Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1328

 

Б.Ганболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Туяа Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00576 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Ганболдын хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ганболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан, Н.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ганболдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Төрийн банкны гүйцэтгэх захирлын Б/596 тоот тушаалаар Төрийн банкны зээлийн хэлтсийн байгууллагын зээл хариуцсан харилцааны менежерээр томилогдон ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1425 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тушаалд дурдсанаар "Төрийн банкны ёс зүйн дүрэм"-ийн 2.1.1, "Нууцын заавар"-ын 5.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэсэн. Өөрөөр хэлбэл "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 5.28.2, "Хөдөлмөрийн гэрээ"-ний 7.4.2 дах заалтуудыг тус тус үндэслэл болгон ажлаас нь чөлөөлсөн. Тушаалд тусгагдсан зөрчил гэж үзэж буй үйлдэл нь Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авах гэж байсантай холбогдуулж бүх газар, хэлтсийн ажилтнууд асуулга, сорилгын шалгалтанд бэлдэж байсан. Миний албан ажлын хэрэгцээнд хэрэглэгдэж байсан цахим шуудангаар тухайн үед байгууллагын харилцааны хэлтсийн харилцааны менежерээр ажиллаж байсан Б.Цэрэнбаатарын цахим шуудангаас арилжааны банкны үйл ажиллагаанд холбогдох асуулт, хариулт /Төрийн банкны нууц гэж үзсэн ямар нэгэн мэдээлэл багтаагүй бөгөөд Банкны тухай хууль тогтоомжид заасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг агуулсан материал байсан болно/ бөгөөд тус материалыг шалгалтад бэлдэж байсан бусад эх сурвалжийн адил уншиж танилцаж холбогдох шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн. Гэвч шалгалтын дараа байгууллагын зээлийн хэлтсийн харилцааны менежерээр ажиллаж байсан намайг У.Наранбаяр, Б.Оюунболд. Э.Ганпүрэв, байгууллагын харилцааны хэлтсийн харилцааны менежерээр ажиллаж байсан Ц.Цэрэнбаатар нарын 5 ажилтанг тус банкны тэргүүн орлогч захирал Б.Ганбаатар /комиссын дарга/, Эрсдэл хариуцсан захирал Б.Дэлгэрбаяр /комиссын гишүүн/ нар дуудаж уулзан цахим шууданд хадгалагдан үлдсэн сорилгын материал шалгалтад ирсэнтэй холбоотой дүнг хүчингүйд тооцуулах тухай тайлбар гаргуулж авсан. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргаж, уг өдрөөр ажил хүлээлцэх комисс ажил хүлээн авсан. Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журамд ямар нэгэн байдлаар ажилтны эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлж өгөөгүй байхад холбогдох удирдлагууд дуудаж уулзан шалгалтын дүнг хүчингүй болгуулах тухай тайлбарыг гаргуулж авсан нь ажил олгогчийн зүгээс дарамталсан гэж үзэх хангалттай үндэслэлтэй болно. Мөн түүнчлэн дээрх журмын 3.2.3. 3.2.4, 3.2.5-т тус тус зааснаас үзвэл гүйцэтгэх захирлын тушаалаар үүрэг ногдуулсан субьект нь комиссын дарга буюу тэргүүн орлогч захирал байна. Мөн уг сорилгын асуулт, хариултыг боловсруулуулсан шинжээчдийн багтай байгуулсан үйлчилгээ үзүүлэх гэрээгээр холбогдох нууцлалыг хадгалах үүргийг харилцан хүлээсэн байхад комиссын дарга, шинжээчдийн багт ямар нэгэн хариуцлага хүлээлгэсэн зүйлгүй болно. Ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэж гарсан. Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 тоот тогтоолын 15.4.2-т зааснаас үзвэл миний хувьд ажил олгогчид эдийн болон эдийн бус хохирол учруулаагүй, хөдөлмөрийн гэрээгээр нэрлэн заасан ноцтой зөрчил гаргаагүй байхад илт хууль бус шийдвэр гарган чөлөөлсөн гэж үзэх хангалттай үндэслэлтэй байна. Мөн тухайн үед миний бие хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу ээлжийн амралттай байхад ажил олгогчоос дуудан дарамталж мэргэжил ур чадварын шалгалт авч түүнээс урган гарсан үйлдэлд тулгуурлан ажпаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийг илт зөрчсөн болох нь харагдаж байна. Иймд ажлаас чөлөөлсөн тушаал нь илт хууль бус бөгөөд хууль зүйн хувьд үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Төрийн банк" ХХК-д холбогдуулан иргэн Б.Ганболдын гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн А/352 тушаалаар батлагдсан "Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам" болон гүйцэтгэх захирал, комиссын дарга нарын баталсан удирдамж, хуваарийн дагуу түвшин тогтоох ажиллагааг явуулсан. Энэхүү ажиллагаа нь журамд заасны дагуу дараах арга хэмжээнээс бүрдэхээр заасан. Үүнд харьяалах газар хэлтсийн захирлын үнэлгээ. мэдлэг ур чадвар /сорилго, даалгаврыг гүйцэтгэх, үзүүлэх/, оролцоо чанарын үнэлгээ гэсэн зохицуулалттай байсан. Төрийн банкны байгууллагын зээлийн хэлтсийн зарим ажилтнууд тухайн ажиллагааны мэдлэг ур чадварын сорилго, даалгаврыг гүйцэтгэх арга хэмжээний сорилгын даалгавар түүний хариултыг үгсэн хуйвалдаж, олж авч тухайн арга хэмжээний хамгийн дээд оноог авсан нь нотлогдсон. Энэхүү үйлдэлд хамтран оролцсон нэхэмжлэгч Б.Ганболдын үйлдлийг Төрийн банкны холбогдох дүрэм, журмыг зөрчсөн ёс зүйгүй үйлдэл гэж үзэж Төрийн банкны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн болон банкны хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 73 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэж, гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1425 дугаар тушаалаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, Байгууллагын банкны газрын зээлийн хэлтсийн зээл хариуцсан менежер Б.Ганболдыг тухайн өдрөөр дуусгавар болгон ажлаас халсан. Б.Ганболдын дээрх үйлдэл нь "Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журам"-ын 5 дугаар зүйл, Төрийн банкны ёс зүйн дүрэм"-ийн 6 дугаар зүйлд заасан холбогдох хэсгийг тус тус зөрчсөн. Иймд тус шүүхэд Б.Ганболдын гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1425 тоот тушаал хүчингүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Ганболдыг Төрийн банкны байгууллагын зээл хариуцсан харилцааны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

                         Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 095 555 төгрөгийг хариуцагч "Төрийн банк" ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.Ганболдод олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч "Төрийн банк" ХХК-д даалгаж,

                         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч "Төрийн банк" ХХК-иас 128 479 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хавтаст хэрэгт авагдсан Байгууллагын банкны газрын зээлийн хэлтсээс түвшин тогтоох арга хэмжээнд оролцох ажилтнуудын нэрс гаргаж оролцох эсэх асуудлаао тодруулга авсан бөгөөд "Б.Ганболдыг 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хүртэлх хугацаанд ээлжийн амралттай байгаа утас нь холбогдохгүй байна" гэж газрын захирал нь тайлбар хийж ирүүлсэн. Энэхүү тайлбарыг үндэслэж Түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 03 тоот шийдвэрээр уг арга хэмжээнээс чөлөөл гэсэн шийдвэр гаргасан байхад өөрөө сайн дураар ирж дээрх байдлаар "танилцлаа" гэж гарын үсэг зураад Сорилгын арга хэмжээнд оролцсон. Энэ үйлдэл тухайн сорилгын даалгаврыг хууль бусаар олж авсан үйлдэлтэй нь шалтгаант холбоотойгоор хийгдсэн гэдгийг анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч Б.Ганболд нь түвшин тогтоох ажиллагааны үед ээлжийн амралттай байсан Төрийн банкны түвшин тогтоох арга хэмжээнд оролцохгүй ажилтнуудын өөрийнх нь нэр багтсан байсан хэдий ч өөрийн хүсэлтээр ажил дээрээ ирж танилцаад гарын үсэг зурсан нь ажил олгогчийн шахалтаар биш гагцхүү өөрийн хүсэл зоригоор хийсэн гэдгийг шүүх бүрэлдэхүүн үнэлсэнгүй. Мөн Б.Ганболдыг ирж түвшин тогтоох ажиллагаанд орох болсон учир шалтгаан нь сорилгын зөв хариултыг хууль бус арга замаар гартаа оруулсан байсан нь банкны дотоод хяналт шалгалтаар илэрсэн үйл баримтыг үнэлээгүй байна. “Нэгэнт ажил олгогчийн 2016 оны 11 дүгээр сарын 26 өдөр гаргасан Б/1425 тоот тушаал нъ Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг зөрчсөн хууль бус шийдвэр байх тул уг тушаалд дурдагдсан нэхэмжлэгч ноцтой зөрчил гаргасан эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй юм” гэж үзсэн нь талуудын маргааны зүйл болох хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг хүлээлгэх үндэслэл болсон зөрчлийн талаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гараагүй нэг хүчин зүйл гэж үзэж байна. Тодруулбал, нэхэмжлэгч Б.Ганболд нь Төрийн банкны "Хөдөлмөрийн дотоод журам", "Төрийн банкны ёс зүйн дүрэм", "Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо чанарын арга хэмжээнд мөрдөх журам", ажилтантай байгуулсан "Хөдөлмөрийн гэрээ" зэргийг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан. "Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журам"-ын 5.28-д ноцтой зөрчлийн талаарх харилцааг зохицуулсан бөгөөд "Дараах зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэл болно", 5.28.2. "Банкны дотоод үйл ажшлагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдлийг дотоодын хяналт шалгалтаар тогтоосон " гэж зохицуулсан. Б.Ганболдын гаргасан зөрчил Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн 2 дугаар хавсралтаар батлагдсан "Төрийн банкны ажилтны мэргэжил, чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо чанарын арга хэмжээнд мөрдөх журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.2, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3-т зааснаар зохицуулсан. Энэхүү журам нь банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой журам мөн бөгөөд тухайн журмыг зөрчсөн үйлдлийг гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан түвшин тогтоох арга хэмжээг Төрийн банкинд зохион явуулах эрх бүхий комисс тогтоосон тул дотоод хяналт шалгалтаар тогтоосон гэж үзсэн. Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 дугаар тушаалаар батлагдсан "Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам"-ын 2.1-т заасан. Мөн Б.Ганболдын гаргасан зөрчил "Төрийн банкны ёс зүйн дүрэм"-ийн 2 дугаар зүйл 2.1.1, "Төрийн банкны ёс зүйн дүрэм "-ийн 2 дугаар зүйлийн 2.1.1, 5 дугаар зүйлийн 5.28.26. "Банкны нууцлалын зэрэглэлтэй материалыг алдаж үрэгдүүлсэн, нууцлалыг задруулсан" бол хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчипд заахаар тодорхойлсон. Б.Ганболдын дээрх үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил мөн болох нь тухайн гэрээний 7.4.2-д заасан.

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл ажил олгогч нь Б.Ганболдтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох дүрэм, журмыг зөв хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Ганболдын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч талуудын гаргасан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан дүгнэж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Б.Ганболд нь хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч мэдлэг ур чадварыг тогтоох ажиллагааны үеэр сорилго, даалгаврыг олж авах үйлдэлд хамтран оролцсон, 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн болон банкны хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 73 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэж Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1425 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргажээ.

Талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь “Төрийн банк” ХХК-ийн Байгууллагын зээлийн хэлтсийн байгууллагын зээл хариуцсан харилцааны менежерийн албан тушаалд ажиллаж, талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байх тул ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуульд заасан журмаар цуцална.

Хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1425 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.Ганболдыг хөдөлмөрийн гэрээний 7.4.2-т тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажил олгогчийн санаачилгаар чөлөөлсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй. /хх 5/ Харин “Төрийн банк” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулсан ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд нэхэмжлэгч Б.Ганболд оролцсон эсэх, энэ нь сахилгын ноцтой зөрчил мөн эсэх талаар талууд маргажээ.

Дээрх үйл баримтын талаар нэхэмжлэгч Б.Ганболд нь “...мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авах гэж байсантай холбогдуулан бүх ажилтнууд уг шалгалтад бэлдэж байсан. Миний албан ажлын хэрэгцээнд хэрэглэгдэж байсан цахим шуудангаар тухайн үед байгууллагын харилцааны хэлтсийн харилцааны менежерээр ажиллаж байсан Б.Цэрэнбаатарын цахим шуудангаас арилжааны банкны үйл ажиллагаанд холбогдох асуулт, хариулт, Банкны тухай хууль тогтоомжид заасан нийтээр дагах хэм хэмжээг агуулсан материалыг уншиж танилцаж холбогдох шалгалтыг өгсөн, үүнд Төрийн банкны нууц гэж үзсэн ямар нэгэн мэдээлэл багтаагүй байсан...” гэж, хариуцагчийн хувьд “...тус банкны байгууллагын зээлийн хэлтсийн зарим ажилтнууд тухайн ажиллагааны мэдлэг ур чадварын сорилго даалгаврыг, хариултын хамт үгсэн хуйвалдаж олж авснаар хамгийн дээд оноог авсан нь нотлогдсон, нэхэмжлэгч үүнд хамтран оролцсон, уг үйлдэл банкны холбогдох дүрэм, журам, ёс зүй зөрчсөн үйлдэл учраас ноцтой зөрчил гаргасан...” гэж тайлбар гарган мэтгэлцжээ.

Хэрэгт авагдсан хариуцагч банкны зээлийн хэлтсийн ажилтныг үнэлэх үнэлгээний хуудас, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын шалгалтын сорилгын тест буюу нууцлал задарсан нөхцөл байдлын талаар авч хэлэлцсэн, 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 04 тоот тэмдэглэл, 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн зарим арга хэмжээг авах тухай Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 04 тоот шийдвэр, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн санал хүргүүлэх тухай уг комиссын хуралдааны тэмдэглэл зэрэг баримтаар Б.Ганболд нь сорилгын даалгавар, түүний хариултыг олж авах ажиллагаанд оролцсон гэх үйл баримт тогтоогджээ. /хх.129, 130, 134-136 тал/ Түүнчлэн тухайн үйл баримтын талаар гаргаж буй зохигчдын тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэлд хамаарах тул нотлох баримтаар үнэлэгдэнэ. Тухайлбал, нэхэмжлэгч Б.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тайлбартаа “шалгалтын комисс Ц.Цэрэнбаатар нарын 5 хүнийг дуудан, цахим шууданд хадгалагдан үлдсэн сорилгын материал шалгалтад ирсэн тул дүнг хүчингүйд тооцуулах тухай тайлбар бичүүлж авсан” гэж дурджээ.

Иймд нэхэмжлэгч Б.Ганболдыг шалгалтын сорилгын даалгавар, түүний хариултыг олж авах ажиллагаанд оролцож, улмаар дээд оноогоор дүгнэгдсэн үйл баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн боловч уг нөхцөл байдлыг ажлаас халах сахилгын ноцтой зөрчил мөн эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийн нотлох баримт үнэлэх журамд нийцүүлж дүгнээгүй байна.

Талуудын хоорондын хөдөлмөрийн гэрээний 7.4.2-т “банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, заавар зөрчсөн үйлдлийг дотоодын хяналт, шалгалтаар тогтоосон” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар тодорхой заасан байгааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын ноцтой зөрчлийг тодорхойлсон гэж үзнэ.

Хариуцагч Төрийн банк нь ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулж, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дүгээр шийдвэрийн 2 дугаар хавсралтаар “Төрийн банкны ажилтны мэргэжил, чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо чанарын арга хэмжээнд мөрдөх журам” баталжээ. /хх 60-64/ Уг журмын 4.2-т “сорилгын хувилбар бүр нь байгууллагын нууцад хамаарна”, 8.1-д “мэдлэг ур чадварын арга хэмжээний сорилго, оролцоо чанарын даалгаврын сэдэв, үзүүлэх сургуулийн хүрээ зэрэг нь байгууллагын нууцад хамаарна”, 8.2-т “энэхүү журмын 4.2, 7.1, 8.1-д заасан нууцад хамаарах материалыг задруулах, дамжуулах, хууль бусаар олж авах, түүнийг олшруулах, бусдад дамжуулах, хуулах, ашиглаж үнэлгээ авахыг хориглоно”, 8.3-т “энэхүү журмын 8.2-т заасныг зөрчсөн комиссын гишүүд болон мэдлэг, ур чадварын, оролцоо чанарын арга хэмжээнд хамрагдаж үнэлгээ авсан ажилтанд Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээнд заасан, харин шинжээчдийн багийн гишүүдэд хөлсөөр ажиллах гэрээнд заасан хариуцлагыг тус тус хүлээлгэнэ” гэж тус тус заасан байна. /хх61-64/

Дээрхээс үзэхэд байгууллагын дотоод үйл ажиллагааны журам нь зөвхөн зээл, түүнтэй холбогдох үйл ажиллагааг зохицуулах бус, харин тухайн байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх аливаа үйл ажиллагааг зохицуулах хэм хэмжээ гэж үзнэ.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Ганболдыг байгууллагын нууцад хамаарах шалгалтын сорилгын даалгавар, түүний хариултыг олж авах ажиллагаанд оролцсон гэж үзэх бөгөөд энэ нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байгууллагын дотоод журмыг зөрчсөн гэх сахилгын ноцтой зөрчилд тооцогдох үндэслэлтэй тул ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Ганболдыг ажлаас чөлөөлсөн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1425 тоот тушаалыг хууль бус гэж үзэхгүй.

Иймд хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Ганболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00576 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Төрийн банк ХХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Ганболдын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 479 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ШҮҮГЧИД                                                     А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                            Т.ТУЯА

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ