Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 616

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Н-ийн Г-т холбогдох эрүүгийн 19030 0757 0342 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Дэлгэрмаа /тээвэр/, хохирогч С.А, хохирогчийн өмгөөлөгч С.Түвшинжаргал, шүүгдэгч Н.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр, иргэний хариуцагч Д.А нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Өндөр ширээт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, ... оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Н-ийн Г- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Н.Г нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 02 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хорооллын зүүн хойд замд зохицуулдаггүй явган хүний гарцан дээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ” а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.6-д заасан “Тээврийн хэрэгсэлд доор дурдсан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулсан... урд талд цагаан, шар, улбар шараас өөр өнгийн гэрэл”, 6.2-т заасан “Дуут дохио ажиллахгүй болсон”, 6.3-т заасан “Шил арчуур ...ажиллахгүй болсон”, 6.9-д “Үйлдвэрээс тавьсан хамгаалах бүс ...байхгүй буюу ашиглалтын шаардлага хангахгүй болсон” гэсэн заалтуудыг зөрчиж, ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй Toyota Prius маркийн ххххДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа

мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.Аыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.  

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                                         

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г-ын өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул надад нэмж ярих зүйл байхгүй. Би 2014 онд жолооч болсон, 2004 оноос хойш жолоо барьж байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хохирол төлбөрт 5.000.000 төгрөг төлсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.500.000 төгрөг өгсөн ба өчигдөр 1.500.000 төгрөг, өмнөх 5 дахь өдөр 1.000.000 төгрөг тус тус хохирогчид өгсөн. Би цаашид ажил хийгээд хохирогчид тусалж, дэмжих болно.

Хэрэг гарах үед цаг агаарын байдал тогтуун, гадаа бороо ороогүй байсан. Тухайн тээврийн хэрэгслийг би хэрэг гарсан өдөр л жолоодсон юм.

Надад хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Би тэр өдөр Төв аймаг орчихоод буцаад ирж явсан ба тухайн үед Х- болон хүүхэдтэйгээ хамт явж байсан. Би яллах дүгнэлтэд дурьдагдсан тээврийн хэрэгслийн гэмтлийн талаар мэдээгүй байсан. Зам тээврийн осол шөнийн 12 цаг өнгөрч байхад гарсан, тухайн осол болсон зам 3 эгнээтэй зам байсан юм. Тухайн үед би явган зорчигчийг хараагүй, машины тоормос гишгэхийн завдалгүй явган зорчигчийг мөргөчихсөн. Би хэрэг гарах үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.А-ын өгсөн:

“...Би 2019 оны 6 дугаар сарын 27-ны шөнө 1 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч яваад осолд орсон тул маш их гомдолтой байна. Би насаараа хөгжлийн бэрхшээлтэй болсон. Би эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ ганцаараа тэжээдэг байсан юм.

Би ослын улмаас хүнд гэмтэж, баруун хөлөө тайруулсан, дэлүү, нарийн гэдсээ авахуулсан, зүүн гар хугарсан гипстэй байгаа, саяхан зүүн хөлдөө 5 хадаас тавиулсан, одоо зүүн хөлөө жийж болохгүй байгаа. Миний биед маш их хэмжээний шарх, сорви үүссэн. Эмчилгээ үйлчилгээнийхээ бүх баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн.

Хоол унд, тээврийн хэрэгсэл хэрэглэсэн зардлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Эмчилгээний зардал нийт 17.559.457 төгрөг дээр 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2037 оны 5 дугаар сар хүртэл буюу тэтгэвэрт гарах хүртлээ авах байсан цалин, орлогоо тооцож нийт 18 жилийн хугацаанд бодож гаргуулах хүсэлттэй байна. Ингээд бодоход 18 жилийн цалин хөлс 514.910.576 төгрөг болж байна.

Мөн сувилагч мэргэжилтэй хүнээр сарын 500.000 төгрөгөөр 18 жил асруулах хүсэлтэй байгаа. Үүний төлбөрийг мөн 18 жилийн хугацаагаар бодож үзвэл 134.800.000 төгрөг болж байна. Ингээд нэхэмжилж байгаа хохирол төлбөр нь нийт 668.306.457 төгрөг, үүнээс шүүгдэгч Г 5.000.000 төгрөгийг нь төлсөн тул үлдэгдэл 663.306.457 төгрөгийг одоо нэхэмжилж байна.

Би 2021 он хүртэл 6.0 сая төгрөгийн зээлтэй, манай эхнэр нь 7.0 сая төгрөгийн цалингийн зээлтэй байсан. Гэтэл ажил хийх боломжгүй болсон тул зээлээ төлөх боломжгүй болж байна. Эдгээр зээлийг нэхэмжлэлийн зардалд оруулан тооцсон байгаа.

Мөн өөрийн гэсэн орон байргүй, түрээсийн төлбөрт сар бүр 300.000 төгрөг төлж түрээсийн байранд амьдардаг. Өвчтэй, ажилгүй байснаас А-гээс 20.000, 200.000, 400.000 төгрөг, Н-гаас 130.000 төгрөг гээд нийт 750.000 төгрөгийн зээл авч, байрны түрээсийн төлбөр зэрэгт зарцуулсан. Мөн би өмгөөлөгчийн хөлс болох 1.000.000 төгрөгийг нэхэмжилнэ. Би цаашид тайруулсан хөлөндөө портез хийлгүүлнэ. Сүүлийн үед толгой өвдөөд байгаа учраас толгойндоо гэмтэл авсан байх. Одоогоор хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоолгоогүй байна.  

Би хамгаалагчаар ажиллаж байхдаа сард 500.000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан, одоо ажлаасаа халагдсан байгаа. Манай эхнэр Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн лабораторид ажилладаг байсан. Тэгээд намайг аваарт ороход 2 сар гаран ажлаасаа чөлөө авч асарсан юм, гэтэл бас ажлаас нь халсан. Энэ зам тээврийн ослын улмаас бие эрхтэн, амьдрал ахуй бүх юмаараа хохирлоо. Маш их гомдолтой байна. Нэхэмжилж байгаа хохирол төлбөрийг бүрэн барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг,

 

3. Иргэний хариуцагч Д.А-гаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:

“...ххххДАХ дугаартай Т.приус-11 машин нь миний нэр дээр байдаг, уг машиныг миний хүү А.Б жолооддог юм. Хүү маань Өмнөговь аймагт уурхайд ажилладаг тул Улаанбаатар хотод машинаа унаж ирээд үерхдэг найз охин Х-гийн хашаанд орхиод явсан юм билээ. Би Гт машинаа жолоодуулахаар өгөөгүй. Би өөрөө өндөр насны тэтгэвэрт байдаг, түрээсийн байранд амьдардаг. Тухайн автомашиныг уг нь худалдах талаар ярьж байсан. Би 2022 он дуустал тэтгэврийн зээл авсан байгаа. Иймд хохирол төлөх чадваргүй. Миний хүү болон би хэн нэгэн хүнд машин жолоодох зөвшөөрөл өгөөгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19030 0757 0342 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 05-17х/,

 

2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 0% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг тогтоосон тэмдэглэл баримт /хэргийн 19х/,

 

3. ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас баримт /хэргийн 21х/,

 

4. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 7 сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шинжилгээний 7966 тоот:

1. С.А-ын биед нарийн гэдэсний урагдал, дэлүүний үүд хэсгийн урагдал, хэвлийн хөндийн хурц цус алдалт /1800 мл/, баруун шилбэний бүрэн тайрагдал, дух, тохой, хамар, хацар, гуя, шилбээр зулгаралт, цус хуралт, духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.15, 3.5.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.108.2-т зааснаар энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 50% алдагдуулна.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 84-85х/,

 

5. ШШҮХ-ийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн шинжилгээний 3831 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн хуванцар савтай цусанд 2.2 промилли спиртийн агууламж илэрсэн. Самба /марл/-д шингээсэн цусанд спиртийн агууламж тогтоох шинжилгээнд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна. 2.2 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

Самбай /марл/-д шингээсэн цусанд спиртийн агууламж тогтоох шинжилгээнд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 101-102х/,

 

6. ШШҮХ-ийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн шинжилгээний 3832 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн цус гэсэн бичигтэй гялгар уутанд марльд шингээсэн хүрэн өнгийн зүйл, хуванцар савтай улаан хүрэн өнгийн шингэн зүйл дээр хүний цус илэрсэн. Энэ нь АВО системээр В/III/ бүлгийн харъяалалтай хүний цус байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 104-105х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.А-ын хохирогчоор өгсөн:

“...Би тэр өдөр 24 цагийн жижүүрээс бууж, гэртээ амарч байсан. Орой 23 цаг өнгөрч байх үед гэрт байсан 0.5 литрийн 1 пиво ганцаараа уугаад өөрийн ээжийн гэрт очиж хонохоор гэрээсээ гарсан юм. Тэгээд алхсаар байгаад явган хүний гарцан дээр ирээд, баруунаас зүүн тийш гарч байсан. Би эхний замаа гараад дараагийн замаа гарч явахад машины гэрэл хурдан ороод ирсэн ба би машиныг зогсоох гээд гараа өргөхөд намайг мөргөж, би ухаан алдсан.

Нэг сэрэхэд Гэмтлийн эмнэлэгт байсан юм. Би Гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлээд, дахин эмчилгээ хийлгэхээр ирсэн. Миний зүүн гарын шуу цууралттай, хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн юм. Би явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад мөргүүлсэн, яг хэр зайд явж байсныг санахгүй байна. Би тэр замаар ганцаарааа гарч явсан бөгөөд тэр хавьд хүн амьтан байгаагүй. Гэнэт л маш хурдтай машины гэрэл ороод ирсэн, надад ямар нэгэн сигналдах, тоормослох чимээ сонсогдоогүй. Тухайн үед замын хөдөлгөөн байхгүй, замын хажуу талын гэрэл асаалттай, цаг агаар тогтуун байсан. Би гомдолтой байна. Би хөдөлмөрийн чадвараа алдаж, баруун хөлөө өвдөгний доогуур тайруулсан. Хохирлын баримтыг гаргаж өгнө, ослоос хойш эхнэр маань ажлаасаа чөлөө авч намайг асарч байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-27х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.А-гийн иргэний хариуцагчаар өгсөн:

“...Toyota Prius маркийн ххххДАХ улсын дугаартай автомашин нь миний өөрийн эзэмшлийн машин юм. Уг автомашин хэвийн ажиллагаатай байсан, тоормос, гэрэлтүүлэг нь хэвийн л ажиллаж байсан. Уг автомашиныг манай хүү А.Б нь жолооддог юм. Тэрээр Өмнөговь аймагт нэг уурхайд цахилгаанчин хийдэг. 14 хоног хөдөө ажиллаад, 7 хоног амардаг ажилтай. Мөн тэрээр нэг охинтой үерхдэг, түүний нэрийг Х гэдэг юм. Манай хүү хамгийн сүүлд хөдөө явахдаа хотод машинаа унаж ирээд найз охин Х-гийн хашаанд машинаа тавьсан. Мөн тэр хоёр уг автомашиныг зарах гэж байсан. Би автомашинаа зарах зөвшөөрөл өгсөн байсан. Миний автомашиныг жолоодож явсан хүнийг би танихгүй, хүүхдүүдийн хэлснээр машиныг авах гэж шалгаж үзэж байсан хүн гэсэн. Би саяхан л Х-гийн өмнөх нөхөр нь машиныг барьж яваад хүн дайрсаныг мэдсэн.

Машин барьж явсан хүн бололцоотой бол машиныг 4.0 сая төгрөгөөр зарна, бололцоо муу бол засварлуулж авна. Иргэний хариуцагчийн хувьд бусдад учирсан хохирол төлбөрийг хэрхэн барагдуулахаа одоогоор сайн хэлж мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 74х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Х-гийн гэрчээр өгсөн:

“...Би 2019 оны 6 сарын 26-ны өдөр нөхөртэйгээ Төв аймагт байдаг нөхөрийнхөө эгч Б-тэй уулзах гээд орой 21 цагт Улаанбаатар хотоос гарсан. Тэгээд буцаад шөнийн 00 цаг өнгөрөөд Төв аймгаас гараад шөнийн 01 цагийн үед Улаанбаатар хотод орж ирж байхад замынхаа баруун гар талаас хар хувцастай хүн гэнэт гараад ирсэн.

Би “хүн гараад ирлээ” гэж орилоод хэлэх зуур тас, түс гээд л машины урд хэсгээр тэр хүнийг мөргөсөн. Манай нөхөр машинаа замын зүүн гар тал руу дараад зогссон. Тэгээд машинаа зогсоогоод бид 2 бууж, нөгөө хүнээ хараад, шууд түргэн болон цагдаа дуудсан. Түүний дараа цагдаа ирэхээр нь би жоохон хүүхэдтэй явж байсан, хүүхэд маань айгаад байсан учир яваад өгсөн.

Би тэр хүнийг мөргөхөөс өмнө ойролцоогоор 2 метрийн зайнаас харсан, гэхдээ замын яг хаана явж байхад нь мөргөснийг хараагүй, зам дээр яг л урд гараад ирсэн. Осол болохоос өмнө ойролцоогоор 50 гаруй км/цагийн хурдтай явж байсан. Би хянах самбарыг хараад л яваад байсан. Тэгээд ойролцоогоор заримдаа 70 км/цаг, заримдаа 50 км/цагийн хурдтай яваад байсан юм.

Тухайн автомашин нь манай найз Б-ын ээж А-гийн эзэмшлийн автомашин юм. Б-а надаар машинаа заруулж байсан, тэгээд надад машин нь байсан юм. Би түүний машиныг өөрийн салж байгаа нөхөртөө зараад, нөхөрөөсөө бэлнээр 1.000.000 төгрөг авсан байсан. Г тэр машиныг худалдаж авах гээд шалгаад явж байсан.

Би Гаас 2017 онд салчихсан, тусдаа амьдарч байсан юм. Манай нөхөр хөдөө амьдрах сонирхолтой, харин би Улаанбаатар хотод амьдрах сонирхолтой байсан учир салцгаасан. Бид хоёр тэр өдөр хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 77-78х/,

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Н-ын гэрчээр өгсөн:

“...2019 оны 6 сарын 26-ны өдөр ажлаасаа 11 цагийн үед ирсэн байхаа. Гэртээ унтаж байгаад ээжийндээ очиж ирнэ гээд орой гарсан, бид нар унтах гээд ор зассан байсан юм. Одоо цагийг нь бол санахгүй байна.

Удаагүй миний утас дуугарч “хүү чинь осолд орсон байна” гэж үл таних дугаараас хэлсэн. Тухайн үед гэрт манай хөгшин Санрагчаа, би, бэр охин, ач охин нар байсан. Миний хүү маргалдаж муудалцсан юм байхгүй, гэрээсээ гарахдаа бид нарт зайрмаг авч өгөөд, ээжийндээ очиж амрахаар гарсан. Би хүүгээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хараагүй, эрүүл саруул гэрээсээ гарсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 81х/,

 

11. Баянгол дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 224 дугаартай дүгнэлтэд:

1. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгний хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дугуйн тоормосны хүчний зөрүү, дугуйн хээний гүний хэмжээнүүд стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна.

Урд салхины шил гол хэсгээр бүтэн хагарсан, урд капот дунд хэсэгт нийлэнхүйдээ хонхойсон, урд буфер улсын дугаар байрлах хэсэгт цуурч, улсын дугаарын бэлдэц тахийсан, дээвэр голоороо нийлэнхүйдээ дотогш хонхойсон, зүүн гар талын крыло хонхойсон, зүүн гар талын шил арчигчийн суурь төмөр алга болсон, зүүн гар талын толь сууриараа хугарсан, дуут дохио ажиллагаагүй, хойд хоёр суудлын аюулгүй бүс байхгүй, урд оврын гэрэл улаан өнгөтэй, улсын дугаарын гэрлийн чийдэнгүүд асахгүй, нөөц дугуй байхгүй нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Урд салхины шил гол хэсгээр бүтэн хагарсан, урд капот дунд хэсэгт нийлэнхүйдээ хонхойсон, урд буфер улсын дугаар байрлах хэсэгт цуурч, улсын дугаарын бэлдэц тахийсан, дээвэр голоороо нийлэнхүйдээ дотогш хонхойсон, зүүн гар талын крыло хонхойсон, зүүн гар талын шил арчигчийн суурь төмөр алга болсон, зүүн гар талын толь сууриараа хугарсан, дуут дохио ажиллагаагүй, хойд хоёр суудлын аюулгүй бүс байхгүй, урд оврын гэрэл улаан өнгөтэй, улсын дугаарын гэрлийн чийдэнгүүд асахгүй зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна.

3. Урд салхины шил гол хэсгээр бүтэн хагарсан, урд капот дунд хэсэгт нийлэнхүйдээ хонхойсон, урд буфер улсын дугаар байрлах хэсэгт цуурч, улсын дугаарын бэлдэц тахийсэн, дээвэр голоороо нийлэнхүйдээ дотогш хонхойсон, зүүн гар талын толь сууриараа хугарсан нь зам тээврийн ослоос үүссэн гэх тул осолд нөлөөлөхгүй.

Зүүн гар талын крыло хонхойсон, зүүн гар талын шил арчигчийн суурь төмөр алга болсон, дуут дохио ажиллагаагүй, хойд хоёр суудлын аюулгүй бүс байхгүй, урд оврын гэрэл улаан өнгөтэй, улсын дугаарын гэрлийн чийдэнгүүд асахгүй эвдрэл гэмтлүүд нь зам тээврийн ослоос өмнө ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтэл осолд нөлөөлөхгүй.

4. Уг зам тээврийн осолд ямар нэг байдлаар нөлөөлсөн гэх гэмтэл байхгүй.

5. Тоёота маркийн Приус-11 загварын автотээврийн хэрэгсэл шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй.

6. Тоног төхөөрөмж дээр болон жолоодлого хийн шалгаж үзэхэд уг автотээврийн хэрэгслийн дугуйн тоормос бүрэн ажиллагаатай байна.” гэсэн дүгнэлт, техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 89-97х/,

 

12. 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 311 дугаартай мөрдөгчийн магадлагаанд:

1. Toyota Prius 11 маркийн ххххДАХ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Н.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ” а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.6-д заасан “Тээврийн хэрэгсэлд доор дурдсан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулсан... урд талд цагаан, шар, улбар шараас өөр өнгийн гэрэл”, 6.2-т заасан “Дуут дохио ажиллахгүй болсон”, 6.3-т заасан “Шил арчуур ...ажиллахгүй болсон”, 6.9-д “Үйлдвэрээс тавьсан хамгаалах бүс ...байхгүй буюу ашиглалтын шаардлага хангахгүй болсон” гэсэн заалтуудыг зөрчиж, ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй Toyota Prius маркийн, ххххДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад,

мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч С.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.

7. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэжээ  /хэргийн 165х/,

 

13. Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 14354650 дугаартай:

“...Toyota Prius 11 маркийн ххххДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангийг засварлах, солих үйчилгээний шууд болон шууд бус зардлыг 967.800 /есөн зуун жаран долоон мянга найман зуу/ төгрөгөөр үнэлэв” гэсэн авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 99-100х/

 

14. Хохирогч С.А-ын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /хэргийн 133-162х/,

 

15. Хохирогч С.А-аас эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой гаргасан зардлын тооцоо, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтууд /хэргийн 34-52х, 68-69х, 173-176х, 179-182х, 211-212х, 213-215х/,  

 

16. Шүүгдэгч Н.Г-аас хохирогч С.А-т хохирол, эмчилгээний зардлын нөхөн төлбөрт:

- 2019 оны 7 сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг,

- 2019 оны 7 сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөг,

- 2019 оны 8 сарын 05-ны өдөр 500.000 төгрөг,

- 2019 оны 10 сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөг,

- 2019 оны 10 сарын 07-ны өдөр 1.500.000 төгрөг тус тус шилжүүлэн нийт 5.000.000 төгрөг төлсөн тухай ХААН банкны мөнгөн шилжүүлгийн гүйлгээний баримтууд /хэргийн 183х, 184х, 185х, 216х, 217х/,

 

17. Шүүгдэгч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар өгсөн:

“...Би 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Төв аймгаас ххххДАХ улсын дугаартай автомашинаар Улаанбаатар хот руу эхнэр Г.Х, охин Г.Э нарын хамт явж байсан.

Би тухайн үед замдаа Буянт-Ухаа хорооллын зүүн хойд замаар ойролцоогоор 50 гаруй км цагийн хурдтайгаар 2 дугаар эгнээгээр явж байхад зүүн гар талаас гэнэт хүн ороод ирсэн, тэгээд л тэр хүнийг машины урд хэсгээр мөргөсөн, дараа нь баруун гар тийш дараад замын боржур мөргөөд, эргээд жоохон яваад зогссон. Би машинаа зогсоогоод 102, 103 дугаарын утас руу залгаж, ослын талаар мэдэгдсэн.

Түргэн тусламжийн машин ирж тэр хүнийг аваад явсан ба дараагаар нь замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэргийн газрын үзлэг хийсэн.

Миний унаж явсан автомашин хэвийн ажиллагаатай байсан, эхнэр Х- маань хүнээс худалдаж авахаар унаж үзээд явж байсан юм. Би эхнэрээсээ худалдаж авахаар урьдчилгаа болгож 1.000.000 төгрөг өгсөн байсан. Тухайн үед замын хөдөлгөөн сийрэг, зам эвдрэлгүй, гадаа цаг агаар тогтуун, бороо орогүй, замын хажуугийн гэрэл асаж байсан, гэхдээ үзэгдэх орчин муу байсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 76х, 114х/ болон түүний хувийн байдалтай холбоотой гэрч Ө.Н /хэргийн 79х/, гэрч Д.А /хэргийн 80х/ нарын мэдүүлэг, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 117х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 116х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 122х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх ба шүүх эдгээр баримтуудыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Г-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Г нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 02 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хорооллын зүүн хойд замд зохицуулдаггүй явган хүний гарцан дээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ” а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.6-д заасан “Тээврийн хэрэгсэлд доор дурдсан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулсан... урд талд цагаан, шар, улбар шараас өөр өнгийн гэрэл”, 6.2-т заасан “Дуут дохио ажиллахгүй болсон”, 6.3-т заасан “Шил арчуур ...ажиллахгүй болсон”, 6.9-д “Үйлдвэрээс тавьсан хамгаалах бүс ...байхгүй буюу ашиглалтын шаардлага хангахгүй болсон” гэсэн заалтуудыг зөрчиж, ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй Toyota Prius маркийн, ххххДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.А-ыг мөргөж, эрүүл мэндэд нь “...нарийн гэдэсний урагдал, дэлүүний үүд хэсгийн урагдал, хэвлийн хөндийн хурц цус алдалт /1800 мл/, баруун шилбэний бүрэн тайрагдал, дух, тохой, хамар, хацар, гуя, шилбээр зулгаралт, цус хуралт, духанд шарх” гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, үндэслэл бүхий байна.

 

Хэргийн шүүгдэгч Н.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Иймт шүүгдэгч Н.Г--ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

 

Тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч С.А-ын эрүүл мэндэд учирсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “хүнд гэмтэл” нь гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохиролд тооцогдох бөгөөд ийнхүү эрүүл мэндэд нь хохирол учирснаас хөдөлмөрийн чадвар алдаж дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд нь хохирол учирсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах, эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэгт хохирогчоос зарцуулсан зардал төлбөр зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавр буюу гэмт хэргийн хор уршиг болох юм.

 

Хохирогч С.А-аас хэрэгт гаргасан хохирол, хор уршгийг нэхэмжлэхтэй холбоотой хэргийн 31-71, 172-181 дүгээр талд авагдсан баримтуудаас эмчилгээ, эм тарианы болон асаргаа сувилгааны зардалд нийт гарсан баримттай бодит зардлын дүн 2.168.430 төгрөг байх бөгөөд шүүгдэгч Н.Гаас хохирогчид эмчилгээний зардал төлбөрт нийт 5.000.000 төгрөг нөхөн төлсөн байх тул эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэх эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой гарсан баримт бүхий шууд хохирол нөхөн төлөгдсөн байна.  

 

Хохирогчийн хувьд ажилгүй байсан хугацааны цалин, эхнэр нь асарч сувилсан хугацаанд авах байсан цалин орлого, эхнэрийн болон өөрийн нэр дээрх цалингийн зээл, иргэн Норжинхандын тэтгэврийн зээл, байрны түрээсийн төлбөр, бусдаас авсан зээлийн өр, цаашид асрагч авч ажиллуулахаар гэрээ байгуулсан, хөдөлмөрийн чадвараа алдсанаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тул 2037 он хүртэлх хугацааны олох байсан орлогод тооцон авах байсан цалин хөлс, асаргааны сувиллын зардал зэрэгт тооцон нийт 668.306.457 төгрөг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн шаардлага шүүх хуралдаанд гаргаснаас сахиурын хоол хүнс 13.000 төгрөг, тэтгэврийн зээлийн 264.000 төгрөг, байрны мөнгө 117.000 төгрөг, хүнс, вакус, чихэр, ус зэрэгт зарцуулсан гэх нийт 27.010 төгрөг, өөрсдийн амьдрах орон сууцны ашиглалтын зардалд төлсөн 133.602 төгрөг, иргэн Цэвэгсүрэнгийн байрны 7, 8 сарын түрээсийн төлбөрт төлсөн гэх 600.000 төгрөг, бусдаас авсан зээл тооцооны үүргийн төлбөр 750.000 төгрөг, зээлийн гэрээний үүргийн биелэлтэд Хаан банкинд төлөх 7.0 сая төгрөг, Хас банкинд төлөх 6.0 сая төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 1.0 сая төгрөг зэрэг нийт 15.904.612 төгрөг, мөн хохирогчийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөрөөс Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн төлбөр /хохирогчоос өөрөөс нь гараагүй, баримт №36, №60 хэргийн 44х, 50х/-ийн 858.612 төгрөг, бүгд 16.163.224 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус осол хэргийн улмаас шууд учирсан хохирол, хор уршигт тооцогдохгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.   

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан байна.  

 

Хохирогч зам тээврийн осол хэргийн улмаас биедээ гэмтэл авч эмчилгээ, үйлчилгээ хийлгэсэн талаар хэрэгт эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх баримтаас өөр баримтгүй, мөн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гараагүй, өвчний учир дутуу авсан цалин хөдөлмөрийн хөлсний зөрүүг тооцон гаргах магадлагаа баримтгүй байхаас гадна гэр бүлийн хүн /эхнэр Г/ өвчтөн асрамжилж, ажлаас тодорхой хугацаанд чөлөөлөгдсөн гэх ажил олгогчийн шийдвэр, тушаал хэрэгт авагдаагүй тул ажилгүй байсан хугацааны цалин тэтгэмжийн зөрүүг эрүүгийн хэргийн хамт нэг мөр тооцон шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалтай байна.    

 

Дээрх үндэслэлээр хохирогч С.А-ын гэм хорын хохирол төлбөрт нэхэмжилсэн 668.306.457 төгрөгөөс /зургаан зуун жаран найман сая гурван зуун зургаан мянга дөрвөн зуун тавин долоо/ шүүгдэгч Н.Гын нөхөн төлсөн 5.0 сая төгрөг, осол хэргийн улмаас шууд учирсан хохирол, хор уршигт тооцогдохгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн 16.163.224 төгрөгийг хасаж тооцсоноос үлдэх 647.143.233 төгрөгийн шаардлагад хамаарах нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, хиймэл эрхтэн хийлгэх, сувилуулах зэрэг шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг тайлбарлаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Н.Г нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 116-р талд авагдсан урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн “хөнгөн” ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Шүүх, шүүгдэгч Н.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийг хэрэгт авагдсан баримитын үндсэн дээр нөхөн төлсөн байдлыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх, мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт баримт бүхий хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг харгалзан, шүүгдэгч Н.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан 01 /нэг/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.  

 

Хэрэгт хураагдсан Н.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №ххххх дугаартай үнэмлэх баримтыг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар гүйцэтгэх бичиг баримтын хамт Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, тээврийн хэрэгслийн №хххххх дугаар гэрчилгээг авто машины эзэмшигч Д.А-д буцаан олгож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт Н.Г нь цагдан хоригдоогүй, хэрэгт шийдвэрлэх  эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                        ТОГТООХ нь:

 

1. Ж овогт Н-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Н.Г-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Г-т оногдуулсан 01 /нэг/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан 01 /нэг/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай. 

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Н.Г нь хохирогч С.А-т 5.000.000 /таван сая/ төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогчийн нэхэмжлэлээс 16.498.224 /арван зургаан сая дөрвөн зуун ерөн найман мянга хоёр зуун хорин дөрөв/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс үлдэх ажилгүй байсан хугацааны цалин, тэтгэмжийн зөрүү, өвчтөн асрамжилсан хугацааны цалин орлого болон цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хохирогч С.А-т тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт хэрэгт хураагдсан тээврийн хэрэгслийн №ххххх дугаартай гэрчилгээг авто машины эзэмшигч Д.А-д буцаан олгож, Н.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №хххх дугаартай үнэмлэх баримтыг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар гүйцэтгэх бичиг баримтын хамт Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Арайд үүрэг болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэгт Н.Г нь цагдан хоригдоогүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Н.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, иргэний хариуцагч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тус тус давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    С.БАЗАРХАНД