Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 449

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох /томилолтоор/,

хохирогч С.А-, Б.О-, П.М-, М.А-, Г.П-,

шүүгдэгч Т.М-, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүрдийхэн овогт Т-ын М-д холбогдох эрүүгийн 1810018150783 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Т.М- нь 2018 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, ... тоотоос иргэн С.А-ын Хаан банкны виза картыг нууцаар хулгайлан авч, түүний дансанд байсан 3.200.000 төгрөгийг тус дүүргийн Нисэх буудлын дэргэдэх Хаан банкны АТМ-ээс өөрийн данс руу шилжүүлэн, хууль бусаар хулгайлан авч, бусдад 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сард урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, ... дугаар гудамжинд үйл ажиллагаа явуулдаг иргэн П.М-ын дэлгүүрээс 233.900 төгрөгийн бараа, бэлнээр 83.000 төгрөг, П.М-ын нөхөр Э.А-ээс 82.600 төгрөгийг тус тус залилан авч, бусдад 399.500 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Дундговь аймгаас хямдхан мах авчирч зарна гэж хуурсны улмаас иргэн Б.А- нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ... тоотод оршин суух гэрээсээ мөнгө шилжүүлж, өөрийн Хаан банкны ... дугаарын дансаар 50.000 төгрөгийг шилжүүлэн залилан авч, бусдад 50.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Дундговь аймгаас хямдхан мах авчирч зарна гэж хуурсны улмаас О.Э- нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн ... тоотод оршин суух гэрээсээ мөнгө шилжүүлж, өөрийн Хаан банкны ... дугаарын дансаар 50.000 төгрөгийг шилжүүлэн залилан авч, бусдад 50.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Дундговь аймгаас хямдхан авчирж зарна гэж хуурсны улмаас Ц.О- нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Park nine garden villa” хотхоны ... тоотод оршин суух гэрээсээ мөнгө шилжүүлж өөрийн Хаан банкны ... дугаарын данс руу 280.000 төгрөг шилжүүлж авсан. 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо ... тоотод байрлах Мишээл эмнэлэг дээрээс бэлэн 400.000 төгрөгийг залилан авч, бусдад 680.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Т.М- нь өөрийгөө А- гэж хэлж танилцуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Дундговь аймгаас хямдхан мах авчирч зарна гэж хуурсны улмаас Г.О- нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “1000 нэрийн бараа” гэх нэртэй дэлгүүрт байхдаа мөнгө шилжүүлж өөрийн Хаан банкны ... дугаарын дансаар 100.000 төгрөг, мөн тэр өдрөө бусдыг хуурамч аргаар төөрөгдөлд оруулах замаар “хүүхдийнхээ үсийг авна дэлгүүрээс хүнсний бараа аваад өгөөч” гэж хэлж 112.000 төгрөгний хүнсний бараа авахуулсан, мөн 134.250 төгрөгийн барааг тус тус залилан авч, бусдад 346.250 төгрөгийг хохирол учруулсан,

2019 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын ... тоотын гадна Н.Н-гийн rap утсыг гадаа таксинд үлдээсэн байна, аваад ирье гэж хэлээд гарч, “Самсунг эс-6” загварын гар утсыг авч явж, улмаар иргэн Н.Д- ... дугаарын виза картнаас 550.000 төгрөгийг залилан авч, бусдад 770.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт сарын 50.000 төгрөгөөр хашаа түрээслэн гэж хэлж, хуурч Ш.Ц-гээс 150.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн залилан авч, бусдад 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгож, элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Кёкүшюүзан цамхагийн ... тоот байрыг 54 сая төгрөгөөр зарна, урьдчилгааны мөнгө шилжүүл гэж иргэн Б.Б-оос Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкнаас 1.200.000 төгрөгийг, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүннү молл худалдааны төвөөс 400.000 төгрөгийг шилжүүлж, өөрийн Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн залилан авч, бусдад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Солонгос улсын виз гаргаж өгнө гэж өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр ойлгуулан хуурч, төөрөгдөлд оруулж, иргэн Г.П-оос 1.400.000 төгрөгийг иргэн Ш.Н-ийн Хаан банкны ... дугаар дансаар, мөн өдөр 2.200.000 төгрөгийг Их дэлгүүрийн орчимд бэлнээр, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 100.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн тус тус залилан авч, бусдад 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгож, элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт М.А-д Засгийн газрын түрээсийн байранд хамруулж өгнө, би Улсын их хурлын гишүүн Долгорын хамаатан гэж хэлж бэлнээр 500.000 төгрөг, өөрийн Хаан банкны ... дугаарын дансаар 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, мөн 2018 оны 05 дугаар сард “хоёулаа хамтарч гэрийн хошлон, дээс хийж заръя” гэж хуурч 490.000 төгрөг, мөн 2018 оны 05 дугаар сард Дундговь аймгаас хямдхан мах авчирч зарна гэж хуурч 200.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад 2.190.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Дундговь аймгаас хямдхан мах авчирж зарна гэж хуурсны улмаас иргэн М.У- нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 3-122 тоотод оршин суух гэрээсээ мөнгө шилжүүлж, өөрийн Хаан банкны ... дугаарын дансаар 200.000 төгрөгийг шилжүүлэн залилан авч, бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн хамт хэвтэн эмчлүүлж байхдаа иргэн Ж.Х-ы “lphone-6” загварын гар утсыг цэнэглээд өгье гэж хэлж, хуурч, залилан авч, бусдад 344.000 төгрөгийн хохирол учруулсан,

Америк улсын виз гаргаж өгнө гэж өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр ойлгуулан хуурч, төөрөгдөлд оруулж, иргэн Б.О-аас 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 80.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авсан, мөн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, ТБД андуудын орчим 3.000.000 төгрөгийг бэлнээр авч, мөн “notebook байвал хэрэглээд өгье гэж’’ иргэн Б.О-аас Lenovo загварын notebook-r тус тус залилан авч, 5.430.000 төгрөгийн хохирол, нийт 15.909.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Т.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хохирогч Б.О-аас 3.000.000 төгрөг бэлнээр аваагүй байхад намайг 3.000.000 төгрөг авсан гээд байгаа тул энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин бусад үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч С.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6 дугаар багийн иргэн С.А- гэдэг. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 26-нд шилжих шөнө М- миний гар цүнхнээс Хаан банкны виза картыг хулгайлан 3.200.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлсэн нь үнэн. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө 3.200.000 төгрөг М-гийн данс руу орсон мэдээлэл миний гар утсанд ирсэн. Би хүнд өвчтэй, тархины хагалгаанд тэр мөнгийг хэрэглэх гэж байсан бөгөөд тухайн үед эмнэлгийн орны оочер хүлээж байсан. Үүнийг М- сайн мэдэж байгаа. Гэтэл М-д мөнгөө алдсаны маргааш эмч намайг “эмнэлэгт хэвтэж хагалгаанд ор” гэсэн боловч би хагалгааны төлбөргүй болсон тул хагалгааг 21 хоногоор хойшлуулсан. Ингээд миний бие бүр муудаж хэцүү болсон тул 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бүх малаа 1 жилийн хугацаагаар малчины зээлийн барьцаанд тавьсан. Уг зээл одоог хүртэл төлөгдөөгүй. Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хаан банкнаас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 4.500.000 төгрөг авч, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хагалгаанд орсон. Миний бие хагалгаанд орсны дараа улам муудаж хувийн эмнэлэгт удаа дараа хэвтэн эмчлүүлсэн. Би халамжийн дэвтрээ барьцаанд тавиад дэвтрээ авч чадаагүй байгаа. Би өнөөдрийг хүртэл эмчлүүлж байгаа. Би Гуравдугаар эмнэлэгт 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үзүүлээд эмч нарын зөвлөгөөнөөр ороход “дахин хагалгаанд орох шаардлагатай” гэж зөвлөсөн. Ингээд би 320.000 төгрөгөөр тархины имрай авахуулахад мөн л “хагалгаанд орох шаардлагатай, амь насанд чинь аюултай ч байж магадгүй, өмнөх хагалгаанаас хүнд хагалгаа болно” гэж хэлсэн. Би М-гаас 3.200.000 төгрөгөө нэхэмжилж байна. Надад 3.200.000 төгрөгнөөс гадна маш их хэмжээний зардал гарч байсан. Гэхдээ би үүнийг нэхэмжлэхгүй, зөвхөн 3.200.000 төгрөгөө л нэхэмжилнэ гэв.

Хохирогч Б.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг Батжаргалын О- гэдэг, би цэргийн байгууллагад ажиллаж байсан. Манай хадам ээж элэгний сероз өвчнөөр нас барсан. Би М-тай танилцах үедээ 30.000.000-40.000.000 төгрөгийн цалингийн зээл, байрны зээлтэй байсан. Тэгээд би ажлаасаа чөлөө авч, харлах бодолтой Солонгос улсад ажил хийхээр явсан. Би гадагшаа явах бүхий л арга замыг хайж “Эс Ди 160” гэдэг Америк Нэгдсэн улсын виз хүртэл мэдүүлж байсан. Тухайн үед намайг таксинд явж байхдаа М- 5 шарын автобусны буудлаас хороолол руу хүргүүлсэн. Тэр үед М- өөрийгөө “А-” гэж танилцуулж байсан. Замд явж байхдаа би М-гаас “оройн цагаар хүн олддоггүй юм, та хэзээ буцах вэ” гэхэд “би хүнтэй уулзаж байгаад оройхон харина, орой яръя” гээд утсаа үлдээсэн. Тэгээд би М-г шөнө 3 цагийн үед очиж аваад гэрт нь буюу Орбитод хүргэж өгөхдөө түүнээс таксины мөнгө аваагүй. Би М-гаас “та хаана, юу хийдэг вэ” гэхэд “би Америк улсад сурдаг, амралтаараа Монголд ирсэн, манай ах “Гурван бүдүүн” хамтлагийн Алтаншагай юм. Би Алтаншагай ахаар дамжуулж Америк улс руу гарсан” гэхээр нь “би Америк улс руу гарах гээд материалаа өгчихсөн байгаа” гэж хэлсэн. Үүнээс хойш би Америк улс руу явах визний ярилцлаганд ороод цагаан хуудас авсан. Би өмнө нь М-тай уулзахдаа хэдэн сарын хэдний өдөр ярилцлаганд орохоо хэлж байсан. Намайг ярилцлаганд орох гэж байтал М- 12 цагийн үед над руу залгахад нь би “найз нь цагаан хуудас авчихлаа” гэхэд “манай ах Алтаншагай Элчин сайдын үйл ажиллагаануудад дуу дуулдаг, Америк улсын элчин сайдын яаманд таньдаг хүн байгаа, би визийг чинь гаргаад өгье” гэхээр нь “тэгвэл сайн л байна” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа манай нэг найз, Мөнхсайханы нэг найз болон Мөнхсайхан бид нар “Модны 2”-ын “59” нэртэй караокед уулзаж пиво ууцгаасан. ...М- надаас дансаар 500.000 төгрөг, дараа нь 1.000.000 төгрөг, дахиад 500.000 төгрөг авсан. Намайг мөнгөө нэхэхэд М- “Шагай ах нөгөө мөнгөө гэж байна, виз гарсан гэж байна, одоо ирээд визээ ав гээд байна” гэж хэлдэг байсан. Тэгээд би эхнэрийнхээ найзаас 7 хоногийн хугацаатай 3.000.000 төгрөг хүүтэй зээлээд М-д бэлнээр 3.000.000 төгрөг өгсөн. Харин нөүтбүүкийн хувьд бол М- “би санхүүч мэргэжилтэй, санхүүгийн тайлан гаргах гэсэн юм, өөр нөүтбүүк олоод өг” гэхээр нь “цэнэглэгчийг нь залгаж байгаад ашиглаж болохоор нэг нөүтбүүк байгаа” гэхэд “чи өөр нөүтбүүк олоод өг” гэхээр нь би хажуу айлынхаа нөүтбүүкийг авчирч өгсөн. М- “Алтаншагай хэд хэдэн хүний виз гаргаж байгаа, бүгдээрээ 80.000 төгрөг цуглуулж байгаад хоолонд оруулъё” гээд орой 10 цагийн үед авч байсан. Би 3.000.000 төгрөгийг хүнээс авч байсан ба буцааж өгсөн талаарх баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Би ОХУ-ын Цагдаагийн академид магистрын зэрэгт сурахаар явах гэж байсан. Би М-гийн ээж, аав руу нь залгаад “мөнгө нэхэмжлэхээ больё, ганцхан гадаад паспорт аваад өг” гэж хэлсэн. Би шинээр гадаад паспорт захиалах гэтэл хугацаа давчуу байсан. Миний гадаад паспортыг өгөөгүй учраас би сургуульд сурах боломжгүй болсон тул бүх мөнгөө нэхэмжлэх хүсэлттэй байна. Би М-гаас “нөүтбүүк яасан бэ” гэж асуухад “Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоох ломбардад тавьсан” гээд хаягийг нь явуулсан. Би энэ талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд М- өөрийн нэр дээр ломбардад тавьсан байсан. Би ломбардны хүнд учрыг нь тайлбарлаад “битгий зараарай” гэж хэлсэн боловч зарчихсан байсан. Үүнээс хойш 15 хоногийн дараа араас нь хөөцөлдөж байгаад ломбардад 350.000 төгрөгийг хүүтэй нь төлж байж нөүтбүүкээ авсан. Энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргасан. Би М-д “чамаас мөнгөө авахгүй ээ, чи надад нөүтбүүкээ л өгчих” гэж хэлсэн. Би М-аас 500.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 500.000 төгрөг, 80.000 төгрөг, 3.000.000 төгрөг, нийт 5.080.000 төгрөг, мөн нөүтбүүкний 300.000 төгрөг, гадаад паспортны 36.000 нийт 5.416.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэхдээ нэхэмжилж байгаа мөнгөнийхөө 50 хувийг авч болно гэв.

Хохирогч П.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны 4 дүгээр гудамжинд нийтийн байрны доод талд дэлгүүр түрээслэдэг. М- тухайн байрны 2 давхарт амьдардаг байсан. М- надтай танилцаад бараа авч “хүүхдийнхээ мөнгийг буухаар өгье, манай нөхөр урд том тэрэг барьдаг, удахгүй мөнгө явуулна гэсэн” гээд нийт 233.900 төгрөгийн бараа болон бэлнээр 83.000 төгрөг авсан. Харин манай нөхрөөс 82.600 төгрөг авсан байсан. Би М-гаас 399.500 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хохирогч М.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: М- надад өөрийгөө А- гэж танилцуулсан. М- манай ээжийн ажиллуулдаг дэлгүүрийн байранд охинтойгоо хамт байр түрээслэдэг байсан. М- надад “манай төрсөн эгч УИХ-н гишүүн Долгорын бэр нь юм, Засгийн газраас 5.000.000 төгрөгийн урьдчилгаа аваад байранд оруулах хөтөлбөр зарлагдсан байгаа. Энэ 7 хоногт дуусах гэж байгаа юм байна. Та материалаа бүрдүүлээд 1.0-2.0 сая төгрөг өгчих” гэхээр нь би 1.000.000 төгрөгийг захирлынхаа дансаар шилжүүлэхэд М- гэсэн нэр гарч ирсэн. Тэгэхээр нь би А-д “М- гэж хэн бэ” гэхэд “манай нөхрийн данс байгаа юм” гэж хэлсэн. Дараа нь бэлнээр 500.000 төгрөг өгсөн. Дараа нь 490.000 төгрөг авахдаа М- манай ээжид дэл сүүлээр гэрийн хошлон, дээс хийдэг гэж хэлсэн байсан. М- тухайн үед надад “ажил олоод өгөөч, эсхүл хамтдаа гэрийн хошлон, дээс хийж заръя” гэж хэлэхээр нь түүнийг өрөвдөөд би 2.000.000 төгрөг гаргаад 1 шуудай дэл сүүл авсан. М- гэрийн хошлон, бүслүүр зэргийг хийж байсан. Би эхлээд 250.000 төгрөг өгсөн. Нийт 490.000 төгрөг авсан. М- нь “манай эгч хөдөө байдаг, малчиныхаа зээлийг төлөх гэтэл мөнгөний хэрэг гараад байна, та 200.000 төгрөгөөр 4 ширхэг хонь авчих” гээд нэг хонь өгсөн. Би нийт 2.140.000 төгрөг нэхэмжилж байна. Учир нь надад 1 хонь өгсөн. Нэг хонь нь 50.000 төгрөг гэв.

 

          Хохирогч Г.П- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би М-тай фэйсбүүкээр танилцсан. М- надад хэлэхдээ “манай хамаатаны хүн виз гаргадаг, би өөрөө 3 сарын хугацаагаар Солонгос улс руу гардаг” гэж хэлэхээр нь “Солонгос руу гарах боломж байна уу” гэхэд “байгаа, гэхдээ мөнгө хэрэгтэй” гэхээр нь “надад нэг машин байгаа” гэж хэлсэн. Тухайн үед М- “яаралтай мөнгө өгөхгүй бол болохгүй байх” гэхээр нь би машинаа зараад 1.400.000 төгрөгийг машин худалдаж авсан ченжийн данснаас М- руу шилжүүлсэн. Дараа нь М-д бэлнээр 2.200.000 төгрөг, 100.000 төгрөг өгсөн. Ингээд би М-д нийт 3.700.000 төгрөг, мөн иргэний үнэмлэх, гадаад паспортоо өгсөн. М- миний гадаад паспортыг буцааж өгсөн тул М-гаас 3.700.000 төгрөг болон иргэний үнэмлэхээ нэхэмжилж байна гэв.

 

Эрүүгийн 1810018150783 дугаартай хавтаст хэргээс:

 

Хохирогч С.А- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хамаатаны Наранбаатарын гэрт нөхөр Тэгшбаяр, хүү Б- нарын хамт очиход Наранбаатарын хүүхдүүд болон түүний төрсөн эгчийнх нь охин М- бага насны охиныхоо хамт ирсэн байсан. Тэгээд бид Наранбаатарын гэрт хоносон. Маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө 10 цагийн үед М- охиноо дагуулаад “сургалтанд сууна” гээд гараад явсан. М-г гарсны дараа би Хаан банкны картаа хайгаад олоогүй. Гэтэл миний гар утсанд данснаас 3.200.000 төгрөгний зарлага гарсан талаар мессэж ирсэн. Би гайхаад Хаан банкны 18001917 дугаарын утас руу залгаж асуухад “таны данснаас 3.200.000 төгрөгийг М- гэх хүний данс руу шилжүүлсэн байна” гэж хэлэхээр нь М-г “миний картыг хулгайлсан байна” гээд цагдаад хандсан. Би М-д картанд мөнгө байгаа талаар огт хэлээгүй. Харин М- “намайг хагалгаанд орно” гэж ярьж байхыг сонсоод картанд мөнгө байгаа гэж мэдээд хулгайлсан байх гэж таамаглаж байна. М- миний картыг хулгайлж авч гараад манай хүү Б- рүү залгаад “танай ээж надад виза картаа өгөөд юм захисан. Гэтэл утсаа авахгүй байна, пин кодыг нь хэлээд өгөөч” гэж худал хэлээд хүүхдээс минь картны пин кодыг авч картнаас 3.200.000 төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлэн авсан байсан. Иймд би М-гаас 3.200.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 56-60-р хуудас, 3-р хавтас 165-р хуудас/,

Гэрч Т.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...М- над руу 95109888 гэсэн дугаарын утсаар залгаад “ээж чинь надад кодоо хэлээд картаа өгч явуулсан юм, гэтэл би кодыг нь мартчихлаа, хурдан кодыг нь хэлээд өгөөч, би дэлгүүрээс гарах гээд байна” гэхээр нь би ээжийн виза картны нууц кодыг хэлсэн. Хэсэг хугацааны дараа манай ээж над руу 80333347 гэсэн дугаарын утсаар залгаад “М- миний виза картыг хулгайлаад явсан байна. Картнаас өөрийнхөө данс руу мөнгө шилжүүлчихлээ” гэж хэлэхээр нь би М- руу залгасан боловч утсаа аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 63-67-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 2-р хавтас 48-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Үнэлэгдэж буй Хаан банкны виза карт нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 5.000 төгрөгөөр үнэлэгдэв. /хх-ийн 2-р хавтас 75-76-р хуудас/,

С.А-ын Хаан банкны 5464100193 дугаартай дансны хуулга /хх-ийн 2-р хавтас 81-р хуудас/,

 

Хохирогч П.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барааны дэлгүүр ажиллуулдаг юм. Манай дэлгүүрийн дээд давхарт нийтийн байр байдаг ба тухайн байранд шинээр нэг охин /М-/ нүүж ирсэн. Тэрээр өөрийгөө “А-” гэж танилцуулж, 2018 оны 05 дугаар сараас эхлэн бараа зээлээр авч эхэлсэн. Надаас 273.800 төгрөгийн барааг зээлээр худалдан авсан, бэлнээр 83.000 төгрөг, нөхөр А-ээс бэлнээр 82.600 төгрөгийг тус тус авсан. Иймд би М-гаас нийт 439.400 төгрөгийг нэхэмжилж  байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-p хавтас 8-13-р хуудас, 2-р хавтас 6-р хуудас/,

Гэрч Г.А- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай гэрийн хажууд нийтийн байр байдаг юм. 1 давхарт нь манай эхнэр /М-/ барааны дэлгүүр ажиллуулдаг ба би хажууханд нь лангуун дээр гурил, будаа зардаг юм. Дээд талын нийтийн байранд “А-” гэж өөрийгөө танилцуулсан охин /М-/ нүүж ирснээс хойш эхнэрийн /М-/ дэлгүүрээр байнга орж гардаг болсон. М- надаас “автобусны мөнгө өгөөч, эм тариа авах гэсэн юм мөнгө зээлээч” гэх мэтээр 7 удаагийн үйлдлээр 82.600 төгрөгийг зээлж авсан боловч өгөлгүй байрнаасаа нүүгээд явчихсан. Тэр охиныг Т-ын М- гэдгийг эхнэр бид хоёр сүүлд нь мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 22-23-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн  хөрөнгийн үнэлгээний тайланд: нэр бүхий үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 05 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 246.080 төгрөгөөр үнэлэгдэв. /хх-ийн 1-р хавтас 80-81-р хуудас/,

 

Хохирогч Б.А- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Манай найз Э- надад “хүн мах зарж байна авах уу” гэхээр нь “ямар үнэтэй вэ” гэж асуухад “1 хонины мах 50.000 төгрөг” гэхээр нь “ямар хүнтэй яаж холбогдох юм бэ” гэхэд надад 88224276 гэсэн утасны дугаар өгсөн. Би өгсөн 88224276 гэсэн дугаар руу залгаж ярихад эмэгтэй хүн /М-/ байсан. Тэгээд 1 хонины мах авахаар болоход “мөнгөө урьдчилаад шилжүүлээрэй” гээд Хаан банкны дансны дугаар өгсөн. Тэр нь “М-” гэх хүний дансны дугаар байхаар нь ахынхаа гар утасны мобайл банкийг ашиглан 50.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлчихээд “хэзээ махаа авах” талаар асуухад “маргааш өгнө” гэсэн. Тэгээд сүүлдээ гар утсаа авахаа больсон...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 122-р хуудас/,

Гэрч О.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2018 оны 05 дугаар сард манай хадам ээж Төмөрхүү рүү найз М- нь залгаад “энд хямдхан хонины мах зарж байна, мах авах уу” гэхээр нь “юун хүн юм бэ” гэхэд “манай дэлгүүрийн дээд талын нийтийн байранд өрөө хөлсөлж суудаг хүүхэд байгаа юм” гэж хэлсэн. Би мах авахаар болоод М- эгчээс мах зарж байгаа хүний утасны дугаарыг асуухад 88224276 гэсэн дугаар өгсөн. Би тэр дугаар руу залгаж ярихад 20 гаран насны эмэгтэй хүн /М-/ аваад “хямдхан хоёр ширхэг хонины мах байна, 1 нь 50.000 төгрөгөөр яаралтай зарах гэж байгаа юм. Манай ахын хүүхэд оюутан юм. Хонхны баяр нь болох гээд мөнгөний хэрэг болоод махаа хямдхан зарж байгаа юм” гэхээр нь итгээд 1 хонины махыг 50.000 төгрөгөөр авахаар болж мөнгөө шилжүүлсэн. Тэрээр “дахиад нэг мах байна, авах хүн байвал хэлээд өгөөч” гэхээр нь найз А-д энэ талаар хэлэхэд А- мөн 1 хонины мах авахаар болж 50.000 төгрөгийг М-гийн данс руу шилжүүлсэн. Сүүлд М-г худлаа ярьж залилж мөнгө авсныг мэдсэн. М- эгч надад А- гэж нэрийг нь хэлсэн боловч мөнгө шилжүүлэн авсан данс нь М- гэх хүний нэртэй данс байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 125-126-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 115-116-р хуудас/,

Хохирогч О.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манай хадам Төмөрхүүгийн найз М- нь “Дундговь аймгаас хямдхан мах авчирч зарж байна” гэж хэлэхээр нь хямдхан мах авах санаатай М- эгчээс мах зарах гэж байгаа хүний дугаарыг авч холбогдоход эмэгтэй хүн /М-/ аваад “50.000 төгрөгөөр бүтэн мах зарж байна” гэхээр нь би төрсөн эгч О.Энхсаруулын 5630213121 гэсэн Хаан банкны данснаас түүний өгсөн ... гэсэн Хаан банкны дансны дугаарыг авч тухайн өдрөө 50.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш М-гийн утас нь холбогдох боломжгүй, ор сураггүй алга болохоор нь М- эгчтэй холбогдоод асуухад  “би тэр эмэгтэйд /М-/ залилуулсан” гэхээр нь би Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 142-144, 166-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 115-116-р хуудас/,

 

Хохирогч Ц.О- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “хямдхан мах зарна” гэсэн А- гэх хүний /М-/ 88224276 гэсэн дугаар руу мах авахаар холбогдоод нэг үхрийн мах 130.000 төгрөг, 2 хонины мах 100.000 төгрөгөөр тооцож авахаар болсон. А- /М-/ нь “мax авах гэж байгаа бол эхлээд мөнгөө шилжүүлчих” гэхээр нь дансны дугаарыг нь асуухад “манай ах М-гийн данс байгаа юм” гээд Хаан банкны ... гэсэн дугаарын данс өгсөн. Би тэр дансанд Х.Алтангэрэлийн Хаан банкны 5022609294 гэсэн дугаарын данснаас 230.000 төгрөг шилжүүлсэн. Би ажлынхандаа “хямдхан мах авах” талаар хэлтэл манай ажлын газрын Б- 50.000 төгрөгийг тэр данс руу нь шилжүүлж, 1 хонины мах авахаар болсон. Нөгөөдөр нь буюу 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр манай доод айлын О- үхэр болон хонины мах авахаар 400.000 төгрөг өгсөн байсан. М- О-гаас махны мөнгөө авахдаа ажил дээр нь очоод өөрийгөө “Аззаяа” гэж хэлээд, нягтлангаас нь зарлагын падаан бичүүлж, овог нэрээ бичиж үлдээгээд авч явсан байсан. М-гаас өдөр болгон мах яасан талаар залгаж асуухад “эхлээд гурван өдөр байлгаж байгаад таргалуулаад өгнө” гэж хэлсэн. Дараа нь асуухад “Төв аймагт байгаа, хот руу мах оруулахгүй байна” гэж хэлсэн. Сүүлдээ гар утсаа авахгүй, мессэж бичээд ч хариу өгөхгүй болсон. Би хамт ажилладаг Б-, доод айлын О- нарт мөнгийг нь өөрөөсөө өгсөн. Одоо би М-гаас 680.000 төгрөгийг гаргуулж авмаар байна. “Мах зарна” гэж итгүүлж мөнгө залилж авсанд гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-p хавтас 173-р хуудас/,

Гэрч А.О- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр манай дээд талын айлын О- над руу залгаад “хямдхан мах зарах гэж байгаа хүн байна, та авах уу” гэж хэлэхээр нь О-гаас гар утасны дугаарыг нь авахад 88224276 гэсэн дугаар өгсөн. Би 88224276 гэсэн дугаар руу залгахад залуухан эмэгтэй /М-/ утас аваад “би хүүхдээ харж байна. Дундговь аймагт байна, манай аав, ээж эндээс махыг нь явуулчихна, дүү очоод мөнгийг нь авчихна, манай дүү оюутан байгаа юм, маш яаралтай төлбөрийг нь өгөх гээд хямдхан мах зарж байна” гэхээр нь би нэг үхрийн мах, 10 ширхэг хонины махны урьдчилгаа гэж 400.000 төгрөгийг бэлнээр нөхрийнхөө ажил дээр жижүүрт нь орхисон. Тэр мөнгийг жижүүрээс нь залуухан эмэгтэй /М-/ ирж авсан гэсэн. Бүтэн үхрийн мах 130.000 төгрөг, хонины бүтэн мах 50.000 төгрөгөөр зарна гэж байсан. Удаагүй О- над руу залгаад “уучлаарай нөгөө мах чинь худлаа юм шиг байна, би залилуулсан байна, таны мөнгийг би өгчихье, тэгээд залилсан хүнээсээ би мөнгөө авчихъя” гэж хэлээд надад миний 400.000 төгрөгийг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 22-23-р хуудас/,

Гэрч Ц.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ ...2018 оны 05 дугаар сарын сүүлээр О- “хямдхан мах зарж байна, би авахаар болсон” гэж хэлэхээр нь би 1 хонины махыг 50.000 төгрөгөөр авахаар болж мөнгийг нь Ц.О-д өгсөн. Хэд хоногийн дараа Ц.О- мах худлаа байсан талаар надад хэлээд миний 50.000 төгрөгийг буцааж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 3-p хавтас 169-170-р хуудас/,

Хохирлын баримт /хх-ийн 1-р хавтас 177-179-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 115-116-р хуудас/,

 

Хохирогч Г.О- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөгнө хан” дэлгүүрийн хажууд “Мянган бараа” дэлгүүрийг ажиллуулж байсан. Тэр үед бага насны охинтой, 20 гаран насны эмэгтэйтэй танилцахад тэрээр өөрийгөө “А-” /М-/ гэж хэлсэн. Би тэр эмэгтэйг Т-ын М- гэдэг байсныг сүүлд мэдсэн. Тэрээр А- гэх нэрээр надаас 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “манай ах хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гэж Дундговь аймгаас 3-н хонь авчирч байгаа, бүгдийг нь 200.000 төгрөгөөр өгөх гэж байгаа юм, та авахгүй юм уу” гэж асуусан. Би хямдхан үнэтэй байхаар нь “авъя” гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа “7-н хонь 300.000 төгрөгөөр авчихаач эгчээ, ахын хүүхдийн төлбөр нэхэгдээд яаралтай мөнгө хий гээд байна, та эхлээд мөнгөө шилжүүлчих” гэхээр нь “хонио авч байж мөнгийг чинь өгье” гэж хэлэхэд тэрээр гуйсаар байгаад урьдчилгаа гэж 100.000 төгрөг Хаан банкны “М-” гэсэн нэртэй данс руу шилжүүлж авсан. Мөн тэр орой “хүүхдийнхээ үсийг маргааш авах гэсэн юм, та надад дэлгүүрээс хүнсний юм аваад өгөөч” гэхээр нь би түүнд дэлгүүрээс картаа уншуулж 112.000 төгрөгийн эд зүйлийг авч өгсөн. Мөн тэр өдрөө надаас 48.000 төгрөгийн гэр ахуйн бараа, 97.000 төгрөгийн өмд, цамц “зараад өгье” гэж хэлээд авсан. Маргааш нь ирэхгүй болохоор нь гэрт нь очтол “би танд мөнгийг чинь орой өгнө” гэсэн. Орой нь дахин очтол “маргааш өгнө” гэсэн. Маргааш өглөө нь очтол нүүгээд явсан байсан. Би М-гаас 367.000 төгрөгөө гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 194-195-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Нэр бүхий үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 134.250 төгрөгөөр үнэлэгдэв. /хх-ийн 2-р хавтас 27-28-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 115-116-р хуудас/,

 

Хохирогч Н.Н- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2019 оны 01 дүгээр сарын 26-ны орой 23 цагаас 00 цагийн хооронд зүс таних А- гэх эмэгтэй /М-/ миний Хаан банкны виза картнаас 550.000 төгрөг болон “Самсунг эс-6” маркийн гар утсыг залилж зугтсан. М- бид хоёр оюутан байхдаа ойр дотно харилцаагүй байж байгаад саяхан фэйсбүүкээр холбогдож ойр ойрхон уулзах болсон. Намайг “найзаа, найзаа” гээд дотно харилцаад байсан болохоор би их итгэж байсан. Бид хоёр 2019 оны 01 дүгээр сарын 26-ны орой 23 цагийн үед 3 дугаар сургуулиас такси бариад гэр рүүгээ явж байхдаа тэрээр миний утсыг халаасандаа хийчихсэн дуу сонсож байсан. Би гэртээ ирээд утсаа асуутал “таксинд үлдээчихсэн байна, би гараад аваад ирье” гэж хэлээд гарах үед, манай дүүгийн найз “би араас нь гараад харчихаад ирье” гэж хэлээд гартал аль хэдийнээ явчихсан байсан. 5-10 минутын дараа миний Хаан банкны ... данснаас 30.000 төгрөгний зарлага гарахаар нь М-г миний мөнгийг авч байна гэж мэдээд өөр хүний данс руу мобайл банкаар гүйлгээ хийн шилжүүлэх гэсэн боловч амжаагүй. Миний данснаас 520.000 төгрөгний зарлага гарч 7.000 төгрөг үлдсэн байсан. Би өөрийнхөө 95111406 дугаартай утас руу залгахад утас нь дуудсан боловч утсаа аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 107-108-р хуудас, 3-р хавтас 187-р хуудас/,

Хохирогч Н.Д- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Н.Н- эгч найзтайгаа ирээд “эгчдээ мөнгө байвал өгчих, эгч нь эмчид үзүүлэх гэсэн юм” гэж хэлэхээр нь өөрийн Хаан банкны виза картаа өгсөн. Тэр өдөр цалин ороод картанд 590.000 төгрөг байсан тул Н.Н- эгчдээ картаа өгч явуулсан. Орой 17 цагийн орчимд миний картнаас 20.000 төгрөгийн зарлага гарсан талаар утсанд мессэж ирэхээр нь эгч авч байна гэж бодсон. Шөнө 02 цагийн орчимд эгч Н-, найз А- /М-тай/-тайгаа хамт архи, пиво үнэртүүлсэн байдалтай орж ирсэн. Манай эгч үүднээсээ “найз нь орлоо, найзынхаа гар утсыг өгчих” гэхэд А- /М-/ нь “өө би доор таксинд үлдээсэн байна, хурдхан доошоо буугаад аваад ирье” гэж хэлээд ирээгүй. Хэсэг хугацааны дараа миний Хаан банкны ... гэсэн дугаарын данснаас 550.000 төгрөгийн зарлага гарахаар нь Цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 111-113-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 2-р хавтас 99-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Үнэлэгдэж буй “Самсунг S6” маркийн гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 220.000 төгрөгөөр үнэлэгдэв. /хх-ийн 2-р хавтас 119-120-р хуудас/,

Н.Д- Хаан банкны ... дансны хуулга /хх-ийн 2-р хавтас 104-р хуудас/,

 

Хохирогч Ш.Ц- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2018 оны 08 дугаар сарын 22-ны орой 21 цаг өнгөрч байхад Баянбүрдийн автобусны буудал дээр зогсоод ээжтэйгээ “хашаа түрээслэх” талаар утсаар ярьж байтал хажуу талаас үл таних эмэгтэй /М-/ “чи хашаа түрээслэх гэж байгаа юм уу, хашаагаа олсон уу” гэхээр нь “сая хашаа үзчихээд явж байна” гэхэд “манайх 100-н айлын шинэ замын ойролцоох хашаанд айл буулгах гэж байгаа” гэхээр нь тэр хүний утсыг авсан. Тэрээр надад хэлэхдээ “сарын 50.000 төгрөгөөр хашаанд буулгана” гэж байсан. 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр утсаар холбогдоход М- дансныхаа дугаарыг хэлэхээр нь захиралд дансны дугаарыг нь өгсөн. Захирал Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах гэрээсээ М-гийн ... гэсэн дугаарын данс руу 150.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлсний дараа М- “100-н айлын шинэ замын автобусны буудал дээр хүрээд ир” гээд ярихаар нь очоод 1 цаг гаран хүлээсэн боловч ирээгүй. Тэр өдрөөс хойш М-гийн утас руу нь залгаж, мессэж бичихэд “буцаагаад мөнгөө хийчихье” гэхээр нь дансаа явуулсан боловч миний мөнгийг хийгээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 144-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 2-р хавтас 137-р хуудас/,

Б.О-ийн Хаан банкны 5037185573 дансны хуулга /хх-ийн 2-р хавтас 142-р хуудас/,

 

Хохирогч Б.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 06 дугаар сарын 12, 15-ны “Шуурхай зар” сонинд 2 удаа байр түрээслэх зар өгсөн. 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Т- овогтой М- гэж өөрийгөө танилцуулсан 88224276 гэсэн дугаараас залгаж “Кёкүшюүзан цамхагийн 103 дугаар байрны 6 давхарт 24 тоотод байр түрээслэнэ” гэж над руу олон удаа залгаж ярьсан учир “очиж үзье” гэхэд “би өөрөө Эрдэнэтэд 2 хүүхэдтэйгээ амьдардаг, нөхөр хөдөө ажиллаж байгаа болохоор хүүхэд харах хүнгүй байна, ээж юм уу, эгчээрээ түлхүүр явуулахаар та байраа үзчихээд хариугаа хэлээрэй, би байраа 60 сая төгрөгөөр зарна, бэлнээр төлбөрөө хийх бол 57 саяд зарж болно” гэсэн. Би 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед Кёкүшюүзан цамхагийн байранд очсон. Хажуугийн байрнаас туранхай өндөр эмэгтэй гарч ирээд байрны түлхүүр өгөхөөр нь ороод үзтэл засвартай байр байсан. Би буцааж залгаад “засвартай байна, засвар хийх 3 сая төгрөг хасаад 54 сая төгрөгөөр тохирч болох уу” гэж асуухад “болно” гэж хэлсэн. Тухайн өдөр 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн орчимд эхний нэхэмжилсэн 1.200.000 төгрөгийг Хаан банкны ... гэсэн дугаарын данс руу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Хаан банкнаас шилжүүлсэн. Тэр орой нь М- над руу залгаад “би Эрдэнэт хотод авч байгаа байрны авто зогсоолын мөнгөө өгөх гэтэл миний мөнгө хүрэхгүй байна, та дахин өмнө өгсөн данс руу хийгээд өгөөч, шилжүүлсэн мөнгийг хоёулаа байрны мөнгөнөөс хасаж тооцно” гэсэн учир “Хүннү молл” худалдааны төвийн Хаан банкны АТМ-ээс 400.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт 1.600.000 төгрөг өгчихөөд байрандаа ороод засвараа хийж эхэлсэн. 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тухайн байрны жинхэнэ эзэн Б-ийн төрсөн эгч Оюунгэрэл ирээд “энэ байр манай дүүгийн байр байгаа юм, ямар гэрээ хэлэлцээрээр та нар байранд засвар хийж байгаа юм бэ” гэхээр нь болсон явдлыг яриад М- гэх хүнд залилуулсан болохоо мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 2-p хавтас 178-179-р хуудас/,

Гэрч Ц.Б- мөрдөн байцалтанд мэдүүлэхдээ: ... Кёкүшюүзан цамхагийн 103 дугаар байрны ...байр нь миний эзэмшлийн байр байгаа юм. 2014 онд 57.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус байрыг түрээслэх зар тавьсны дагуу нэг эмэгтэй /М-/ над руу залгаж түрээслэхээр болсон. Би тэр эмэгтэйгээс мөнгө аваагүй. М- “манай байрыг үзмээр байна” гэхээр нь өөрийн төрсөн эгч Амгалантай ярьж “гэрийн түлхүүрийг өгчих” гэж хэлэхээр нь М-д орон сууцныхаа түлхүүрийг өгчихсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 171-172-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 2-р хавтас 165-р хуудас/,

Хохирогч Б.Б-ын мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 2-р хавтас 174-175-р хуудас/,

Шүүгдэгч Т.М-гийн 88224276 дугаарын орсон гарсан дуудлага, мессэжний лавлагаа /хх-ийн 2-p хавтас 192-227-р хуудас/,

 

Хохирогч Г.П- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2018 оны 12 дугаар сарын эхээр үл таних эмэгтэй /М-/ “Солонгос улсын 3 сарын хугацаатай виз 7-10 хоногийн дотор гаргаж өгнө” гэж ярьсан. Тэр хүн /М-/ надад хэлэхдээ “би өөрөө Солонгос улс явах гэж байгаа юм, миний таньдаг хүн виз гаргаж өгдөг, би бичиг баримт бүх зүйлээ өгчихсөн” гэхээр нь “Солонгос улс руу явах боломж байдаг юм бол миний визийг гаргуулаад өгөөч” гэхэд “тэгье” гэхээр нь “хэдэн төгрөг ордог юм, яадаг юм бол” гэж асуухад “2.000.000 гаруй төгрөг орно, хоёр талын 3 сарын онгоцны тийзтэйгээ нийлээд 3.700.000 төгрөг болно” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн “Приус 20” маркийн автомашинаа зараад 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 11 цаг 30 минутын үед нөгөө үл таних эмэгтэйгийн /М-/ данс руу 1.400.000 төгрөгийг автомашин зарсан ченжийнхээ мобайл банкаар шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгө болох 2.200.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 14 цаг 30 минутын үед Их дэлгүүрийн хажууд байх АТМ-ээс эхнэрийнхээ данснаас 2.200.000 төгрөгийг бэлнээр аваад нөгөө эмэгтэйгийн /М-/ данс руу шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны орой 88822480 гэсэн дугаараас нөгөө эмэгтэй /М-/ залгаад “найзад нь 250.000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь “100.000 төгрөг байна” гэж хэлсэн. Би 100.000 төгрөгөө 2018 оны 12 дугаар сарын 13-ны орой 20 цаг 19 минутанд Е-Март дэлгүүрийн АТМ-ээс ... гэсэн дугаарын данс руу шилжүүлсэн. Маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш гар утас нь холбогдохгүй алга болсон. Би анх “Tuvshin Munkhnasan” гэсэн нэртэй эрэгтэй хүний фэйсбүүк хаягаар холбогдож танилцсан. Би түүнд Солонгос улсын виз гаргуулахаар өгсөн 3.700.000 төгрөг, иргэний үнэмлэх, гадаад паспортаа нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-p хавтас 244-247-р хуудас, 3-р хавтас 167-р хуудас/,

Гэрч Ш.Н- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би ... гэсэн дугаартай данстай. Манай гэрт амьдардаг байсан А- /М-/ “хүнд мөнгө зээлүүлсэн юм, тэрийгээ авах гэж байгаа юм, би картаа алга болгочихсон” гээд миний виза картыг авч яваад ирээгүй. Миний Хаан банкны дансанд 1.400.000 төгрөг орж ирээд бага, багаар гараад дууссан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-p хавтас 250-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 2-р хавтас 238-р хуудас/,

Ш.Н-ийн Хаан банкны ... дугаартай дансны хуулга /хх-ийн 3- р хавтас 9-р хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: Ганбаатарын П-ийн Е1580669 дугаартай гадаад паспортыг Т.Мөнхбаясгалангаас хураан авч, Г.П-ид хүлээлгэн өгөв. /хх-ийн 3-р хавтас 168-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн 19-215 дугаартай үнэлгээний тайланд: Нэр бүхий үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 54.300 төгрөгөөр үнэлэгдэв. /хх-ийн 3-р хавтас 190-191-р хуудас/,

Хохирогч Г.П- нь А.М-гийн Хаан банкны 5018204001 дугаартай харилцах данснаас шүүгдэгч Т.М-гийн данс руу мөнгө шилжүүлсэн /хх-ийн 3- р хавтас 3-р хуудас/,

Хохирогч Г.П- нь Ц.Б-ийн Хаан банкны 5098138789 дугаартай харилцах данснаас шүүгдэгч Т.М-гийн данс руу мөнгө шилжүүлсэн /хх-ийн 3- р хавтас 5-р хуудас/,

Хохирогч М.А- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Манай ээж П.М- Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 1 давхарт барааны дэлгүүр ажиллуулдаг. Би ээжийн дэлгүүрээр орж гарч байгаад нийтийн байранд түрээсээр амьдарч байсан А- /М-/ гэх охинтой танилцсан. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр А- /М-/ “Улсын Их Хурлын гишүүн Долгорын хамаатан, Засгийн газраас зарласан түрээсийн байранд оруулж өгье, урьдчилгаа болох 5 сая төгрөг өгчих” гэхээр нь “тэр байранд орчих юмсан” гэхэд “ямар ч байсан урьдчилгаа мөнгөө өгчих, би бүтээгээд оруулаад өгье” гээд надаар өргөдөл бичүүлж авсан. Би тэр үед “хамаатан гэж үнэн юм байх даа” гэж бодоод түүнд итгэж, ажлаасаа цалингийн зээл 1,0 сая төгрөг аваад, М-гийн данс байсан. Би хэний данс болохыг асуухад “манай нөхөр Т.М-гийн данс байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд би захирал Оргихбаярыг гуйгаад түүний данснаас Т.М-гийн данс руу 1,0 сая төгрөг шилжүүлсэн. Дараа нь цувуулж 500.000 төгрөгийг бэлнээр А- /М-/-д өгсөн. Ингээд байрны урьдчилгаа гэж нийт 1.500.000 төгрөгийг түүнд өгсөн. 2018 оны 05 дугаар сард “хоёулаа хамтарч адууны дэл сүүл авч тоноод гэрийн хошлон, дээс хийж заръя” гэсэн. М- надаас эхлээд 200.000 төгрөг, 290.000 төгрөгийг “дэл сүүлээ авъя” гээд авч яваад авчирсан. Авч ирсэн дэл сүүлээр нь бид хоёр дээс, гэрийн хошлон хийсэн. М- хийсэн дээс, гэрийн хошлонгоо “зарчихаад ирье, тэгээд танд мөнгөө өгнө” гэж хэлж авч яваад эргэж ирээгүй. Мөнгө ч байхгүй, хошлон, дээс ч байхгүй болсон. Дараа нь 2018 оны 05 дугаар сарын эхээр “200.000 төгрөгөнд 4 ширхэг хонь өгнө, Дундговь аймгаас авчирна” гэж хэлээд надаас бэлнээр 200.000 төгрөг аваад явсан. 10 гаран хоногийн дараа нэг хонь надад авчирч өгсөн. Харин нөгөө 3 хонио өгөөгүй. Би М-д залилуулсан 2.140.000 төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 3-p хавтас 31-32-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 3-р хавтас 26-р хуудас/,

 

Хохирогч М.У- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 16-17 цагийн орчимд манай төрсөн эгч М.А- над руу залгаад “хямдхан хонины мах зарж байна гэнэ, авах уу” гэхээр нь “хаана, хэн зарж байгаа юм бэ” гэхэд хажуудах хүндээ утсаа өгсөн. Тэр хүн нь эмэгтэй хүн /М-/ байсан. Тэр хүн /М-/ нь “манай эгч хөдөөнөөс хямдхан мах зарж байгаа, та авах юм уу, авна гэвэл мөнгөө эхлээд явуулчих, махаа дараа нь аваарай” гэхээр нь “хэдээр зарж байгаа юм бэ” гэхэд “200.000 төгрөгөнд 5 хонины мах өгнө” гэсэн. Би тэр хүний утасны дугаарыг асуухад 88224276 гэсэн дугаар хэлсэн. Би “мах авъя” гээд дансны дугаарыг нь асуухад ... гэсэн дугаар өгсөн. Тэр дансны дугаар нь Т.М- гэх хүний нэр дээрх данс байсан. Би 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 19 цаг 28 минутанд интернет банк ашиглан тэр дансанд мөнгийг нь шилжүүлсэн. Би М-д мөнгө шилжүүлсэн талаараа хэлээд “махаа авъя” гэхэд “маргааш, нөгөөдөр аваарай” гэх мэтээр худал хэлээд яваад байсан. Сүүлдээ эгчээсээ хэн гэдэг хүн болохыг асуухад “түрээсийн байрны хүн, нэрийг нь А- гэдэг” гэж хэлж байсан. Тэгтэл А- гэх хүн нь М- гэдэг хүн байсан. Нэрээ худал хэлж “хямдхан мах зарна” гэж хүмүүсийг залилсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 3-p хавтас 50-51-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 3-р хавтас 26-р хуудас/,

Хохирогч М.У-ын дансны хуулга /хх-ийн 3-р хавтас 54-р хуудас/

Т.М-гийн 95101243 дугаарын гадагш ярьсан дуудлага, илгээсэн мессежний лавлагаа /хх-ийн 3-р хавтас 65-р хуудас/

Т.М-гийн 80119906 дугаарын орсон гарсан дуудлагын лавлагаа /хх-ийн 3-р хавтас 70-72-р хуудас/,

 

Хохирогч Ж.Х- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн хүүхдийн тасагт хүүхэдтэйгээ хэвтэн эмчилгээ хийлгэж эхэлсэн. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хамт хэвтэн эмчлүүлж байсан А- /М-/ миний гар утсыг гуйгаад “юм үзье” гээд байхаар нь “Iphone-6” маркийн гар утсаа өгсөн. Тэрээр “таны ID кодыг харъя, би утсаа алга болгочихсон, олддоггүй юм байна лээ” гээд байсан. Тухайн үед би юм бодоогүй. Маргааш нь дахин “гар утсаа өгч байгаач” гээд миний гар утсыг авснаа “цэнэг чинь дуусаж байгаа юм байна, манай өрөөнд залгуур байхгүй болохоор тарианы өрөөнд гуйж цэнэглэдэг юм, би ороод цэнэглээд өгье” гэхээр нь гар утас болон цэнэглэгчээ ширээн дээр тавьчихсан чинь аваад явсан. Би физик эмчилгээнд хүүхдээ эмчлүүлж гарч ирээд гар утсаа хайтал алга болсон байсан. Тэгээд А-гийн /М-/ гар утас руу залгатал утсаа авахгүй болохоор нь өөрийнхөө дугаар руу залгатал мөн л холбогдох боломжгүй байсан. Тэр өдөр А- /М-/ “эмнэлгээс гарна” гэж хэлж байсан нь санаанд ороод “эмнэлгээс гарахдаа миний утсыг үлдээсэн байлгүй” гэж бодсон боловч аваад явсан байсан. Би 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Iphone-6” маркийн саарал өнгийн гар утсыг шинээр нь 430.000 төгрөгөөр худалдаж авсан тул энэ үнээр нь нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 97-98-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 3-р хавтас 87-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд:  Үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зах зээлийн нийт үнэлгээгээр нийт 344.000 төгрөгөөр үнэлэгдэв. /хх-ийн 3-р хавтас 100-101-р хуудас/,

 

Хохирогч Б.О- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр таксинд явж байхад үл таних эмэгтэй /М-/ орж ирж суусан. Явах замдаа өөрийгөө “А-” гэж танилцуулаад “Америк Нэгдсэн Улсад сурч байгаад ирсэн, удахгүй 03 дугаар сарын сүүлээр буцаж явна, би визээ өөрийн хамаатаны ах “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин Шагайгаар гаргуулсан, манай ах Америк Нэгдсэн Улсын Элчин сайдын яаманд таньдаг хүмүүстэй, тэр хүмүүс нь жилдээ 3 хүний л виз гаргадаг, хүсвэл чиний визийг яриад өгье” гэж хэлээд утасны дугаараа өгсөн. Би 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Америк Нэгдсэн Улсын визний ярилцлаганд ороод тэнцэлгүй цагаан хуудас авч гарч ирсэн. Тэр үед таксинд танилцсан А- /М-/ фэйсбүүкээр “ярилцлага чинь юу болсон бэ, би Шагай ахтай яриад өгөх үү” гэсэн чат бичсэн байхаар нь “цагаан хуудас авчихсан, тэгсэн ч болдог юм уу” гэхэд “болно оо, эхний ээлжинд 1.500.000 төгрөг өгчих, дараа нь Шагай ах чамтай уулзаж гэрээ байгуулаад мөнгөө авна” гэж хэлсэн. Би 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо Барс захын АТМ-ээс ... гэсэн дугаарын данс руу 500.000 төгрөг, мөн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо Барс захын АТМ-ээс ... гэсэн дугаарын данс руу 1.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Үүний дараа А- /М-/ надтай холбогдоод миний иргэний үнэмлэхний хуулбар, гадаад пасспортыг эх хувиар нь авсан. Мөнгө авснаас хойш 4-5 хоногийн хугацаа өнгөрөөд сураггүй алга болчихоор нь залгаад “виз юу болсон бэ” гэж асуухад “визийг чинь паспорт дээр наачихсан байгаа гол нь тамга дарах дутуу байна” гэж хэлсэн. Би үлдэгдэл 500.000 төгрөгийг нь өөрийн найзаасаа зээлж дансаар шилжүүлсэн. Сүүлд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо ТБД андуудын орчимд үлдэгдэл 5.000.000 төгрөг авчирч өгсөн. Тэр үед А- /М-/ “надад notebook олоод өг, хэрэглэчихээд өгнө” гэхээр нь хүний notebook авчирч өгсөн. Тэр өдрөөс хойш худал хэлсээр байгаад алга болсон. М- худалж хэлж намайг хуурсанаас болж би 5.430.000 төгрөгөөр хохирсон ба хүүнд 483.000 төгрөг, нийт 5.913.000 төгрөгөөр хохирсон тул гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 134-135-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 3-р хавтас 126-р хуудас/,

Хохирлын баримтууд /хх-ийн 3-р хавтас 146-150-р хуудас/,

 

 Шүүгдэгч Т.М- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд амьдардаг ээжийн төрсөн дүү Наранбаатарын гэрт охиноо дагуулан очиж хоносон. Маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө орны хөндийгөөс цүнхээ авахдаа газарт унасан байсан А- эгчийн Хаан банкны виза картыг өөрийнхөө карт гэж бодоод андуурч авч явсан. Тэгээд өөрийнхөө картнаас мөнгө авах гэж байгаад картыг нь андуурч авснаа мэдээд картны үлдэгдэлийг шалгахад 3.200.000 төгрөг байсан. Би бүх мөнгийг өөрийн Хаан банкны ... гэсэн дугаарын данс руу шилжүүлэн авсан. Картны нууц дугаарыг А- эгчийн хүүхдээс асууж мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 94-96-р хуудас/,

...Би охиныхоо хамт 2018 оны 05 дугаар сард Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд 1 өрөө хөлсөлж суусан. Уг нийтийн байрны 1 давхарт барааны дэлгүүр байдаг. Тус барааны дэлгүүрийн эгчийг М- гэдэг юм. Би М- эгчийн дэлгүүрээс хүүхдийн хувцас, тоглоом, гэр ахуйн бараануудыг зээлж авсан. Мөн бэлнээр 20.000 төгрөг авсан. Мөн М- эгчийн нөхөр А- ахаас 60.000 төгрөгний гурил, будаа, бэлнээр 18.000 төгрөг авсан. Би эрхэлсэн тодорхой ажилгүй, 3 настай охинтой. Охиноо тэжээх шаардлагатай байсан учир “дараа нь өгнө” гэж худал хэлж мөнгө авсан. Манай гэрийнхэн намайг А- гэж дууддаг тул би хүмүүст өөрийгөө “А-” гэж танилцуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 74-76-р хуудас/,

...2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр М- эгчийн найз Төмөрхүүгийн бэр А- над руу залгаад “Э-эс сонссон юм, хямдхан мах зарах юм уу” гэхээр нь “тийм ээ, мөнгөний хэрэг болоод хөдөөнөөс хямдхан мах авчирч зарж байгаа юм, авбал мөнгөө эхлээд хийчих” гээд өөрийн Хаан банкны ... гэсэн дугаарын дансаа өгөхөд 50.000 төгрөг шилжүүлсэн. Би А-д “нэг хонины мах 50.000 төгрөгөөр хямдхан зарна” гэж хэлсэн. Үнэндээ надад зарах ямар ч мах байгаагүй, мөнгө хэрэгтэй байсан учраас тэр хүнд мах зарна гэж итгүүлж 50.000 төгрөгийг нь залилж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-p хавтас 130-132-р хуудас/,

...Би 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр М- эгчийн найз Төмөрхүүгийн бэр Э-д “Дундговь аймгаас хонины мах ирж байгаа, хямдхан зарна” гээд өөрийн Хаан банкны ... гэсэн дугаарын дансаа өгч 50.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Надад зарах хямдхан мах байгаагүй. Байрны түрээсийн мөнгө өгөх гээд надад мөнгө хэрэгтэй байсан учраас би худал хэлж Э-эс мөнгө авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 161-163-р хуудас/,

...2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр М- эгчийн найз Төмөрхүү эгчийн ажлын газрын дарга гэх хүнд “хямдхан мах зарна” гэж худал хэлж өөрийн Хаан банкны ... гэсэн дугаарын дансанд 230.000 төгрөгийг хийлгэж авсан. Дараа нь найз нь гэх хүн “мах авна” гэхээр нь 400.000 төгрөгийг бэлнээр Моносын ойролцоох ажил дээрээс нь очиж авсан. Бас нэг ах “мах авна” гэхээр нь 50.000 төгрөгийг дансандаа хийлгэж авсан. Би тэр гурван хүнээс нийт 680.000 төгрөгийг “хөдөөнөөс хямдхан мах ирж байгаа, ахын хүүхэд оюутан учраас төлбөр нь нэхэгдээд махаа хямдхан зарж байгаа юм, авах гэж байгаа бол урьдчилгаа эхлээд өгчих” гэж хэлээд мөнгийг нь авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 183-185-р хуудас/,

...Дэлгүүрийн эгч О-аас “Дундговь аймгаас хямдхан мах авчирч өгнө” гэж худлаа хэлж итгүүлээд 100.000 төгрөгийг урьдчилгаа болгон өөрийн Хаан банкны ... гэсэн дугаарын данс руу шилжүүлэн авсан. Дараа нь “хүүхдийн үсний найр болох гэж байгаа юм, мөнгө зээлээч” гээд дэлгүүрээс нь 19.800 төгрөгний бараа авсан. Мөн таньдаг дэлгүүрээс нь 112.000 төгрөгийн хүнсний зүйлийг авахуулсан. Мөнгийг нь тэр эгч төлсөн. Бас “хоёр өмд, нэг цамц зараад өгье” гэж хэлээд авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 205-207-р хуудас/,

...Н- “хоёулаа нэг газар сууж жаахан юм ууя” гээд бид хоёр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 3 дугаар сургуулийн баруун талын байрны үзүүрт байх пабд орж суугаад 0.5 литрийн савлагаатай архи аваад, хоёулаа уугаад сууж байгаад бид хоёр 23 цаг өнгөрч байхад гарч такси барьсан. Н-г гэрт нь хүргэж өгөөд оруулахдаа таксины жолоочид “би буцаад явна” гэхэд “та хоёр согтуу байна, эд зүйлээ үлдээ” гэхээр нь Н-гийн утас болон өөрийн гар утсыг үлдээсэн. Н-г оруулж өгөхөд тэрээр “миний утас хаана байна” гэхээр нь “гараад аваад ирье” гэж хэлээд гарсан. Таксины жолоочид “мобайлаар төлбөрөө хийе” гэхэд “бэлнээр нь авна” гэсэн тул ойролцоох Хаан банкны АТМ-ээс Н-гийн дүүгийнх нь картнаас 550.000 төгрөг аваад таксины мөнгийг нь өгчихөөд шууд гэртээ хүргүүлсэн. Тухайн үед надад мөнгө нь байсан боловч дараа нь үзэхэд алга болсон байсан. Би Н-тэй хамт Олимп хотхон орж хүнд үзүүлэх гээд явж байхад Н- надад картныхаа нууц дугаарыг өгч 20.000 төгрөг АТМ-ээс авахуулсан тул нууц кодыг нь мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 124-127-р хуудас/,

...Би 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Дэнжийн мянгад анх Ц-тэй тааралдаад микронд хамт суухад тэрээр “найздаа дугаараа өгчих, чи хашаа олвол надад хэлээрэй” гээд миний утасны дугаарыг авсан. Ц- маргааш нь над руу залгаад “хашаа олсон уу” гэж асуухаар нь “олсон” гээд 150.000 төгрөг шилжүүлж авсан. Уг нь би хойд талын хашаанд суулгуулахаар эзэнтэй нь ярьсан боловч ганц бие эмэгтэй байлгахгүй гэсэн учир бүтээгүй. Ингээд мөнгийг нь хувьдаа хэрэглэчихсэн болохоор дахин ярьж чадаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 158-р хуудас/,

...2018 оны 06 дугаар сарын 12, 15-ны өдөр бусдаас түрээслэн өөрийн мэдэлд байлгасан байраа хууран мэхлэх зорилготойгоор “Шуурхай зар” сонинд байршуулсан байсан бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 12, 15-ны өдрүүдэд зарын дагуу эрэгтэй хүн над руу залгаж байрны талаар асуусан. 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 88104965 гэсэн дугаараас Кёкүшюүзан цамхагийн ... тоот байрыг үзүүлэн өөрийн Хаан банкны ... гэсэн дугаартай дансанд 1.200.000, 400.000 төгрөгийг урьдчилгаа гэж шилжүүлэн авсан. Шилжүүлж авсан мөнгөө би хэрэгцээндээ зарцуулсан...гэх мэдүүлэг/хх-ийн 2-p хавтас 184-185-р хуудас/,

...Би П-той анх 2018 оны 12 дугаар сард фэйсбүүкээр танилцаж байсан. Би П-ид “Солонгос Улсын 3 сарын хугацаатай виз гаргаж өгнө” гэж хэлээд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн үед 1.400.000 төгрөг Н- эгчийн дансаар авсан. Тэр орой нь Их дэлгүүрийн ойролцоо 2.200.000 төгрөг бэлнээр авсан. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 100.000 төгрөг өөрийн Хаан банкны дансаар авсан. Би П-ид “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гээд нийт 3.700.000 төгрөг авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 3- р хавтас 15-16-р хуудас/,

...Надад байрны түрээсийн төлбөр төлөх шаардлага гарсан учраас А- эгчид “би Улсын Их Хурлын гишүүн Долгорын хамаатан, Засгийн газраас зарласан түрээсийн байранд оруулж өгье, урьдчилгаанд нь 5,0 сая төгрөг өгчих” гэж итгүүлж хуурч мэхлэн өргөдөл бичүүлж аваад өөрийн Хаан банкны ... гэсэн дугаарын дансанд 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Надаар АТМ-ээс гаргуулж аваад 480.000 төгрөгийг надад өгөөд үлдсэнг нь өөрөө авсан. Дараа нь бэлнээр цувуулж 200.000 гаруй төгрөг авсан. Би А- эгчид “түрээсийн байранд хамруулж өгнө” гэж итгүүлэн 700.000 гаруй төгрөгийг авсан байсан. 2018 оны 05 дугаар сард “гэрийн хошлон, дээс хийж заръя” гээд 100.000 төгрөг авч, түүгээрээ материал авсан. Хийсэн зүйлсээ зараад 290.000 төгрөг олсон. Тэр мөнгөнөөс би А- эгчид 100.000 төгрөгийг нь буцааж өгөөд, би 90.000 төгрөгийг нь авсан. Үлдсэн 100.000 төгрөгөнд нь “хонины мах хямдхан өгнө” гээд авсан. А- эгчийг хуурч мэхлэн 2.140.000 төгрөгийг залилж авсан нь үнэн...гэх мэдүүлэг /хх-ийн 3-p хавтас 41-43-р хуудас/,

...Би М- эгчийн охин У-д “5 ширхэг хонины мах 200.000 төгрөгөөр өгнө” гэж хэлж 200.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... гэсэн дугаарын дансандаа шилжүүлж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 58-60-р хуудас/,

...2018 оны 10 дугаар сарын дундуур охин М.Энэрэлийн бие өвдөөд охины хамт Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн 14-р палатанд 10 гаруй хоног хэвтэн эмчлүүлсэн. Бид хоёрын эмчилгээ дуусч эмнэлгээс гарах гэж байхад Х- “миний гар утсыг сувилагч нарын өрөөнд цэнэглээд үлдээчихээрэй” гэж хэлээд хүүхдээ утлаганд оруулахаар явсан. Би Х-ы хар саарал өнгийн “lphone-6” маркийн гар утсанд өөрийн сим картаа хийж барина гэж бодоод эмнэлгээс гарахдаа аваад явсан. Нэг өдрийн дараа автобусанд явж байхдаа хулгайд алдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 106-107-р хуудас/,

...Би 2018 оны 03 дугаар сард байх таксинд сууж явахдаа жолооч залуутай танилцаж өөрийгөө “А-” гэж танилцуулсан. Хүрэх газартаа очоод буух гэтэл тэрээр “дугаараа өгчих, хэр удах юм, буцаагаад хүргээд өгье” гэсэн. Би дүү Сайнбаттай уулзаад шөнө 00 цагийн орчимд пабд сууж байхад жолооч залуу над руу залгаад “болж байгаа юм уу” гэхээр нь “болох гэж байна, хүлээж байгаа юм уу” гэж асуухад “хүлээж байя” гэсэн. Би пабаас гараад жолооч залуугаар гэртээ хүргүүлсэн. Маргааш нь тэрээр над руу залгаад “уулзая” гээд байхаар нь уулзаагүй. Дараа нь дүү Сайнбаттай хамт тэр ахтай уулзахад өөрийгөө Пүүжээ гэж танилцуулж байсан. ...Над руу залгаад “юу хийж байна” гэж ярьдаг болсон ба өөрийгөө “эхнэр, хүүхэдгүй” гэж хэлдэг байсан. О-тай утсаар ярьж байхад “Америк Нэгдсэн улс, Солонгос улс руу явахаар хөөцөлдөж байгаа, хоёулаа хамт явъя” гэж хэлж байсан. Надад мөнгөний хэрэг болоод О- руу утсаар ярихад “надад мөнгө байгаа, түр зээлж авах уу” гэхээр нь өөрийнхөө ... гэсэн дугаарын дансаар 240.000 төгрөг авсан. Дараа нь дахин утсаар ярьж байгаад манай найзад нөүтбүүк хэрэг болоод байгаа талаар хэлэхэд “би хүнээс асуугаад өгье” гэж хэлэхээр нь ТБД андуудын ойролцоо уулзаад хар өнгийн цүнхтэй нөүтбүүк байсныг О-аас аваад хэрэглэж дуусахаараа өгнө гэж хэлсэн. Би 1.000.000 төгрөг болон 500.000 төгрөг аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 153-155-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Т.Отгонбаярын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 18-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 27, 90-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 30-р хуудас, 2-р хавтас 229-р хуудас, 3-р хавтас 11-р хуудас/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 510 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 83-85-р хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 89, 238-р хуудас/, гэрч Т.Мөнхбаясгалангийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 235-р хуудас, 2-р хавтас 25, 69-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 3-р хавтас 143-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.М-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гэм буруугийн талаар.

 

          1. Хулгайлах гэмт хэргийн талаар:

          Шүүгдэгч Т.М- нь 2018 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод хохирогч С.А-ын Хаан банкны виза картыг авч, данснаас нь 3.200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч С.А-ын ....2018 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Т.М- миний гар цүнхнээс Хаан банкны виза картыг хулгайлан 3.200.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлсэн байсан. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө миний гар утсанд 3.200.000 төгрөг М-гийн данс руу орсон мэдээлэл ирсэн. Би тэр мөнгийг тархины хагалгаанд орохдоо ашиглах гэж байсан юм. Би тухайн үед эмнэлгийн орны оочер хүлээж байсан. Үүнийг Т.М- сайн мэдэж байгаа. Т.М-д мөнгөө алдсаны маргааш эмч намайг дуудаж “эмнэлэгт хэвтэж хагалгаанд ор” гэсэн боловч би хагалгааны төлбөргүй болсон тул хагалгаагаа 21 хоногоор хойшлуулаад Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хаан банкнаас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 4.500.000 төгрөгийн зээл авч, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хагалгаанд орсон. Уг зээл одоог хүртэл төлөгдөөгүй байгаа. Миний бие хагалгаанд орсны дараа улам муудаж хувийн эмнэлэгт удаа дараа хэвтэн эмчлүүлсэн. Би өнөөдрийг хүртэл эмчлүүлж байгаа. Би Гуравдугаар эмнэлэгт 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр эмч нарын зөвлөгөөнөөр ороход “дахин хагалгаанд орох шаардлагатай” гэж зөвлөсөн. Би 320.000 төгрөгөөр тархины имрай авахуулахад мөн л “хагалгаанд орох шаардлагатай, амь насанд чинь аюултай ч байж магадгүй, өмнөх хагалгаанаас хүнд хагалгаа болно” гэж хэлсэн. Надад 3.200.000 төгрөгнөөс гадна маш их хэмжээний зардал гарч байсан. Гэхдээ би үүнийг нэхэмжлэхгүй, зөвхөн 3.200.000 төгрөгөө л Т.М-гаас нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Гэрч Т.Бат-Эрдэний ...М- над руу 95109888 гэсэн дугаарын утсаар залгаад “ээж чинь надад кодоо хэлээд картаа өгч явуулсан юм. Гэтэл би кодыг нь мартчихлаа, хурдан кодыг нь хэлээд өгөөч, би дэлгүүрээс гарах гээд байна” гэхээр нь би ээжийн виза картны нууц кодыг хэлсэн. Хэсэг хугацааны дараа манай ээж над руу залгаад “Т.М- миний виза картыг хулгайлаад явсан байна. Картнаас өөрийнхөө данс руу мөнгө шилжүүлчихлээ” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 63-67-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 2-р хавтас 48-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Үнэлэгдэж буй Хаан банкны виза карт нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 5.000 төгрөгөөр үнэлэгдэв. /хх-ийн 2-р хавтас 75-76-р хуудас/,

С.А-ын Хаан банкны 5464100193 дугаартай дансны хуулга: 2018 оны 11-р сарын 26-ны өдөр ... /Т.М-гийн/ данс руу 3.200.000 төгрөг шилжүүлсэн зарлага /хх-ийн 2-р хавтас 81-р хуудас/,

 

           Залилах гэмт хэргийн талаар:

 Шүүгдэгч Т.М- нь:

           1. 2018 оны 05 дугаар сард Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, ... дугаар гудамжинд үйл ажиллагаа явуулдаг хохирогч П.М-ын дэлгүүрээс 233.900 төгрөгийн бараа, бэлнээр 83.000 төгрөг, П.М-ын нөхөр Г.А-ээс 82.600 төгрөгийг тус тус залилан авч, бусдад 399.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч П.М-ын ...Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны 4 дүгээр гудамжинд нийтийн байрны доод талд дэлгүүр түрээслэдэг. Т.М- тухайн байрны 2 давхарт амьдардаг байсан. Т.М- надтай танилцаад  “хүүхдийнхээ мөнгийг буухаар өгье. Манай нөхөр урд том тэрэг барьдаг, удахгүй мөнгө явуулна гэсэн” гээд нийт 233.900 төгрөгийн бараа болон бэлнээр 83.000 төгрөг авсан. Мөн манай нөхрөөс 82.600 төгрөг авсан байсан. Би Т.М-гаас 399.500 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Гэрч Г.А-ийн ...Т.М- надаас “автобусны мөнгө өгөөч, эм тариа авах гэсэн юм мөнгө зээлээч” гэх мэтээр 7 удаагийн үйлдлээр 82.600 төгрөгийг зээлж авсан боловч өгөлгүй байрнаасаа нүүгээд явчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 22-23-р хуудас/,

 “Дамно” ХХК-ийн  хөрөнгийн үнэлгээний тайланд: Нэр бүхий үнэлэгдэж буй эд зүйлсийг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 05 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 246.080 төгрөгөөр үнэлэгдэв. /хх-ийн 1-р хавтас 80-81-р хуудас/,

 

2. 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Б.А-ыг хуурч “Дундговь аймгаас хямдхан мах авчирч зарна” гэж Хаан банкны ... дугаарын дансаараа 50.000 төгрөг шилжүүлэн залилан, 50.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.А-ын ...Манай найз Э- надад “хүн мах зарж байна авах уу” гэхээр нь “ямар үнэтэй вэ” гэж асуухад “1 хонины мах 50.000 төгрөг” гэхээр нь авахаар болоод “М-” гэх хүний данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 122-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 115-116-р хуудас/,

 

3. 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн ... тоотод оршин суух хохирогч О.Э-ийг хуурч  “Дундговь аймгаас хямдхан мах авчирч зарна” гэж өөрийн Хаан банкны ... дугаарын данс руу 50.000 төгрөг шилжүүлэн залилан авч,  50.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч О.Э-ий ...2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манай хадам Төмөрхүүгийн найз М- нь “Дундговь аймгаас хямдхан мах авчирч зарж байна” гэж хэлэхээр нь хямдхан мах авах санаатай М- эгчээс мах зарах гэж байгаа хүний дугаарыг авч холбогдоход эмэгтэй хүн /М-/ аваад “50.000 төгрөгөөр бүтэн мах зарж байна” гэхээр нь би төрсөн эгч О.Энхсаруулын 5630213121 гэсэн Хаан банкны данснаас түүний өгсөн ... гэсэн Хаан банкны данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 142-144, 166-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 115-116-р хуудас/,

 

4. 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Дундговь аймгаас хямдхан авчирч зарна” гэж хохирогч Ц.О-г хуурч, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Park nine garden villa” хотхоны ... тоотод оршин суух гэрээсээ мөнгө шилжүүлж, өөрийн Хаан банкны ... гэсэн дугаарын дансаар 230.000 төгрөг шилжүүлж авсан. 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо ... тоотод байрлах “Мишээл” эмнэлэг дээрээс бэлэн 400.000 төгрөгийг залилан авч, нийт 680.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ц.О-гийн ...2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “хямдхан мах зарна” гэсэн А- гэх хүний /М-/ 88224276 гэсэн дугаар руу мах авахаар холбогдоод нэг үхрийн мах 130.000 төгрөг, 2 хонины мах 100.000 төгрөгөөр тооцож авахаар болоод 230.000 төгрөгийг Т.М-гийн данс руу шилжүүлсэн. Би ажлынхандаа “хямдхан мах авах” талаар хэлтэл манай ажлын газрын Б- 50.000 төгрөг тэр данс руу нь шилжүүлж, 1 хонины мах авахаар болсон. 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр манай доод айлын О- үхэр болон хонины мах авахаар 400.000 төгрөг өгсөн байсан. ...Би хамт ажилладаг Б-, доод айлын О- нарт мөнгийг нь өөрөөсөө өгсөн. Би М-гаас 680.000 төгрөгийг гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-p хавтас 173-р хуудас/,

Гэрч А.О-гийн ...Би нэг үхрийн мах, 10 ширхэг хонины махны урьдчилгаа гэж 400.000 төгрөгийг бэлнээр нөхрийнхөө ажил дээр жижүүрт нь орхисон. Тэр мөнгийг жижүүрээс нь залуухан эмэгтэй /М-/ ирж авсан гэсэн. ...О- над руу залгаад “уучлаарай нөгөө мах чинь худлаа юм шиг байна. Би залилуулсан байна. Таны мөнгийг би өгчихье. Залилсан хүнээсээ би мөнгөө гаргаад авчихъя” гэж хэлээд миний 400.000 төгрөгийг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 22-23-р хуудас/,

Гэрч Ц.Б-ийн ...2018 оны 05 дугаар сарын сүүлээр О- “хямдхан мах зарж байна, би авахаар болсон” гэж хэлэхээр нь би 1 хонины махыг 50.000 төгрөгөөр авахаар болж мөнгийг нь Ц.О-д өгсөн. Хэд хоногийн дараа Ц.О- мах худлаа байсан талаар надад хэлээд миний 50.000 төгрөгийг буцааж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 3-p хавтас 169-170-р хуудас/,

Хохирлын баримт /хх-ийн 1-р хавтас 177-179-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 115-116-р хуудас/,

 

5. 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийгөө “А-” гэж хохирогч Г.О-д танилцуулж, “Дундговь аймгаас хямдхан мах авчирч зарна” гэж хуурч нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “1000-н нэрийн бараа” дэлгүүрт байхдаа өөрийн Хаан банкны ... дансаар 100.000 төгрөг, мөн тэр өдрөө “хүүхдийнхээ үсийг авна, дэлгүүрээс хүнсний бараа аваад өгөөч” гэж 112.000 төгрөгийн хүнсний бараа авахуулсан, мөн 134.250 төгрөгийн барааг тус тус залилан авч, нийт 346.250 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г.О-ын ...М- 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “манай ах хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гэж Дундговь аймгаас 3-н хонь авчирч байгаа, бүгдийг нь 200.000 төгрөгөөр өгөх гэж байгаа юм, та авахгүй юм уу” гэж асуусан. Би хямдхан үнэтэй байхаар нь “авъя” гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа “7-н хонь 300.000 төгрөгөөр авчихаач эгчээ, ахын хүүхдийн төлбөр нэхэгдээд яаралтай мөнгө хий гээд байна, та эхлээд мөнгөө шилжүүлчих” гэхээр нь “хонио авч байж мөнгийг чинь өгье” гэж хэлэхэд тэрээр гуйсаар байгаад урьдчилгаа гэж 100.000 төгрөг Хаан банкны “М-” гэсэн нэртэй данс руу шилжүүлж авсан. Мөн тэр орой “хүүхдийнхээ үсийг маргааш авах гэсэн юм, та надад дэлгүүрээс хүнсний юм аваад өгөөч” гэхээр нь би түүнд дэлгүүрээс картаа уншуулж 112.000 төгрөгийн эд зүйлийг авч өгсөн. Мөн тэр өдрөө надаас 48.000 төгрөгийн гэр ахуйн бараа, 97.000 төгрөгийн өмд, цамц “зараад өгье” гэж хэлээд авсан. Маргааш нь ирэхгүй болохоор нь гэрт нь очтол “би танд мөнгийг чинь орой өгнө” гэсэн. Орой нь дахин очтол “маргааш өгнө” гэсэн. Маргааш өглөө нь очтол нүүгээд явсан байсан. Би М-гаас 367.000 төгрөгөө гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 194-195-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд Нэр бүхий үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 134.250 төгрөгөөр үнэлэгдэв. /хх-ийн 2-р хавтас 27-28-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 115-116-р хуудас/,

 

6. 2019 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамж 401а тоотын гадна Н.Н-гийн гap утсыг “гадаа таксинд үлдээсэн байна, аваад ирье” гэж хэлээд  “Самсунг эс-6” маркийн гар утсыг авч явж, улмаар хохирогч Н.Д- ... гэсэн дугаарын виза картнаас 550.000 төгрөгийг залилан авч, нийт 770.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Н.Н-гийн ...2019 оны 01 дүгээр сарын 26-ны орой 23 цагаас 00 цагийн хооронд зүс таних А- гэх эмэгтэй /М-/ миний Хаан банкны виза картнаас 550.000 төгрөг болон “Самсунг эс-6” маркийн гар утсыг залилж зугтсан. ...5-10 минутын дараа миний Хаан банкны ... данснаас 30.000 төгрөгний зарлага гарахаар нь М-г миний мөнгийг авч байна гэж мэдээд өөр хүний данс руу мобайл банкаар гүйлгээ хийн шилжүүлэх гэсэн боловч амжаагүй. Миний данснаас 520.000 төгрөгний зарлага гарч 7.000 төгрөг үлдсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 107-108-р хуудас, 3-р хавтас 187-р хуудас/,

Хохирогч Н.Д- ...Орой 17 цагийн орчимд миний картнаас 20.000 төгрөгийн зарлага гарсан талаар утсанд мессэж ирэхээр нь эгч авч байна гэж бодсон. ...Хэсэг хугацааны дараа миний Хаан банкны ... гэсэн дугаарын данснаас 550.000 төгрөгийн зарлага гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 111-113-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 2-р хавтас 99-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Үнэлэгдэж буй “Самсунг S6” маркийн гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 220.000 төгрөгөөр үнэлэгдэв. /хх-ийн 2-р хавтас 119-120-р хуудас/,

Н.Д- Хаан банкны ... дансны хуулга /хх-ийн 2-р хавтас 104-р хуудас/,

 

7. 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт сарын 50.000 төгрөгөөр хашаа түрээслэнэ” гэж хохирогч Ш.Ц-гээс 150.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ...  дансаар шилжүүлэн залилан авч, 150.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ш.Ц-гийн ..Т.М- “сарын 50.000 төгрөгөөр хашаанд буулгана” гэхээр нь түүний ... гэсэн дугаарын данс руу манай захирал Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах гэрээсээ 150.000 төгрөг шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 144-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 2-р хавтас 137-р хуудас/,

Б.О-ийн Хаан банкны 5037185573 дансны хуулга /хх-ийн 2-р хавтас 142-р хуудас/,

 

9. 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Кёкүшюүзан цамхагийн ... тоот байрыг “54 сая төгрөгөөр зарна, урьдчилгааны мөнгө шилжүүл” гэж хохирогч Б.Б-оос Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкнаас 1.200.000 төгрөгийг, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүннү молл” худалдааны төвөөс 400.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн залилан авч, 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Б-ын ...2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Т- овогтой М- гэж өөрийгөө танилцуулсан 88224276 гэсэн дугаараас залгаж “Кёкүшюүзан цамхагийн 103 дугаар байрны 6 давхарт 24 тоотод байр түрээслэнэ” гэж над руу олон удаа залгаж ярьсан учир “очиж үзье” гэхэд “би өөрөө Эрдэнэтэд 2 хүүхэдтэйгээ амьдардаг, нөхөр хөдөө ажиллаж байгаа болохоор хүүхэд харах хүнгүй байна, ээж юм уу, эгчээрээ түлхүүр явуулахаар та байраа үзчихээд хариугаа хэлээрэй, би байраа 60 сая төгрөгөөр зарна, бэлнээр төлбөрөө хийх бол 57 саяд зарж болно” гэсэн. Би 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед Кёкүшюүзан цамхагийн байранд очсон. Хажуугийн байрнаас туранхай өндөр эмэгтэй гарч ирээд байрны түлхүүр өгөхөөр нь ороод үзтэл засвартай байр байсан. Би буцааж залгаад “засвартай байна, засвар хийх 3 сая төгрөг хасаад 54 сая төгрөгөөр тохирч болох уу” гэж асуухад “болно” гэж хэлсэн. Тухайн өдөр 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн орчимд  1.200.000 төгрөгийг Хаан банкны ... гэсэн дугаарын данс руу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Хаан банкнаас шилжүүлсэн. Тэр орой нь М- над руу залгаад “би Эрдэнэт хотод байр авч байгаа байрны авто зогсоолын мөнгөө өгөх гэтэл мөнгө хүрэхгүй байна. Та мөнгө өгсөн данс руу хийгээд өгөөч, шилжүүлсэн мөнгийг хоёулаа байрны мөнгөнөөсөө хасаж тооцно” гэсэн учир “Хүннү молл” худалдааны төвийн Хаан банкны АТМ-ээс 400.000 төгрөг, нийт 1.600.000 төгрөг шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 2-p хавтас 178-179-р хуудас/,

Гэрч Ц.Б-ийн ...2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус байрыг түрээслэх зар тавьсны дагуу нэг эмэгтэй /М-/ над руу залгаж түрээслэхээр болсон. Би тэр эмэгтэйгээс мөнгө аваагүй. М- “манай байрыг үзмээр байна” гэхээр нь өөрийн төрсөн эгч Амгалантай ярьж “гэрийн түлхүүрийг өгчих” гэж хэлэхээр нь М-д орон сууцныхаа түлхүүрийг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 171-172-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 2-р хавтас 165-р хуудас/,

Хохирогч Б.Б-ын мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 2-р хавтас 174-175-р хуудас/,

Шүүгдэгч Т.М-гийн 88224276 дугаарын орсон гарсан дуудлага, мессэжний лавлагаа /хх-ийн 2-p хавтас 192-227-р хуудас/,

 

9. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хохирогч Г.П-оос Ш.Н-ийн Хаан банкны ... гэсэн дугаарын дансаар 1.400.000 төгрөгийг, мөн өдөр Их дэлгүүрийн орчимд 2.200.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 100.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... дансаар шилжүүлэн залилан авч, 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г.П-ийн ...М- надад “манай хамаатаны хүн виз гаргадаг. Би өөрөө 3 сарын хугацаагаар Солонгос улс руу гардаг” гэж хэлэхээр нь “Солонгос руу гарах боломж байна уу” гэхэд “байгаа, гэхдээ мөнгө хэрэгтэй” гэхээр нь “надад нэг машин байгаа” гэж хэлсэн. Тухайн үед Т.М- “яаралтай мөнгө өгөхгүй бол болохгүй байх” гэхээр нь би машинаа зараад 1.400.000 төгрөгийг машин худалдаж авсан ченжийн данснаас Т.М- руу шилжүүлсэн. Дараа ньТ.М-д бэлнээр 2.200.000 төгрөг, 100.000 төгрөг өгсөн. Ингээд би Т.М-д нийт 3.700.000 төгрөг, мөн иргэний үнэмлэх, гадаа паспортоо өгсөн. Т.М- миний гадаад паспортыг буцааж өгсөн тул одоо 3.700.000 төгрөг болон иргэний үнэмлэхээ нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Гэрч Ш.Н-ийн ...Би ... гэсэн дугаартай данстай. Манай гэрт амьдардаг байсан А- /М-/ миний Хаан банкны виза картыг авч яваад буцааж өгөөгүй. ...Миний Хаан банкны дансанд 1.400.000 төгрөг орж ирээд бага, багаар гараад дууссан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-p хавтас 250-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 2-р хавтас 238-р хуудас/,

Ш.Н-ийн Хаан банкны ... дугаартай дансны хуулга /хх-ийн 3- р хавтас 9-р хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: Ганбаатарын П-ийн Е1580669 дугаартай гадаад паспортыг Т.Мөнхбаясгалангаас хураан авч, Г.П-ид хүлээлгэн өгөв. /хх-ийн 3-р хавтас 168-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн 19-215 дугаартай үнэлгээний тайланд: Нэр бүхий үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр иргэний үнэмлэх 18.300  төгрөгөөр үнэлэгдэв. /хх-ийн 3-р хавтас 190-191-р хуудас/,

Хохирогч Г.П- нь А.М-гийн Хаан банкны 5018204001 дугаартай харилцах данснаас шүүгдэгч Т.М-гийн данс руу мөнгө шилжүүлсэн /хх-ийн 3- р хавтас 3-р хуудас/,

Хохирогч Г.П- нь Ц.Б-ийн Хаан банкны 5098138789 дугаартай харилцах данснаас шүүгдэгч Т.М-гийн данс руу мөнгө шилжүүлсэн /хх-ийн 3- р хавтас 5-р хуудас/,

 

10. 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.А-д “Би Улсын Их Хурлын гишүүн Долгорын хамаатан. Засгийн газрын түрээсийн байранд хамруулж өгнө” гэж  бэлнээр 500.000 төгрөг, өөрийн Хаан банкны ... дугаарын дансаар 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, мөн 2018 оны 05 дугаар сард “хоёулаа хамтарч гэрийн хошлон, дээс хийж заръя” гэж хуурч 490.000 төгрөг, мөн 2018 оны 05 дугаар сард “Дундговь аймгаас хямдхан мах авчирч зарна” гэж хуурч 200.000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 2.190.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч М.А-гийн ...Т.М- надад өөрийгөө А- гэж танилцуулсан. Т.М- манай ээжийн ажиллуулдаг дэлгүүрийн байранд охинтойгоо хамт байр түрээслэдэг байсан. Т.М- надад “манай төрсөн эгч УИХ-н гишүүн Долгорын бэр нь юм. Засгийн газраас 5.000.000 төгрөгийн урьдчилгаа аваад байранд оруулах хөтөлбөр зарлагдсан байгаа. Энэ 7 хоногт дуусах гэж байгаа юм байна. Та материалаа бүрдүүлээд 1.0-2.0 сая төгрөг өгчих” гэхээр нь би 1.000.000 төгрөгийг захирлынхаа дансаар шилжүүлэхэд Т.М- гэсэн нэр гарч ирсэн. Тэгэхээр нь би А-д “М- гэж хэн бэ” гэхэд “манай нөхрийн данс байгаа юм” гэж хэлсэн. Дараа нь бэлнээр 500.000 төгрөг өгсөн. Байрны  урьдчилгаанд нийт 1.500.000 төгрөг өгсөн. 2018 оны 5-р сард хоёулаа хамтарч адууны дэл сүүл авч тоноод гэрийн хошлон, дээс хийж заръя гээд эхлээд 200.000 төгрөг, дараа нь 290.000 төгрөг авсан. Дараа нь 2018 оны 5-р сард 200.000 төгрөгөнд 4 ширхэг хонь Дундговь авч ирнэ гэж авсан. Тэгээд 10-д хоногийн дараа надад нэг хонь авч ирж өгсөн. Иймд нийт 2.140.000 төгрөг нэхэмжилж байна. Учир нь надад 1 хонь өгсөн. Нэг хонь нь 50.000 төгрөг гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 3-р хавтас 26-р хуудас/,

 

11. 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 3-122 тоотод оршин суух хохирогч М.У-ыг “Дундговь аймгаас хямдхан мах авчирч зарна” гэж өөрийн Хаан банкны ...  дансаар 200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан, 200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч М.У-ын ...Т.М- “манай эгч хөдөөнөөс хямдхан мах зарж байгаа, та авах юм уу, авна гэвэл мөнгөө эхлээд явуулчих, махаа дараа нь аваарай” гэхээр нь “хэдээр зарж байгаа юм бэ” гэхэд “200.000 төгрөгөнд 5 хонины мах өгнө” гэхээр нь авахаар болж 2018 оны 04 дүгээр сарын 15-ны орой 19 цаг 28 минутанд интернет банкаар ... гэсэн дансны дугаар руу 200.000 төгрөг шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 3-p хавтас 50-51-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 3-р хавтас 26-р хуудас/,

Хохирогч М.У-ын дансны хуулга /хх-ийн 3-р хавтас 54-р хуудас/

 

12. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн хамт хэвтэн эмчлүүлж байхдаа хохирогч Ж.Х-ы “l phone-6” маркийн гар утсыг “цэнэглээд өгье” гэж хэлж хуурч, залилан авч, 344.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ж.Х-ы ...2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хамт хэвтэн эмчлүүлж байсан А- /М-/ “гар утсаа өгч байгаач” гээд миний гар утсыг авснаа “цэнэг чинь дуусч байгаа юм байна, манай өрөөнд залгуур байхгүй болохоор тарианы өрөөнд гуйж цэнэглэдэг юм, би ороод цэнэглээд өгье” гэхээр нь гар утас болон цэнэглэгчээ ширээн дээр тавьчихаад аваад гарсан. Би физик эмчилгээнд хүүхдээ эмчлүүлж гарч ирээд гар утсаа хайтал алга болсон байсан. ...М- эмнэлгээс гарахдаа миний утсыг үлдээсэн байлгүй гэж бодсон боловч аваад явсан байсан. Би 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Iphone-6” маркийн саарал өнгийн гар утсыг шинээр нь 430.000 төгрөгөөр худалдаж авсан тул энэ үнээр нь нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 97-98-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 3-р хавтас 87-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд:  Үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зах зээлийн нийт үнэлгээгээр нийт 344.000 төгрөгөөр үнэлэгдэв. /хх-ийн 3-р хавтас 100-101-р хуудас/,

 

13. “Америк Нэгдсэн Улсын виз гаргаж өгнө” гэж хохирогч Б.О-аас 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 80.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... гэсэн дугаарын дансаар шилжүүлэн авсан, мөн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, ТБД андуудын орчим 3.000.000 төгрөгийг бэлнээр авч, мөн “notebook байвал хэрэглээд өгье” гэж “Lenovo” маркийн notebook-г тус тус залилан авч, нийт 5.424.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

Хохирогч Б.О-ын ... Би 30.000.000-40.000.000 төгрөгийн цалингийн болон байрны зээлтэй байсан тул ажлаасаа чөлөө авч, Солонгос улсад ажил хийхээр явсан боловч баригдаад ирсэн. Би гадагшаа явах бүхий л арга замыг хайж “Эс Ди 160” гэдэг Америк улсын виз хүртэл мэдүүлж байсан. Би таксинд явж байхдаа Т.М-тай танилцсан ба тэрээр 5 шарын автобусны буудлаас хороолол руу хүргүүлсэн. Тэр үед Т.М- өөрийгөө “А-” гэж танилцуулж байсан. Би Т.М-гаас “та хаана, юу хийдэг вэ” гэхэд “би Америк улсад сурдаг, амралтаараа Монголд ирсэн, манай ах “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин Алтаншагай юм. Би Алтаншагай ахаар дамжуулж Америк улс руу гарсан” гэхээр нь “би Америк улс руу гарах гээд материалаа өгчихсөн байгаа” гэж хэлсэн. Үүнээс хойш би Америк улс руу явах визний ярилцлаганд ороод цагаан хуудас авсан. Би Т.М-д Америк Нэгдсэн улсын элчингийн ярилцлаганд орох өдөр цагаа хэлж байсан. Т.М- намайг ярилцлаганд орсон өдөр залгахаар нь би “найз нь цагаан хуудас авчихлаа” гэхэд “манай ах Алтаншагай Америкийн Элчин сайдын үйл ажиллагаанд дуу дуулдаг, Америк улсын элчин сайдын яаманд таньдаг хүн байгаа, би визийг чинь гаргаад өгье” гэхээр нь “тэгвэл сайн л байна” гэж хэлсэн. ...Т.М- надаас дансаар 500.000 төгрөг, дараа нь 1.000.000 төгрөг, дахиад 500.000 төгрөг авсан. Т.М- “Шагай ах нөгөө мөнгөө гэж байна, виз гарсан гэж байна, одоо ирээд визээ ав гээд байна” гэж хэлээд мөнгө авдаг байсан. Би эхнэрийнхээ найзаас 7 хоногийн хугацаатай 3.000.000 төгрөг хүүтэй зээлээд Т.М-д бэлнээр 3.000.000 төгрөг өгсөн. Харин нөүтбүүкийн хувьд бол Т.М- “би санхүүч мэргэжилтэй, санхүүгийн тайлан гаргах гэсэн юм, өөр нөүтбүүк олоод өг” гэхээр нь “цэнэглэгчийг нь залгаж байгаад ашиглаж болохоор нэг нөүтбүүк байгаа” гэхэд “чи өөр нөүтбүүк олоод өг” гэхээр нь би хажуу айлынхаа нөүтбүүкийг авчирч өгсөн. Т.М- “Алтаншагай хэд хэдэн хүний виз гаргаж байгаа, бүгдээрээ 80.000 төгрөг цуглуулж байгаад хоолонд оруулъё” гээд орой 10 цагийн үед авч байсан. Би 3.000.000 төгрөгийг хүнээс авч байсан ба буцааж өгсөн талаарх баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Би ОХУ-ын Цагдаагийн академид магистраар сурахаар явах гэж байсан. Би Т.М-гийн ээж, аав руу нь залгаад “мөнгө нэхэмжлэхээ больё, ганцхан гадаад паспортаа авмаар байна” гэж хэлж байсан. Би шинээр гадаад паспорт захиалах гэтэл хугацаа давчуу байсан. Миний гадаад паспортыг өгөөгүй учраас би сургуульд сурах боломжоо алдсан тул мөнгөө нэхэмжлэх хүсэлттэй байна. Би Т.М-гаас “нөүтбүүк яасан бэ” гэж асуухад “Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоох ломбардад тавьсан” гээд хаягийг нь явуулсан. Би энэ талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд Т.М- өөрийн нэр дээр ломбарданд тавьсан байсныг 350.000 төгрөгийг хүүтэй нь төлж нөүтбүүкээ авсан. Энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргасан. Би Т.М-д “чамаас мөнгөө авахгүй ээ, чи надад нөүтбүүкээ л өгчих” гэж хэлсэн. Би Т.М-аас 500.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 500.000 төгрөг, 80.000 төгрөг, 3.000.000 төгрөг, нийт 5.080.000 төгрөг, мөн нөүтбүүкний 300.000 төгрөг, гадаад паспортны 36.000 нийт 5.416.000 төгрөгийг нэхэмжлэхээр боловч өрх толгойлсон хүүхэдтэй тул нэхэмжилж байгаа мөнгөнийхөө 50 хувийг гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг, шүүгдэгч Т.М-гийн “Хаан” банкны дансны хуулга /хх-ийн 1-р хавтас 245-250-р хуудас, 2-р хавтас 1-2, 147-149, 188-190-р хуудас/, Барьцаат зээлийн “Өнө Оюу Эрдэнэ” ХХК-д 350.000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3-р хавтас 150-р хуудас/, 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Насанбуянд 3.330.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 3-р хавтас 149-р хуудас/, Т.М-гийн “Хаан” банкны данс руу мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 3-р хавтас 146-147-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

         Улсын яллагчаас “шүүгдэгч Т.М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба,

          шүүгдэгч Т.М- нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан, нэр бүхий хохирогч нарыг залилсан хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй боловч зөвхөн “хохирогч Б.О-аас 500.000 төгрөг авсан. Харин бэлнээр 3.000.000 төгрөг аваагүй” гэж хэргийн үйл баримт болон хохирлын хэмжээний талаар маргав.  

          Хохирогч Б.О-ын эхнэрийнхээ найзаас 3.000.000 төгрөг зээлж Т.М-д 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ТБД андуудын орчимд уулзаж 3.000.000 төгрөг өгсөн” талаар удаа дараа тогтвортой мэдүүлсэн мэдүүлэг, бусдаас зээлсэн мөнгөө 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3.330.000 төгрөг болгож төлсөн баримт /хх-ийн 3-р хавтас 149-р хуудас/ зэргээр шүүгдэгч Т.М-гийн мэдүүлэг няцаагдаж байна. Улсын яллагчаас шүүгдэгч Т.М-г хохирогч Б.О-т нийт 5.430.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч Т.М-гийн хохирогч С.А-ын Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, Нисэх буудлын дэргэдэх Хаан банкны АТМ-ээс түүний данснаас өөрийнхөө “Хаан” банкны данс руу 3.200.000 төгрөгийг шилжүүлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжтэй,

Түүнчлэн шүүгдэгч Т.М- нь бусдын орон сууц болон хашааг өөрийн өмч гэж захиран зарцуулах эрхтэй мэтээр хохирогч нарт итгүүлж зохиомол байдал бий болгох, “Дундговь аймгаас хямдхан мах авчирч зарна”, “түрээсийн байранд хамруулна”, “Америкийн Нэгдсэн Улс болон Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэх мэтчилэн биелэх боломжгүй зүйлийг амлан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б.А-, О.Э-, Ц.О-, Г.О-, М.У-, Ш.Ц-д, Б.Б-, М.А-, Б.О-, Ж.Х-, П.М-, Н.Д-, Г.П- нараас эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

             

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний… эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор зохицуулсан.

                    Шүүгдэгч Т.М- нь бусдын эд хөрөнгийг хулгайлах, залилах гэмт хэрэг үйлдэж дээрх нэр бүхий хохирогч нарт нийт 19.109.750 төгрөгийн хохирол учруулсан байна.

             Үүнээс хохирогч М.А-д учирсан 2.190.000 төгрөгийн хохирлоос нэг хонины үнэ 50.000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй.

             Хохирогч Б.О- нь зөөврийн компьютероо Барьцаат зээлийн газраас 350.000 төгрөг төлж буцааж авсан /хх-ийн 3-р хавтас 150-р хуудас/, мөн гадаад паспорт шинээр авах зардалд 36.000 төгрөг, хохирогч Г.П-ийн иргэний үнэмлэх шинээр авах зардал 18.300 төгрөгийг тус тус гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцох үндэслэлтэй.

            Хохирогч Б.О- нь шүүгдэгч Т.М-д бэлнээр нийт 5.080.000 төгрөг, 350.000 төгрөгийн үнэ бүхий “Lenova” маркийн зөөврийн компьютер өгч нийт 5.430.000 төгрөгийн хохирол учирснаас барьцаалан зээлдүүлэх газарт 350.000 төгрөг төлж зөөврийн компьютерээ буцааж авсан ба мөн гадаад паспорт шинээр авах зардал 36.000 төгрөг, нийт 5.466.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон хор уршигт тооцох үндэслэлтэй байна. Гэвч хохирогч Б.О- шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувийг авна мэдүүлсэн тул 5.466.000 төгрөгөөс 50 хувийг хасч, шүүгдэгчээс 2.733.000 төгрөг гаргуулж  хохирогч Б.О-т олгохоор шийдвэрлэв.

                 Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-гаас нийт 16.161.050 төгрөг гаргуулж,

           - хохирогч П.М-д 399.500 төгрөгийн,

            - хохирогч Ц.О-д 680.000 төгрөгийн,

            - хохирогч Г.О-д 346.250 төгрөгийн,

- хохирогч С.А-т 3.200.000 төгрөгийн,

            - хохирогч Н.Д-д 550.000 төгрөгийн,

- хохирогч Ш.Ц-д 150.000 төгрөгийн,    

- хохирогч Б.Б-од 1.600.000 төгрөгийн,     

            - хохирогч Г.П-ид 3.718.300 төгрөгийн, 

- хохирогч М.А-д 2.140.000 төгрөг, 

            - хохирогч М.У-д 200.000 төгрөг,

- хохирогч Ж.Х-д 344.000 төгрөг,

            - хохирогч Б.О-т нийт 2.733.000  төгрөг,

           - хохирогч Б.А-д 50.000 төгрөг,

- хохирогч О.Э-д 50.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар.

 

            Шүүгдэгч Т.М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шүүх шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Т.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 05 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “миний үйлчлүүлэгч нь хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өрх толгойлсон бага насны хүүхэдтэй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

           Шүүгдэгч Т.М-д ял оногдуулахдаа олон хохирогчид хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарт учруулсан хохирлын  хэмжээ, шүүгдэгч нь өрх толгойлсон, бага насны хүүхэд болох 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин М.Энэрэлийн хамт ам бүл 2-уул амьдардаг хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 03 жилийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар “энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж заажээ. 

 

           Шүүгдэгч Т.М-гийн бага насны хүүхэд болох 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн Мягмардоржийн Энэрэлийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах зүйтэй.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Т.М-гийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 143 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

          1. Бүрдийхэн овогт Т-ын М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Т.М-гийн биечлэн эдлэх ялыг 03 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д оногдуулсан 03 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.М-гийн цагдан хоригдсон 143 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-гаас нийт  16.161.050 төгрөг гаргуулж,

- хохирогч П.М-д 399.500 төгрөг,

            - хохирогч Ц.О-д 680.000 төгрөг,

            - хохирогч Г.О-д 346.250 төгрөг,

- хохирогч С.А-т 3.200.000 төгрөг,

            - хохирогч Н.Д-д 550.000 төгрөг,

- хохирогч Ш.Ц-д 150.000 төгрөг,    

- хохирогч Б.Б-од 1.600.000 төгрөг,     

            - хохирогч Г.П-ид 3.718.300 төгрөг, 

- хохирогч М.А-д 2.140.000 төгрөг, 

            - хохирогч М.У-д 200.000 төгрөг,

- хохирогч Ж.Х-д 344.000 төгрөг,

            - хохирогч Б.О-т 2.733.000 төгрөг,

- хохирогч Б.А-д 50.000 төгрөг,

- хохирогч О.Э-д 50.000 төгрөг тус тус олгосугай.

 

            7. Гэр бүлийн тухай хууулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Т.М-гийн бага насны хүүхэд болох 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн Мягмардоржийн Энэрэлийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.М-д авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР