Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 235

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,

улсын яллагч Б.Гүнсэл,

хохирогч Д.Н,                                                                                       

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Б.О холбогдох 1...10019530000  дугаартай хэргийг 201... оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.О  201... оны 0... дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр  “Чингисийн хүрээ” амралтын газрын орчим Д.Н-г зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.О-н: “...Хохирогч Н 201... оны 0... дугаар сарын 15-ны шөнө миний утас руу залгаад, эхнэр рүү чинь зураг, чатуудыг чинь явууллаа гээд мессеж бичээд байсан. Тухайн өдөр би Н-тай уулзана гэж байгаад уулзаж чадаагүй болохоор надруу залгаж, мессэж бичсэн юм шиг байсан. Би 201... оны 0... дугаар сарын 16-ны өдөр ажил руугаа явах замдаа Н-н ажлаар ороход Н согтуу байсан. Тэгээд “чи зураг, чатаа устгачих” гэхэд ажил руугаа яваад орчихсон. Н ажлаасаа гараад ирэхээр нь түүний утсыг аваад бид хоёр Нисэх рүү явсан. Намайг хуралтай гээд ажлаас дуудаад байхаар нь ажил дээр очсон. Гэтэл манай хурал хойшлогдсон тул Н бид хоёр Ж-н ойролцоо “Чингисийн хүрээ” амралтын газар руу явсан. Тухайн үед Н-н хөл, гар хөхөрчихсөн байхаар нь “яасан юм бэ” гэж асуухад Н “би өчигдөр хүмүүстэй явж байгаад хүнд зодуулсан” гэж ярьж байсан. Би Н-н гар утсан дээр байсан зураг, чатыг устгах гээд утсыг нь авахад түүний гар утас унтарчихсан байсан. Би Н-н гар утсыг нь цэнэглээд, кодыг нь асууж байгаад гар утсыг нь асаасан. Би анх мэдүүлэг өгөхдөө хэрэг гарахын өмнөх өдөр ийм зүйл болсон, энэ талаар шалгаж өгнө үү гэж хэлсэн. Би мөрдөн байцаагч Т-т хэрэг гарахын өмнөх орой болсон асуудлын талаар хэлээд шалгаад өг гэж хэлсэн. Гэтэл шалгах боломжгүй гэсэн. Н 201... оны 0... дугаар сарын 15-ны шөнө “...”-т найз Б-тэйгээ явж байгаад хүнд зодуулсан байсан. Б гэх залуу нь манай эхнэрийн дүүгийн найз. Н бид хоёрыг хамт явж байхад Н хэрэг гарахын өмнөх орой болсон зүйлийн талаар хэлсэн. Учир нь биднийг хамт явж байхад Чингэлтэй дүүргийн Цагдаагийн байгууллагаас Н руу залгаж ярьсан. Н пабад сууж байхад хэдэн хүмүүс өрөө андуурч орж ирээд тухайн хүмүүстэй зодолдсон талаар ярьсан...” гэв.

Хохирогч Д.Н-н: “....Би 201... оны 0... дугаар сарын 15-ны өдөр орой ажлаа тараад А, Л нартай уулзаж байтал найз Б ирсэн. Тэгээд “...”-т сууж байтал өөр өрөөний хүмүүс орж ирээд манай найз Б тэй муудалцсан. Гэхдээ би муудалцаагүй, хэн нэгэнд цохиулсан зүйл байхгүй. Тухайн маргаан гаргасан залуугийн эхнэр нь С гэж хүн юм шиг байна. Би тэр хүмүүсийг танихгүй. Манай өрөөний хажуу өрөөнд сууж байсан хүмүүс нөгөө өрөөний хүмүүстэй муудалцаж байхад нь салгах гээд дундуур нь орсон. Тэгээд бид цагдаа дуудсан. Чингэлтэй дүүргийн цагдаа ирээд С гэдэг хүнийг эрүүлжүүлэх рүү аваад явсан. Цагдаа бид нараас гомдол санал байна уу, одоо өргөдөл өгөх юм уу эсвэл маргааш өгөх юм уу гэхээр нь бид нар ингээд явлаа, наад хүнээ эрүүлжүүл гэж хэлсэн. Маргааш нь О бид хоёр амралтанд байж байхад над руу байцаагч залгаад “ирж мэдүүлэг, өргөдөл өгөх үү, өгөхгүй гэвэл энэ хүмүүсийг суллаад явууллаа” гэж хэлсэн. Тухайн өдөр миний биед хөхөрсөн зүйл байгаагүй. Энэ талаар манай найз нар мэдэж байгаа. Надтай хамт явж байсан найз нар Т гэдэг байцаагчид мэдүүлэг өгсөн. Би О уулзаад зодуулчихаад ажил руугаа явахад миний бие хөхөрсөн байсан. 201... оны 0... дугаар сарын 16-ны өдөр О “намайг чирч гаргаагүй, би хуралтай байсан  Нд Нисэх буудал руу яваад хуралдаа оролцчихоод ирье” гэж хэлсэн мэт ярьж байна. Ийм зүйл байхгүй. О миний цүнхийг авчихаад “би машинд хүлээж байя” гэсэн. Намайг ажлаас гаргахгүй байсан. Гэтэл чи гарч ирэх болж байна уу, хурдал гэхээр нь ажлаасаа гараад утсаа аваад орох гэсэн боловч О миний утсыг өгөөгүй. Намайг машин руугаа чирч суулгасан. Тухайн үед манай ажлын хүмүүс гадаа зогсож байсан ба юу болж байгааг харсан. О намайг машиндаа суулгаад авч явсан. Харин “би хуралтай байна” гэсэн зүйл хэлээгүй. Би О “би ажилтай, намайг хаашаа авч яваад байгаа юм бэ, намайг буулга” гэж гуйгаад байхад намайг машинаасаа буулгаагүй. Машинтайгаа явж байхдаа О миний цээж, гуя руу цохисон, гар утсаар цохисон, шил мөргүүлсэн. Би 2 цаг өнгөрч байхад хавдсан уруултай, хөхөрсөн нүүртэй ажил дээрээ очсон. Тухайн үед манай ажлын 2-3 хүн “чи яасан бэ, цагдаад мэдэгдсэн үү” гэж асуусан. Хэрэг гарсан орой миний бие өвдөөд байхаар нь ахтайгаа ярилцаад Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Би эцэг, эхдээ хэлж чадахгүй байсан. Надад 201... оны 0... дугаар сарын 15-ны шөнө ямар нэгэн гэмтэл учраагүй. О Солонгос Улс руу явчихаад ирэхэд нь асуудал үүсч, эхнэр нь дахин битгий холбогдоорой гэж О хэлсэн байсан. Мөн түүний эхнэр надтай холбогдоод “бид хоёрын амьдралд битгий оролцоорой, бид 2 хүүхэдтэй гэж хэлэхэд нь би “би дахин ийм зүйл гаргахгүй” гэж хэлсэн. Гэтэл О 201... оны 07 дугаар сарын 12-ны өдөр над руу залгасан. Тухайн үед О-н эхнэр лагер явчихсан байсан. Би ойролцоогоор ...00.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Д.Н-н: “...Би 201... оны 0... дугаар сарын 15-ны орой ажлынхаа Л болон найз А нартай хамт нэг газарт сууж пиво ууцгаасан юм. Тэгээд тэндээсээ 00 цаг өнгөрч байхад “...” гэдэг караокед очиж дуулцгаасан. Манай найз Б бидэн дээр ирж хамт суусан. Тэгээд Б тамхи татах хоорондоо хоёр залуутай муудалцсан юм билээ. Удалгүй Б-ийг орж ирснээс хойш манай өрөөнд танихгүй хоёр залуу орж ирээд Б-тэй муудалцаад ноцолдсон. Тухайн үед бид нар тэднийг салгаад өнгөрсөн юм. Тэгээд бид нар цагдаа дуудтал биднийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр авчираад тэр хүмүүсийг эрүүлжүүлэхэд биднийг гомдолтой бол өглөө ирж өргөдөл өгөөрэй гэж хэлээд явуулсан юм. Тэгээд би цаг орой болсон байсан болохоор найз Л хамт 10 дугаар хороололд буудалд хоночихоод 0... дугаар сарын 16-ны өглөө 0... цаг өнгөрч байхад ажил дээрээ очтол О манай ажлын гадаа машинтайгаа зогсож байсан. Тэгээд би ажил руугаа ороод хувцасаа солих гэтэл намайг ажлаас гаргаад машиндаа хүчээр суулгаад миний цээжинд хоёр удаа цохиод миний үснээс зулгаагаад машинаа хөдөлгөөд Нисэхийн замаар яваад Чингисийн хүрээ амралтын газрын ойролцоо утсыг булааж аваад кодоо хэл гээд миний утсаар миний духанд цохисон. Тэгээд намайг 2-3 удаа алгадаад миний үснээс  зулгаагаад машиныхаа шилийг мөргүүлсэн. Мөн миний гар утсыг булааж авах гээд  миний гар, гуя хэсгүүдээс олон удаа чанга базаж, гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,  

Гэрч Т.З: “...Би Н-н их сургуулийн ангийнх нь найз нь байгаа юм. Би өмнө нь О Н-г зоддог байсан эсэхийг мэдэхгүй. Харин 201... оны 09 дүгээр сард надад Н өмнө нь найз залуу нь зодож байсан талаараа хэлсэн. Түүнээс биш зодож байхыг нь харж байгаагүй. Манай найз Н их шударга шулуухан зантай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Гэрч Б.А-н: “...Би 201... оны 0... дугаар сарын 15-ны өдөр найз Н, Л нартай хамт “...” караокед очиж дуулцгаасан ба бидэн дээр нэмэгдэж Н-н найз Б гэх залуу ирсэн. Тэгээд бид нар сууж байтал Б өөр нэг залуутай муудалцаад ноцолдоод байсан. Тэгээд бид нар болон Бтэй муудалцсан залуугийн найзууд нь салгацгаасан. Бид нар салцгаасан. Н тэр зодоонд нь оролцоогүй, тухайн үед айхтар ч зодоон болоогүй юм. Н-н биед тухайн үед гэмтэл учраагүй. Би О-г танина. Би яг О Н-г зодож байхыг нь хараагүй. Харин дараа нь Н надад 201... оны 07 дугаар сард нэг удаа, 0... дугаар сард нэг удаа хэд хоногийн өмнө О гээд найз залуу нь зодож байсан талаараа ярьж байсан. Гэхдээ би яг хэзээ нь хэрхэн яаж зодсон талаар нь мэдэхгүй байна. Миний мэдэхийн О, Н хоёр 201... оны эхээс эхлээд үерхэж эхэлсэн. Эхэндээ О, Н нарын харилцаа хэвийн байсан. Харин 201... оны хавраас эхлээд Н-н утасруу О-гийн эхнэр гэх хүн мессэж бичдэг болсон талаар надад хэлж байсан ба тэр үеэс эхлээд л О Н хоёрын харилцаа хэрүүл маргаантай болж эхэлсэн байх. Ер нь О Н-г их харддаг найзуудаараа явж байхад хүртэл хамт байгаа хүмүүсийнхээ зургийг явуул гээд хардаад байдаг юм. Ер нь л миний мэдэхийн О их хартай санагддаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 201... оны 0... дугаар сарын 16-ны өдрийн №100...4 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/,

     201... оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Дамно ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Б.О нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би анх Н-тай 201... оны 01 дүгээр сард танилцаж байсан ба би тэр үед эхнэрээсээ салчихсан байсан болохоор түүнтэй уулздаг байсан. Би  201... оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Солонгос улс руу ажлаар яваад 06 дугаар сарын 26-ны өдөр Монголд ирсэн. Тэгтэл Н өөр залуучуудтай уулздаг болсон байхаар нь түүнээс салахаар шийдээд эхнэрээсээ уучлалт гуйгаад буцаж нийлэхээр болоод Н-с холбоогоо тасалсан. Тэгээд би эхнэртэйгээ буцаад нэг гэрт орчихсон амьдарч байтал 201... оны 07 дугаар сард надруу шөнө согтуу залгаад “чи жаргалтай байна уу, намайг санаж байна уу” гэх мэт үгээр хэлээд уулзая гээд байхаар нь би хэд хоногийн дараа уулзсан ба түүнээс хойш үе үе уулзаж холбоо сэргэсэн юм. Тэгээд  201... оны 0... сарын 11-ний өдөр Н ажлынхантайгаа амралтанд яваад орой нь согтуу надруу яриад ирж ав гэхээр нь би амралтын газраас түүнийг аваад гэрт нь хүргэж өгсөн ба тэр өдөр түүний утсан дээрээс нь өөрийнхөө зурагнууд болон бичсэн чатаа устгасан. Тэгтэл маргааш нь надруу залгаад “чи зургаа устгачихаараа болчихно гэж бодож байна уу” гээд байхаар нь би түүнд “чи байнга архи дарс уугаад өөр залуучуудтай яваад байх юм” надад ийм хүн хэрэггүй гэж хэлтэл надтай заавал уулз гээд байхаар нь би 201... оны 0... сарын 14-ний өдөр машинд уулзсан. Уулзахдаа би Н-д түүний байнга архи дарс ууж, найзуудтайгаа наргиж цэнгэж явдаг байдал хэцүү байгааг хэлээд салцгаая гэж хэлтэл надаас салахгүй салах юм бол амиа хорлоно гээд явж байгаа машины хаалга онгойлгоод байхаар нь түүнд “за за би чамтай уулзаж байя, харин чи дахиж битгий архи ууж өөр залуустай яваарай” гэж хэлээд салцгаасан. Тэгтэл 201... оны 0... сарын 15-наас 16-нд шилжих шөнө намайг гэртээ амарч байхад согтуу залгаад “би одоо эхнэр рүү чинь ярих уу” гэхээр нь “чи яагаад архи уугаад байгаа юм” гэж хэлтэл “эхнэр рүү чинь ярина” гээд байхаар нь би эхнэртэйгээ дөнгөж учраа олж байж Н-г ярьчих юм бол эхнэрээ дахиад гомдоочихно гэж айгаад Н руу залгатал утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь өглөө 0... цагт ажлынх нь гадаа хүлээгээд байж байтал Н таксинаас шал согтуу бууж ирсэн. Тэгээд би Н-г хувцасаа солиод гарч ирэхээр нь түүнээс “утсаа өгчих сэргээсэн зураг, чатаа устгачихаад явлаа” гэтэл намайг тоохгүй ажил руугаа орох гээд байхаар нь цүнхийг нь булааж аваад машинд хүлээж байя гэж хэлээд машиндаа суусан. Тэгтэл ардаас гарч ирэхээр нь машинд суулгатал манай ажлаас залгаад яаралтай хурал болох гээд байна гээд дуудахаар нь би Н-д “хоёулаа хамт нисэх орчихоод ирье намайг ажлаас дуудаад байна” гэж хэлээд явсан. Тэгээд би нисэх дээр ирээд ажлынхаа залуу руу залгатал хурал хойшлогдсон гэхээр нь “Чингисийн хүрээ” амралтын газрын наад талын уулын аманд очиж зогсоод Н-д утсаа өгчих гэж хэлтэл “чиний зураг, чатыг” устгахгүй гээд байхаар нь түүний утсыг булааж авах гээд бид хоёр ноцолдож байгаад би утсыг нь булааж автал кодтой байхаар нь би кодыг нь асуутал хэлэхгүй байж байгаад хэлэхээр нь би утсыг нь шалгатал өөр залуутай хамт архи ууж явсан талаарх чат байхаар нь би уурлаад “чи ийм юм байж яах гээд байгаа юм” гээд утсаар нь духан дээр нь цохисон. Тэгээд би утсан дээрх зурагнуудаа устгасан. Тэгээд би Н-д утсыг нь өгтөл утасны дэлгэц хагарсан байна гэхээр нь би төлж өгнө гэдгээ хэлээд гэрийнх нь гадаа хүргэж өгөөд явсан. Би өмнө нь Н-г огт цохиж зодож байгаагүй. Харин 201... оны 07 дугаар сард манай гэрт агсам тавиад орилж чарлаад байхаар нь нэг удаа алгадаж байсан. Дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би Н-н биед учирсан гэмтлийг ноцолдож байхдаа болон утсаар нь духыг нь цохиж учруулсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа  /хх-ийн 46 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Б.О-д  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

 Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Б.О нь 201... оны 0... дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр  “Чингисийн хүрээ” амралтын газрын орчим Д.Н-г зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/, хохирогч Д.Н-н мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Б.А-н мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, 201... оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Д ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31 дүгээр хуудас/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 201... оны 0... дугаар сарын 16-ны өдрийн №100...4 дугаартай

  1. Д.Н-н биед тархи доргилт, толгойн хуйх, баруун нүдний гадна булан, дээд уруул, их бие, дээд, доод мөчинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.О нь хохирогч Д.Н-н биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Иймд шүүгдэгч Б.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал:

Шүүгдэгч Б.О-с гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардалд баримтаар ...15....40 /найман зуун арван таван мянга найман зуун дөч/ төгрөг нэхэмжилсэнийг гаргуулж хохирогч Б.Н-д олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний баримт бичиггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурьдах нь зүйтэй.      

     

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36...., 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Ж овогт Б.О-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-г 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.О-с  ...15....40 /найман зуун арван таван мянга найман зуун дөч/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нд олгосугай.

 5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 3....1 дүгээр зүйлийн 1, 3....2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ