Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 99

 

А.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Г.Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 195 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 401 дугаар магадлалтай, А.М-т холбогдох эрүүгийн 2308021232008 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Түмэнжаргалын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гидро механик инженер мэргэжилтэй, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т засварын инженер ажилтай,

урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 873 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял,

мөн шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 861 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 төгрөг торгох ялаар тус тус шийтгүүлж байсан А.М.

 

А.М- нь 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын хашаан дотор хохирогч И.Х-тай маргалдан заамдаж, эргүүлэн дарж унагааж, эрүүл мэндэд “баруун шилбэний тахилзуур ясны хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

Хохирогч И.Х- гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч И.Х-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Түмэнжаргал хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж хуульчилсан.

Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлал нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн үйл баримтаас илтэд зөрүүтэй үйл баримтыг дүгнэж, тодорхойлон, ойлгомжгүй байдлаар бичсэн нь шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийн шаардлагыг хангаагүй. Иймд магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив.” гэсэн байна.

 

Прокурор Г.Эрдэнэ хууль зүйн дүгнэлтдээ “...Прокурорын эсэргүүцэлд “...давж заалдах шатны шүүхийн магадлалд хэргийн үйл баримтаас илтэд зөрүүтэй үйл баримтыг дүгнэж тодорхойлон, ойлгомжгүй байдлаар бичсэн нь шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг прокурорт хүргүүлэхдээ зөрчлийн хэргийн байж болох шийдвэрийн хуудсыг хавсаргасан нь шүүхийн шийдвэрийн үндэслэл бүхий байдалд эргэлзээ үүсгэсэн байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож буй прокурорын хувьд эсэргүүцлийг дэмжихгүй байна. Тодруулбал, А.М-т холбогдох эрүүгийн хэргийн материалтай танилцахад 184-187 дугаар хуудсанд бүрэн эхээрээ авагдсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 401 дүгээр магадлал нь хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуульд заасан шаардлагыг хангасан байна. Харин Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт хүргэгдэж хяналтын прокурор Д.Түмэнжаргалд гардуулагдсан магадлалыг гаргуулах авч үзэхэд 3-6 дугаар хуудас зөрчлийн хэргийн байж болох шийдвэртэй солигдсон байна. Дээрх нөхцөл байдал нь прокурорын эсэргүүцэлд дурдсан шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарахгүй.

Хоёр шатны шүүх шүүгдэгч А.М-т холбогдох хэрэгт хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэжээ.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Түмэнжаргалыг бичсэн эсэргүүцлийг үндэслэн А.М-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүгдэгч А.М- нь 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын хашаан дотор хохирогч И.Х-тай маргалдан заамдаж, эргүүлэн дарж унагааж, эрүүл мэндэд “баруун шилбэний тахилзуур ясны хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцжээ.

 

Мөн шүүгдэгч А.М-ын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг хоёр шатны шүүх зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан 1,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь үндэслэл бүхий байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурор эсэргүүцлээ бичжээ.

 

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлан үзэхэд, Хавтаст хэргийн 184-187 дахь хуудсанд авагдсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 401 дугаар магадлал нь хуульд заасан шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийн шаардлага болон Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал”-д заасан стандартад бүрэн нийцсэн, тодорхой, ойлгомжтой, биелүүлэхэд эргэлзээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Хяналтын шатны шүүх хуралдааны явцад прокурорын шинээр гаргаж өгсөн магадлалыг хянавал, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрээ бичгээр прокурорт гардуулах буюу хүргүүлэхдээ Э.Болортуяа гэгчид холбогдох зөрчлийн хэргийн магадлалын 3-6 дахь хуудсыг А.М-т холбогдох эрүүгийн хэргийн магадлалын мөн 3-6 дахь хуудастай сольж хавсаргасан нь прокурор хяналтын шатны шүүхэд эсэргүүцэл бичих үндэс болжээ.

 

Шүүх гаргасан шийдвэрээ бичгийн хэлбэрээр эцэслэн албажуулахдаа Эрүүгийн хуулийн аль зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон, цагаатгасан, эрүүгийн хариуцлагыг хэрхэн оногдуулсан, давж заалдах шатны шүүхийн тухайд шийтгэх, цагаатгах тогтоолыг ямар үндэслэлээр хэвээр үлдээсэн, өөрчилсөн, хүчингүй болгосон талаар шууд нэрлэн заагаагүй, тодорхойгүй, түүнийг хэргийн оролцогч болон төрийн гүйцэтгэх чиг үүрэг бүхий байгууллагууд биелүүлэхэд эргэлзээтэй, шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийн шаардлагыг хангаагүй зэрэг тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамааруулан үздэг.

 

Харин шүүхийн шийдвэр нь дээр дурдсан алдааг гаргалгүйгээр тодорхой, ойлгомжтой байдлаар бичгээр ёсчлогдсоны дараа хэргийн оролцогч нарт гардуулагдах явцад шүүхийн бусад шийдвэртэй ганц нэг хуудас солигдсон явдлыг хэрэг хянан шийдвэрлэх процесс дахь гар ажиллагааны техникийн шинжтэй байж болохуйц алдаанд тооцохоос бус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, “хэргийн үйл баримтаас илтэд зөрүүтэй үйл баримтыг дүгнэсэн” гэж үзэхгүй. 

 

Хэдийгээр давж заалдах шатны шүүх эрх зүйн болоод үг, үсгийн алдаагүй албажуулсан магадлалаа хэргийн оролцогч нарт бүрэн гүйцэт гардуулж чадаагүйг зөвтгөхгүй боловч техник ажиллагааны шинжтэй гаргасан алдааг дахин хэргийг хянан хэлэлцэх замаар гүйцэлдүүлэх нь хууль зүйн ач холбогдолгүй агаад цаг хугацаа, хүн хүчний үргүй зардал шаардаж, эцсийн дүндээ хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт, шүүн таслах ажиллагааны үр дүнг өөрчлөхгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлээр хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Цаашид Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уншиж сонсгосон шийдвэрээ албажуулж, гардуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Шүүхийн шийдвэр боловсруулах журмыг тус тус ягштал баримталбал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 195 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 401 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

2.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Түмэнжаргалын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

 

ШҮҮГЧИД                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                      М.ПҮРЭВСҮРЭН

 

      Ч.ХОСБАЯР

 

      Б.ЦОГТ