Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ХШТ/102

 

 

Д.Т-, Б.М-, Д.Т- нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгч Д.Т-, шүүгдэгч Д.Т-бат, Д.Т- нарын өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Б.Болортуяа, шүүгдэгч Д.Т-бат, Д.Т-, иргэний хариуцагч Т-” ХХК нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-, түүний өмгөөлөгч Г.Бадамханд, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 393 дугаар магадлалтай, Д.Т-, Д.Т-, Б.М- нарт холбогдох хэргийг шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Б.Болортуяа, иргэний хариуцагч “Т-” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-, шүүгдэгч Д.Т-ын өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, .... боловсролтой, ял шийтгэлгүй, ... овогтой  Т.

 

2. Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, ... боловсролтой, ял шийтгэлгүй, ... овогтой М.

 

3. Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, ... боловсролтой, ял шийтгэлгүй, ... овогтой Т.

 

Шүүгдэгч Д.Т- нь 2019 оны 03 дугаар 26-ны өдөр 11 цагийн үед ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” гоо заслын эмнэлэгт .... ажиллаж байхдаа ... настай ... Г.О- өөх соруулах хагалгаа хийхдээ “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Эрүүл мэндийн тухай хуулийн 19.13 дугаар заалт, Монгол улсын эрүүл мэндийг хамгаалах технологи, эмчилгээний гоо заслын үйлчилгээнд тавих шаардлага ММ35604:2006 стандартыг зөрчиж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас уушги, тархины судасны бүлэнт бөглөөдөс хүндрэл үүсч, улмаар Г.О- эмчлэгдэж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан,

шүүгдэгч Б.М- нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “Т" гоо заслын эмнэлэгт ...ажиллаж байхдаа ... настай, эмэгтэй Г.О- өөх соруулах мэс засал хийхдээ “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “Зонхилон тохиолддог өвчний оношилгоо, эмчилгээний удирдамж, орчны мэдээгүйжүүлгийн удирдамж”-ийг баримтлаагүй, “Эрүүл мэндийн технологи цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг МNS 6206:2010 стандарт”-ын 8.3, 8.4 дэх хэсгийг зөрчиж мэдээгүйжүүлэлтийн төвшнөө зөв сонгож, нугасны хэсгийн мэдээ алдуулалтаа зөв хийж чадаагүй, мэдээгүйжүүлэх сувилагчгүй мэс засал хийгдэж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс уушги, тархины судасны бүлэнт бөглөөдөс хүндрэл үүсч, улмаар Г.О- эмчлэгдэж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан,

шүүгдэгч Д.Т- нь “Т-” ХХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэж байхдаа “Т” эмнэлэг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн чиглэлд заагдаагүй тусламж үйлчилгээ үзүүлж, тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилд үйл ажиллагаа явуулалгүй Эрүүл мэндийн тухай хуулийн 19.13, 20.2.1 дугаар заалтуудыг зөрчсөний улмаас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “Т” гоо заслын эмнэлэгт ... настай эмэгтэй Г.О- өөх соруулах хагалгаа хийгдэж, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ... дүүргийн прокуророос Д.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

шүүгдэгч Д.Т-, Б.М- нарыг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн ....1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ын эмчлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын /гурван жил зургаан сар/ хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн ....1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг эмчлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын /гурван жил зургаан сар/ хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их хурлаас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн ....1 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар,

шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн ....1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-, Б.М- нарын биечлэн эдлүүлэхээр тогтоосон 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн ....1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар эмчлэх эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс, шүүгдэгч Д.Т-ад оногдуулсан 2 жилийн хугацаагаар эмчлэх эрхийг хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж,

Иргэний хуулийн 2... дугаар зүйлийн 2....1, 2....2, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Т-аас амь хохирогчийн оршуулгын зардал болон хагалгааны төлбөр, гэм хорын нөхөн төлбөрт нийт 81.277.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-д нөхөн төлснийг дурдаж, иргэний хариуцагч “Т-” ХХК-аас 57.000.000 төгрөг /тавин долоон сая төгрөг/ гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-д олгож, шинжээчийн ажлын хөлс 566.037 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Д.Т-, Б.М-, Д.Т- нар нь энэ хэрэгт баривчлагдсан болон хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтыг “... иргэний хариуцагч “Т-” ХХК-аас 57.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-д олгосугай” гэснийг “... иргэний хариуцагч “Т-” ХХК-аас 168.910.143 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-д олгож мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч нар болон иргэний хариуцагч нараас жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Д.Т-ын өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Мөн шатны шүүхэд иргэний хариуцагч “Т-” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Т- гаргасан гомдолдоо “... анхан ба давж заалдах шатны шүүх нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5, Шүүх шинжилгээний тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг буцаан хэрэглэж манай компанид үндэслэлгүйгээр их хэмжээний хохирол төлөх үүрэг ноогдуулсан байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсантай холбоотойгоор гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан гэм хорын талаар сэтгэцийн дүгнэлт гаргах тухай Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэ зохицуулалтын үзэл баримтлалын хүрээнд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ...0 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэсэн нэмэлт өөрчлөлт орсон байна.

Дээрх хуулиудыг дагаж мөрдөх, хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөнө гэж Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д заасан байна.

Гэтэл хоёр шатны шүүх Иргэний хуулийн дээрх нэмэлт өөрчлөлтийн дагуу иргэний хариуцагч болох “Т-” ХХК-иас 168.910.143 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчсөн байна.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс хэрэглэнэ гэсэн ойлголт гэж үзэж байна.

Түүнчлэн Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай шинэчилсэн найруулсан хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан ч тухайн нэмэлт өөрчлөлтөөр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн шаардах эрхийн үндэслэл, хариуцах этгээд, нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг тогтоосон байгаа тул дагаж мөрдөх хугацааг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт зааснаар хэрэглэх ёстой гэж үзэж байна.

Тиймээс нэгэнт хуулийг буцаан хэрэглэх ёсгүй учир Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд хэрэглэх үндэслэлгүй байхад хоёр шатны шүүх сэтгэцэд учирсан хохирлыг манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль буцаан хэрэглэхгүй гэсэн зарчмыг зөрчсөн байна.

Энэхүү гэмт хэрэг нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд энэ хэргийн холбогдогч Д.Т- нь өөрийн сайн дураар, талийгаачийг нутаглуулахтай холбогдож гарсан зардал болон сэтгэл санааны хохирол, тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж 81.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн байдаг.

Иймд ... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалт, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024/ДШМ/393 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг тус тус хүчингүй болгоно уу” гэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Б.Болортуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Б.М- нарт холбогдох хэрэг ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хэлэлцээд Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ....1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, оны дугаар сарын ..-ний өдөр төрсөн,  хүүхэдтэй, мөн одоо тул түүнд биечлэн эдлүүлэхээр тогтоосон 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг гомдолд үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтад өөрчлөлт оруулсанд гомдолтой байна. Хоёр шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит нийцээгүй тул мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр гомдол гаргасан.

Яллах дүгнэлтээр: Б.М-ийг буруутгасан болон үндэслэлээ дараах нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн. Өөх соруулах мэс засал хийхдээ “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Зонхилон тохиолддог өвчний оношилгоо, эмчилгээний удирдамж, орчны мэдээгүйжүүлгийн удирдамжийг баримтлаагүй, Монгол Улсын стандарт МНС 6206:2010-ын 8.3, 8.4 дэх хэсгийг зөрчиж мэдээгүйжүүлэлтийн түвшинг зөв сонгож, нугасны хэсгийн мэдээ алдуулалтаа зөв хийж чадаагүй, шинээр нэмэгдэж мэдээгүйжүүлэх сувилагчгүй мэс засал хийгдэж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын улсын ахлах байцаагч, хүүхдийн эмч, шинжээч н 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай дүгнэлтийг үндэслэлээ болгохдоо ядаж тэр дүгнэлтийг нь хуулаад биччихэж чадаагүй.

Тухайн дүгнэлтэд “Мэдээгүйжүүлгийн их эмч Б.М- нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 сарын 450 тоот тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн бүртгэлийн маягт СТ-1 хавсралт 5А мэдээгүйжүүлэгч эмчийн үзлэг, мэдээ алдуулалтын явц, сэрээх үеийн хяналтын хуудаст “Төлөвлөж хийгдэх хагалгаа: хэвлий, нуруу, гуяны өөх соруулах төлөвлөгөөт хагалгаа гэж төлөвлөсөн мөртлөө мэдээгүйжүүлэлтийн Т12 түвшинд хийгдсэн байгаа нь мэдээгүйжүүлэлтийн түвшинг зөв сонгож хийгээгүй тул өвдөлт мэдрэгдээд нугасны хэсгийн мэдээ алдуулалтаа зөв хийж чадаагүйгээс ерөнхий унтуулгын доор өөх соруулах мэс засал хийгдсэн, Мэдээгүйжилтийн өмнөх үзлэгийг хагалгаанд орохоос өмнө 1 цаг 50 минутад буюу 2019 оны 03 дугаар сарын 26-ны 10 цагт үзлэг хийгдэж, хоол сойх гэж тэмдэглэсэн, мэдээгүйжүүлэлтийн явцын тэмдэглэл хоёр дээр бичигдсэн цаг минут нь 5-10 минутын зөрөөтэй бичигдсэн зөрчил илэрсэн” гэсэн нь Эрүүл мэндийн технологи цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг МNS 6206:2010 стандартын 8.3, 8.4 дэх хэсгийг зөрчсөн гэсэн дүгнэлт юм. Гэтэл Яллах дүгнэлтдээ эсрэгээр нь удирдамж зөрчсөн гэх ба энэ нь ганц өгүүлбэр бичсэн зүйл биш. Монгол Улсын стандарт МНС 6206:2010-ын 8.4 дэх хэсэгт заасныг зөрчиж мэдээгүйжүүлгийн түвшинг буруу хийсэн гэх ба энэ заалтад мэдээгүйжүүлгийн тувшинг хэрхэн хийхийг огт заагаагүй. Мэдээгүйжүүлэх сувилагчгүй, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэдэг нь эмнэлгийн үүрэг болохоос биш гэрээгээр ажиллаж байгаа ажилтны үүрэг биш юм. Гэтэл 2 шатны шүүх Б.Байгалмаагийн дүгнэлтэд ач холбогдол өгөөд байгааг зөвшөөрөхгүй.

Мэдээгүйжүүлэлт Т12 түвшинд зөв хийгдсэн ч дээш явагдаагүй асуудал юм. Гэтэл зүүг Т12 түвшинд хатгасан мэтээр буруу ойлголттой яваад байдаг. Нугасны мэдээ алдуулалтаа зөв хийж чадаагүй гэдгийг үгүйсгэх үндэслэл нь мэдээ алдуулалт зөв хийгдсэн учир хүйсний түвшинд хүрсэн, харин мэдээгүйжүүлгийн түвшин дээшлэхгүй байх, мэдээ алдахгүй байх тохиолдол нь мэдээгүйжүүлгийн салбарт хийгдсэн судалгаагаар 100 хүн тутамд 4 тохиолддог тохиолдол юм байна. Энэ тохиолдолд А хувилбар нь нугасны хөндийн мэдээгүйжүүлэг байсан, нөхцөл байдлын улмаас эмч, үйлчлүүлэгч, мэс заслын эмч 3 ярилцаад нэгэнт өөх задлах тариаг хийчихсэн байсан тул Б хувилбар буюу ерөнхий мэдээгүйжүүлэг рүү шилжсэн байна. Монгол Улсын стандарт МNS 6204:2010-ын 14-т “Нугасны хориг бүтэлгүй болох” , 14.4-т “...мэдээгүйжүүлэлт үүсээгүй бол ерөнхий мэдээгүйжүүлэлт хийнэ. Ямар нэмэлт арга хэмжээ авч мэдээгүйжүүлэхийг өвчтөн бүрт тухайн байдлаас сонгоно” гэж заасан байна. Энэ талаар анхан шатны шүүхэд өмгөөлөгч гаргасан саналтайгаа уялдуулж уг стандартыг шүүхэд гарган өгч, тайлбарласан ч энэ тал дээр шүүх дүгнэлт өгөөгүй. Энэ хэрэгт арьсны эмчийн мөрдөж ажиллах өөх соруулах стандартыг зөрчсөн гэж үздэг. Гэтэл амь хохирогчид хийсэн өөх соруулах ажилбар нь дээрх стандартад хамаарахгүй. Түүнчлэн мэдээгүйжүүлгээс судсанд өөхөн бөглөрөл үүсээгүй буюу амь хохирогч мэс заслын хүндрэлээс болж нас барсан. Гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон амь хохирогчийн үхэл хоорондын шалтгаант холбоог тогтоох ёстой.

Шинжээчийн дүгнэлтэд мэдээгүйжүүлэгтэй холбоотой нэг ч үг, өгүүлбэр байхгүй байтал Б.М-ийг буруутгаж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоолд заасан үндэслэлээр эмч нарын алдааг гэмт хэрэгт тооцох боломжтой эсэхэд дүгнэлт хийгээгүйд харамсаж байна” гэв.

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгч Д.Т-ын өмгөөлөгч Э.Ганбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 393 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, шүүгдэгч Д.Т-ад холбогдох хэсэгт гомдол гаргасан. Хоёр шатны шүүхээс Д.Т-д холбогдох хэргийг хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн тул түүнд холбогдох хэсэгт гомдол гаргаагүй. Д.Т-ын хувьд гэм буруугийн асуудлаар маргахгүй байр суурьтай оролцож ирсэн.

Хэрэгт авагдсан баримтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэний дараа эмнэлгийн тусламж үзүүлсэн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, андуурсан буюу өөх соруулах мэс заслын стандарт Монгол улсад мөрдөгддөггүй, арьсны эмчийн өөх соруулах ажилбарын стандартыг андуурсан гэж үзсэн. Мөн сайн дураараа 81,277,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн зэрэг нөхцөл байдлыг үндэслэж эрүүгийн хариуцлага оногдуулахдаа “...шүүгдэгчийг цээрлүүлэхийн зэрэгцээ ирээдүйн амьдралд нь зөв чиглүүлэх, түүнчлэн хамаарал бүхий хүмүүст нь анхаарал санамж бий болгох, гэмт үйлдлээс сэрэмжлүүлэх зорилгоор...” гэх хуульд байхгүй, эрх зүйн байдлыг нь дордуулсан дүгнэлт хийсэн. Тэгэхээр Д.Т-ын холбогдсон хэрэгт хорих ялын дээд хэмжээг 2 жилээр тогтоож, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэх үндэслэл бий учир хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Шүүх гэм хорын асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг буруу хэрэглэсэн. Урьд төлсөн 81,277,000 төгрөг нь хэрэгт авагдсан хохирлын баримтаар тогтоогдсон нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Мөн шатны шүүхэд Д.Т-, Д.Т-, иргэний хариуцагч “Т-” ХХК нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шийтгэх тогтоол, магадлал нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5, Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д заасныг зөрчиж, хуулийг буцаан хэрэглэж “Т-” ХХК-иас 168,910,143 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан нь хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс хэрэглэх ойлголт юм. Гэтэл Шүүх шинжилгээний тухай хуульд орсон өөрчлөлт 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөхөөр байхад хоёр шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн хэрэгт сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулсан нь хууль зөрчсөн. Шүүгдэгч Д.Т- нь сайн дураараа 81,277,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн учир шийтгэх тогтоолын 10 дахь заалт, магадлалын 1 дахь заалтыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Бадамханд  хэлсэн саналдаа “... анхан болон давж заалдах шатны шүүх Д.Т-ын гэм буруугийн асуудлаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл Монгол улсад эмнэл зүйн журам, заавар батлагдаагүй өөх соруулах мэс заслыг хууль зөрчиж хийсэн, тусгай зөвшөөрөлд хамаарахгүй ажиллагааг явуулсан, төрөлжсөн буюу өөх соруулах нарийн мэргэжлийг эзэмшээгүй эмч мэс засал хийсэн зэрэгт бодитой дүгнэлт хийсэн. Дээрх байдлын улмаас өөх соруулах мэс заслыг мэргэжлийн түвшинд явуулж чадаагүй. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөөгүй, маргаагүй гэж оролцсон ч мэтгэлцээний явцад маргасан учир шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзаж үзсэн. Хохирлын тухайд анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулсан ч давж заалдах шатны хууль буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж үзээд одоо мөрдөгдөж буй хуульд нийцүүлэн сэтгэл санааны хохирол гэж зөвтгөсөн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болсон.

Амь хохирогчийн тухайд айлын ганц охин байсан ба сэтгэл санааны хохиролд нэг тэрбум төгрөг нэхэмжилснийг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэн байх.

Шүүгдэгч Б.М- бол мэргэжлийн эмч. Гэхдээ мэдээгүйжүүлгийг мэргэжлийн түвшинд хийж чадаагүй нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Түүнчлэн хэсэгчилсэн мэдээгүйжүүлгийг шалгалгүйгээр мэс заслыг эхлүүлсэн ба мэс заслын явцад өвдөлт илэрсний улмаас бүтэн мэдээгүйжүүлэлтэд шинжсэн. Бүтэн мэдээгүйжүүлэлтэд шилжихдээ нэмэлт шинжилгээ аваагүй, ар гэрт нь мэдэгдээгүй, амин үзүүлэлтийг нь хянаж чадаагүй. Зүрх зогссоныг мэс засалж хийж байсан эмч мэдсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон. Дээрх байдалд анхан болон давж заалдах шатны шүүх бодитой дүгнэлт хийж, ял шийтгэлийг үндэслэлтэй оногдуулсан.

Анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хохирлыг хууль буцаан хэрэглэж гаргуулсан байсныг давж заалдах шатны шүүх сэтгэл санааны хохирол болгон зөвтгөсөн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн Д.Т-, Б.М-ийг гэм буруутайд тооцсон, давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд хохирлын асуудлаар зөвтгөсөн өөрчлөлт оруулсныг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г- хэлсэн саналдаа “... манайх ганц охинтой. Би анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа боловч бидний амьдралд гарсан гарз хохирлын хаана ч хүрэхгүй. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй. Давж заалдах шатны шүүх сэтгэл санааны хохирол гаргуулсан хэдий ч үүнээс илүү бидний охин амь нас чухал. Маш их гомдолтой байна” гэв.

 

 Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Т- хэлсэн саналдаа “... өмгөөлөгч нарынхаа ярьсан зүйлтэй санал нэг байна. Энэ хэрэг 4 жил гаруй шалгагдахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн ....6 дугаар зүйлд зааснаар зүйлчлэгдсэн боловч эцэслэн шийдвэрлэхдээ ....1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг болгосон. Эмч Д.Т-ын хувьд Эмчилгээний гоо заслын үйлчилгээнд тавигдах шаардлага MNS: 5604/2006 стандартыг зөрчсөн гэж үздэг. Энэ нь эмчилгээний гоо заслын үйлчилгээнд тавигдах шаардлага болохоос гоо сайхны мэс засалд тавигдах шаардлага биш юм. Харин Д.Т- эмч өөрөө маргаагүй учир энэ талаар олон зүйл яригдаагүй. Хэрэв хяналтын шатны шүүх гоо сайхны мэс засал хийхдээ арьсны эмчийн стандартыг баримтлах ёстой гэсэн шийдвэр гаргавал үүнээс үүсэх хууль зүйн үр дагавар харамсалтай, сөрөг байх юм. Эмчилгээний гоо заслын үйлчилгээнд тавигдах шаардлага MNS: 5604/2006 стандарт бол арьсны эмч нарын батга, мэнгэ, үү, ургацаг авах, ботокс тарилга гэх мэт жижиг мэс ажилбарт зориулагдсан болохоос огтолж, зүсэж, нээж, хааж, оёдог, бүтэн унтуулж хийдэг мэс засалд ямар ч хамааралгүй юм. Тус стандарт дунд байгаа өөх соруулах гэдэг ганцхан үгийг Б.Б мэргэжлийн хүн биш учир буруу тайлбарласныг мэргэжлийн мэс заслын эмч Ц.Э болон таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт зөвтгөсөн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзаагүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх намайг гэм буруугүйд тооцож, цагаатгах тогтоол гаргасан боловч миний бие нэг жил гаруйн хугацаанд эхнэр хүүхэдтэйгээ уулзаж чадаагүй, мөн гадаад руу явж шаардлагатай хагалгаандаа орж чадахгүй. Хэрэв шүүхийн шийдвэрийн надад холбогдох хэсгийг хэвээр үлдээвэл хилийн хоригийг цуцлах бичиг гаргаж өгнө үү” гэв.

 

Прокурор шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... анхан шатны шүүх хүний амьд явах эрх зөрчигдөж, хор уршиг учирсан байхад шүүгдэгч Д.Т-д холбогдох хэрэгт “гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан” гэсэн хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь үндэслэлгүй байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д заалтад зааснаар эмнэлгийн буюу эрүүл мэндийн байгууллага нь “эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, мэргэжлийн дээд шатны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэх”, мөн зүйлийн 20.2.3-т зааснаар үйл ажиллагаандаа чанарын стандартын шаардлагыг хангах үүрэгтэй байна.

Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн баталсан 2006 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эмчилгээний гоо заслын газруудын үйл ажиллагаанд заавал дагаж мөрдөгдөх Монгол Улсын Эрүүл мэндийг хамгаалах технологи, Эмчилгээний гоо заслын үйлчилгээнд тавигдах шаардлага MNS: 5604/2006 стандартад эмчилгээний гоо заслын газарт хийгдэх өөх сорох үйлдлийг арьс гоо заслын их эмч буюу зөвхөн нарийн мэргэжлийн мэргэшсэн эмч гүйцэтгэхээр заасан байна. Мөн нугасны хөндийн мэдээгүйжүүлэгт тавигдах шаардлага болох MNS 6204:2010 стандартын 5.2-т зааснаар нугасны хөндийн мэдээгүйжүүлгийг мэдээгүйжүүлэгч эмч, мэргэжлийн сувилагчтай гүйцэтгэхээр, хэрэв байхгүй тохиолдолд тухайн мэргэжлийг эзэмших сургалтад суралцаж буй эмч, сувилагчийн тусламжтайгаар гүйцэтгэхээр заажээ.

“Т-” ХХК нь Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олгосон Гоо сайхны нөхөн сэргээх мэс засал хийх тусгай зөвшөөрөлтэй, харин өөх сорох мэс ажилбарыг хийх буюу арьс болон эмчилгээний гоо сайхны тусламж үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлгүй байна.

Гэтэл цагаатгагдсан этгээд болох “Т-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Т- нь өөх сорох мэс заслыг хэрхэн хийх талаар эрх бүхий байгууллагын баталсан дагаж мөрдөх стандарт байхгүй, үйл ажиллааг нь удирдан зохион байгуулж буй “Т” эмнэлэг нь тухайн чиглэлээр эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрөлгүй, мэргэшсэн мэргэжлийн эмчгүй атал зөвхөн ашиг олохыг урьтал болгож, “Өөх соруулах мэс заслын Пи Эс-11” гэсэн Монгол улсад батлагдаагүй холимог эмийн уусмалыг ашиглан хийх мэс ажилбарын удирдамжийг баталсан, улмаар тухайн удирдамжийн дагуу мэргэжлийн бус эмч өөх сорох мэс ажилбарыг амь хохирогчид хийх, мөн мэс ажилбар дутуу бүрэлдэхүүнтэй буюу мэдээгүйжүүлгийн мэргэжлийн сувилагч оролцохгүйгээр хийгдэх зэрэг нөхцөлийг тэрээр бүрдүүлж өгсөн байна.

Хэрэгт авагдаж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар цагаатгагдсан этгээд болон шүүгдэгч нарын хувьд үйлдэлдээ санаатай хандсан боловч болгоомжгүйгээр хор уршигт хүргэсэн гэм буруугийн холимог хэлбэр тогтоогдож байна. Тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэл байна.

Шүүгдэгч Б.М-ийн үйлдэлд мэдээгүйжүүлэлтийг зохих ёсоор хийгээгүйгээс шалтгаалж хохирогчийн зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, зүрх зогссон байж болохоор байна. Амь хохирогчид үзлэг шинжилгээ зохих ёсоор хийгдээгүй байдал болоод хийсэн мэс ажилбарын явцад хэрэглэсэн эм тарианаас шалтгаалж хохирогчид хүндрэл үүссэн, үхэлд хүргэхэд нь нөлөөлсөн эсэхийг хэрэгт эргэлзээгүйгээр нэг мөр тогтоож чадаагүй байна. Мөн анхан шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш бий болсон харилцаанд хамааралтай эдийн бус гэм хорыг аргилгах тухай Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг буцаан хэрэглэж, гэм хорын нөхөн төлбөрт 84,800,000 төгрөгийг шүүгдэгч Д.Т- болон иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж хуулийг буруу хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх зөвтгөлгүй гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг 179,600,000 төгрөг болгон өөрчилж, шүүгдэгч Д.Т- болон иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй. Иймд анхан болон давж заалдах шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн прокурорын дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрх зүйн шинэ ойлголтын хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой хэмээн Д.Т- нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

“Т” гоо заслын эмнэлгийн  Д.Т-,  Б.М- нарыг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөх соруулах хагалгаа хийлгэж байсан Г.О- нь нас барсан үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй, эргэлзээгүй нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй, эсхүл сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хүний их эмч мэргэжилтэй Д.Т-, Б.М- нарыг мэс ажилбарын явцад тус тусын хариуцсан үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, заавал баримтлах дүрэм, журмаар хүлээлгэсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас “хэвлий, нуруу, гуяны өөх соруулах” шаардлагагүй үйлчлүүлэгч /өвчтөн/-ийн “биеийн жингийн индекс, өөхлөлтийн байдлыг тодорхойлолгүй, мэс засал хийхдээ “Клеиний уусмал” гэх нийлмэл найрлагатай Монгол Улсад батлагдаагүй эм, бэлдмэл хэрэглэж, нугасны хэсгийн мэдээ алдуулалтыг зөв хийж чадаагүйн улмаас ерөнхий унтуулгын дор хагалгааг үргэлжлүүлэхдээ өвчтөний амин үзүүлэлтийн хэвийн аюулгүй байдлыг хянах, мэдээгүйжүүлэлтийн турш амьсгалыг гар, автомат аргаар удирдаж, хүчилтөрөгчийн хангамжийг тогтмол хянаж чадалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүй” гэсэн тухайн асуудлаар мэргэшсэн хөндлөнгийн мэргэжилтний гаргасан дүгнэлтэд тулгуурлан шүүгдэгч нарын гэм бурууг тодорхойлсон шүүхийн дүгнэлтийг үгүйсгэн няцаах нотлох баримт тогтоогдохгүй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шүүгдэгч нарт хуульд заасан ялыг сонгон оногдуулахдаа 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу оногдуулсан ялын зарим хугацааг өршөөн хасч хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэж шүүгдэгч нарын биечлэн эдлэх ялын хугацааг тогтоосон нь хуульд бүрэн нийцжээ.

 

Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан бага насны хүүхэдтэй, жирэмсэн эмэгтэй Б.М-т  оногдуулсан хорих ялыг хуульд заасан үндэслэлээр биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Т-ын өмгөөлөгчийн “... оногдуулсан ялыг багасгах”, шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгчийн “... холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай агуулга бүхий гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Мөн анхан болон давж заалдах шатны шүүх “Т” эмнэлгийн захирал Д.Т-д холбогдох хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох буюу Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар, хор уршгийг арилгуулах зорилгын хүрээнд амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардал 59.591.536 төгрөг, “Т” эмнэлэгт төлсөн 3.500.000 төгрөг, Орхон аймгаас Улаанбаатар хотод ирж буцсан шатахууны зардал 7.425.607 төгрөг, нийт 70.517.143 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Харин хоёр шатны шүүх 2019 онд болж өнгөрсөн үйл явдлын үр дагаврыг шийдвэрлэхдээ 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойших харилцаанд хэрэглэгдэх эдийн бус гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглэж “гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэсэн үндэслэлээр түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох аргачлалыг ашиглаж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ...0 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг иргэний хариуцагч “Т-” ХХК-иас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хуулийн буруу хэрэглээ болно.

 

Энэхүү хуулийн үйлчлэлийг Шүүх шинжилгээний тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчлахдаа сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгайлан зааж шилжилтийн үеийг зохицуулсан болохыг 2 шатны шүүх цаашид анхаарах нь зүйтэй.

 

Иргэний хууль, тогтоомжийг хуульд зааснаас бусад тохиолдолд буцаан хэрэглэх ёсгүй учир эдийн бус гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн нэмэлтийг Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн нэгэн адил 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд оруулсан “Эдийн бус гэм хорыг арилгах” тухай нэмэлт нь мөн үеэс хуулийн хүчинтэй болж үйлчилж байгаа болно.

 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн “... гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэсэн үндэслэлээр түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 179.670.000 төгрөг иргэний хариуцагч “Т-” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-гийн гэм хорын хохиролд нэхэмжилсэн оршуулгын болон сэтгэл санааны хохирол ... 2.350.000 төгрөг, хүүхдийн тэтгэмж 132.000.000 төгрөг, банкны зээл болох 228.141.276 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 9.000.000 төгрөг, хоолны газрын олох байсан орлого 9.360.000 төгрөг, дэлгүүрийн олох байсан орлого 11.760.000 төгрөг, эцэг эхийн тэтгэмж 120.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор тогтоолын тодорхойлох хэсэгтээ дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шийдвэрлэлгүй орхисон байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 393 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... иргэний хариуцагч “Т-” ХХК-аас 168.910.143 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-д олгосугай” гэснийг хүчингүй болгож, “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч нар болон иргэний хариуцагч нараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэсэн хэсгийг нэмсүгэй.

 

2. Магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Б.Болортуяа, шүүгдэгч Д.Т-ын өмгөөлөгч Э.Ганбат нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцагч “Т-” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-ы гаргасан гомдлыг хангасугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ                                                  Ч.ХОСБАЯР

 

                               ШҮҮГЧИД                                                  Б.БАТЦЭРЭН

 

                                                                                                       М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                         Б.ЦОГТ