шалгасан. Мөн энэ үед болсон үйл явдал, хийсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Бусдын орон байранд буюу үүдний амбаарт ил байсан 4 кг ааруулыг архи болгох зорилгоор авч гарсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хоёр шатны шүүх хуралдаан дээр ч гэсэн гэм буруугийн талаар маргаагүй. Гэтэл хоёр шатны шүүхээс түүний мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэсэн агуулгаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд 1.3-т заасан зүйл ангийг хэрэглэхээс татгалзсан нь хуульд нийцээгүй. Улсын дээд шүүхээс зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан холбогдох хэсгийг хэрэглэхтэй холбоотой гэмт буруугийн хувьд маргаагүй ч гэсэн мэдүүлэг нь хооронд зөрүүтэй байгаа гэсэн шалтгаанаар хэрэглэхгүй байгаа нь хуулийг буруу хэрэглэж байгаа тул энэ асуудалтай холбоотой жишиг тогтоолгохоор гомдлоо гаргасан. З.И-ийн хувьд анхнаасаа гэм буруугийн хувьд маргаагүй, уучлалт хүссэн учраас хөнгөрүүлэх заалтыг хэрэглээд өгнө үү? Өөрөөр хэлбэл, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм буруугаа зөвшөөрсөн, гэмшсэн байдал, мөн ар гэрийнх нь нөхцөл байдлыг харгалзан үзэх тухай асуудал яригдсан. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар нь учруулсан хохирлын хувьд 4 кг ааруул байгаа. Шүүхээс тухайн орон байрыг бусдын амьдардаг орон байр гэж үзсэн боловч уг байранд хүн амьдардаггүй, байрны үүдний хэсэгт байрлах амбаар байсан. Түүнд ямар нэгэн хаалга, цоожгүй ил байсан. Тухайн ааруулыг нууцлаагүй, үүдний амбаарын угаалгын машины дээр тавьсан 4 кг нэг шуудайтай ааруулыг авсныхаа төлөө анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Мөн эрүүл мэндийн хувьд байнгын эмчилгээнд байдаг. Иймээс учруулсан шинж нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл ангийг хэрэглэж өгнө үү” гэв.

 

Прокурор Г.Эрдэнэ шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... өнөөдрийн шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу дүгнэлтээ танилцуулж байна. Шүүгдэгч З.И-, С.Х- нарын үйлдлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, энэ нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн аутентик тайлбараар хулгайлах гэмт хэргийг уг хуулийн 2, 3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх ба онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тохиолдолд учруулсан хохирлын хэр хэмжээ нь тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцох болон хэргийн зүйлчлэлд хамаарахгүй байхаар тайлбарласан. Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Б.Ш-, гэрч Ж.С нарын орон, гэр буюу өвлийн байшингийн үүдний хэсгийн амбаар нь зундаа гал тогоо байдлаар ашигладаг, тухайн айлын хөргөгч болон гал тогооны хэрэгсэл байрладаг талаар хохирогч, гэрч нар тодорхой мэдүүлсэн нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хамаарч байгаа бөгөөд гэрийнх нь үүдэнд байх амбаарыг хүн байнга амьдрах орон гэр биш гэж салгаж ойлгох боломжгүй. Шүүгдэгч нар нь зөвшөөрөлгүй, сэм, нууцаар нэвтэрч, 160,000 төгрөгийн 4 кг ааруул хулгайлсан нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад З.И-, С.Х- нараас яллагдагчаар мэдүүлэг авахдаа хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой буюу З.И- нь “... хоёулаа ярилцсан, хамтдаа хаалгыг нь татахад онгойсон” гэдэг С.Х- нь “... И нь би Ж.Сн гэрээс авах ёстой мөнгө байгаа, чи наанаа байж бай гэж хэлээд орсон. Чи юун ааруул яриад байсан бэ гэхэд би хөргөгч дээр байсан тортой ааруулыг нь хулгайлаад авчихлаа гэсэн” гэх мэтээр мэдүүлсэн байхад С.Х-ээс өмгөөлөгч оролцуулан мэдүүлэг авч, З.И-ийг өмгөөлөгч оролцуулалгүй мэдүүлэг авч хууль зөрчсөн, прокурор энэ зөрчлийг зөвтгүүлэлгүй хэргийг шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5-д заасныг зөрчсөн, мөн яллагдагчийн эрхийг хангаагүй байна. Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль зөрчсөн, яллагдагчийн эрхийг хязгаарласан зөрчилтэй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.13 дугаар зүйлийн 1.3-т заасан өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэртээ уг мэдүүлгүүдийг иш татаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь уг хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Түүнчлэн аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг олон асуудлыг харьцуулан дүгнэлт хийж харгалзан, үйлдэлд нь тохирсон ял шийтгэл оногдуулдаг. Үүнтэй холбоотойгоор хууль эрх зүйн мэдлэг дутмаг шүүгдэгч нарт мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хэргээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хянан шийдвэрлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль эрх зүйн боломж байдаг талаар танилцуулж, эрхийг нь эдлүүлээгүй шүүгдэгчийн эрхийг хязгаарласан байна гэж үзэх үндэслэл болж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд З.И-, С.Х- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч З.И-, С.Х- нар нь бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өглөө Баян-Өлгий аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр, “...” тоот хашаанд байрлах иргэн Ж.С, Б.Ш- нарын өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, үүдний амбаарт байсан ууттай 4 кг ааруул хулгайлж, 160.000 төгрөгийн хохирол учруулсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн хэргийн үйл баримтын сэргээн тогтоосон хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчилсэн байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Х-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бүлэглэн үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрээс гадна гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх юм. 

 

Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм.

 

Гэсэн хэдий ч шүүгдэгч З.И- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхнээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд шийтгэх тогтоол, магадлалд ял хөнгөрүүлсэн дээрх өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.И-ийн өмгөөлөгч С.Нургайып гаргасан гомдлыг хүлээн авч, шүүгдэгч С.Х-ийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 09 дүгээр магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч З.И-эд 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.И-ийн өмгөөлөгч С.Нургайыпын гаргасан гомдлыг хангаж, шүүгдэгч С.Х-ийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                  Б.БАТЦЭРЭН

 

                                                                    Н.БАТЗОРИГ

 

                                                                          М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                                         Б.ЦОГТ