Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2017/01186

 

   Г-ын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00576 дугаар шийдвэр,

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1328 дугаар магадлалтай,

             Г-ын нэхэмжлэлтэй,

            “Төрийн банк” ХХК-д холбогдох

           Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г , түүний өмгөөлөгч М.Мөнхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г Төрийн банкны гүйцэтгэх захирлын Б/596 тоот тушаалаар Төрийн банкны байгууллагын зээлийн хэлтсийн зээл хариуцсан харилцааны менежерээр томилогдон ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр 16-ны өдрийн Б/1425 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болно. Тушаалд дурдсанаар Төрийн банкны ёс зүйн дүрмийн 2.1.1 дэх заалт болон, Нууцын зааврын 5.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.2, Хөдөлмөрийн гэрээний 7.4.2 дах заалтуудыг тус тус үндэслэл болгон ажлаас чөлөөлсөн байдаг. Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авах гэж байсантай холбогдуулж бүх газар, хэлтсийн ажилтнууд асуулга, сорилгын шалгалтад бэлдэж байсан. Миний албан ажлын хэрэгцээнд хэрэглэгдэж байсан цахим шуудангаар тухайн үед байгууллагын харилцааны хэлтсийн харилцааны менежерээр ажиллаж байсан Б.Цэрэнбаатарын цахим шуудангаас арилжааны банкны үйл ажиллагаанд холбогдох асуулт, хариулт /Төрийн банкны нууц гэж үзсэн ямар нэгэн мэдээлэл багтаагүй бөгөөд Банкны тухай хууль тогтоомжид заасан нийтээр дагах хэм хэмжээг агуулсан материал байсан болно/ ирсэн бөгөөд тус материалыг шалгалтад бэлдэж байсан бусад эх сурвалжийн адил уншиж танилцаж холбогдох шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн байдаг. Гэвч шалгалтын дараа байгууллагын зээлийн хэлтсийн харилцааны менежерээр ажиллаж байсан намайг болон У.Наранбаяр, Б.Оюунболд, Э.Ганпүрэв, байгууллагын харилцааны хэлтсийн харилцааны менежерээр ажиллаж байсан Ц.Цэрэнбаатар нарын 5 ажилтныг тус банкны тэргүүн орлогч захирал Б.Ганбаатар /комиссын дарга/, Эрсдэл хариуцсан захирал Б.Дэлгэрбаяр /комиссын гишүүн/ нар дуудаж уулзан та нарын цахим шууданд хадгалагдан үлдсэн сорилгын материал шалгалтад ирсэн тул дүнг хүчингүйд тооцуулах тухай тайлбар гаргуулж авсан байдаг. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргаж уг өдрөөр ажил хүлээлцэх комисс ажил хүлээн авсан. Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журамд ямар нэгэн байдлаар ажилтны эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлж өгөөгүй байхад холбогдох удирдлагууд дуудаж уулзан шалгалтын дүнг хүчингүй болгуулах тухай тайлбарыг гаргуулж авсан нь ажил олгогчийн зүгээс дарамталсан гэж үзэх хангалттай үндэслэлтэй болно. Мөн түүнчлэн дээрх журмын 3.2.3 “Шинжээчдийн баг нь комиссоос өгсөн чиглэлийн дагуу сорилгын асуултууд, гүйцэтгэх даалгаврын өгөгдлийг дүгнэх үзүүлэлтийн хамт боловсруулан битүүмжилсэн байдлаар комисст хүлээлгэн өгнө." гэж, 3.2.4-т “Энэхүү журмын 3.2.3 дах заалтын дагуу шинжээчдийн багаас ирүүлсэн материалтай комисс танилцаж шаардлагатай өөрчлөлтийг оруулах чиглэлийг шинжээчдийн багт өгч болох бөгөөд комисс нь сорилгын асуултууд, гүйцэтгэх даалгаврын өгөгдлийг дүгнэх үзүүлэлтийн хамт эцэслэнэ.” гэж, 3.2.5 дах хэсэгт “Энэхүү журмын 3.2.3, 3.2.4-т заасан материал болон сорилгын агуулга, гүйцэтгэх даалгаврын хариултыг нууцлах бөгөөд хариултыг битүүмжилсэн байдлаар Комиссын дарга хадгална.” гэж тус тус зааснаас үзвэл гүйцэтгэх захирлын тушаалаар үүрэг ногдуулсан субъект нь комиссын дарга буюу тэргүүн орлогч захирал байна. Мөн уг сорилгын асуулт, хариултыг боловсруулуулсан шинжээчдийн багтай байгуулсан үйлчилгээ үзүүлэх гэрээгээр холбогдох нууцлалыг хадгалах үүргийг харилцан хүлээсэн байхад комиссын дарга, шинжээчдийн багт ямар нэгэн хариуцлага хүлээлгэсэн зүйлгүй болно. Ажлаас чөлөөлсөн тушаалыг үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэж ажлаас чөлөөлсөн байдаг. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 тоот тогтоолын 15.4.2 дахь хэсэгт “хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна” гэж зааснаас үзвэл миний хувьд ажил олгогчид эдийн болон эдийн бус хохирол учруулсан зүйлгүй, хөдөлмөрийн гэрээгээр нэрлэн заасан ноцтой зөрчил гаргаагүй байхад илт хууль бус шийдвэр гарган чөлөөлсөн гэж үзэх хангалттай үндэслэлтэй байна.

         Мөн тухайн үед миний бие хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу ээлжийн амралттай байхад ажил олгогчоос дуудан дарамталж мэргэжил, ур чадварын шалгалт авч түүнээс урган гарсан үйлдэлд тулгуурлан ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх бөгөөд тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийг илт зөрчсөн болох нь харагдаж байна. Иймд ажлаас чөлөөлсөн тушаал нь илт хууль бус бөгөөд хууль, эрх зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжпэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

           Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Г-ын гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тушаалаар батлагдсан Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам болон гүйцэтгэх захирал, комиссын дарга нарын баталсан удирдамж, хуваарийн дагуу түвшин тогтоох ажиллагааг явуулсан. Энэхүү ажиллагаа нь журамд заасны дагуу дараах арга хэмжээнээс бүрдэхээр заасан. Үүнд: харьяалах газар хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг ур чадвар /сорилго, даалгаврыг гүйцэтгэх, үзүүлэх/, оролцоо чанарын үнэлгээ гэсэн зохицуулалттай байсан. Төрийн банкны Байгууллагын зээлийн хэлтсийн зарим ажилтнууд тухайн ажиллагааны мэдлэг ур чадварын сорилго, даалгаврыг гүйцэтгэх арга хэмжээний сорилгын даалгавар түүний хариултыг үгсэн хуйвалдаж олж авч тухайн арга хэмжээний хамгийн дээд оноог авсан нь нотлогдсон. Энэхүү үйлдэлд хамтран оролцсон нэхэмжлэгч Г-ын үйлдлийг Төрийн банкны холбогдох дүрэм, журмыг зөрчсөн ёс зүйгүй үйлдэл гэж үзэж Төрийн банкны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн болон банкны хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 73 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэж гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1425 дугаар тушаалаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, Байгууллагын банкны газрын зээлийн хэлтсийн зээл хариуцсан менежер Г ыг тухайн өдрөөр дуусгавар болгон ажлаас халсан. Г-ын дээрх үйлдэл нь Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйл, Төрийн банкны ёс зүйн дүрмийн 6 дугаар зүйлд заасан холбогдох хэсгийг тус тус зөрчсөн байдаг. Иймд тус шүүхэд Г-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00576 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1425 тоот тушаал хүчингүй байх тул нэхэмжлэгч Г ыг Төрийн банкны байгууллагын зээл хариуцсан харилцааны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7.095.555 төгрөгийг хариуцагч “Төрийн банк” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Г-д олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч “Төрийн банк” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Төрийн банк” ХХК-иас 128.479 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1328 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00576 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “Төрийн банк” ХХК-д холбогдох  урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхбаатарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 1328 тоот магадлалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу ажилтныг ажлаас халах зохицуулалтыг тусгаж өгсөн. Монгол Улсын Дээд шүүхийн 2016.07.03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 тоот тогтоолын тайлбарт: “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан, шийдвэр гаргана. 15.4.2-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагавар буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл /эс үйлдэл/ байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаап, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна” гэжээ. Мөн Улсын Дээд шүүхийн 2012.06.15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаарх зөвлөмжид “...Гэрээний талууд ажлын байр, албан тушаал гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана. Иймээс ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй, харин дээрх дүрэм, журам, зааврын зарим заалтыг зөрчвөл ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтган үзэж болох юм гэжээ. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хууль болон түүнийг тайлбарласан тайлбар зөвлөмжид гэрээний талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн тохиолдол бүрийг тусгайлан заах, хэрвээ холбогдох бусад журмыг зөрчснийг ноцтой зөрчил гэж үзэх тохиолдолд тухайн дүрэм, журмын холбогдох заалтыг хөдөлмөрийн гэрээнд тодорхой заах ёстой байна. Гэтэл давж заалдах шатны шүүх “банкны холбогдох бусад дүрэм журмыг зөрчснийг ноцтой зөрчил гэж үзнэ, үүндээ 2016.11.04-ний өдрийн шинээр баталсан шалгалтын журмыг хамаарна” гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм. Учир нь ажил олгогч ажилтантай тохиролцолгүй, танилцуулалгүй шинээр дүрэм, журам батлан түүндээ дурын зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэн ажилтныг ажлаас шууд халах нөхцөл бүрдүүлэх нь талууд ноцтой зөрчлийн тохиолдлыг харилцан тохиролцох үндсэн нөхцлийг алдагдуулах төдийгүй ажилтны эрхийг илэрхий зөрчих үндэслэл бүрдэх юм. Ийм үүднээс ноцтой зөрчлийн тохиолдол бүрийг талууд гэрээгээр харилцан тохиролцохыг тусган тайлбарласан байгаа. Мөн нэхэмжлэгч Г  нь 2016.11.02-ны өдрөөс 2016.11.25-ны өдрийг дуустал хугацаанд ээлжийн амралттай байсан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т зааснаар ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ тухайд ямар нэгэн тайлбар хийгээгүй, анхан шатны шүүхийн үндэслэлийг үгүйсгэлгүй шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тодруулбал, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ээлжийн амралттай хугацаанд шалгалтад хамрагдсан нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болох, ажлаас халагдах үндэслэл болохгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн болно. Түүнчлэн түвшин тогтоох ажиллагаа нь цалингийн зэрэглэл тогтоох хүрээнд хязгаарлагдахаас биш ажилтныг ажлаас халах шууд үндэслэл болохгүй. Мөн нэхэмжлэгчид буюу шалгуулагч ажилтан, албан хаагчид шалгалтын материалын нууцлалыг задруулахгүй байх үүрэг хүлээлгэсэн, ийм байдлаар үүрэгжүүлсэн ажил олгогчийн шийдвэр байхгүй, ажилтанд эрх, үүргийг нь танилцуулаагүй зэрэг хариуцагчийн хууль бус үйл ажиллагааг зөвтгөх боломжгүй юм. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017.06.07-ны өдрийн 1328 дугаар магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

             Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч Г  нь хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргахдаа ... захирлын Б/1425 тоот тушаалд заасан ноцтой зөрчлийг гаргаагүй. Энэ төрлийн зөрчлийг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд шууд зааж өгөөгүй, ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас халсан нь хууль зөрчсөн гэжээ.

        Хариуцагч дээрх шаардлагыг эс зөвшөөрч, Г нь ажилтны мэдлэг ур чадварыг тогтоох ажиллагааны үеэр сорилго, даалгаврыг олж авах үйлдэлд хамтран оролцсон, 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн болон банкны хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 73 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэж Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1425 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй, ээлжийн амралттай байсан ажилтнууд шалгалтаас түр чөлөөлөгдөх эрхтэй ч Г өөрөө шалгалтад орохыг зөвшөөрсөн гэж маргасан байна.

            Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч Г хэтрүүлээгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т нийцсэн байна.

         Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/596 тоот тушаалаар нэхэмжлэгч Г тус банкны байгууллагын зээлийн хэлтсийн байгууллагын зээл хариуцсан харилцааны менежерээр ажиллаж эхэлжээ. 

        2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн банкны гүйцэтгэх захирлын А/352 тоот Сонгон шалгаруулах журам, түвшин тогтоох комисс, шинжээчийн багийн бүрэлдэхүүнийг батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг баталсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, байгууллагын дотоод үйл ажиллагаа гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв юм.  

          Түвшин тогтоох ажиллагаанд ... ээлжийн амралттай зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдах боломжгүй ажилтныг комиссын шийдвэрт үндэслэн нөхөн хамруулна гэж дээрх журмын 3.7-д заасан хэдий ч нэхэмжлэгч Батсүхийн Ганболд түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтнуудын нэрсийн жагсаалтад багтсан байна. Гэвч нэхэмжлэгч Г  нь ажлын 18 хоног буюу 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн амралттай байсан үйл баримтын талаар талууд маргахгүй байна. /хх-ийн 97, 115 дугаар тал/.

       Ажилтан Г нь ээлжийн амралттай байсан боловч түвшин тогтоох шалгалтад хамрагдахаар зөвшөөрсөн тул түүнээс шалгалт авсан, түүний гаргасан ёс зүйн зөрчил нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарах тул 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарлажээ.

       Байгууллагын банкны газрын зээлийн хэлтсээс түвшин тогтоох арга хэмжээнд оролцох ажилтнуудын нэрс гэсэн баримт хэрэгт авагдсан бөгөөд уг баримтын Г  гэсэн нэрийн харгалзах мөрөнд “шалгалт өгнө” гэж гараар бичсэн байх ба Батсүх Ганболд гэсэн нэрийн дор танилцсан гэж Г  гарын үсгээ зуржээ. 

           Ажилтнуудын түвшин тогтоох шалгалтыг ээлжийн амралттай байх хугацаандаа өгөхийг зөвшөөрч гарын үсэг зурснаар нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан ажил үүрэг нь хэвээр хадгалагдах эрхээ эдлэхгүй байхыг зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн явдал гэж ойлгох хууль зүйн боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг хуульд нийцүүлэн үндэслэл бүхий тайлбарласан гэж үзнэ.

        Иймээс нэхэмжлэгч Г ыг ээлжийн амралттай байх хугацаанд буюу ажил, үүрэг нь хэвээр хадгалагдаж байх хугацаанд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь хууль бус буюу ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

            Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангажээ. Ингэхдээ анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ үндэслэл болгон тайлбарласан Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг хэрхэн үгүйсгэж байгаагаа давж заалдах шатны шүүх тайлбарлаагүй, зөвхөн ажилтны гаргасан зөрчлийн талаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.      

          Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1328 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00576 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

           2. Нэхэмжлэгч Г  нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

           ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН