Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 537

 

МАГАДЛАЛ

2019.05.30                                                          №537                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Б.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Б.Батцэнгэл,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Од холбогдох 1810019530791 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ж овгийн Б-ы О, 1987 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “...... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....../;

 

Б.О нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” амралтын газрын орчим Д.Нйг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж овогт Б-ы Ог хүнийг эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ог 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Огээс 815.840 /найман зуун арван таван мянга найман зуун дөч/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Нд олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.О давж заалдах гомдолдоо: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөхөд хүлээн авахгүйгээр ял шийтгэсэн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хохирогч Д.Нйн өгсөн мэдүүлэг /хх 12-13/ “хохирогч тэр өдөр өөрийгөө ямар нэг зодоонд оролцоогүй. Зөвхөн найз Билгүүн нь зодолдсон” гэж худал мэдүүлсэн байдаг. Мөн хавтас хэргийн 11 дүгээр хуудаст өөрийн боловсролын түвшинг худал мэдүүлсэн байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй”, 9.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 зүйлийн 1 дэх хэсэгт “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус заасан байдаг.

Мөрдөн байцаагч Т.Тамир нь хохирогч Д.Нас мэдүүлэг авахдаа түүнд хууль тайлбарласан боловч санаатайгаар худал мэдүүлэг өгсөн байж болзошгүй. Учир нь, хохирогч Д.Н болон түүний найз Б.Ариунжаргал нарын мэдүүлснээр тухайн өдөр Билгүүнээс өөр хүн зодолдоогүй гэдэг боловч Билгүүн утсаар ярихдаа Нйг эрэгтэй, эмэгтэй 2 хүн зодож, хэд хэд цохисон тухай ярьдаг. Мөн Д.Н нь урьд болсон маргааныг удаа дараа байнга зоддог байсан зэргээр худлаа мэдүүлсэн. Мөрдөн байцаалтын явцад Д.Нйн хувийн байдлыг тогтоох ажиллагаа огт хийгээгүй, хохирогчийн хувийн байдлыг тогтоох нь хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Хохирогч Д.Нйн хувьд архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, хэрэглэснийхээ дараа зохисгүй ааш авир гаргадаг байсан. Би энэ талаар нь түүнд хэлж, цаашид архины хамааралтай хүнтэй байж чадахгүй, харьцаагаа таслахыг хүсэж байгаагаа удаа дараа хэлдэг байсан боловч тэрээр “салах юм бол үхнэ,чамаас салбал юу хийхийг хараарай” гэж сүрдүүлдэг байсан нь түүний хувийн байдлыг харуулж байна.

Би 2018 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 00:00 цагт Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст ирж тайлбар өг гэсний дагуу очиж байцаалт өгч байхдаа л хохирогчийн урд шөнийн зодуулсан асуудлыг шалгуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Гэтэл түүнээс хойш 2 сарын хугацаанд ямар ч мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, нэг ч удаа дуудаж байцаалт аваагүй. Мөрдөн байцаагч Т.Тамирт “Премиум Палас” гэх газрын хяналтын камер болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс тодруулж өгөхийг хүссэн боловч одоо тэр хяналтын камерийн бичлэг яаж олдох юм бэ, Чингэлтэй дүүргийн цагдаа руу албан тоот явуулсан тийм зүйл болоогүй гэж бичиг ирсэн гэсэн. Тухайн үед буюу 2018 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө хохирогч Нтай хамт байсан Золзаяа, Билгүүн болон Лхагвалхам нарыг уг хэрэгт гэрчээр асуулгах хүсэлтэй байгаагаа мөрдөн байцаагчид хэлсэн. Гэтэл үйл явдлын гол гэрч болох Билгүүнээс мэдүүлэг авах ажиллагаа хийгээгүй. 2018 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн болсон үйл явдлын талаар Билгүүний гар утасны ярианы бичлэгийг шүүх хурал дээр гаргаж өгсөн боловч шүүх авч хэлэлцээгүй. Улсын яллагч Б.Гүнсэл 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр надад гардуулж өгсөн яллах дүгнэлтийн 2-т "яллагдагч Ц.Гансүх-д холбогдох эрүүгийн хэргийн 1810019530791 дугаартай хэргийг хянан шийдвэрлүүлэхээр харьяаллын дагуу Хан-Уул дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсүгэй" гэсэн байсныг хавтас хэрэгт засаж оруулсан зэрэг нь яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Тухайн гэмтэл, бэртэл нь гар утсаар духанд цохиход үүсэх эсэх нь эргэлзээтэй байдаг. Хохирогч Д.Нйг зодоогүй гэдгээ мөрдөн байцаагч Т.Тамирт удаа дараа хэлж байсан боловч "теннесний бөмбөгөөр цохиулаад хүн үхчихдэг юм, энэ гэмтэл гар утсаар цохиод ч үүссэн байж болно, чи мэдүүлэгтээ духанд нь утсаар цохисон гэж хэлсэн байна” гэсэн. Ингээд дахин шинжээч томилуулах хүсэлтийг минь харгалзаж үзээгүй нь хэргийг зөвхөн хохирогчийн мэдүүлэгт тулгуурлан шийдвэрлэсэн, хурдан шуурхай эцэслэх гэж нэг талыг барьсан мөрдөн шалгах ажиллагаа болсон гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд Д.Нйн зүүн талд гарсан гэмтлүүдийн талаар дурдаагүй ба хэрэг гардаг өдөр миний унаж явсан “Toyota Prius” загварын автомашин нь баруун гар талдаа жолооны хүрдтэй машин байсан тул хохирогчийн хэлсэн үнэн бол зүүн талд нь хэрхэн яаж гэмтэл гарсан зэрэг нь тодорхойгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, дахин мөрдөн байцаалтын ажиллагаа хийж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Б.Батцэнгэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Д.Н нь 2018 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө буюу Б.Од зодуулсан гэх өдрийн урьд шөнө нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Премиум палас” төвийн доод талын караокед бусдад зодуулсан талаараа Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст дуудлага өгсний дагуу Б.Солонгод Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл оногдуулсан материал, тэр шөнө Д.Нтай хамт явсан Билгүүнтэй утсаар ярьсан ярианы бичлэгтэй бүхий СD болон бусад баримтыг анхан шатны шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн боловч хүлээж аваагүй. Миний хувьд дээрх материалуудыг шүүх хүлээн авч шинжлэн судалсан бол хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан гэж үзэж байгаа. Учир нь, гэрч Б.Ариунжаргалын мэдүүлснээс өөр үйл явдал болсон талаар Билгүүн гэгч хамт байсан залуу нь ярьсан байгаа.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 10084 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хохирогч Д.Нйн биед учирсан гэмтлүүдийг тусгасан байгаа. Хохирогч Д.Нйн мэдүүлснээр Б.О нь “Toyota Prius 20” загварын автомашин дотор түүний биед гэмтэл учруулсан гэдэг. Мөн хаана, хаана нь яаж цохиж гэмтээсэн талаар мэдүүлдэг. Тэгвэл шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг нарыг харьцуулж үзэхэд дараах зөрүү гарч байна. Тухайлбал:

1. Зүүн далны дээд хэсэгт учирсан гэмтэл,

2. Зүүн бугалганы гадна дунд хэсэгт учирсан гэмтэл,

3. Зүүн бугалганы дотор. доод хэсэгт учирсан гэмтэл,

4. Баруун мөрний ар хэсэгт учирсан гэмтэл,

5. Баруун гуяны гадна дунд хэсэгт учирсан гэмтэл,

6. Баруун шилбэний гадна дунд хэсэгт учирсан гэмтэл,

7. Баруун шилбэний ар дээд хэсэгт учирсан гэмтэл,

8. Зүүн гуяны гадна дээд хэсэгт учирсан гэмтэл,

9. Зүүн шилбэний урд дээд хэсэгт учирсан гэмтэл зэргийг хохирогч тус тус мэдүүлдэггүй болно.

Мөн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өглөө Д.Нтай уулзахаар очиход тэрээр маск зүүсэн, гар, хөл нь хөхөрсөн, архи нь гараагүй байдалтай таксигаар ирсэн талаар Б.О мэдүүлдэг. Дээрх нөхцөл байдлуудад дүгнэлт хийхэд Д.Н нь 2018 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө бусдад зодуулсан бөгөөд тэр үед авсан гэмтлүүдээ Б.Ог учруулсан гэж мэдүүлээд байж болзошгүй байх тул тухайн үед хохирогчтой хамт явсан гэх Лхагвалхам, Билгүүн нарыг гэрчээр асууж Б.О, гэрч Б.Ариунжаргал нарын мэдүүлгийн зөрүүг арилгах, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдсан материал болон Билгүүнтэй ярьсан ярианы бичлэг бүхий СD зэргийг нотлох баримтаар хэрэгт хавсаргуулах шаардлагатай байна.

Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Гүнсэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч тогтвортой мэдүүлдэг. Тэрээр өөрийн биед учирсан гэмтлийг хэн учруулсан, юунаас болж учирсан, ямар учраас бусдад зодуулсан талаараа тодорхой ярьдаг. Шүүх хуралдааны явцад өмгөөлөгчийн зүгээс Билгүүнтэй ярьсан ярианы бичлэг бүхий СD-г гаргаж өгнө гэсэн асуудал яригдсан. Тухайн бичлэг дээр ярьж байгаа хүн нь Билгүүн мөн эсэх, хэнтэй ярьсан эсэх нь тодорхойгүй. Тухайн үед өгсөн тайлбараар Б.Огийн эхнэр нь Билгүүнтэй ярьсан гэх асуудал яригддаг. Тийм болохоор хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй учраас нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна гэж үзээд анхан шатны үүх хүлээж аваагүй.. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Үүнээс хойш тодорхой шалтгаанаар шүүх хуралдаан хойшилж байгаад 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн байр суурь нь хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгах сонирхолтой байгаа юм уу гэсэн нөхцөл байдал харагддаг. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоолгүй орхигдуулсан байна. Тодруулбал;

 1. Хэргийн материалыг судлахад, хохирогч Д.Н нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст “...Б.Од 2018 оны 7 дугаар сарын 24, 2018 оны 8 дугаар сарын 10, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрүүдэд зодуулсан. ...” гэх /хх 7/ өргөдөл гаргаж, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр “...2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Б.О надтай маргалдаж харилаа гээд машинаас нь буугаад зугтах гэхэд араас хүрч ирээд өмднөөс татаж ураад нуруу, гар луу хүчтэй цохиж, нүүр лүү алгадаж, гэр лүүгээ чирж оруулан дахин нүүр лүү алгадаж, гар мушгисан...2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Б.О манай ажил дээр ирээд машиндаа суулгаад гар утсыг чинь шалгана гээд булаацалдаад зүүн гарны шуу хэсэг болон зүүн хөлний гуя руу хүчтэй цохиж цус хурж хавдсан...”Өргөө” кинотеатрын хойд талын мухар гудамж руу машинаа оруулж байгаад гар өчиж гар утас булааж авсан...толгой, нүүр, духны хэсэгт цохиж хавдуулсан, баруун, нүд, уруул хөхөрч хавдсан, цээжний баруун хэсэгт цохиж хавдсан, зүүн, баруун хөл шилбэ, гуя хэсэгтээ хөхөрч хавдсан, зүүн, баруун гарын булчин хэсэгт хөхөрч хавдсан, нуруунд цус хуралдаж зулгарсан, баруун талын хавирганы хэсэгт хөхөрсөн гэмтлүүд авсан. ...” гэж /хх 14-17/ мэдүүлжээ.

 

 Гэтэл Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Ог 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” амралтын газрын орчим Д.Нйг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт /хх 56-57/ үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлж, 2018 оны 7 дугаар сарын 24, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрүүдэд зодуулсан гэх асуудлыг шалгалгүй орхигдуулжээ.

2. Шүүгдэгч Б.О нь “...2018 оны 8 дугаар сарын 16-ны өглөө Д.Нтай уулзахаар ажил дээр нь очиход тэрээр маск зүүсэн, гар, хөл нь хөхөрсөн, архи нь гараагүй байдалтай таксигаар ирсэн...энэ талаар шалгуулахаар хүсэлт тавьж байсан боловч ямар ч ажиллагаа хийгээгүй...анхан шатны шүүх хуралдаанд үүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөхөд хүлээж аваагүй...” гэх мэдүүлэг өгч, давж заалдах гомдолдоо дурджээ.

Энэ талаар хохирогч Д.Н “...00 цаг өнгөрч байхад “Премиум палас”-караокед очиж дуулсан. Манай найз Билгүүн бидэн дээр ирж хамт суусан...Билгүүнийг орж ирснээс хойш манай өрөөнд танихгүй хоёр залуу орж ирээд Билгүүнтэй муудалцаад ноцолдсон. Тухайн үед бид нар тэднийг салгаад өнгөрсөн...Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст бид нарыг авч ирээд, тэр хүмүүсийг эрүүлжүүлээд бид нарыг гомдолтой бол өглөө ирж өргөдөл өгөөрэй гэж хэлээд явуулсан...цаг орой болсон байсан болохоор Лхагвалхамтай хамт буудалд хоночихоод, 8 дугаар сарын16-ны өглөө 08 цаг өнгөрч байхад ажил дээрээ очиход О манай ажлын гадаа машинтайгаа зогсож байсан. ...” гэж /хх 11-12/, гэрч Б.Ариунжаргал “...2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр найз Н, Лхагвалхам нартай хамт “Премиум палас”” караокед очиж дуулсан. Бидэн дээр Нйн найз Билгүүн гэх залуу ирсэн...бид нарыг сууж байхад Билгүүн нэг залуутай муудалцаад, ноцолдоод байсан. ...” /хх 22-23/ гэж тус тус мэдүүлсэн байх бөгөөд тухайн өдөр Д.Нйн биед гэмтэл учруулах нөхцөл байдал үүссэн эсэхийг тодруулах ажиллагаа хийгдээгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батцэнгэлийн давж заалдах гомдолд дурдсан н.Билгүүнтэй ярьсан гэх ярианы бичлэг бүхий СD-г хэрэгт нотлох баримтаар тооцож, үзлэг хийх асуудлыг шийдвэрлэх, хамт байсан н.Билгүүн гэх хүнээс гэрчээр мэдүүлэг авах ажиллагааг хийх нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг хуульчлан тодорхойлсон ба энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.”,

- 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”

- 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан.

Иймээс шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч  Б.Батцэнгэл нарын гаргасан “... хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн, дүүрэн шалгаж тодруулаагүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн, уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулах шаардлагатай гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Харин хэргийг прокурорт буцаах болсонтой холбогдуулан гэм буруугийн талаар гаргасан шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Од холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурор газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                             Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН