Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1269

 

 

 

 

 

 

    2019          12            19                                          2019/ДШМ/1269                                                      

 

 Н.Г-т холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:          

            прокурор Б.Дэлгэрмаа,

            шүүгдэгч Н.Г-, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа,

            хохирогч С.А-ын өмгөөлөгч С.Түвшинжаргал,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 616 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Г-, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Н.Г-т холбогдох 1903007570342 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж сант овгийн Н-ийн Г, Төв аймгийн Өндөр ширээт суманд 1989 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3; эцэг, эхийн хамт амьдардаг, Төв аймгийн 00000000000 суманд Хайрханы 0 дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 000000000/

Н.Г- нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа 2” хорооллын зүүн хойд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн а/, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.6, 6.2, 6.3, 6.9-д заасныг зөрчсөн ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй Toyota Prius загварын 71-99 ДАХ улсын дугаартай автомашин жолоодон явахдаа мөн дүрмийн 16.1-д  “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.А-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас Н.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Г-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Н.Г- нь хохирогч С.А-т 5,000,000 төгрөг нөхөн төлснийг дурдаж, хохирогчийн нэхэмжлэлээс 16,498,224 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс үлдэх ажилгүй байсан хугацааны цалин, тэтгэмжийн зөрүү, өвчтөн асрамжилсан хугацааны цалин орлого болон цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, тээврийн хэрэгслийн №02002183 дугаартай гэрчилгээг автомашины эзэмшигч Д.Алтантуяад буцаан олгож, Н.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №1027586 дугаартай үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар гүйцэтгэх бичиг баримтын хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Эрүүгийн хэрэгт Н.Г- нь цагдан хоригдоогүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Н.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би гэм буруугаа хүлээж маш их гэмшиж байна. Хохирогч А-аас дахин дахин уучлалт гуйж байна. Мөн гарсан эмчилгээ, үйлчилгээ, асаргаа сувилгааны зардлыг цаашид төлж барагдуулна. Надад оногдуулсан хорих ялыг нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэж өгөхийг хүсч байна ...” гэв.

            Шүүгдэгч Н.Г-ын өмгөөлөгч Ж.Энхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

1. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан Н.Г-т 1 жил 4 сарын хорих ялыг оногдуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн...” гэж заасан. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасны дагуу зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр байхад шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэн хорих ял оногдуулсан байна.

2. Н.Г- нь өөрийн гэм бурууг ойлгож, хохирогчийн эрүүл мэндийг сэргээхэд сайн дураараа эмчилгээний зардалд 2,831,570 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг төлсөн. Мөн эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн байхад шүүхээс ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд бодитоор үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Иймд Н.Г-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, урьд ял шийтгэгдэж байгаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү ...” гэв.

            Хохирогч С.А-ын өмгөөлөгч С.Түвшинжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдол, санал байхгүй. Хохирогч С.А- нь нэг хөлөө тайруулж, нуруу мөч нь сайн засал авахгүй, хадаастай, дэлүүгээ авхуулж, нарийн гэдсээ тайруулсан зэрэг маш хүнд бэртэл авсан. 7 дугаар сараас хойш байнгын эмчилгээ асаргаанд байгаа. Тухайн үед шүүгдэгч Н.Г- нь хохирогчтой уулзаагүй ч 5,000,000 төгрөгийн төлбөр төлж хуралд орсон. Хохирогчийн хувийн байдлын хувьд өндөр настай ээж аавтай, хоёр хүүхэдтэй. Эхнэр нь гэмт хэрэг гарснаас хойш хохирогчийг 2 сарын хугацаанд асарч, улмаар ажлаас нь чөлөөлсөн. Цалингийн зээлтэй. Эрүүл мэндийн хувьд тайруулсан хөл нь эдгээгүй байдалтай байгаа. Шүүгдэгч Г- ар гэрийнхнээрээ дамжуулан хохирогчийг эргэж, байнга дэмжлэг туслалцаа үзүүлъе гэдэг байдлаар хандаж байгаа тул хохирогч С.А-ын зүгээс шүүгдэгч хоригдож байхын оронд гадаа байж надад тусалж дэмжээд явбал гомдол санал алга гэж хэлсэн” гэв.

            Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Н.Г- нь хохирогч С.А-т нийт 5,000,000 төгрөгийн хохирол төлсөн. Энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Н.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Г- нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны шөнийн 02 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа 2” хорооллын зүүн хойд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.А-ыг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.А-ын “... явган хүний ганцаар гарч яваад автомашинд мөргүүлсэн ...” /1-р хх 26-27/,

гэрч Г.Хулангийн “... хүн гараад ирлээ гээд орилсон боловч нөгөө хүнийг мөргөсөн ... ” /1-р хх 77-78/ гэх мэдүүлгүүд,

хохирогч С.А-т нарийн гэдэсний урагдал, дэлүүний үүд хэсгийн урагдал, хэвлийн хөндийн хурц цус алдалт 1800 мл, баруун шилбэний бүрэн тайрагдал, дух, тохой, хамар, хацар, гуя, шилбээр зулгаралт, цус хуралт, духанд шарх бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7966 тоот дүгнэлт /1-р хх 84/,

Зам тээврийн осол болсон газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн зураглал /хх 5-17/, яллагдагч Н.Г-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх 76, 114/ зэрэг нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Г-ыг автомашин жолоодон явахдаа явган хүний зохицуулдаггүй уулзвар нэвтрэхэд дагаж мөрдөхөөр заасан Монгол Улсын Замын  хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигчийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан талаар хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон ял оногдуулсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа давж заалдах гомдолдоо “... шүүгдэгч Н.Г-ын үйлдсэн гэмт хэрэгт зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй ...” гэсний дагуу шийтгэх тогтоолыг хянахад анхан шатны шүүх Н.Г-ыг хорих ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй болох нь тогтоогдов.

“... Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөрийн тодорхой хэсгийг төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээ, асаргаа сувилгааны зардлыг төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэсэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээнд хамааралтай тул уг зохицуулалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болохгүй.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тодорхой хэсгийг төлсөн, цаашид гарах хохирлыг хариуцахаа илэрхийлсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцэх боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад хэргийн зүйлчлэлийг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг ...” гэж буруу бичсэн болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 616 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Г-, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ         

ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН