Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2020/0432

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

 “ЗР” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Г.Билгүүн, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М нарыг оролцуулан,  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 317 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “ЗР” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 317 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ЗР” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/177 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/177 дугаар тушаалаар “ЗР” ХХК-ийн газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтыг үндэслэл болгож, эрх олгосон талбайн хэмжээг хэтрүүлэн үйл ажиллагаа дархан цаазат газрын нийтлэг горимыг ноцтой зөрчсөн тул газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ тусгай хамгаалалттай дархан цаазат газарт аялал жуулчлалаар газар олгосоор ирсэн, нэхэмжлэгчийг хууль зөрчсөн талаарх дүгнэлтийг сайдын шууд удирдлагын хамаарал бүхий этгээд хийсэн, прокурорын тогтоол, Газар зохион байгуулалт, геодези зураг зүнй газрын дүгнэлт, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь хэсэг, бодит нөхцөлд тохирсон байх, тэгш байдлыг хангах, хууль ёсны итгэл хамгаалах гэсэн зарчим зэргийг үндэслэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн буруу юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон Усны тухай хуулийн зөрчсөн, төрийн эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үгүйсгэсэн, хуулийн тодорхой заалтыг зөрчсөн байхад зарчимд нийцэхгүй байна гэж, мөн илэрхий тодорхой баримтыг үнэлээгүй. Иймд хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтыг дутуу үнэлсэн анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч “ЗР” ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/177 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх уг хэргийг хянан шийдвэрлэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн маргаан бүхий А/177 дугаар тушаал[1]-аар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 37 дугаар зүйлийн 37.2.1, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалт, Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 34 тоот албан шаардлага, Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 491 тоот саналыг тус тус баримтлан “талбайн хэмжээг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр “ЗР” ХХК-ийн Богдхан Уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Их тэнгэрийн аманд аялал жуулчлалын зориулалт бүхий 4.0 га газрын газар ашиглах эрхийг дуусгавар болгож, уг аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээг цуцалжээ.

Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “... сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй ... газрын төлбөрийг жил бүр төлдөг байсан ... хууль бус үйл ажиллагаа явуулаагүй ... яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулсан ... манай компани хэтрүүлсэн газраа хасаад зохицуулалт хийж, хариуцлага хүлээх бүрэн боломжтой, бургас дахин нутагшуулахаар 2-3 машин зөөвөрлөсөн ...  ” гэсэн үндэслэлээр маргасан байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасан бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 1/-д “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр”, 2/ “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дуусгавар болгох тохиолдлыг тус тус заасан.

Нэхэмжлэгч “ЗР” ХХК-д 2008 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Богдхан уулын Бага тэнгэрийн ам нэртэй газар 4 га газар ашиглах 743 дугаар гэрчилгээ[2] олгогдсон, 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нартай гурвалсан гэрээ[3] байгуулагдсан байх бөгөөд 2008 оноос 2018 он хүртэлх хугацаанд газрын төлбөрт нийт 120838666 төгрөгийн төлбөр төлөхөөс 120838666 төгрөгийн төлбөр төлсөн[4], байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан хийлгэсэн, газар ашиглах /аялал жуулчлалын цогцолбор/ зорилгоор МЗХ2017/03-07 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар[5]-ыг эрх бүхий этгээдээр батлуулсан зэрэг нэхэмжлэгч компанид маргаан бүхий газар ашиглах эрх үүссэн, газар ашиглагчийн газар ашиглах чиглэлээр явуулсан үйл ажиллагаатай холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл хариуцагчийн шийдвэрийн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1-т “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, мөн зүйлийн 2/-т “энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах”, 40 дүгээр зүйлийн 1-т “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, мөн зүйлийн 2/-т “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасан үндэслэл бий болсон гэж үзсэн буюу нэхэмжлэгч “ЗР” ХХК-ийг “талбайн хэмжээг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан, дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг ноцтой зөрчсөн” гэж үзэж газар ашиглах эрхийг дуусгавар болгосон үндэслэл ойлгомжгүй тодорхой бус, энэ талаарх баримтууд хэрэгт байхгүй байна.

Хариуцагч 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар[6]-таа “... “Их  Тэнгэр” амины орон сууц барихаар ... барилгын ажлын зураг магадлал хийлгэж, газрын зориулалтыг өөрчилсөн ... ” гэх бөгөөд хэрэгт нэхэмжлэгч “ЗР” ХХК-ийн “Их Тэнгэр Вилла” 3 давхар 50 айлын таун хаус бүхий барилгын эскиз зургийн төсөл авагдсан байх боловч хэрэгт авагдсан архитектур төлөвлөлтийн МЗХ2017/03-07 дугаар даалгавар, Эрчим хүчний яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 1/2016 дугаар техникийн нөхцөл[7], 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ТН-В77/2017 дугаар холбоожуулах техникийн нөхцөл[8] зэрэг нь аялал жуулчлалын цогцолбор барилгууд, аялал жуулчлалын барилга зэрэг зориулалтаар олгогдсон, нэхэмжлэгчийн “... аялал жуулчлалын зориулалтаар бүтээн байгуулалт хийж эхэлсэн ... гэрээний зориулалтыг өөрчлөөгүй ...” гэх тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч “ЗР” ХХК архитектур төлөвлөлтийн даалгаварт үндэслэн барилгын ерөнхий төлөвлөгөөний эскиз зургийг боловсруулсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

Нэхэмжлэгч “ЗР” ХХК-д Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын ДЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн Бага тэнгэрийн аманд 4.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жил ашиглуулахаар 2008 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 743 дугаар гэрчилгээ олгогдсон, тус гэрчилгээний хугацаа 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 5 жилээр сунгагдсан байх бөгөөд усны хамгаалалтын бүсээс гаргаж талбайн анхны солбицлуудыг өөрчлөн баталгаажуулсан байх бөгөөд хэргийн оролцогчид үүнтэй маргаагүй байна.

Хариуцагч нэхэмжлэгч “ЗР” ХХК-ийг “1.61 га талбай хэтрүүлэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан” гэж маргах боловч хэрэгт энэ талаарх нотлох баримтууд авагдаагүй байх бөгөөд энэ үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгч “... барилга баригдаж байгаа хамгаалалтын бүс байдаг ... манай компани хэтрүүлсэн газраа хасаад зохицуулалт хийж, хариуцлага хүлээх бүрэн боломжтой ... шинжээчийн дүгнэлтээр 1.6 га газар хэтрүүлсэн байна. Хэтрүүлэхдээ газрын голдиргод саад учруулсан гэх боловч газрыг ашиглаагүй учраас хохирол төлбөр төлөх боломжгүй байна ...” гэх тайлбар[9]-ыг гаргажээ.

Нэхэмжлэгчид ашиглуулахаар анх олгосон газрын солбицлын цэгүүд хэрхэн ямар байдлаар өөрчлөгдсөн, нэхэмжлэгч компанийн төлөвлөсөн барилгын зураг төсөл эзэмшил газрын аль хэсэгт төлөвлөгдсөн, нэхэмжлэгчид анх олгосон 4.0 га талбайгаас хэтрүүлэн газар ашигласан эсхүл барилгын ажил явагдаж байгаа үед хамгаалалтын зориулалтаар барьсан гэх хашаа нь ашиглуулахаар олгосон 4.0 га газраас хэтэрсэн эсэх зэрэг нөхцөл байдлууд тодорхой бус байна.

Хариуцагч маргаан бүхий А/177 дугаар тушаалд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтыг үндэслэл болгосон байх бөгөөд “... Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, их тэнгэрийн аманд усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсээс дотогш 20 метрт зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаа явуулснаас тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан байгаль орчинд 9.171.000.000 /9.2 тэрбум/ төгрөгийн хохирол учруулсан ...” гэж маргаан бүхий актын үндэслэлээ тайлбарласан бол нэхэмжлэгч “... Хамгаалалтын хүрээг тэлсэн шалтгаан нь барилга баригдаад хөдөлмөр аюулгүй байдлын үүднээс барилгын талбайг хүрээлсэн хашаануудыг оруулсан байсан. Түүнээс биш даланг сэтэлсэн зүйл байхгүй ...” гэж маргасан байна.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг  хориглоно”, 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг  байгаль орчны болон газрын харилцааны  асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно”, 22.6-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно” гэж тус тус заасан.

Хэдийгээр хавтаст хэрэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар “ЗР” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Их тэнгэрийн аманд усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсээс дотогш 20 метрт зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаа явуулснаас байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тооцох ажлын тайлан[10]  авагдсан байх боловч анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл /“үерийн далангаас байшин хүртэл 14.20 м, үерийн далангаас хашаа хүртэл 1.60м, далангийн өргөн 5.50 м, далангийн дотор эргээс хашаа хүртэл 3.70 м, голын эргээс хашаа хүртэл 40 м, голын эргээс далангийн хойд захын дотоод эрмэг хүртэл 38.50 м, барилгын баруун талын хашаанаас барилга хүртэл 10.20 м, хашааны хойд хэсгээс урд өнцөг хүртэл 70.60 м, нийт 24.710 м ... ”/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2/1434 дүгээр албан бичгээр ирүүлсэн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлт зэргээс үзвэл нэхэмжлэгч “ЗР” ХХК усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсээс дотогш 20 метрт зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаа явуулсан эсэх, ус хангамжийн эх үүсвэрийн хориглолтын болон хязгаарлалт, хамгаалалтын бүсийн алиных нь дэглэм журмыг хэрхэн ямар байдлаар зөрчсөн эсэхийг тодорхойлох боломжгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.

Иймд маргааны гол үйл баримтууд, маргаан бүхий А/177 дугаар тушаалд дурдсан зөрчлүүдтэй эсвэл нэхэмжлэгчийн тайлбарт дурдагдсан талбайн хэмжээг хэтрүүлээгүй, онцгой хамгаалалтын бүсэд барилга барих дэглэм зөрчигдөөгүй эсэх асуудлын аль нь болох нь ойлгомжгүй бөгөөд эдгээрийн аль аль үндэслэлтэй холбоотойгоор захиргааны байгууллага нь шийдвэр гаргахад хамаарах нөхцөл байдлыг тогтоох талаарх Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан ажиллагааг бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй, маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасантай нийцээгүй байна.

Энэ тохиолдолд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн үйл баримтыг дүгнэж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, нөхцөл байдлыг тодруулах нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн гэж үзэхээр байна.

Шүүхийн тогтоосон хугацаанд захиргааны байгууллага нэхэмжлэгч нь Усны тухай хуулиар хориглосон бүс буюу 50 метр дотор барилга барихаар төлөвлөсөн эсэх, хэрэв барихаар төлөвлөгдсөн бол энэ нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг бүхэлд нь дуусгавар болгох үндэслэлд хамаарах эсэх, төлөвлөгдсөн барилга хориглосон бүсэд баригдахаар бол энэ хүрээнд хориглосон шийдвэр гаргаж, үлдэх хэсгийг нэхэмжлэгч цаашид үргэлжлүүлэн ашиглах боломжтой эсэх зэрэг нэхэмжлэгчийн тайлбарт холбогдох хэсгүүд болон маргаан бүхий тушаалд заасан зөрчлүүдтэй холбоотой нөхцөл байдлыг шалгаж тодруулах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлд хамаарах нөхцөл байдлыг нарийвчлан тодруулж тогтоох ажиллагааг захиргааны байгууллага гүйцэтгэж, тухайн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр шинээр захиргааны акт гаргах шаардлагатай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны маргаан бүхий А/177 дугаар тушаалыг 6 сараар түдгэлзүүлж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий акт хүчингүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 317 дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, 22.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын  сайдын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/177 дугаар тушаалыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, 1 дүгээр заалтын дараа “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/177 дугаар тушаал хүчингүй болохыг дурдсугай” гэсэн 2 дугаар заалтыг нэмж, Шийдвэрийн 2, 3 дугаар заалтыг 3, 4 болгон тус тус өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                               Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                      Н.ХОНИНХҮҮ

 


[1] 1-р хавтаст хэргийн 8 дахь тал

[2] 1-р хавтаст хэргийн 66 дахь тал

[3] 1-р хавтаст хэргийн 68 дахь тал

[4] 2-р хавтаст хэргийн 89-90 дэх тал

[5] 1-р хавтаст хэргийн 76 дахь тал

[6] 1-р хавтаст хэргийн 168 дахь тал

[7] 1-р хавтаст хэргийн 206-207 дахь тал

[8] 1-р хавтаст хэргийн 208-209 дэх тал

[9] 2-р хавтаст хэргийн 155-158 дахь тал

[10] 1-р хавтаст хэргийн 29-64 дэх тал